Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/389

 

 

 

 

 

 

 

   2022          03             28                                     2022/ШЦТ/389

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Д.Ууганцэцэг

насанд хүрээгүй хохирогч Х.Д...........н, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа

шүүгдэгч Э.Б...........н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00235 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Эрээн бухт овогт Э...............гийн Б...........н, Монгол Улсын иргэн, Булган аймгийн Баян-Агт суманд 1993 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нарантуул-2” худалдааны төвд ачигч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Булган аймгийн Баян-Агт сумын 6 дугаар баг, Хүрэмт, Дэнжийн ..................... тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ....................... тоотод түр оршин суудаг гэх, регистрийн дугаар Г...................12, урьд

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 734 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б...........н нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн дүү Х.Д...........нг “Ээжтэйгээ маргалдаж, муудалцлаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний эмтрэл, буйланд цус хуралт, зүүн сарвууны чигчий хуруунд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Э.Б...........н нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа явсан хойгуур тэднийд өвөлжихөөр ирсэн эх Д.Э...............г нь бага хүү Х.Д...........нг “хүний утаснаас хэлэхгүй нэгж авч, үд болтол унтлаа, усанд яваад ир,” гэхэд тэрээр эхийнхээ өөдөөс “пизда минь хохино шүү, усанд явж чадахгүй” гэж хэл амаар доромжилсон байна. Ийнхүү түүний хэл амаар доромжилсон дээрх асуудалд эх Д.Э...............г нь гомдон тэрээр том хүү Э.Б...........нг ажлаасаа тараад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 34а гудамжны 10 тоот гэртээ 17 цагийн орчим ирэх үед нь хэлтэл тэрээр уурлан бага дүү Х.Д...........нг дагуулан хадам эхийнхээ байшинд оруулаад “эх Д.Э...............гийн цээртэй үгээр доромжилсон, эхийн үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар түүнийг цохиж биед нь хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, нэг шүдний эмтрэл, буйланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Гэрч Б.Э...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бага хүү Д...........нгийн хамт Булган аймгийн Баян-Агт суманд амьдардаг. Том хүү Бүдсүрэнгийн гэрт бага хүүгийн хамт өвөлжихөөр ирсэн юм. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ............ тоотод бага хүүгийн хамт хоёулаа байхдаа би хүүг “гараад усанд яваад ир” гэсэн чинь уурлаад намайг “пизда минь хохино шүү, усанд явж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд би гомдоод уйлаад байж байтал том хүүгийн эхнэр Э............г гэртээ ирээд надаас юу болсон талаар асуухад нь би бага хүүгийн талаар хэлсэн. Том хүү Б...........н ажлаасаа тараад ирэхэд Э............г нөхөртөө миний хэлснийг хэлэхэд Б...........н уурлаж “би ч ээжийгээ муухай үгээр хэлж үзээгүй байхад чи яаж байгаа юм, өмнө нь бас ээжийг зодож байсан” гээд Д...........нгийн нүүр рүү нь 2 алгадаад хөл рүү нь 1 удаа өшиглөх шиг болсон чинь Д...........н гэрээсээ гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

- Гэрч О.Э............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр... гэртээ хадам ээж Э...............г, нөхрийн дүү ...Д...........н, охин ...Сарнай нарын хамт байж байсан. Тэр үед хадам эх Э...............г хүү Д...........нгээ “үд болтол унтлаа босооч” гэж уурлаж байсан. Тэгээд намайг хойшоогоо эхийнхээ байшинд ороод байж байсан чинь охин Сарнай орж ирээд “Д...........н ах эмээг элдвээр хэлээд загнаад байна” гэхээр нь би урагшаа гэртээ ортол хадам эх уйлчихсан Д...........н намайг зодох гэж дайраад, хэл амаар доромжилсон гэхээр нь би Д...........нд уурласан. Тэгтэл Д...........н гэрээс гараад удалгүй орж ирснээ хутга аваад гарахаар нь би араас нь гарч хутгыг нь авч гэртээ орсон. Тэгтэл Д...........н ээжийн байшин дээр гараад үсэрнэ гэж байгаад М............г эгчид загнуулаад буусан гэсэн. Нөхөр гэртээ ирэхээр нь би Д...........нгийн талаар хэлсэн чинь түүнийг дагуулаад гэрээс гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

- Гэрч О.М............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ээжийн хамт байж байсан. Манай төрсөн дүү Э............г нөхөр, хүүхдийн хамт нэг хашаанд тусдаа гэрт амьдардаг юм. ...Намайг ...дүү Э............гийн гэрт ороход хадам ээж нь Булганаас хүүгээ дагуулаад ирсэн байж байсан. Тэр үед хадам ээж нь уйлчихсан байхаар нь “юу болсон талаар асуутал” тэрээр “Д...........н ээжтэйгээ маргалдаад хэлэх хэлэхгүй үгээр хараагаад бараг зодох шахсан” гэж хэлсэн. Тэгээд би хувцсыг нь өгчхөөд дахиад эм аваад буцаж орох гээд гэрээсээ гартал манай байшин дээр Э............гийн нөхрийн дүү Д...........н гарчихсан байхаар нь би “юу болж байгаа юм” гэсэн чинь Д...........н “би амиа хорлолоо гээд гартаа маслоны гэмээр жижиг ир муутай хутга барьчихсан зогсож” байхаар нь би загнаад ...буулгасан. Ингээд Э............г, хадам ээжийгээ дагуулаад баярын юм бэлдэх гэж гараад орой Б...........нгийн хамт тэр гурав гэртээ ирсэн. ...Намайг гэртээ гал тогооны өрөөнд аяга угааж байхад Б...........н дүү Д...........нгээ дагуулан орж ирээд “чи яаж байгаа юм. Би ээжийгээ ингэж хэлж байгаагүй гээд үүдээр орж ирээд нүүр лүү нь хоёр алгадсан чинь Д...........н уйлаад гараад гүйсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

- Насанд хүрээгүй хохирогч Х.Д...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ээжтэй маргалдаж уурлаад ахын хадам ээжийнх нь байшингийнх нь хойд талд зогсож байгаад өөрт байсан жижиг хутгаар гараа зүсэх гэж байгаад болиод гэртээ орсон. Тэгээд гэрт ах ирээд намайг дуудаж гаргаж ирээд урагшаа байшин руу оруулаад намайг зодсон. Би зодуулаад гарахдаа хаалганд зүүн чигчий хуруугаа гэмтээчихсэн. Тэгээд зугтаж гараад гэрийнх нь урагшаа 58 дугаар байрны дээвэр дээр гарсан...Дээвэр дээр гараад надад байсан жижиг хутгаар зүүн шууны дотор талд 3 удаа зүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

- СХДЦГ ЦХ-2 Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээллийн PCML10850544 дугаарын лавлагааны хуудсанд: “... Дуудлага өгсөн огноо...2021.12.30, 22.02.18 минут...Дуудлага хүлээн авсан...2021.12.30, 22.03.06 минутад...дуудлага өгсөн утас 86865108...дуудлагын утга...Х.Д...........н нь байрны дээвэр дээрээс үсрэх гээд байна...ахдаа зодуулсан гэрээсээ зугтааж гарч ирсэн...” гэх баримт (хавтаст хэргийн 6 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1162 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Хамрын нурууны зүүн хэсэг болон зүүн хацраар овойж хавдсан, бүдэг хөх цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй, дээд уруулын зүүн гадна болон дотор салст нэлэнхийдээ овойж хавдсан, дээд уруулын дотор салстын зүүн хэсэгт 1.2х0.2см, 1х0.2см цайвар шаргал өнгийн язарсан шархтай, эргэн тойрон 2х1.5см хөхөлбөр цус хуралттай, зүүн доод 7-р шүд ёзоор хэсгээрээ хорхойтсон, дотор ирмэгээр 0.5х0.4см эмтэрсэн, буйлнаас цус шүүрнэ, зүүн шууны дотор доод хэсэгт 5х0.2см, 4х0.2см зах ирмэг тэгш улаан ягаан өнгөц зүсэгдсэн шархнуудтай, зүүн сарвууны чигчий хурууны 3-р үенд 1х0.2см, 0.6х0.2см зах ирмэг тэгш бус язарсан шархтай, шархнаас цус шүүрнэ, шарханд ариун боолттой...ДҮГНЭЛТ

1. Х.Д...........нгийн биед хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 1 шүдний эмтрэл, буйланд цус хуралт, зүү шуунд зүсэгдсэн шарх, зүүн сарвууны чигчий хуруунд язарсан шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд зүүн шуунд зүсэгдсэн шарх ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

- Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

- Шүүгдэгч Э.Б...........нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 17 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад гэртээ ирсэн. Тэгтэл манай төрсөн дүү Х.Д...........н ээжтэй маргалдаж зодох гэж байсан гэж манай эхнэр Э............г, охин Сарнай нар надад хэлсэн. Өглөө нь ээж дүү Д...........нг хүний утаснаас хэлэхгүй нэгж авсан байна гэж мэдээд яаж байгаа юм гээд загнасан чинь ээж рүү уурлаад хэлэх хэлэхгүй үгээр хэлж гичий, пизда гэж хэлсэн байхаар нь би Х.Д...........нг дуудаад хадам ээжийнх рүү оруулж байгаад яаж байгаа юм гээд нүүр рүү нь гараа дэлгэж байгаад 1 удаа алгадаад 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгсэн чинь дүү Д...........н гэрээс гараад зугтаачихсан, би араас нь гараад хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал) мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б...........н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1162 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Б...........н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “ээжтэй хэрэлдэж маргалдаа” гэх сэдэлтээр эх нэгтэй эцэг ондоо насанд хүрээгүй дүү Х.Д...........нгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Э.Б...........н нь насанд хүрээгүй хохирогч Х.Д...........нг цохисон үйлдэл нь түүний хохирогчийн биед “учирсан хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 1 шүдний эмтрэл, буйланд цус хуралт бүхий” хөнгөн зэргийн гэмтэл хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд насанд хүрээгүй хохирогч Х.Д...........н нь өөрийн эх Б.Э...............гийг цээртэй үгээр доромжилсон, нийгэмд тогтож хэвшсэн эцэг, эхээ хүндлэх ёс журам, зан заншлыг зөрчсөнөөс үүдэлтэйгээр гарсан байна гэж үзэв.

Харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогчид учруулсан “...зүүн сарвууны чигчий хуруунд язарсан шарх...” –ыг шүүгдэгч учруулсан гэж дүгнэсэн нь нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул тухайн гэмтлийг шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад оруулан дүгнээгүй бөгөөд ийнхүү дүгнээгүй нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Б...........н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Насанд Хохирогч Х.Д...........н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Б...........нг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Э.Б...........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Э.Б...........н нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Б...........н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40, 41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 43, 44 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Э.Б...........нг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл Э.Б...........н нь хувиараа “Нарантуул-2” худалдааны төвд ачигч ажилтай гэх нөхцөл байдал болон түүний байна оршин суух газар нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ............ тоотод түр оршин суудаг болох нь лавлагаагаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтооно гэж заажээ. Иймд шүүгдэгч Э.Б...........нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00235 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Эрээн бухт овогт Э...............гийн Б...........нг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б...........нг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б...........нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б...........н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ