| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0395/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/404 |
| Огноо | 2022-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/404
2022 03 31 2022/ШЦТ/404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Ц.Н............н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00563 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Харагчин овогт Ц.........тын Н............н, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Хяргас суманд 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .................... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар О......................4.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Н............н нь иргэн С.А..........гатай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр нүдний дээд, доод, зовхи, зүүн нүдний алимын салст хамрын уг нуруу, дээд доод уруул, хоёр хацарт цус хуралт доод дээд уруулын дотор салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулcан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ц.Н............н нь 2022 оны 3 дугаар сарын 07-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод том оврын тээврийн хэрэгсэлтэй ирж Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Овоотын .......... тоот буюу үеэл ах С.А..........гын хашаанд тээврийн хэрэгслээ байрлуулсан байна. Ийнхүү тэднийд байх хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр С.А..........га, Ц.Н............н нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр найз Б.П..........гыг дуудан архи авчруулан ууж байгаад 2022 оны 3 дугаар сарын 10-ний шөнө 02 цагийн орчим хоорондоо маргалдаж, Ц.Н............н нь гар, хөлөөрөө С.А..........гын биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр нүдний дээд, доод, зовхи, зүүн нүдний алимны салст хамрын уг нуруу, дээд доод уруул, хоёр хацарт цус хуралт доод дээд уруулын дотор салстад шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- СХДЦГ ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын PCNC11417386 дугаарын хуудсанд: “...Дуудлага өгсөн...2022.03.10 өдөр 02:39:59 минут...Дуудлага хүлээн авсан...2022.03.10-ны өдөр...02.41:56 минут...дуудлагын утга...манай найз согтуу агсраад хоорондоо зодолдоод нэгийгээ алах гээд байна...” гэх дуудлага (хавтаст хэргийн 01 дэх тал),
- Хохирогч С.А..........гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манай аавын төрсөн ахын хүүхэд Н............н Дархан-Уул аймгаас өөрийн том ачааны машинтай манайд ирж манай хашаанд машинаа тавьж манайд байсан. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр бид хоёр гэртээ ...0.75 литрийн “Хараа” нэртэй архи хоёрыг хувааж уусан. Би тэр хоёр архийг уугаад согтууд тасарчихсан байна лээ тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна нэг мэдсэн манай гэрт цагдаа ирчихсэн би хүнд зодуулсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал),
- Гэрч Б.П..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 09-ний орой 22 цаг 30 минутын орчим ...найз А..........га, Н............н хоёртой уулзаагүй удсан байсан болохоор уулзахаар очсон. ...намайг анх ороход манай хоёр найз маргалдсан юм ерөөсөө байгаагүй. 2022 оны 3 дугаар сарын 10-ны 02 цагийн үеэс эхлээд маргалдаж эхлээд тэгээд би дуудлага өгсөн...Н............н А..........гын нүүр рүү нь цохиод автал зөрүүлээд А..........га Н............ны шанаа руу цохиод авсан...А..........гыг хэвтэж байхад нь нуруу, нүүр бие рүү нь хэд хэдэн удаа жийсэн. Бас А..........га цусаа гоожуулаад байж байхад нь Н............н нүүр рүү нь өшиглөсөн, хамар нүүрэн хэсэг нь битүү цус байхад Н............н цохиод л байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4101 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын уг нуруу, дээд доод уруул, хоёр хацар хавдсан, нэлэнхийдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний алимын салстад тод улаан өнгийн цус хуралттай, хамрын цус гарч хатсан, доод дээд уруулын дотор салст язарч шархалсан...ДҮГНЭЛТ
1. С.А..........гын биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимын салст, хамрын уг нуруу, дээд доод уруул, хоёр хацарт цус хуралт, доод дээд уруулын дотор салстад шарх тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Шүүгдэгч Ц.Н............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...А..........га бид хоёр юунаас болсныг сайн мэдэхгүй байна нэг мэдсэн хоорондоо маргаж барьцалдаж аваад нэг нэгнээ цохиж эхэлсэн. Ингээд би А..........гын нүүр хэсэгт нь хэдэн удаа гараараа цохиж авсан манай найз П..........г бид хоёрыг салгасан...би хохирогчид учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) мэдүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Н............н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4105 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгааг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.Н............н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр” хохирогч С.А..........гын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Ц.Н............ны хохирогч С.А..........гыг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимын салст, хамрын уг нуруу, дээд доод уруул, хоёр хацарт цус хуралт, доод дээд уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нар нь архидан согтуурсны улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Н............н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч С.А..........га нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Би ямар нэгэн байдлаар эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгээгүй. Одоо миний шарх бүрэн эдгэрсэн тул Ц.Н............наас нэхэмжлэх зүйл байхгүй...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж (хавтаст хэргийн 11 дэх тал) мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Н............ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.Н............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Ц.Н............н нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ц.Н............н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 58, 59 дэх тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 63 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 64 дэх тал),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41, 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Н............н, хохирогч С.А..........га нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Ц.Н............ныг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр хот хооронд ачаа, тээврийн үйлчилгээ эрхэлдэг нь түүний “ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Н............нд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 00563 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч Харагчин овогт Ц.........тын Н............ныг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н............ныг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н............нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Н............н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ