Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/410

 

 

 

 

 

 

 

    2022            04            01                                      2022/ШЦТ/410

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч А.Б...........р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00359 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жал овогт А.........нын Б...........р, Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1995 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, машин үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, “.........................” ХХК-д бетончноор ажилладаг, ам бүл 4, эх, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, Орхон аймгийн ..................... тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...............,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б...........р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын комбинатын 43 дугаар байрны 33 тоотод хамтран амьдрагч Х.Г..........ртой 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч А.Б...........р нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын комбинатын 43 дугаар байрны 33 тоо тод хамтран амьдрагч Х.Г..........р, Н.Д...........в нарын хамт “Сэнгүр” шар айраг ууцгааж байсан байна. Энэ үед Х.Г..........р нь А.Б...........рт “хоёулаа салж байгаа юм чинь, ар гэрийнхэндээ энэ талаар хэлье” гэж хэлэхэд тэрээр түүний зүүн нүд рүү 17 цагийн орчим нэг удаа цохиж биед нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-2 Шуурхай удирдлагын тасгийн PCNA11074582 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....80114584, Дуудлага хүлээн авсан...2022.01.26, 17:53:17 минут...Дуудлагын утга...Манай нөхөр согтуу намайг зодоод байна гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал)

- Хохирогч Х.Г..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эмнэлгээс гараад 12 цагийн орчимд гэртээ ирсэн ба манай найз болох Д...........р хүүхэд бид хоёрыг гэрт авч ирсэн. Тухайн үед манайд манай нөхөр болох Б...........р манай найз Д...........р, манай 9 настай хүүхэд бид нар байсан ба Б...........р дэлгүүр рүү яваад 2.5 литрийн савтай Сэнгүр нэртэй 3 пиво авч ирсэн. Тэгээд бид гурав тэр пивийг хувааж уугаад сууж байгаад би Б...........рыг “хоёулаа салж байгаа юм чинь ар гэрийнхэнд чинь энэ талаар хэлье” гэсэн чинь Б...........р шууд миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохчихсон. ...Тэгээд байж байтал миний төрсөн эгч болох Гангамаа хүүхдээ дагуулж орж ирээд Б...........рыг “чи яагаад миний дүүд гар хүрч байгаа юм бэ” гэсэн чинь Б...........р би юу ч санахгүй байна гэсэн...Б...........р тухай үед миний зүүн нүд рүү гараараа 1 удаа, зүүн мөр рүү гараараа нэг цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

- Гэрч Н.Д...........вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр найз Х.Г..........рын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ......... тоотод очоод байж байтал түүний найз залуу Б...........р ирсэн ба пиво уусан пиво уж байгаад ямар нэгэн маргаан болоогүй ба юм ярьж сууж байгаад Х.Г..........р, Б...........раас салах гэж байгаа талаараа хэлэхэд Б...........р уурлаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)

- Гэрч Х.Гангамаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр...манай дүү Х.Г..........рын зүүн нүд орчим нь хөхөрч хавдсан байсан. Х.Г..........рын надад хэлснээр Б...........р манай дүүгийн нүүр рүү гараараа цохиж нүдийг нь хөхрүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2332 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд доод зовхинд хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, хавдар ихтэй...ДҮГНЭЛТ

1. Х.Г..........рын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Шүүгдэгч А.Б...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийн найз эмэгтэй Х.Г..........рын гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК 43 дугаар байрны 33 тоотод хамт пиво ууж байгаад Х.Г..........р надаас сална тустай амьдарна гэж найзынхаа хажууд хэлэхээр нь тухайн үед надад их эвгүй санагдаад уур хүрээд зүүн нүд орчим руу нь гараараа нэг удаа цохисон өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй тухайн үедээ уусан бага зэрэг бухимдсан учраас жижиг өрөөний хаалганы бариулыг гараараа цохиж эвдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б...........р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2332 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тооцогдоно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.Б...........р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “сална гэж хэллээ” гэх сэдэлтээр хохирогч Х.Г..........рын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч А.Б...........р нь хохирогч Х.Г..........рын нүүрэн тус газар цохисон үйлдэл нь хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Б...........рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх боловч шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Х.Г..........р нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч А.Б...........рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч А.Б...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч А.Б...........р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.Б...........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 105, 109 дэх тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 110-111 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 112 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49, 47 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 50, 52 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), Тийсс Хишиг арвин Жейви ХХК-ийн захирлын тушаал, тодорхойлолт (хавтаст хэргийн 54, 55 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б...........р, хохирогч Х.Г..........р нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Б...........рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б...........рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00359 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Жал овогт А.........нын Б...........рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б...........рыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б...........рт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б...........р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ