| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0039/И |
| Дугаар | 73 |
| Огноо | 2018-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, О овогт Н.Н-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, О овогт Г.Б-д холбогдох
Зээл, хүү нийт 1.225.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 06-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М, нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 09 сарын 30-ны өдөр Замын-Үүд сумын оршин суух Б-т 700.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн одоо болтол өгөөгүй. Зээлийн хүүг одоо болтол өгөөгүй ба үндсэн зээлээ ч төлөөгүй. Иймд зээлийн хүү 525.000 төгрөг, үндсэн зээл 700.000 төгрөг нийт 1.225.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Н-с авсан хүүтэй мөнгө төгрөг байхгүй болно. Харин би бүр гайхаад байна, аваагүй авах шаардлага надад байхгүй гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нь үндсэн зээл 700.000 төгрөг, зээлийн хүү 525.000 төгрөг нийт 1.225.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Б нь 700.000 төгрөгийг хүүгийн хамт зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх... ”, мөн хуулийн 281.2-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцоно” гэж хуульчилсан. Хэрэгт авагдсан зохигчдийн тайлбар болон гэрч Н.А, С.Т нарын мэдүүлэг, С ХХК-ны дугаартай утасны яриа, мессежний мэдээлэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл Н.Н-н хүсэлтээр Н.А-г гэрчээр шүүх асуусан. Н.А-н гэрчийн мэдүүлэгт “...Сүүлд нэг 100.000 төгрөг гэж ярьж байсан. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна” гэх мэдүүлгээр хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчээс 700.000 төгрөгийг зээлж авсан эсэх асуудлыг шууд нотлож байгаа баримт болж чадахгүй. Түүнчлэн Н.Н-н эзэмшлийн, хариуцагчийн эзэмшлийн дугаарын утаснуудын яриа болон мессежний мэдээллээр зохигчдийн хооронд 700.000 төгрөгийн зээлийн асуудал яригдаж байсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч Н.Н-н данснаас 700.000 төгрөгийг 2017 оны 09 сарын 30-ны өдөр 400.000 төгрөгөөр, 300.000 төгрөгөөр тус тус гарсан боловч уг 700.000 төгрөгийг хариуцагч Г.Б-т зээлдүүлсэн болох нь мөн тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч Н.Н нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг хуулиар хүлээсэн. Шүүх талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Иймд нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Г.Б-т 2017 оны 09 сарын 30-ны өдөр 1 сарын хугацаатай 700.000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн болохоо нотлох баримтын хүрээнд нотлож чадаагүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасаныг баримтлан Н.Н-н нэхэмжлэлтэй Г.Б-т холбогдох зээл, зээлийн хүү 1.225.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б