| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0408/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/413 |
| Огноо | 2022-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/413
2022 04 01 2022/ШЦТ/413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч О.У.............л нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00529 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигон овогт О.....ны У.............л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн .................................. дугаар гудамжны 813 тоотод түр оршин суудаг гэх, регистрийн дугаар ........................., урьд
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 521 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.У.............л нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн нутаг дэвсгэрт байрлах цайны газарт иргэн Г.Б...........ртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруул шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч О.У.............л нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын баруун талд баригдаж байгаа барилга дээр барилгын туслан гүйцэтгэгчээр ажилчид авч ахлан ажиллаж байжээ. Ийнхүү ажиллаж байхдаа өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их Нарангийн уулзвар буюу “Арвайн Үндэс” ХХК хойд талд байрлах цайны газар өдрийн цайгаа уухаар ажилтан Г.Б...........р, Э.С.............ц, М.Б..........л, Б.Ба............эр нарын хамт очсон байна. Энэ үед О.У.............л нь Г.Б...........рт хандан “Чи хоол идэх юм уу?” гэхэд тэрээр “Иднэ ш дээ” гэж бухимдуу хариулахад О.У.............л нь “томроод байгаарай. Битгий дундаа ороод байгаарай” гэснээс маргаан үүсэж улмаар О.У.............л нь Г.Б...........рыг цайны газраас гарган эрүүл мэндэд нь халдсаны улмаас биед нь “дээд уруул шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч Г.Б...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өөрийн ажил дээр байж байгаад эхнэртэйгээ гар утсаар маргасан юм. Тэгээд ер нь бага зэргийг бухимдалтай явсан. Тэгсэн Сонгинохайрхан дүүргийн “Арвай үндэс” ХХК-ийн замын эсрэг талд байх цайны газарт би болон манай дарга ажлын 3 хүний хамтаар хоол идэх гэж очсон. Тухайн цайны газарт ороод сууж байх хугацаанд манай дарга У.............л нь намайг гар утсаар оролдоод сууж байсан чинь “чи хоол идэх юм уу” гэж асуусан. Би хариуд нь У.............л даргад “Иднэ ш дээ” гэж бухимдуу хэлсэн. Тэр үед У.............л дарга намайг яагаад томроод байгаа юм. Битгий дундаа ороод байгаарай гэж хэлсэн. Би урдаас нь “...та өөрөө битгий дундаа ороод байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл У.............л нь намайг тэгж хэлэхэд уурлаад миний зүүн чихнээс баруун гараараа татаад цайны газраас гаргасан. Цайны газрын гадаа гараад намайг баруун гараараа хоёр удаа алгадсан...У.............л нь баруун гараараа нэг удаа миний хамар руу цохичихсон. Дараагаар нь нэг удаа уруул орчим цохисон. Би өөрийн нүүр хэсгийг бариад тонгойход намайг хавирч унагаагаад хавирга орчим баруун хөлөөрөө нэг удаа хүчтэй өшиглөөд баруун гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал),
- Гэрч Э.С.............цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.............л Б...........р нар заамдалцаад зогсож байгаад У.............л Б...........рыг шанаа руу гараа атгаж байгаад 1 удаа цохиод дараа нь баруун ташаа хавьцаа нь хий өшиглөх шиг болсон. Тэгээд ноцолдоод газар унахаар нь би салгаад босгосон....Б...........рын уруул юм уу, шүднээс нь жоохон цус гарч байсан өөр гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал)
- Гэрч М.Б..........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.............л Б...........рт хандаж “хоолоо захиалах юм уу” гэж асуухад Б...........р “захиалах гэж байна ш дээ” гэж ууртай хэлсэн. Тэгтэл У.............л “юундаа уурлаад байгаа юм. Битгий дундаа ороод байгаарай ахын дүү” гэж маргалдаж эхлээд У.............л, Б...........рыг гараад ир гээд хоёулаа гарсан. Тэгээд удалгүй дуу нь өндөрсөөд хоорондоо заамдалцчихсан байсан тэгээд У.............л Б...........рыг тавь гэж хэлээд У.............л Б...........рыг нэг удаа толгойгоороо мөргөсөн, гараа атгаж байгаад Б...........рын бие рүү 2-3 удаа цохисон ба би салгах гэж байгаад сайн харж чадаагүй. Тэгээд Б...........р, У.............лын хөлөөс зуурч унагаад Тэгээд У.............л Б...........рын бие рүү л өшиглөж байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3921 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын дунд хэсэгт 3.0х1.0см, цайвар улаан өнгийн няцарсан шархтай, эргэн тойронд 3.5х3.0см хөхөлбөр өнгийн цус хуралттай, уруул хавдаж овойсон....ДҮГНЭЛТ
1. Г.Б...........рын биед дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Шүүгдэгч О.У.............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Г.Б...........ртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулсан үнэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.У.............л нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3921 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсанд тооцогддог.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.У.............л нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Б...........рын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч О.У.............л нь хохирогч Г.Б...........рыг цохисон үйлдэл нь хохирогчийн биед учирсан дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.У.............лыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Г.Б...........р нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.У.............лыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч О.У.............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч О.У.............л нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч О.У.............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 94, 95 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 96, 97 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 98 дахь тал),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40, 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 43, 46 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 33-36 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.У.............л, хохирогч Г.Б...........р нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч О.У.............лыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.У.............лд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 00529 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч Боржигон овогт О.....ны У.............лыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У.............лыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.У.............л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ