Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 102/2017/02380/и |
Дугаар | 219 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 219
“Эко капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 183/ШШ2016/00862 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “Эко капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч П.Цэрэнсодномд холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 416 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр
Хариуцагч П.Цэрэнсодном
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч “Эко капитал ББСБ” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Эко капитал ББСБ” ХХК нь иргэн П.Цэрэнсодномтой 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 15/080 тоот зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Намъяанжүгийн гудамж 37 дугаар барилгын зоорийн давхарын 157 тоот байршилтай, худалдаа үйлчилгээний зориулттай 15,01 м.кв талбай бүхий (Ү-2204043623) үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдүүлэгч тал зээлдэгч П.Цэрэнсодномд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар нь хүүнд 6 840 000 төгрөг төлсөн болно. Энэ нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн П.Цэрэнсодномоос 15/080 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 13 680 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 736 000 төгрөг нийт 46 416 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Цэрэнсодном шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
П.Цэрэнсодном миний бие нь “Эко капитал ББСБ” ХХК-иас өөрийн өмч болох Сандай худалдааны төвийн лангууг барьцаанд тавьж 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийж авсан. Сар бүр зээлийн хүүгээ тогтмол төлж ирсэн. Зээлийн хүү маш өндөр байсан учраас сүүлийн сард хүүгээ төлж чадахгүйд хүрсэн. Мөн бизнест эрсдэл гарч Сандай худалдааны төв шатсан, автомашины худалдааны төв зогссон зэрэг шалтгаанууд нөлөөлсөн. П.Цэрэнсодном миний бие “Эко капитал ББСБ” ХХК-ийн өр төлбөрийг зээлийн гэрээний дагуу төлж барагдуулна. П.Цэрэнсодном миний бие ББСБ-иас өөрийн өмч болох 15,01 м.кв талбай бүхий Сандай плазагийн лангууг барьцаалж 30 000 000 төгрөгийг 4,5 хувийн хүүтэй зээл авсан. Ингээд зээлээ гэрээний дагуу хэвийн төлж байтал 2015 оны 10 дугаар сарын 11-ны өдөр гал гарч их хэмжээний хохирол амсаж эдийн засгийн хүнд хямралд орсон. Зээлийн төлөлтөнд сөрөг үр дагавар гарч одоог хүртэл зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Гал гарсны дараа “Эко капитал ББСБ” ХХК-д зээлийн төлөлтөнд хүндрэл учирсан гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Гал гарсан тухай тодорхойлолт авах гэж удсаны гол шалтгаан нь хариуцах эзэнгүй байсан учир удсан. 2016 оны 7 сараас эхлээд Сандай плазад ХЭХ-ТББ байгуулагдсанаар тодорхойлолт авах эрх нээгдсэнээр энэ тодорхойлолтыг гаргуулж авлаа. П.Цэрэнсодном миний бие нь зээлийн үндсэн гэрээний дагуу төлж барагдуулна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Цэрэнсодномоос 46 416 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 390 030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Цэрэнсодном нь 46 416 000 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд барьцаалсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, Намяанжугийн 37 дугаар барилгын зоорийн давхарын 157 тоотод байршилтай, худалдаа үйлчилгээний 15,01 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч П.Цэрэнсодном Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
П.Цэрэнсодном надад шүүх хуралдааны тов мэдэгдэлгүй, намайг оролцуулалгүйгээр хуралдаж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иргэний хэрэг хэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана”, мөн хуулийн 77.3 дахь хэсэгт “...Мэдэгдэх хуудсыг шуудангаар хургэсэн бол шүүх хүлээн авагчийн нэр, хаяг, явуулж буй он, cap, өдрийг тэмдэглэж, хийн болон шуудангийн ажилтны гарын үсгийг зуруулна.”, 77.5 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хулээн авагчид гардуулан өгч гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, өдрийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд гардуулан өгч. гарын усэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ” гэж тус тус заасан байдаг. Гэтэл П.Цэрэнсодном надад ямар ч хурлын тов шуудангаар ирээгүй. Түүнчлэн анхан шатны шүүх өмгөөлөгч Г.Намуунд хурлын тов мэдэгдсэн гэх боловч би өмгөөлөгч Г.Намуунтай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгуулж албан ёсоор шүүхэд гаргаж өгөөгүй байсан. Гэтэл ямар үндэслэлээр өмгөөлөгчид мэдэгдсэн гэх үндэслэлээр намайг эзгүйд шүүх хурал хийснийг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхээс хариуцагчид хурлын товыг зохих ёсоор мэдэгдэлгүй, намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь миний эрхийг ноцтой зөрчисөн, мэтгэлцэх, шүүхэд нотлох баримт, тайлбар гаргах нөхцөл бололцоогоор хангаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж шаардлага мэдэгдэл хүргүүлсэн боловч....” гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс П.Цэрэнсодном надад нэг ч удаа шаардлага мэдэгдэл хүргүүлж байгаагүй. Үүнээс гадна 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сандэй Плазад гал гарч бизнес эрхлэх боломжгүй болж хэсэг хугацаанд үйл ажиллагаа явахгүй зогссон. Сандэй Плазад гал гармагц “Эко Капитал ББСБ” ХХК-д мэдэгдэж, удаа дараа хугацаагаа сунгахыг уулзаж гуйж байсан боловч нэг ч удаа надад хариу өгч байгаагүй. Сандэй Плаза төвд гал гарсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байтал яагаад давагдашгүй хүчин зүйл гэж үзэхгүй байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх ямар үндэслэлээр тооцооллын талаар маргаагүй гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний дагуу төлөх ёстой хүүг бүрэн төлсөн ба одоо 30 000 000 төгрөгийг л төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 000 төгрөгийг хангаж, үлдэгдэл 16 416 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Эсхүл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хариуцагчид хуралын тов мэдэгдэлгүй, шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шийдвэр гаргасан байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажиллагааг хийдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгддэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх нь шүүх хуралдааны тов мэдэгдэх үүрэгтэй, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч П.Цэрэнсодномд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдээгүй, үүний улмаас хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй байна.
Иймд хариуцагч П.Цэрэнсодномыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 183/ШШ2016/00862 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч П.Цэрэнсодномоос төлсөн 240 030 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
Ц.ИЧИНХОРЛОО