Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 450

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.М-д холбогдох 1814 0050 90293 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-н М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” ХХК-ийн хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт .............. дүүргийн ... дугаар хороо, ....... дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

            Б.М нь “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж Б.О-г хуурч, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш нийт 4 удаагийн үйлдлээр 1.600.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас: Б.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.М-с 400.000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 516 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Мөн хохирогч Д.О-н хохирлыг бүрэн барагдуулж уучлалт гуйсан. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, урьдынх шигээ сайн эцэг байж, охиныхоо ирээдүйн төлөө үнэнч шударгаар хөдөлмөрлөх болно гэдгээ амлаж байна. Би хэвтэрт байдаг өндөр настай ээж болон 9 настай охиныхоо хамт амьдардаг. Тэд нарт минь надаас өөр асран халамжлагч байхгүй. Ийм учир миний анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч А.Учралгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж, маш их гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Тэрээр бага насны буюу 9 настай охин, өндөр настай эхийн хамт амьдардаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Б.М-н үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.  

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Б.М нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд Б.О-г “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны дансаар болон бэлнээр нийт 1.600.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.О-н “... 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр эгч, эхнэрийн хамт эгчийн ажлын газрын буюу “А”-д хамгаалагчаар ажиллаж байсан М гэх ахтай очиж уулзаад бичиг баримтаа өгөөд маргааш нь уулзаад үлдэгдэл бичиг баримт 63.000 төгрөгийн хамт өгсөн. Тэгээд аймагт ирсний дараа 400.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. ... 1.100.000 төгрөгийг дансаар, баримттай шилжүүлсэн. Хүмүүс хоолонд оруулна гээд надаас бага багаар 50.000-70.000 төгрөгийн хооронд авч байсан. ... Тэгээд надтай ярихдаа “одоо бараг виз чинь болж байна”, “виз чинь болчихлоо” гэж удаа дараа ярьдаг байсан. ...” /хх 106-110/,

гэрч А.Н-н “... Б.М бид хоёр “А” ХХК-д хамт ажилладаг. Б.М надтай уулзаад “манай найз Солонгосын виз гаргадаг” гэсэн. Би хамт ажилладаг юм чинь гэж бодоод итгээд “манай нэг дүүд Солонгосын виз гаргаж чадах уу” гэхэд “мөнгө төгрөгийг нь өгвөл гаргаж өгч болно” гэж хэлэхээр нь дүү Б.О луу ярьж хэлсэн. ...” /хх 114-117/,

гэрч А.Б-н “... манай нөхөр Б.О “виз хөөцөлдөх гээд байна, нөгөө Б.М ах 400.000 төгрөг явуулаадах гэж байна” гэхээр нь би банкин дээр очоод Б.М-н данс руу нөхрийнхөө нэрээр уг мөнгийг шилжүүлсэн. ... Дараагаар нь нөхрийн данснаас Б.М-н хэлсэн мөнгийг данс руу нь шилжүүлж байсан. ...”  /хх 119/ гэх мэдүүлгүүд,

Б.М, Б.О нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 11-13, 36, 46, 60, 64, 68/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Б.М-д анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Гэвч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.О-н “Хохирол төлж барагдуулсан тул Б.М-д гомдолгүй, түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт, түүний бага насны хүүхэд асран хамгаалагчгүй үлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Энэ нь “Нэгдсэн Үндэстний байгууллага”-ын хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм /Токиогийн дүрэм/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хорихоос өөр төрлийн арга хэмжээнүүдийг сонгох бололцоотой нөхцөлд шүүхийн байгууллага шийдвэр гаргахдаа эрх зүйн зөрчил үйлдэгчийг засан хүмүүжүүлэх шаардлага, нийгмийн болон хохирогчийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг анхааралдаа авбал зохих бөгөөд хохирогч этгээдтэй шаардлагатай тохиолдолд зөвлөлдөж байгууштай.” гэсэн зөвлөмжид нийцэх ба Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид харшлахгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын гаргасан “хорих ялыг тэнсэж өгнө үү”  гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авлаа.

Харин прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг тусгаагүй, Б.М нь Б.О-г хэрхэн залилсан талаарх үйл баримтыг тодорхой бичээгүй байх зэргээр яллах дүгнэлт үйлдэх хуулийн шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар зохих дүгнэлт хийгээгүйн гадна шүүдэгчийн 9 настай хүүхдийг асрамжийн асуудлыг зохих хуульд нийцүүлэн шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу байгааг цаашид анхаарвал зохино.