Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 60

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баттөмөр,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч С.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт С.Лхагвасүрэнг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010717 дугаар хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “Тайм тоур” хотхонд ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29 дүгээр гудамж, 505в тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хиад боржигон овогт Сүхбаатарын Лхагвасүрэн /РД:ЧИ85110971/.

Шүүгдэгч С.Лхагвасүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 24 дүгээр гудамжны 406 тоотод оршин суух иргэн Г.Бадамсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч “БСБ” маркийн 32 инчийн зурагт хулгайлж, бусдад 480.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэрээсээ гараад найз Тайванбаатарын гэрт очсон. Тэгээд бид хоёр 2 шил архи уусан. Тэгэхэд ах манайд очоод нохой хооллоорой, гэр онгорхой байгаа гэж хэлсэн. Архи нэмж уух зорилгоор гэрт нь ороод телевизорыг нь аваад гарсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.   

 

201626010717 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Г.Бадамсүрэнгийн:  “2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 8 цагийн орчим ажилдаа явсан. Манай гэрт ямар нэг хүн үлдээгүй, гэрийнхээ хаалгыг цоожлоод явсан. ...Манай нөхөр гэртээ ирээд хаалгаа онгойлгоод гэртээ байж байгаад урд талд найзынх нь хоол хийчихсэн байна гэж хэлэхээр нь орсон байсан. Тэр үед гэрт хулгай ороод манай гэрийн хойморт байсан хар өнгийн 32 инчийн БСБ маркийн зурагт хулгайлж аваад явсан байсан. ...Манай зурагтыг нөхрийн дүү Лхагвасүрэн гэр эзэнгүй байхад дураараа ороод хулгай хийгээд аваад явсан байна лээ. Тэр залууд манай хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй, нэг ёсондоо манай гэрт хулгайгаар ороод зурагтыг маань авч яваад ломбарданд тавьсан байсан. Лхагвасүрэн зурагтыг ломбарднаас авч өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-14/,

Гэрч С.Нямсүрэнгийн: “2016.03.13-ны өдөр ...14 цагийн орчим гэрээс гараад урдхан талд байдаг эмэгтэй дүү Эрдэнэсүрэнгийн гэрт нь очоод хоол идэх гээд гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоогүй гарсан. 20 гаруй минут болоод гэртээ ирсэн чинь зурагтыг хулгай аваад явсан байсан. Тухайн үед хажуу айлын охин Сүрэнзул манай гэрт манай төрсөн дүү С.Лхагвасүрэн ороод зурагтыг чинь аваад явсан гэж надад хэлээд тэгээд мэдсэн. Лхагвасүрэнд манай эд хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, захиран зарцуулах эрх байхгүй” гэх мэдүүлэг /хх-19-20/,

Гэрч А.Байгалмаагийн: “2016.03.13-ны өдөр С.Лхагвасүрэн гэж хүн өөрийн бичиг баримтаар 32 инчийн БСБ маркийн Лед дэлгэцтэй зурагт 130.000 төгрөгөөр барьцаанд тавиад 4-5 хоногийн дараа өөрөө ирж авсан. Манай зурагт байгаа юм, мөнгөний хэрэг гараад хэдхэн хоногийн хугацаатай тавиад авна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-21/,

С.Лхагвасүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өглөө гэрээсээ 9 цаг 30 минтуын орчим гараад Толгойтод найз Тайванбаатарын гэрт очсон. Тэдний гэрт бид хоёр 0.75 литрийн нэг шил архи, 0.5 литрийн архи хувааж уугаад өдөр 14 цаг өнгөрч байхад Тайванбаатарын гэрээс ганцаараа гарсан. Манай ах Нямсүрэн “чи манайд очоод нохой хооллочихоорой, гэр онгорхой байгаа” гэж хэлснийх нь дагуу гэрт нь яваад очсон. Арын гэрт нь манай бэр эгчийн охин Сүрэнзул гэдэг охин байсан. Би нохойг нь ахын машины хойноос хоол авч хооллочихоод ахын гэрт нь ороод зурагтыг нь авч гараад 21 дүгээр хороолол дээр ирж автобусны буудлын хажуу талын ломбарданд 80.000 төгрөгөөр өөрийнхөө бичиг баримтын хуулбараар тавиад дахин нэг шил архи, нэг том пиво аваад найз Тайванбаатарын гэрт очсон. ...Хэний ч зөвшөөрлөөр аваагүй, өөрөө дур мэдэж авсан. Тухайн үед архи уусан байсан болохоор халуураад дахин архи уух зорилгоор авсан. ...Надад төрсөн ахынхаа гэрийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй. Бусдын эд хөрөнгийг хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-25-29/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, эд зүйлийн үнэлгээ /хх-9/, “Ган Туурай” ХХК-ийн барьцаат зээлийн баримт /хх-12/, гэрч Д.Чинзүрхийн мэдүүлэг /хх-15/, гэрч Б.Алтанкулийн мэдүүлэг /хх-17/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/ зэргийг уншиж шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Лхагвасүрэн 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 24 дүгээр гудамж, 406 тоотод оршин суух иргэн Г.Бадамсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч “БСБ” маркийн 32 инчийн зурагт хулгайлж, бусдад 480 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Лхагвасүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох “БСБ” маркийн 32 инчийн зурагтыг хохирогч Г.Бадамсүрэнд буцааж өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Лхагвасүрэн цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ган туурай” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний 509 дүгээр зээлийн гэрээг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиад боржигон овогт Сүхбаатарын Лхагвасүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүлйийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Лхагвасүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Лхагвасүрэнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Лхагвасүрэн бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ган туурай” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний 509 дүгээр зээлийн гэрээг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар С.Лхагвасүрэнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Лхагвасүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Лхагвасүрэнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР