Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/0422

 

2015 оны 9 сарын 01 өдөр

Дугаар 422

Улаанбаатар хот

 

Д.Ц-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар шийдвэртэй, Д.Ц-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор,шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газрыг 1980 оны 06 дугаар сарын 18-нд миний нөхрийн аав Г.Ч-н эхнэр И, Г.Ж-н эхнэр Н нарт 3000 төгрөгөөр худалдан авч өгсөн ба тэр цагаас хойш одоог хүртэл бид энэ хашаандаа 35 дахь жилдээ амьдарч байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 99 дүгээр захирамжаар тус хашааны 189 м.кв газрыг Г.Ж-н хүү Ж.М-д өмчлүүлсэн боловч тэд Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх шийдвэрийг засварлаж 297 м.кв хэмжээтэй гэж мэдүүлэн Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

Ийм учраас бид уг захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж тус шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжийн Ж.М-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шинэ эрхийн акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гарахаас өмнө болон гарснаас хойш бид амьдарч буй газраа эзэмших, өмчлөх болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа Баянгол дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус хандаж байсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тухайн хашааны газраа өмчлөх эрхтэйгээ шүүхээр тогтоолго, нэмэлт баримт бүрдүүл гэх хариуг өгч байсан. Тухайлбал, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар өмчлөл, менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн газар эзэмших, өмчлөх эрхтэйгээ шүүхээр тогтоолгож ир гэсэн хариу өгсөн ба Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас лавлагаа авахад Ж.М-д бүхлээр нь өмчлүүлэх шийдвэр гарсан байна.

Захиргааны байгууллага нэг талын эрх ашгийг хэт хамгаалж тухайн хашаанд 35 жил амьдарч байгаа бидний эрх ашгийг харгалзаж үзэхгүйгээр тухайн хашаанд бидэнтэй хамт амьдарч байсан Ж.М агсны нэр дээр бүхлээр нь буюу 297 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна.

Бид нас барсан иргэнийхээ эрх ашгийг тууштай хамгаалж байгаа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан тушаалтнуудыг хүндэтгэж байгаа боловч тухайн газар дээр 35 жил амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг харгалзах үзэхгүй байгааг гайхаж байна. Мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байна.

Учир нь, уг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнэсэн байтал нэхэмжлэгчийн эрх ашгийг хангасан, хөндөгдсөн эрхийг хамгаалсан захиргааны акт гараагүй, харин ч эсрэгээрээ урд гарсан зөрчилтэй шийдвэрээ улам өргөжүүлж газрын хэмжээг нэмэгдүүлэн тухайн хэргийн гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийг дэмжиж хаацайлсан шийдвэр гаргаад байна.

Ийм учраас тухайн хашааны газрыг бүхлээр нь буюу хууран мэхэлж авсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хэмжээгээр маргаж байгаа талын нэг талд газрыг нь олгосон Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/286 дугаар захирамжийн Ж.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож 1980 оноос хойш тухайн газарт албан ёсоор бүртгэгдэн амьдарч байгаа манай гэр бүлд тухайн хашааны газрын талыг нь өмчлөх эрх олгохыг даалгаж өгнө үү.

... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар тухайн газар дээр амьдарч байсан иргэн давуу эрхтэй эзэмшихийг зохицуулсан заалт байдаг. Уг заалт нь газар өмчлөх эрхийн адил төсөөтэй хэрэглэх заалт юм. 1980 оноос хойш 35 жил амьдарч ирсэн нь давуу эрхтэй эзэмших үндэслэл болж байгаа. Иргэний хуульд зааснаар 2 буюу түүнээс дээш этгээд хамтран өмчилж байвал хамтран эзэмшигч болно гэж заасан байгаа.

Эхнээсээ хамтран эзэмшигч байсан учир уг газрыг эзэмших эрхтэй байгаа юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг газрын зарим хэсгийг эзэмших эрхтэй гээд явж байсан нь энэ хүн өдий хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэсгүй. Ямар нэг үйлдэл хийгээд явж байсныг гэрчилнэ. Шударга эзэмшигч гэж тооцогдоно. Нэг талыг барьсан шийдвэр гаргасан байгаа учир Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийг иргэн Ж.М-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 19 дүгээр шийдвэрээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот хашааны газрыг иргэн Ж.Ж-д өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг түдгэлзүүлж шинэ эрхийн акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн маргаан бүхий газарт 1980 оноос хойш иргэн Ж.М иргэн И.Л нар гэр бүлийн хамт тус тусдаа гэр барин амьдарч байсан нь тогтоогдож байна.

Иргэн Ж.М Баянгол дүүргийн Засаг даргад гаргасан хүсэлтдээ 189 м.кв хэмжээгээр газар өмчлөх хүсэлт гаргасан, уг хүсэлтдээ мөн хэмжээгээр тогтоосон хэмжилтийн акт хавсаргаж өгсний дагуу нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжаар 189 м.кв газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн атал 297 м.кв газрыг өмчлөх эрхийн гэрчилгээ авч газар өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. гэж дүгнэж дээрх шийдвэрийг гаргасан байна.

Гэтэл Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд газар дээр хэмжиж талбайн хэмжээ, өмчлөх эрхтэй этгээдийн талаар зэрэг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах, тогтоох ажиллагаа явуулаагүй, тухайлбал, иргэн Г.О, Ц.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нараас 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргасан 297 м.кв газрыг бүхлээр нь өмчлөн авах тухай өргөдөлд дурдсан нөхцөл байдлын үнэн зөв байдлыг судлан тогтоолгүйгээр иргэний эрх зүйн чадвар нь дуусгавар болсон Ж.М-д маргаж буй хашаан дахь газрыг бүхлээр нь өмчлүүлэх захирамжийн төсөл бэлтгэн Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий актыг гаргуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжаар уг газрыг Ж.М-д бүхлээр нь өмчлүүлээгүй байдаг. Хэмжээ тогтоосон акт дээр Ж.М-н гарын үсэг зураад, 13х14 гэсэн хэмжээтэй 189 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Өмчлүүлэхээр шийдвэрлэх явцад шийдвэр гэсэн баримтыг засаж 297 м.кв гэж засвар хийж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан байгаа. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 299 тоот захирамжаар дээрх зөрчилтэй байдлыг тогтоосон байдаг. Ийм учраас газрын асуудлыг түдгэлзүүлж байгаад шийдвэрийг дахин гарга гэдэг даалгавар өгсөн байдаг.

Маргаан бүхий газрын Ж.М-д бүхлээр нь өмчлүүлсэн нь хууль бус.

1.Шийдвэр гарахаас өмнө Ж.М нас барсан байдаг. Иргэний эрх зүйн чадвар дууссаны дараа шийдвэр гаргасан.

2.297 м.кв газрыг Ж.М агсанд бүхэлд нь өмчлүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Бүхэлд нь өмчлүүлэх хууль зүйн үндэслэлгүй.

Мөн үүнийг үндэслэлгүй гэж буй ч уг газрыг нэхэмжлэгчид өмчлүүлнэ гэсэн үг биш. Ж.М хүсэлт дээрээ өөрөө тодорхой бичсэн байгаа. Газар нь өөрөө дөрвөлжин байдаг. Зургаа дундуураа хуваасан байдаг. 297 м.кв газрыг бүхэлд нь өмчлүүлэх шийдвэр гаргаагүй. Сүүлд нь захирамжийн төсөл бэлтгэхдээ алдаа гаргасан гэж үзэх үндэстэй гэжээ.

Гуравдагч этгээд Г.О, Ц.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний хадам аав Ж.М нь Улаанбаатар хотын Октябрын районы АДХГ захиргаанаас 1977 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 90 дүгээр шийдвэрээр 300 м.кв газар эдлэх эрх олгогдсон. 4134 тоот амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх бүхий одоогийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот хашааг 1980 онд С.Д-с худалдан авч 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргээс Ж.М өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар тус хашааны газрыг эзэмших эрх нь нээгдсэн тул Октябрын районы Туулын 19-384 тоот хашаагаа 1988 онд Ж.М гэдэг нэрээр улсын даатгалд заавал даатгах тухай дүрмийн 2 дугаар зүйлд заасны дагуу Октябрын районы улсын даатгалд бүртгүүлж Улсын даатгалын баталгаа 143156 тоот дэвтэр авч, 1989, 1990, 1991 онуудад өөрийнхөө нэрээр даатгалын мөнгө тушаасан мөнгөний баримт хэргийн материалд авагдсан байгаа.

Ингээд уг хашаандаа байнга амьдарч байсан бөгөөд 2004 онд Нийслэлийн Засаг даргын 99 дүгээр захирамжаар хашааны газар хувьчлахад дээрх Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот хашааны 297 м.кв газрыг анх кадастрын зураг хийлгэж аав Ж.М, ээж Г нар хувьчлан авч, газар өмчлүүлэх шийдвэр хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг зэргийг өгснийг үндэслэн улсын бүртгэлийн 2205001083 дугаарт бүртгүүлэн хувьдаа газартай болсон юм. Энэхүү газраа Г.О, Ц.Б бидэнд бэлэглэлийн гэрээгээр 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлэн өгч, одоо энэ газар нь Г.О, Ц.Б бидний нэр дээр байдаг.

Гэтэл манай хашаанд айл байсан Д.Ц нь би энэ хашаанд олон жил амьдарсан тул хамт эзэмшинэ, хагасыг нь өмчилж авна гэж эхний үед 10 сая төгрөг нэхдэг байснаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр Ж.М-д Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 19-384 тоот хашааны газрын Нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжаар олгохдоо хашааны газрыг 189 м.кв гэж захирамжид бичсэн байх ба Ж.М-д гардуулсан 99 дүгээр шийдвэрийн дагуу хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг зэрэгт 297 м.кв гэж бичсэн байх тул дахин захиргааны акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм.

Иймд, уг газрыг хувьчлахдаа манай аавд буруу бичилт хийж 189 м.кв гэж захирамжид оруулаад, үлдэх 108 м.кв газрыг орхигдуулсан байсан тул энэхүү 108 м.кв газрыг Г.О надад шинээр өмчлөх эрх олгож өгнө үү.

... Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот, 18641311347598 нэгж талбарын дугаар бүхий газар нь 297 м.кв талбай бүхий иргэн Ж.Мийн эзэмшилд 2004 онд кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Хэдийгээр манай хашаанд иргэн Д.Ц олон жил айл байсан боловч энэхүү хашаа болон газрыг хуваан эзэмших хууль зүйн үндэслэл байхгүй.

... Г.О би аав Ж.М-с бэлэглэлийн гэрээгээр эрх шилжиж ирсэн тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар Г.О, Ц.Б бидний нэр дээр газар өмчлүүлэх захирамж гаргахгүй талийгаач эцэг Ж.М, ээж А.Г нарын нэр дээр захирамж гаргасан нь алдаатай болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь залруулга гаргасан байна.

Иймд, миний эцэг Ж.М дээрх хашааг 1980 онд С.Д-с худалдан авсан, 1986 онд өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан, тухайн үед мөрдөгдөж байсан улсын даатгалд заавал даатгах тухай дүрмийн заалтаар 1989, 1990, 1991 онуудад өөрийнхөө нэрээр даатгал төлж байсан, анх 2004 онд Ж.М нэр дээрээ 297 м.кв талбай бүхий кадастрын зураг хийлгэж кадастрын мэдээллийн санд бүртгүүлж байсан зэрэг нотлох баримтаар болон Кадастрын болон Газрын тухай хуульд зааснаар Ж.М, А.Г нараас бэлэглэлийн гэрээгээр эрх залгамжлагдаж ирсэн Г.О, Ц.Б бид маргаж буй 108 м.кв газрыг өмчлөн авах үндэслэлтэй болохыг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт дурдаж даалгаж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн Ж.М-д холбогдох хэсгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр акт гаргах хүртэл түдгэлзүүлжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б давж заалдах гомдолдоо: ... Ж-н М нь УБ хотын Октябрын районы АДХГ Захиргаанаас 1977 оны 10 дугаар сарын 25-нд 90 дүгээр шийдвэрээр олгосон 300 м.кв газар эдлэх эрх олгогдсон, 4134 тоот амины хэрэглээнд газар эдлэх эрхийн үнэмлэх бүхий одоогийн БГД-ийн 16 дугаар хороо Туулын 19-384 тоот хашааг 1980 онд С.Д-с худалдан авч 1986 оны 10 дугаар сарын 06-нд тус дүүргээс Ж.М өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар тус хашааны газрыг эзэмших эрх нь нээгдсэн тул Октябрын районы Туулын 19-384 тоот хашаагаа 1988 онд Ж.М гэдэг нэрээрээ Улсын даатгалд заавал даатгах тухай дүрмийн 2-р зүйлд заасны дагуу Октябрын районы Улсын даатгалд бүртгүүлж Улсын даатгалын баталгаа 143156 тоот дэвтэр авч, 1989, 1990, 1991 онуудад өөрийнхөө нэрээр даатгалын мөнгө тушаасан мөнгөний баримт хавтаст хэрэгт нь авагдсан байгаа.

Ингээд уг хашаандаа байнга амьдарч байсан бөгөөд 2004 онд Нийслэлийн Засаг даргын 99 дүгээр захирамжаар хашааны газар өмчлөхөд дээрх газрыг тухайлбал Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 19-384 тоот хашааны 297 м.кв газрыг анх 2004 онд кадастрын зураг хийлгэж, М, Г нар өмчлөн авч газар өмчлүүлэх шийдвэр хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг зэргийг өгснийг үндэслэн Улсын бүртгэлийн 2205001083 дугаарт бүртгүүлэн хувьдаа газартай болсон юм.

... Хэдийгээр манай хашаанд иргэн Д.Ц олон жил айл байсан боловч энэхүү хашаа болон газрыг хувааж эзэмших хууль эрх зүйн үндэс байхгүй, газар эзэмших эрхийн баталгаажсан баримт бичиг мөн болохыг тодорхойлсон болохоор энэ газрыг эзэмших эрх өөр хэн нэг хүнд давхар эзэмших эрх үүсэхгүй, мөн Газрын тухай хуулийн 31.3-д урьд нь эзэмших эрх нээгдсэн газарт дахин давхардуулж эзэмших эрх олгохгүй гэж заасан болохоор иргэн Д.Ц-д дээрх 108 м.кв газрыг эзэмших эрх үүсэхгүй болохоор, түүнд өмчлөх эрх олгох хууль зүйн үндэсгүй болно.

Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг Засаг дарга, Д.Ц-д дээрх маргаан бүхий газрыг эзэмших буюу өмчлөн авах эрх үүсэхгүй гэдгийг бүрэн нотолсны үндсэн дээр Ж.М-н өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний А/286 дугаар захирамжийн 3-р хавсралтын заалт хууль зүйн үндэслэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжаар өмчлөн олгохдоо хашааны газрыг 189 м.кв гэж бичсэн нь газар өмчлөн авахтай холбогдуулан хорооноос зохион байгуулсан хүмүүс Ж.М-д өргөдлийн хэвлэмэл маягтад бичилт хийхдээ буруу алдаатай бичсэнийг өндөр настай, бичиг үсэг муу мэдэх буюу өөрийнхөө нэрийг тавих чадвартай Ж.М тухайн хашааны газрын хэмжээг 297 м.кв байсныг 189 м.кв гэж зөрүүтэй бичсэнийг мэдэлгүй гарын үсэг зурснаар маргаан үүсэх гол үндэс болжээ.

Тухайн 99 дүгээр захирамж гарах үед дээрх хашааны газар нь 297 м.кв гэж хэмжилт хийгдсэн кадастрын зураглалд зурагдаж мэдээллийн санд орсон байсан учир дээрх алдаа, буруу бичилтийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний А/286 дугаар захирамжаар залруулга хийж зөвтгөснийг шүүх буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нар нас барсан, эрх зүйн чадвар нь дуусгавар болсон Ж.М-д дээрх маргаан бүхий 297 м.кв газрыг бүхэлд нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн гэж үзэж байгаа нь нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ учир дутагдалтай хандлаа. Урд байсан Засаг даргын алдаатай шийдвэрийг дараагийн Засаг дарга зөвтгөн залруулж байх нь төрийн залгамж халаа тасралтгүй үнэн зөв байх гол шинж оршдог билээ.

Мөн нэхэмжлэгч Д.Ц-н газар эзэмшиж өмчлөх эрх хууль зүйн ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх маргаан бүхий газрыг эзэмшиж авах буюу өмчилж авах талаар эрх бүхий байгууллагад Д.Ц-ээс гаргаж байсан өргөдөл, хүсэлт байхгүй бөгөөд одоо маргаан үүсгэж байгаа газрыг Монгол Улсын Газрын тухай хуульд зааснаар Д.Ц-н эрх ашиг нь хөндөгдсөн, зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зөвтгөж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамжны 384 тоот хашааны 297 м.кв газрыг иргэн Ж.М-д өмчлүүлсэн хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өөрийн амьдарч буй хэсэгт оногдох хэсгийг өмчлөх эрх олгохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захирамжийн Ж.М-д холбогдох хэсгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр өмнө нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж Нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 19 дүгээр гудамжны 384 тоот хашааны газрыг иргэн Ж.М-д өмчлүүлсэн хэсгээс өөрийн амьдарч буй хэсэгт оногдох хэсгийг хүчингүй болгуулах, тухайн газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжийг үндэслэн хийгдсэн Г-2205001083 дугаар бүртгэлийг хууль бусад тооцуулж, энэхүү бүртгэлийн үндсэн дээр олгогдсон Эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000016651, 000023281 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг шүүх 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжийн иргэн Ж.М, Д.Г нарт 189 м.кв газар өмчлүүлсэн хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205001083 дугаар бүртгэлийн 000016651, 000023281 тоот гэрчилгээг тус тус дахин шинэ захиргааны акт гартал түдгэлзүүлжээ.

Гэтэл хариуцагч хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг биелүүлж, маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийг гаргахдаа уг шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг бүрэн шалгаж, тодруулалгүйгээр иргэн Г.О, Ц.Б нарын хүсэлтийг үндэслэн маргаан бүхий газрыг нас барсан Ж.М-д өмчлүүлсэн шийдвэр гаргасан болох нь хариуцагчийн өөрийнх нь тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэгэнт хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа алдаатай гаргасан болон дахин акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтойгоо тайлбарласан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт зааснаар уг актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын маргааны бодит үйл баримтад зөв дүгнэлт болжээ.

            Тиймээс, хариуцагч Нийслэлийн Засаг дарга тухайн газар дээрх хашааны өмчлөлийн хувьд болон газрын бодит хэмжээний талаарх маргааныг судалж үзэж, зохих журмын дагуу тодруулсны үндсэн дээр шийдвэрлэвэл зохино.

            Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                               

 

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ