Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/00170/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч Г.Т,

Шүүгдэгч Э.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Б овогт Э-ын Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000169 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Э-ын Э /РД: ....... /, .........  оны .... дугаар сарын .. -ны өдөр .....  аймгийн ........ суманд төрсөн, ..... , .....  боловсролтой, .... мэргэжилтэй, ...... ХХК-д ......  ажилтай, ам бүл . , ...........-ийн хамт .......  аймгийн ....  сумын ...  дүгээр баг .......  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Э.Э нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “.......... ” хүнсний дэлгүүрийн гадна хувийн маргааны улмаас иргэн Г.Тыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд шарх, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “Тэр өдөр караокены гадаа явж байхад хохирогч дуудаад манай найзтай маргалдаад байхаар нь салгах гээд ийм асуудал болсон. Би Г.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би түүнд хохирлын мөнгө гэж 1,500,000 төгрөг өгсөн. гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Т мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 19-ий өдөр ..... караокед ажлынхаа 3 залуутай орсон. Тэгээд эхнэр лүүгээ утсаар ярих гээд гартал  замын хажуугаар 4-5 залуу явж байсан бөгөөд Б-Отой зодоон үүсгэхээр нь ажлынхаа залууг салгах гээд очиход л ийм зүйл болсон. Тэрнээс хойш би 3 дугаар сарын 21-ий өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл акттай байсан бөгөөд 04 дүгээр сарын 18-ны өдөр нэг дэх өдөр байсан тул үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авсан. Одоо шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны буюу ажлын 20 хоногийн цалин болох 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. Миний нэхэмжилж байгаа мөнгөнөөс шүүгдэгчийн өгсөн 1,500,000 төгрөгийг хасаж болно. гэв.

 

Эрүүгийн 2218000000169 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Тын мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дэх тал/, гэрч Х.Ганбаганын мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/, гэрч Ц.Өын  мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, гэрч Э.Л-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/, гэрч Д.Б-Оын мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 339 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 43-44 дэх тал/ болон хохирол төлбөртэй холбоотой бусад баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Эыг холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “.......... ” хүнсний дэлгүүрийн гадна хувийн маргааны улмаас иргэн Г.Тыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд шарх, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Тын мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр найз Л , Б  нарын хамт Толгойтод байдаг найз Э-ын хашаанд 0,75 литрийн савлагаатай 2 шил архи уучхаад караоке орох гээд 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “.......... ” нэртэй караоке орж 1 шил 0,75 литрийн архи уугаад дуулж дуусаад эхнэрээ дуудаад хамт харих гээд караокеноос гараад эхнэр З  руу залгатал багш нарын тэмцээнд орж байгаа гээд утсаа аваагүй. Энэ үед караокены гадаа надтай хамт ажилладаг Б-О гэх залуутай таарсан. Тэгэхэд Б-О миний танихгүй хэдэн хүнтэй таараад маргалдаад байж байхаар нь би салгах гээд явж очиход тэнд байсан хүмүүс намайг зодсон. Би яг юу болсон талаар тодорхой нарийн санахгүй байна. Ямар ч байсан миний толгойноос цус гараад би толгойгоо бариад караоке руу ороод толгойгоо угаачхаад гараад ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Би толгойнхоо зүүн талын хэсэгт оёдол тавиулсан. Баруун хөмсөгний дээр шалбарсан, хамар шалбарсан, уруул дотор хэсэгтээ язарч урд хоёр шүд хөндүүрлэсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

Гэрч Х.Г-ын мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 5 дугаар багт байрлах ........  караокед 18 цагийн үед рж тэндээ 1 цаг дуулж 1 шил архийг дөрвүүлээ хувааж уучхаад тэндээсээ гарч .....  караокены урдуур гараад Монта-III дугаар байрны чиглэлд гэр лүүгээ найз нарын хамтаар явахад араас бид нарыг танихгүй өндөр бор залуу согтуу залуу бас нэг хүнтэй .....  караокены урд тамхи татаж зогсож байгаад бид нарыг өнгөрөхөд бор царайтай согтуу залуу бид нарын араас яасан чанга дуугарч явдаг залуучууд вэ гэхээр нь би хариуд нь Та нар яах гээд байгаа юм, хэрүүл маргаан хэрэггүй шүү. Та нар бид нарт лай болно шүү гэж хэлтэл тамхи татаж байсан өндөр бор царайтай залуу бид нарт хандаж Би төмөр замын атаман байна. Намайг төмөр замд барах хүн байхгүй шүү гээд бид нарын араас яваад зогсож бай гээд хоргоогоод байсан. Тэгээд бид нартай маргалдаад байж байхад манай найз Э тэр маргаан үүсгээд байсан бор царайтай залуутай хамт байсан эрэгтэй /хохирогч/-тэй зодолдоод эхэлсэн. Энэ үед тэнд байсан өндөр залуу бас бид нартай зодолдоод байсан. Тэгэхэд М  Эыг зодолдож  байсан залуугаас салгах гээд зууралдаж байсан. Энэ үед бид нартай маргалдаж байсан залуучуудтай хамт явж байсан гэх 1-2 залуу нэмэгдэж ирсэн. Ингээд бид нар ..........   дэлгүүрийн урд талд зодолдож салаад манай гэр лүү дөрвүүлээ явсан. Байрны гадаа ирэхэд араас нөгөө залуучууд дахиж ирээд хэрүүл маргаан хийгээд байж байтал хоёр цагдаа ирээд салгасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь  тал/,

 

Гэрч Ц.Өын мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: ...Би найз Э , М , Г  нарын хамт 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 5 дугаар багт байрлах .........  караокед 18 цагийн үед ороод тэндээ 1 цаг дуулж 1 шил архийг дөрвүүлээ хувааж уучхаад тэндээс гараад .....  караокены урдуур гараад Монта-III дугаар байрны чиглэлд гэр лүүгээ найз нарын хамтаар явахад араас бид нарын танихгүй өндөр бор залуу согтуу бас нэг хүнтэй .....  караокены урд тамхи татаж зогсож байгаад бид нарыг өнгөрөхөд өндөр бор царайтай согтуу залуу бид нарын араас дуудаад Хөөе пизда нааш ир гэсэн чинь хариуд нь Г  Та нар яах гээд байгаа юм, хэрүүл маргаан хэрэггүй шүү. Та нар бид нар лай болно шүү гэж хэлтэл тэр тамхи татаж байсан өндөр бор царайтай залуу бид нарт хандаж Төмөр замд би та нарыг явуулахгүй шүү. Би дошин дээрээ байна. Би төмөр замын атаман байна. Намайг төмөр замд барах хүн байхгүй шүү гэхээр нь Хэрэггүй ээ та нар явцгаа гэж хэлэхэд бид нарын араас яваад зогсож байгаарай гээд хоргоогоод байсан. Тэгээд ирээд бид нартай маргалдаад байж байхад манай найз Э тэр маргаан үүсгээд байсан бор царайтай залуутай хамт байсан эрэгтэй /хохирогч/-тэй зодолдоод эхэлсэн. Энэ үед тэнд байсан өндөр залуу бас бид нартай зодолдоод байсан. Тэгэхэд М , Эыг зодолдож байсан залуугаас салгах гээд зууралдаж байсан. Энэ үед бид нартай маргалдаж байсан залуучуудтай хамт явж байсан гэх 1-2 залуу нэмэгдэж ирсэн. Ойролцоогоор таваас зургуулаа болсон. Ингээд бид нар ..........   дэлгүүрийн урд талд зодолдож байгаад салаад Г-ын гэр лүү бид дөрөв явсан. Ингээд байрны гадаа ирэхэд араас нөгөө залуучууд дахиж ирээд хэрүүл маргаан хийгээд бид нартай  зодолдох гээд зууралдаад байж байтал эргүүлийн хоёр цагдаа ирээд бид нарыг салгасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: ...Би найз Э, Ө, Г  нарын хамт 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Чингис мастер үзчихээд Дархан сумын 5 дугаар багт байрлах .....  караокед 18 цагийн үед орж тэндээ 1 цаг дуулж 1 шил архийг дөрвүүлээ хувааж уучхаад тэндээсээ чигээрээ зам гараад ........  караокены урдуур гараад Монта-III дугаар байр руу Г-ын гэрт орох гээд найз нарын хамтаар явахад араас бид  нарын танихгүй өндөр бор согтуу залуу бас нэг хүнтэй .......  караокены урд тамхи татаж зогсож байгаад бид нарыг өнгөрөхөд бор царайтай согтуу залуу бид нарын араас дуудаад Хөөе пизда нааш ир. Чимээгүй яв. Хаана явж байгаагаа мэдэж байна уу гэхээр нь хариуд нь Г   Та нар яах гээд байгаа юм. хэрүүл маргаан хэрэггүй шүү. Та нар бид нарт лай болно шүү гэтэл тэр тамхи татаж байсан өндөр бор царайтай залуу бид нарт хандаж Төмөр замд би та нарыг явуулахгүй шүү. Би дошин дээрээ байна. Би төмөр замын атаман байна. Намайг төмөр замд барах хүн байхгүй шүү гээд байхаар нь бид нар Хэрэггүй ээ. Та нар явцгаа гэж хэлсэн. Гэтэл бид нарын араас яваад Зогсож байгаарай гээд хоргоогоод байсан бөгөөд бид нар дээр ирээд маргалдаад байж байтал манай найз Э тэр маргаан үүсгээд байсан бор царайтай залуутай хамт байсан эрэгтэй /хохирогч/-той зодолдоод эхэлсэн. Энэ үед тэнд байсан өндөр залуу бас бид нартай зодолдоод байсан. Тэгэхэд би Эыг зодолдож байсан залуугаас салгах гээд зууралдаж байсан. Энэ үед бид нартай маргалдаж байсан залуучуудтай хамт явж байсан гэх 1-2 залуу нэмэгдэж ирсэн. Ойролцоогоор дөрвөөс тавуулаа болсон. Ингээд бид нар ..........  дэлгүүрийн урд талд зодолдож байгаад салаад Г-ын гэр лүү бид дөрөв явсан. Ингээд байрны гадаа ирэхэд араас нөгөө залуучууд дахиж ирээд хэрүүл маргаан хийгээд бид нартай зодолдох гээг мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Гэрч Э.Л-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хамт ажилладаг ээлжээрээ ажлаасаа буугаад цэргийн баяр гээд Т, Б , Б-О, У, Б, Н-Т, Б, С нарын хамтаар Дархан сумын Хөтөл хороололд байдаг найз Эын хашаанд бид нар нийт 4 шил архи уусан. Би тэр үед машин барьж байсан болохоор огт уугаагүй. Мөн У, Б нар бас огт уугаагүй. Бид нарт тэндээ уучхаад байж байхад Э эхнэр хүүхдээ аваад Сэлэнгэ аймгийн чөлөөт бүс рүү явлаа гээд яваад өгсөн. Үүний дараа бид нар тараад явахад миний машинд Т, Б нар суугаад бид нар миний машинтай Дархан сумын 4 дүгээр багт байрлах ......  караоке ороод Т, Б нар нийт 6 пиво хоёр цаг аваад сууж байгаад Б, Т нар хоорондоо ярилцаж байгаад эхнэрүүдээ дуудъя гээд Б эхнэрээ дуудсан. Харин Т эхнэр лүүгээ залгах гээд утсаар яриад гараад явсан. Утсаар ярьчхаад удаагүй орж ирэхэд толгойноос нь цус гарчихсан орж ирэхээр нь Б бид хоёр юу болсон талаар асуухад үүдэнд хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бтэй гараад ..........  дэлгүүрийн үүдэн дээрээс  Монтагийн байрны чиглэлд Б-О гүйгээд явахаар нь араас нь Монта-III дугаар байрны гадаа очиход Б-О тэнд байсан хэдэн хүнтэй зодолдож байхаар нь гүйж очоод салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн. Тыг хэнд зодуулсныг хараагүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Гэрч Д.Б-Оын мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа буугаад ажлын хамт олонтойгоо Дархан сумын Малчин баг Хөтөл хороололд байдаг ажлын ах болох Эын хашаанд очоод бид нар 4 шил архи уусан бөгөөд би түрүүлээд яваад өгсөн. Ингээд Дархан сум руу ож ирээд 4 дүгээр багт байрлах ......  караокед найз Ц болон түүний машин барьж явсан найзын хамтаар ороод тэндээ 1 пиво уугаад сууж байгаад гадагш гараад тамхи татаад байж байхад өглөө ээлжээс хамт буугаад Э ахын хашаанд хамт уусан ээлжийн мастер ах Ттай таараад хамт тамхи татаж байхад хажуугаар танихгүй хэдэн залуучууд өнгөрсөн. Тэгэхээр нь би тэр залуучуудыг хажуугаар явахад нь жоохон үгээр идээд тэрнээс болоод нэг нь надтай маргалдаад намайг цохиход араас Т ах ирсэн. Тэгээд тэндээ бөөнөөрөө зодолдсон. Үүний дараа би Т ахыг харахад Т ахын толгойноос цус гарсан байдалтай байсан. Тэгээд Т ах ......  караоке руу буцаад орсон. Харин би зодоон хийсэн залуучуудын араас Монтагийн байрны чиглэлд хөөгөөд явсан. Ингээд байж байтал араас Л, Б, Т нар ирээд бас тэндээ хэсэг маргалдаад байж байтал цагдаа нар ирсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 339 дугаартай ... Г.Тын биед тархи доргилт, нүүрэнд шарх, зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.Тын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ...Ганболдын Т, ...хэсэг газрын үзлэгээр: зүүн духны хэсэгт 5см орчим 2 ширхэг язарсан шархтай. Духны баруун талд жижиг жижиг язарсан шархтай гэх хуудас /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

Э.Эын мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр, 04 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар  тус тус мэдүүлсэн: ...Би найз Г, М, Ө нарын хамтаар 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 5 дугаар багт байрлах ........  караокед 18 цагийн үед ороод 1 цаг дуулж тэндээ 1 шил архийг дөрвүүлээ хувааж уучхаад тэндээсээ чигээрээ зам гараад ......  караокены урдуур гараад Монта-III дугаар байрны чиглэлд явахад араас бид нарын танихгүй өндөр бор согтуу залуу манай хоёр найз Г, М хоёртой хэрэлдээд Намайг төмөр замд бардаг хүн байхгүй шүү гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очоод тэр хоёроос өндөр бор царайтай согтуу залууг залгах гээд оролдоод цааш яваад ...........-ын гадаа очоод араас дахин хэрүүл хийгээд тэгээд зодолдож эхэлсэн. Тэр бор залуу гурав дөрвүүлээ явж байсан. Тэгээд ..........  дэлгүүрийн гадаа зодолдоход би тэнд байсан нэг залуутай зодолдоод тэр залуу газар унахад би толгой руу нь өшиглөөд босоод ирэхээр нь бас дахин нэг удаа өшиглөсөн. Ингэхэд тэр надтай зодолдож байсан залуутай хамт явсан хүмүүс бас манай найз нартай зодолдож байсан. Тэгээд бид нар салаад явчихсан. Түүний дараа Монта-III дугаар байр буюу Г-ын гэр лүү орох гээд байрны өмнө нь явж байхад бид нартай зодолдсон залуучууд араас ирж дахин зодолдоод байсан. Ингээд удалгүй цагдаа нар ирсэн. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би одоогийн байдлаар хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримттай мөнгөн дээр нэмээд 600,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Цаашид учирсан хохирлыг баримтаар нь төлөөд явах болно. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39, 61 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Э.Э нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг ..........  хүнсний дэлгүүрийн гадна иргэн Г.Ттай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд шарх, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, биенээ үл хүндэтгэсэн байдлаас үүссэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Э. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Эыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Г.Тын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, нүүрэнд шарх, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол нь тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохиргч  нарын согтууруулах ундаа хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т нь эрүүл мэндэд учирсан хохиролд 520,540 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3,000,000 төгрөг, нийт 3,520,540 төгрөгийг нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг нэг бүрчлэн судалж дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг төлсөн, хохирогч нь нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 1,666,586 төгрөг авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Эаас хохирлын зөрүү 353,954 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө төлж барагдуулсан тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчид Э.Эт 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгуулийн ялыг сард 100,000 төгрөгөөр 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Э.Эын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Э.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч нь .......... ХХК-д цахилгааны мастер ажилтай хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал тогтоогдож байх тул торгох ял шийтгэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Э-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР