Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/444

 

 

 

 

 

 

 

2022              04             08                                      2022/ШЦТ/444

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.Б............н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0285 40384 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ш.........агийн Б............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ............ 1 дүгээр гудамжны 79 тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ш.Б............н нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............ 1-79 тоотод иргэн Ш.Б........ттай “хоолны мах том хэрчлээ” гэх шалтгаанаас болж маргалдан, улмаар хохирогчийн зүүн мөр тус газар нь нэг удаа заазуурдаж, эрүүл мэндэд “зүүн мөрөнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ш.Б............н нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............ 1 дүгээр гудамжны 79 тоотод гэртээ төрсөн ах Ш.Б........ттай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ийнхүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 18 цагийн орчим Ш.Б........т нь дүү Ш.Б............ныг “гэрээ цэвэрлэсэнгүй” гэж зэмлэхэд тэрээр хоол бэлтгэж байсан заазуураар түүний зүүн мөрний ар хэсэгт хөндлөн байрлалтайгаар зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCMJ10305610 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....88.....13 Дуудлага хүлээн авсан...2021.10.22, 19:26:15 минут...Дуудлагын утга...ах дүү 2 зодолдоод хутга, заазуураар зүсээд гэмтээчихсэн байна гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал)

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ............ 1-79 тоот...улаан өнгийн тоосгон байшин байх ба бор өнгийн модон хаалга ертөнцийн зүгээр урагшаа харсан хаалгатай...байшингийн баруун талд эрээн өнгийн даавуу газар цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг...гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... Байшингийн зүүн талд хар өнгийн төмөр ор байх баг дээр нь шаргал өнгийн саарал даавуугаар бүтээсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг орны бүтээлгийг сөхөхөд 12.5см шаргал өнгийн бариултай 15.5х7см ажлын хэсэгтэй нийт урт нь 27.5см заазуур байсныг үзлэгийн тэмдэглэлд тусган хэргийн газрын үзлэгээр хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 09-12 дахь тал)

- Хохирогч Ш.Б........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өглөө би ажилдаа яваад Б............н ажилгүй байсан болохоор гэртээ үлдсэн юм. Тэгээд би ажлаа тараад ажлын газрын хүмүүсийн хамт 1-2 шил архи хувааж уугаад орой 19 цагийн орчимд гэртээ иртэл дүү Б............н бага зэрэг уучихсан байдалтай, хоолоо хийгээд байж байсан юм. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад ойрхон дэлгүүрээс 0.5 литрийн архи авч хуваагаад ууж байгаад хоорондоо маргалдсан юм. Тэгээд тухайн үед Б............н нь хоолондоо гурил хийх гээд заазуураар гурилаа хэрчээд байж байсан намайг нүүр гараа угаагаад байж байтал ард хүрч ирээд тухайн заазуураар миний зүүн мөр орчим нэг удаа цохичихсон юм. Тэгээд Б............н нь хамар хашааныхаа хүнд болсон явдлын талаар хэлээд 103-т дуудлага өгөөд намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

- Гэрч П.Уранц.......ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Б............н над руу залгаад Батбаяр үхэх гээд байх шиг байна та дүү нарыг дуудаад өгөөч гэхээр нь дүү Цэвэлсүрэн рүү залгаад дуудаад гэрт нь орох гэтэл хаалга нь цоожтой байхаар нь би буцаад гэртээ орсон. Тэгээд 103 машин ирсэн байхаар нь хамт гэрт нь ороход Б........тын дал хэсгээс нь цус гарсан байдалтай Б............ны гар цус болчихсон байхаар нь гэртт нь цэвэрлэгээ хийж цус болсон шалыг нь арчиж угаасан. Б........тыг хутгалсан заазуурыг орны гудсан доор байгаа гээд харуулж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11040 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн мөрний ар хэсэгт хөндлөн байрлалтай 5см урт, 4 ширхэг мэс заслын оёдлын ором бүхий аньж эдгэсэн, цайвар ягаан өнгийн шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй....ДҮГНЭЛТ

1. Ш.Б........тын биед зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

- Шүүгдэгч Ш.Б............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр...төрсөн ах Б........т архи уучихсан байдалтай, согтуу орж ирсэн ба гартаа “Шим” нэртэй 0.5 литрийн архи барьчихсан байсан. Тэгээд бид хоёр нийлээд тухайн архийг талд нь ортол хувааж уусан, тэгээд би хоолоо хийх гээд шар өнгийн иштэй заазуураар мах хэрчиж байсан чинь ах “Махаа том хэрчлээ” гээд загнахаар нь би “тэгвэл өөрөө махаа хэрч” гэж хэлээд зүүн мөр орчим гартаа барьж байсан заазуурын иртэй хэсгээр цохичихсон. Тэгсэн чинь цус гараад байхаар нь би давуу, нойлын цаасаар дарж байгаад тогтоосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал) мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Б............н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11040 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ш.Б............н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр төрсөн ах буюу хохирогч Ш.Б........тын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ш.Б............н нь хутгыг заазуур ашиглаж хохирогч төрсөн ах Ш.Б........тын зүүн мөрөн тус газар цохиж хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ш.Б............н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ш.Б........т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ш.Б............ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Ш.Б............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Ш.Б............н нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ш.Б............н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49, 57 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 43, 45 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Ш.Б............ныг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтооно гэж заажээ. Иймд шүүгдэгч Ш.Б............нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур 1 (нэг) ширхэг хураагдаж ирснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар устгаж шийдвэрлэв.

 Эрүүгийн 2108028540384 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Боржигон овогт Ш.........агийн Б............ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ш.Б............ныг 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б............нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Б............н нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ