Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суух, Б овогт С.Б-н нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дорноговь аймгийн Улаанбадрах сум 3 дугаар багт оршин суух, Б овогт Б.Б-д холбогдох

“2,500,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.М, нэхэмжлэгч С.Б, хариуцагч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С овогтой Б миний бие нь нөхөр Б овогтой Н-н хамт Б.Б-д очиж Б түүний эхнэр П нартай амаар тохиролцож гэрээ байгуулж Б-д малчнаар 1 жилийн хугацаанд ажиллах ингэхдээ 1 сарын цалин хөлс гэж 360,000 /гурван зуун жаран мянган/ төгрөгөөр бодож тохирсон. Сарын цалинг мөнгөн хэлбэрээр өгөхгүй бол малаар тооцож өгнө. Ингэж тооцохдоо 1 жилийн хугацаанд ажиллуулахдаа 12 сарын хугацааны цалин хөлс гэж 100 /нэг зуун/ бог малын төл, хашаа хороо барих 1,000,000 /нэг сая төгрөгийг мөн Засаг захиргаанаас малжуулах төсөлд хамруулж 50 бог малын төл, ноос ноолуур өгнө гэх зэргээр нөхөр бид хоёрыг малчнаар ажиллуулсан. Ингээд бид ярилцаж тохирсон ёсоор Б-н малыг харж нэг ч өнчин ишиг үхүүлэлгүй малыг нь сайн харж хандсан. Ингээд Б, П нараас цалин хөлсөө авья гэхэд үндэслэлгүйгээр хулгайд гүжирдэж мөнгөн аяга, идээний ааруул зэргийг алга болгосон гэж гүжирдсэн. Ингээд Б.Б нь нөхөр бид хоёрын цалин хөлсийг өгөхгүй байгаа тул анх ярилцаж тохирсон ёсоор буюу 1 сарын цалин хөлс гэж 360,000 төгрөг буюу нийт 2017 оны 05-р сарын 20-ны өдрөөс хойш 2017 оны 12-р сарын 20-ны өдрийг хүртэл нийт 7 сар ажилласан байна. Иймд Б.Б-с бидний 7 сарын цалин хөлс болох 2,500,000 төгрөгийг гаргуулж өгч ядарсан бидэнд туслаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд: “...1 сая төгрөгөнд эвлэрэхгүй. 2017 оны 05 сарын 29-нд нөхөр Б.Н бид хоёр нөхрийн төрсөн дүү Б.Б, түүний эхнэр П нартай 2 жилийн хугацаанд 100 ямааг нь маллаад төлийг нь аваад эргүүлээд 2 жилийн дараа 100 ямааг нь буцааж өгөх, мөн Б.Б нь мал төллөх үеэр 1,000,000 төгрөгөнд хашаа хороо авч өгөх, Засаг захиргаанаас малжуулах төсөлд хамруулж 50 бог мал, ноос ноолуурыг авч өгөхөөр тохиролцсон. Гэтэл 2017 оны 12 сарын 10-аар төллөх малаа аваад цагаан сар өнгөрөөгөөд тусдаа бууна гээд хашаа хороогоо авч өгөөрэй гэсэн чинь 2 ямааны арьс авсан гэж хулгайд сэрдэхээр нь ажиллаж чадахгүй нь гээд 12 сарын 20-оор эднийхээс явсан. 6, 7 сар малыг нь маллахад нэг ч өнчин ишиг үхүүлээгүй. 6 сар малыг нь маллахад цалин хөлс, мал юу ч өгөөгүй. Би Айраг суманд Хутагтын говийн тэмээчин хоршоонд туслах малчнаар ажиллаж байсан. Сарын 300,000 төгрөгний цалинтай байсан. Малжих зорилгоор ажлаасаа гарсан. 2017 оны 03 сард эдний малыг нь маллаж, төлийг нь авч өгч ямааг нь самнаж өгөөд хөлсөө авсан. Тэр үед энэ хоёр бид хоёрыг малтай болгож өгье та хоёр хүрээд ир гэхээр нь 5 сард ирье гэсэн юм. Энэ хоёр тэгэж хэлж бид хоёрыг дуудаагүй байсан бол би ажлаа хийгээд цалингаа аваад явж байх байсан. Иймд 6 сарын цалин 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “...надаас 1,800,000 төгрөг нэхэмжилснийг би зөвшөөрөхгүй цалин хөлс гэж тохироогүй. Энэ хүний нөхөр, миний төрсөн ах Б.Н над руу утсаар ярьж ах нь малтай болмоор байна гэхээр нь 100 эм ямаа тоолж, зүсэлж буруу эврийг нь ногоон будгаар будаж өгсөн. 2 жил төллүүлээд төлийг нь аваад эргүүлээд 100 ямаагаа авъя, мал төллөөд тусдаа буухаар нь 1,000,000 төгрөгөнд хашаа хороо бэлдэж өгье, малжуулах төслөөр 40 гаруй бог мал өгдөг тэрийг Засаг даргатай ярьж хөөцөлдөж өгье гэж тохиролцсон нь үнэн. 2017 оны 12 сарын 10-аар 40 ямаа янзлаад маргааш өглөө нь арьсыг нь ченжид өгөхөөр ачаад явсан. Ченжид өгсөн чинь 2 арьс дутсан. Ирээд эхнэр энэ хүнд хэлсэн гэсэн. Эхнэрийн дүүг сэжиглээд Б-н цагдаа руу яваад шийдэгдээд ирсэн. Ингэний фермд ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ манайд ирэхээсээ өмнө ажлаасаа гарчихлаа гээд Шандад манай ихэрийн амбаарт гэрээ хураачихсан байсан. Манай ах над руу утсаар ярьж ажил төрөлгүй болчихлоо малтай болъё гэхээр нь би очиж авсан. Үнэхээр би энэ хоёрыг ажил төрөлтэй байхад нь ажлаас нь гаргаад гэртээ аваачсан бол цалинг нь өгөлгүй л яахав. Гэтэл ах Н өөрөө над руу ажил төрөлгүй болчихлоо гэж ярьсан. Яг мал хээлтүүлгийн үеэр хаяад явсан. Адилхан л бид малаа малласан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Б-д холбогдуулан цалин 2,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн бууруулж, олох байсан орлого буюу цалин 1,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...цалин хөлс тохироогүй... манайд ирэхээсээ өмнө ажлаасаа гарчихсан байсан... ах над руу утсаар ярьж ажил төрөлгүй болчихлоо малтай болъё гэхээр нь би очиж авсан...” гэж маргасан.

Нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Хутагтын говийн тэмээчин хоршооны даргын тодорхойлолтыг үндэслэн, 2 жилийн хугацаанд 100 ямааг нь маллаад төлийг нь аваад эргүүлээд 2 жилийн дараа 100 ямааг нь буцааж өгөх, мөн Б.Б нь мал төллөх үеэр 1,000,000 төгрөгөнд хашаа хороо авч өгөх, Засаг захиргаанаас малжуулах төсөлд хамруулж 50 бог мал, ноос ноолуурыг авч өгөхөөр тохиролцсон. Гэтэл 2 ямааны арьс хулгайлсан гэж сэрдсэн учраас малыг нь маллахаа больсон... сарын 300,000 төгрөгний цалинтай ажилтай байхад минь малтай болгож өгнө гэж ажлаас гаргасан. Ажлаа хийж байсан бол цалингаа авч байх байсан... 6, 7 сар малыг нь малласан, цалин хөлс, мал өгөөгүй гэж 6 сарын цалин 1,800,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч С.Б түүний нөхөр Б.Н нар нь малтай болох зорилгоор хариуцагч Б.Б, түүний эхнэр П нартай хариуцагч Б.Б-н 100 эм ямааг 2 жилийн хугацаанд маллаж төллүүлээд төлийг нь авч, эргүүлээд 100 эм ямааг нь буцааж өгөх, мөн Б.Б нь мал төллөөд тусдаа буухаар нь 1,000,000 төгрөгөнд хашаа хороо бэлдэж өгөх, малжуулах төслөөр 40 гаруй бог мал хөөцөлдөж авч өгөхөөр харилцан тохиролцож, 2017 оны 05 дугаар сарын 29-нөөс 2017 оны 12 сарын 10 хүртэл Б.Б-тай айл бууж малыг нь маллаж байгаад зохигчид 2 ямааны арьснаас болж тэдний дунд үл ойлголцол бий болж нэхэмжлэгч нь дээрх тохиролцооноос татгалзсан үйл баримт тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй.

Шүүх дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч С.Б нь малтай болох зорилгоор Б.Б-н 100 эм ямааг 2 жилийн хугацаанд маллаж төлийг нь авахаар тохиролцсон гэх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Б-с шаардах эрхтэй гэж үзнэ.

Гэвч нэхэмжлэгч С.Б нь 2 жилийн хугацаанд 100 ямааг маллаж, төллүүлснийхээ дараа хөлс болох малын төлийг авах атал малаа төллүүлээгүй байх тул Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т “...ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэж заасны дагуу шаардах эрхгүй. Харин шүүх нэхэмжлэгч С.Б нь олох байсан орлогоо нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хариуцагч Б.Б нь “... манайд ирэхээсээ өмнө ажлаасаа гарчихсан, ажилгүй байсан... адилхан малаа би бас малласан... гэх боловч хэрэгт авагдсан Хутагтын говийн тэмээчин хоршооны даргын “...2017 оны 05 сарын 29-ний өдөр хүртэл туслах ажилчнаар сарын 300,000 төгрөгний цалинтай ажиллаж байгаад Улаанбадрах суманд малжих зорилгоор малчнаар явах хүсэлт гарган ажлаас чөлөөлөгдсөн...” гэсэн тодорхойлолтоор нэхэмжлэгч С.Б нь сарын 300,000 төгрөгийн цалинтай ажил хийж байгаад малтай болох зорилгоор ажлаасаа гарч 6 сар гаруй хугацаанд Б.Б-н малыг нь малласан, мөн Б.Б ч малаа маллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон дээрх тодорхойлолтоор нотлогдон тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2 ямааны арьс алга болсноос үл ойлголцол бий болж улмаар нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээнээсээ татгалзсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Уг үйл баримтаас дүгнэхэд үл ялихгүй зүйлээс болж зохигчид гэрээг цуцалсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,800,000 төгрөгийг хэн алин нь хариуцах үндэслэлтэй гэж үзлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийг хариуцагч Б.Б-с гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч С.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр хуваарилан хариуцагч Б.Б-с 26,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-с 900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 900,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с 26,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Б.Н