| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2018/0034/и |
| Дугаар | 102 |
| Огноо | 2018-03-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, ******* тоотод оршин суух, ******* овогт Бүрэнбатын А
Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Цтай 2011 оноос 2014 оныг хүртэл хамтран амьдарсан. Хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү ******* төрсөн. Одоо ******* нь 5 настай. М.Цтай таарч тохирохгүйн улмаас 2014 онд салсан. Үүнээс хойш хүүхэддээ анхаарал халамж тавьж байгаагүй. Иймд хүү *******т хариуцагч М.Цаас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Хариуцагч М.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр М.Ц миний бие Б.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн *******т тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэл, Б.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар, 00007997625 Г-2615 дугаартай *******ын төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг” эрхийн эмнэлгийн *******ыг эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, хариуцагчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч М.Цад холбогдуулж 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү *******т хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Б.А, М.Ц нар нь хамтран амьдрах хугацаанд 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *******ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Б.Агийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү *******ыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг М.Цад даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүү ******* нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.
Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч М.Ц нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч М.Цаас тэтгэлэг гаргуулан охин *******ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үнийн дүнг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч М.Цын оршин суух хаягаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн атал хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч нв хариуцагчийн эзгүйд шийдвэрлэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Улаанбаатар хот Баянгол дүүрэг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/-аас 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү *******ыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Ц нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
3. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү *******ыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг М.Цад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Цаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР