Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 698

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 28 өдөр            Дугаар 181/ШШ2018/00698               Улаанбаатар хот

   

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                        

 

Нэхэмжлэгч:, Б овогт Б Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч:, Б овогт Т Д /РД: /-д холбогдох,         

 

Гэм хорын хохиролд 2,414,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.                         

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э, иргэдийн төлөөлөгч Л.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.      

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   

Т.Д нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 18 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 16Б байрны баруун талын замд 59-08 УНК улсын дугаартай автомашин жолоодон явахдаа, байрныхаа гадаа тоглож байсан миний 3 настай хүү Б.Дийг мөргөж, биед нь гэмтэл учруулсан. Тухайн өдрөө Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлж онош тогтоолгон, хэвтүүлж эмчлүүлэх хугацаанд томографикийн зураг авахуулахад тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалттай, зүүн чихний дээд болон дунд хэсэгт үрэвслийн шингэнтэй гэсэн онош тогтоогдсон.

Гэмтэл согог судлалын төв эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлээд цаашид харьяа эмнэлгийн хяналтад байх заалттайгаар эмнэлгээс гаргасан.

Эмнэлгээс гараад хүүгийн маань бие их зовиуртай байх болсон тул 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ныг хүртэл Манал Оточ эмнэлэгт 5 хоног эмчилгээ хийлгэсэн. Энэ 5 хоногийн ор хоногийн мөнгө 200,000 төгрөг, эмчилгээний зардал 70,800 төгрөг болсон.

Мөн чихний хэнгэрэг нь хагарч, чихэн доторх судас гэмтсэн, хэнгэргийн цаана байдаг яс нь гэмтсэн гэх оноштойгоор 2016 оны 5 дугаар сарын 25-наас 2016 оны 5 дугаар сарын 28-ныг хүртэл “ЭМЖЖ” эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлж, хэнгэргийн хагалгаа хийлгэсэн. Хагалгаа хийлгэх болон эмчилгээний зардал 428,180 төгрөг, бусад эм эмчилгээ зэрэг зардалд 617,143 төгрөг болсон. Хагалгаанд орж гарснаас хойш cap гарангийн эмчилгээ гадуур хийлгэсэн.

Мөн хүүгээ осолд орж гэмтсэн үед нь цалингийн зээл авсан байсан дээрээ нэмж хүүхдийнхээ эмчилгээний зардлыг хийхийн тулд 1,700,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн 2016 оны 5 дугаар сарын 13-наас 5 дугаар сарын 30 хүртэлх төлөлт 79,735 төгрөгийг хүүхдийн өвчтэй байх хугацаанд ажлаа хийж чадалгүй төлсөн.

Түүнчлэн хүүхдээ эмчилгээ хийлгэж зардал чирэгдэл их гарч, арга буюу хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авсан нь 1,018,494 төгрөг болсон.

Хэдийгээр удаа дараа эмчилгээ хийлгэж, одоо биеийн байдал нь гайгүй болж байгаа боловч, энэ гэмтлийн хор уршиг миний хүүхдэд цаашид яаж нөлөөлж, юу болохыг үнэндээ хэлж мэдэхгүй байна.

Т.Дгийн хувьд санаатай үйлдэл биш хэдий ч, хүний нялх хүүхдийг машинаар мөргөж бэртээчхээд сэтгэл гаргаж биеийг нь ч асуухгүй, эмчилгээний зардлын талаар уулзахаар гэрт нь очиход Т.Д болон түүний ээж хүүхэд чинь л буруутай гэх зэргээр дайрч давшлан, эмчилгээний зардал өгөх нь бүү хэл, хэл амаар дайрч үл тоомсорлон хандаж байсан учраас Т.Дгаас миний хүүхдэд учруулсан гэм хорын хохиролд 2,414,352 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас Т.Дгийн төлсөн 1,289,850 төгрөгийг хасаж, үлдэх 1,124,502 төгрөгийг гаргуулна.

Энэ мөнгөний 79,735 төгрөг нь банкны зээлийн хүүд төлж хохирсон мөнгө, 1,018,494 төгрөг нь хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авч, эмчилгээнд нь зарцуулсан мөнгө, үлдэх 26,273 төгрөг нь эмнэлэг хооронд явсан таксины мөнгө юм.

Архи, пиво авсан баримт андуурагдсан байх. Надад түүнийг нэхэмжлэх ухамсар байхгүй, харин би хүүхдээ сахисан хугацаанд ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэх байсан харин мартсан байна билээ гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Бийн надад холбогдуулан гэм хорын хохиролд 2,414,352 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Миний бие 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 18 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг, 16Б байрны баруун талын замд автомашиныг зөвшөөрөгдсөн хурд болох 10 км цаг хурдтай жолоодон явах үед 3 настай Б.Д эсрэг эгнээнд зогсож байсан машинуудын дундаас гэнэт гүйн гарч ирж машинд шүргэгдэн унасан. Түүний араас Б.Дий эгч гэх У.Нямсүрэн гүйж ирсэн.

Тэр даруй Б.Дийг эгчийн хамт авч яван Гэмтэл согог судлалын төвд очиж Б.Дий биеийн байдлыг үзүүлэхэд тус эмнэлгийн эмч тодорхой гэмтэл байхгүй байна, заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэсэн тул буцаж осол болсон газарт ирж цагдаа дуудан хэмжилт хийлгэж тайлбар өгсөн.

Тэр өдрөө хүүхдийн бие өвдөөд байна гэсний дагуу 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Гэмтэл согог судлалын хүрээлэнд хэвтүүлж, Мөнгөн гүүр эмнэлэгт рентген болон компьютер томографийн зураг авахуулсан.

Эмчийн үзлэгийн тэмдэглэл, рентген болон Компьютер томографийн зургийг үндэслэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Ганцэнгэл 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Б.Дий биед тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Мөн Техникийн шинжээч С.Одхүү 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Т.Д нь Монгол Улсын Замын ХөДий дүрмийн 16.1-д “5.30 тэмдэг тэмдэглэгдсэн хорооллын доторх хөДд явган зорчигч явган хүний зам болон зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй боловч тээврийн хэрэгслийн хөДд санаатайгаар саад учруулахыг хориглоно” гэсэн заалтыг, явган зорчигч Б.Дий асран хамгаалагч эгч У.Нямсүрэн нь МУ-ын ЗХ дүрмийн 3.3-д “Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөДд оролцуулахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Дээрх шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Тээврийн прокурорын газраас “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 128 тоот тогтоол гарсан боловч Б.Дий аав Д.Б нь “Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхээр заасан байтал хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэх гомдлыг дээд шатны прокурорт гаргасан тул түүнтэй хамтатган тогтоолгохоор “Хүүхдийн чихний хагалгаанд 350,000 төгрөг төлүүлсэн. Уг гэмтэл нь ослоос болж үүссэн эсэхийг шалгуулж тогтоолгох тухай” гомдлыг хамт гаргасан.

Улмаар 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээчид ажиллаж “Урьд гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Д нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны ЭМЖЖ эмнэлэгт Дунд чихний шүүдэст үрэвсэл оношоор мэс засал хийгдэж, эд авч эдийн шинжилгээгээр арьсны уйланхай, үрэвсэл болох нь тогтоогдлоо. Энэ нь зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй” гэсэн давтан дүгнэлт гаргаснаар 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Тээврийн прокурорын газрын Тээврийн прокурор Д.Дагвасүрэнгийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 69 тоот тогтоол гарсан. Уг тогтоолд гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон болно.

Гэсэн ч Т.Д би миний машинд шүргэгдсэн Б.Дд хүн ёсны үүднээс хандаж, 2016 оны 5 дугаар сарын 09-өөс 26-ны хооронд “ЭМЖЖ” эмнэлгийн ор хоног, хагалгааны төлбөр 525,000 төгрөг, Манал Оточ эмнэлгийн ор хоног, тарианы төлбөр 245,000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлгийн томографын 2 удаагийн шинжилгээ, үзлэгийн төлбөрт 266,500 төгрөг, биопсийн шинжилгээ, бусад эм, тарианы төлбөрт 253,350 төгрөг буюу нийт 1,289,850 төгрөг, мөн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөг бэлнээр, 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б.Дий ээж Алтан-Очирын дансаар 105,000 төгрөг гээд бүгд 1,444,850 төгрөгийг төлсөн байгаа.

Ийнхүү Б.Дий гэмтэлтэй холбогдох бүхий л зардлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь Б.Дий эмчилгээтэй холбогдолгүй зардлууд болох Б.Бийн бусдаас авсан зээл болон түүний төлбөр болон хүү, шилжүүлэг, өөрийн данснаас авсан төлбөр, хоол хүнс, чихэр, зайрмаг, гэр ахуйн хэрэгсэл, архи, пиво, солонгос ресторанаар үйлчлүүлсэн төлбөр зэрэг бодит хохиролтой хамааралгүй зардлуудыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Миний бие Б.Дий эрүүл мэндэд учирсан бодит хохирлыг нөхөн төлөх ёстой бөгөөд энэ үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх талуудаас шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх талуудын хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Дд холбогдуулан гэм хорын хохиролд 2,414,352 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд үүнээс 1,289,850 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр шаардлагаа энэ хэмжээгээр багасгаж, үлдэх 1,124,502 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

Т.Д нь “Хаан банк” ХХК-ийн эзэмшлийн 59-08 УНК улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг жолоодон явахдаа 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 16Б байрны баруун талын замд явган зорчигч 3 настай Б.Дийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан ба шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр жолооч Т.Дг МУ-ын ЗХД-ийн 16.1-д “5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөДд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөДд санаатайгаар саад учруулахыг хориглоно.” гэж заасныг, явган зорчигч Б.Дий асран хамгаалагч эгч У.Нямсүрэнг МУ-ын ЗХД-ийн 3.3-д “Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөДд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж (тэвэрч) явна.” гэж заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэйг тогтоожээ.

 

Ослын улмаас Б.Дий биед тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй үндэслэлээр Т.Дд холбогдох гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болох нь Тээврийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1288 тоот тогтоол, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 5/1498 тоот мэдэгдэх хуудас, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6455 тоот акт, Шүүх эмнэлгийн давтан гаргасан 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 782 тоот дүгнэлт болон талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон байна. Энэ үйл баримтад талууд, гэм бурууд хариуцагч маргаагүй.

 

2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Дий эцэг нь Д.Б, эх нь М.Алтан-Очир болох нь төрсний Г-2030 тоот гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хэлцэл хийнэ.”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэний эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай, түүнчлэн сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг Иргэний хуульд заасан төлөөлөгч нь бүрэн төлөөлнө.”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.” гэж зааснаар Б.Дий эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэгч Д.Б шаардах эрхтэй.

 

            Хариуцагч Т.Д нь тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа буюу жолоодон явахдаа МУ-ын Замын хөДий дүрмийн заалт зөрчсөнөөс Б.Дий эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь хэргийн баримтууд, талуудын маргаагүй тайлбараар нотлогдсон учир Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Б.Дий биед учирсан гэмтлийг эмчлүүлэх зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 10-аас 16-ныг хүртэл 6 хоног Гэмтэл согог судлалын үндэсний төвд, 2016 оны 5 дугаар сарын 20-оос 25-ныг хүртэл 5 хоног Манал-Оточ эмнэлэгт, 2016 оны 5 дугаар сарын 25-аас 28-ныг хүртэл 3 хоног Чих, хамар, хоолойн ЭМЖЖ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, мэс ажилбар, эмчилгээ, шинжилгээ, үзлэг, эм тарианы болон гадуур хийлгэсэн эмчилгээний зардал, унааны хөлс зэрэгт Т.Дгийн төлсөн мөнгөнөөс гадна зардал гарсан үндэслэлээр зээлийн хүүд төлсөн гэж 79,735 төгрөг, унааны хөлсөнд зарцуулсан гэж 26,273 төгрөг, эмчилгээний зардалд зарцуулсан гэж 1,018,494 төгрөг буюу нийт 1,124,502 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Т.Дгийн хувьд 2016 оны 5 дугаар сарын 09-өөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны хооронд “ЭМЖЖ” эмнэлгийн ор хоног, хагалгааны төлбөр 525,000 төгрөг, Манал Оточ эмнэлгийн ор хоног, тарианы төлбөр 245,000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлгийн томографын 2 удаагийн шинжилгээ, үзлэгийн төлбөрт 266,500 төгрөг, биопсийн шинжилгээ, худалдан авсан эм, тарианы төлбөрт 253,350 төгрөг буюу нийт 1,289,850 төгрөг, мөн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөг бэлнээр, 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б.Дий ээж М.Алтан-Очирын дансаар 105,000 төгрөг гээд бүгд 1,444,850 төгрөгийг төлж гэм хорыг бүрэн арилгасан гэж маргасан.

 

Дээрх төлбөрөөс нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 1,289,850 төгрөгөөс гадна Б.Дий эх М.Алтан-Очирын эзэмшдэг Хаан банкны 5463002380 тоот дансаар 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 105,000 төгрөгийг Т.Д мөн төлсөн болох нь дансны хуулга болон Хаан банкнаас ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдсон, харин 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байх тул шүүх Т.Дг нийт 1,394,850 төгрөгийг төлсөн гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч шаардлагаа нотлох зорилгоор Улаанбаатар хотын банкнаас хадгаламжаа барьцаалан зээл авсан баримтууд, зээл, хүүгийн төлбөр буцаан төлсөн баримтууд, иргэд болон ББСБ-аас авсан зээлийг буцаан төлсөн баримтууд, эмчилгээнд шаардагдах эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан баримтууд, хүнс болон гэр ахуйн бараа худалдан авсан баримтуудыг тус тус гаргаснаас үзвэл худалдан авсан хүнс болон гэр ахуйн бараа нь Б.Дий эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой хэрэглэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, бусдаас авсан зээлийг эмчилгээнд зарцуулсан нь баримтаар нотлогдохгүй байх тул шүүх эдгээр баримтаар нотлогдож буй төлбөрийг гэм хорын хохиролд тооцож, хариуцагчаар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин эм, тариа эмнэлгийн хэрэгсэл худалдан авсантай холбоотой 2016.05.10-ны 11,100 төгрөг, 2016.05.12-ны 51,900 төгрөг, 2016.05.14-ний 34,200 төгрөг, 2016.05.16-ны 15,400 төгрөг, 86,100 төгрөг, 2016.05.17-ны 7,800 төгрөг, 2,600 төгрөг, 2016.06.10-ны 2,300 төгрөг, 2016.06.16-ны 10,150 төгрөг, 2016.06.19-ний 2,400 төгрөг, 2016.07.09-ний 37,800 төгрөг, 2016.07.21-ний 15,900 төгрөг, 1,880 төгрөг, 7,160 төгрөг, 2016.07.23-ны 12,000 төгрөгийн баримтуудаар нотлогдож байгаа 298,690 төгрөгийн зардал нь гэм хорын хохиролд тооцогдох үндэслэлтэй.

 

Гэхдээ үүнээс 2016.05.10-ны 11,100 төгрөг, 2016.05.12-ны 51,900 төгрөг, 2016.05.14-ний 34,200 төгрөг, 2016.05.16-ны 15,400 төгрөг, 86,100 төгрөг, 2016.05.17-ны 7,800 төгрөг, 2,600 төгрөгийн баримтаар нотлогдож байгаа 209,100 төгрөгийг Т.Д нөхөн төлсөн болох нь тогтоогдсон тул үлдэх буюу 2016.06.10-ны өдрөөс хойш гарсан зардал болох 89,590 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас 1 жилийн хугацаатай авсан 1,700,000 төгрөгийн зээлийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр буцаан төлөх хуваарийн дагуу төлөгдсөн зээл 73,189.82 төгрөг, хүү 6,544.97 төгрөг буюу нийт 79,734.79 төгрөг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй зардалд хамаарахгүй, унааны хөлсөнд нэхэмжлэгчээс 26,273 төгрөгийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх эдгээрийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Т.Дгаас 89,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,034,912 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нь хүү Б.Дийг асарч сувилсаны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж авах ёстой цалин хөлсөөр хохирсонтой холбоотой шаардлагыг гаргаагүй тул шүүх нэхэмжлэлээр шаардаагүй хохиролтой холбоотой асуудлыг шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байсныг энд тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дүгээр зүйлийн 505.1-д заасныг баримтлан Т.Дгаас гэм хорын хохиролд 89,590 төгрөгийг гаргуулж Д.Бт олгож, Д.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,034,912 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 53,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 16,620 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас, хариуцагчаас 4,550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэйг, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Ө.УЯНГА

 

 

                      ШҮҮГЧ                                                           Ч.БАТЧИМЭГ

 

 

                                                                                              Д.НЯМБАЗАР