Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0132

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ганхуяг,

Иргэдийн төлөөлөгч: М.С,

Улсын яллагч: Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч: Д.Д, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч: Б.Н, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ж  овогт Д-ийн Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Б-ийн Дт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, Ж овогт Д-ийн Д /РД: ........... /, ....... оны .....  дүгээр сарын ..... -ний өдөр ........  аймгийн ........ суманд төрсөн, .....  настай, ...... , ....... боловсролтой, ..........  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ......  аймгийн ..  сумын ....  дугаар баг, ........  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ..... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

 

2. Монгол Улсын иргэн, Х  овогт Б-ын Д /РД: ........... /, ....... оны ...  дугаар сарын .... -ний өдөр  .......  аймгийн ......  суманд төрсөн, .....  настай, ........ , .....  боловсролтой, ............ мэргэжилтэй, ........  аймгийн ........ эмнэлгийн ....... -т эмч, ........... ажилтай, ам бүл .... , ...........-ийн хамт ..........  аймгийн ......  сумын ......  дугаар баг, ....  дүгээр хорооллын ..... дугаар байрны ...  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Д нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт,

“Бэртэл гэмтлийн улмаас бусдын туслалцаа шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд орхисны улмаас хохирогч нас барсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан,

Шүүгдэгч Б.Н нь “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: ...Би усанд явж байгаад найзтайгаа таарсан ба түрүүлээд гэртээ очоод байж байтал манай найз 1 бүтэн, 1 тал архитай ирсэн. Би дараа нь 1 шил архи авсан. Бид архиа хувааж уугаад согтсон байсан. Би найзыгаа хүргэж өгөх гээд тэргэн дээр түрээд хаалгаар гартал манай найз гутал уналаа гэхээр нь буулгасан. Тэгтэл намайг тэргээ аваачиж хая гэхээр нь тэргээ түрээд буцаад явсан. Тухайн үед манай найз өөрийгөө авч явах чадваргүй байсан тул түүнийг хүргээд өгье гэсэн юм. Би найзтайгаа муудалцсанаа санахгүй байна. Орой гарч шээчхээд орж ирэхэд манай найз сууж байсан ба цус болсон байхаар нь яасан юм бэ гэж асуухад чи цохисон гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Найзтайгаа 14 жил нөхөрлөж, олсноо хувааж идэж өдийг хүрсэн. Ийм зүйл болсонд одоо ч итгэж чадахгүй байна. Талийгаачийн ар гэрээс уучлал гуйж байна.гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр .............. эмнэлгийн ......-ээр ажилласан. Тухайн үед дуудлага их байсан. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө үүрээр 06 цаг 47 минутад дуудлага ирсэн ба хоёр согтуу хүн зодолдсон, нэгнийх нь толгойн хэсгээс цус гарсан гэж хэлсэн. Би тухайн үед дуудлага ихтэй байсан тул хүлээн авахаар эмчилгээ хийлгэ гэж зөвлөгөө өгсөн. Би амь хохирогчтой утсаар яриагүй. Ийм зүйл болно гэж бодоогүй. Тухайн үед уг нь дуудлагыг цааш нь эмчид дамжуулах боломжтой байсан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нь миний буруу. Маш их харамсаж байна. Би хохирогчид 3,902,000 төгрөг төлсөн. гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У мэдүүлэхдээ: ...Шүүгдэгч нар нь бидэнд талийгаачийн оршуулгын зардлыг бүрэн өгсөн. Энэ хэрэгт хүний амь хохирсон тул гомдолгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн хүрээнд шийдвэрлэх байх. гэв.

 

Эрүүгийн 2218000000080 дугаартай хэргээс:

 

Хохирогч И.Уийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/, гэрч Д.Б-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/, гэрч Д.Ц-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал/,  гэрч Д.Ц-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал/, гэрч Б.Э-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/, гэрч Г.Х-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал/, гэрч Г.Б-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 973 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 123-125, 127-129  дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 971 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 148-150, 151-152 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал/, яллагдагч Д.Д-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 168-171 дэх тал/, яллагдагч Б.Н-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193-195 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Д.Д-ийн согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/, дуудлагын бүртгэх дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал/, дүрс дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-16 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтуудад үзлэг хийсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Д, Б.Н нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө ..........  аймгийн ....  сумын.....  дугаар баг ........  дүгээр гудамжны ...  тоотод гэртээ иргэн И.Б-тай маргалдаж толгойн тус газар нь шаазан аяга шидэж эрүүл мэндэд нь баруун шанааны артери судасны салааг гэмтээж зүсэгдсэн хууларсан шарх, баруун хөмсгөнд шархны гэмтэл бүхий амь насанд нь аюулгүй хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-16 дахь тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 33-34 тал/,

 

Хохирогч И.У-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...И.Б  нь 2011 оны 08 дугаар сард эхнэр хүүхдээсээ салаад ........  аймгийн ...... сумын ....  дугаар баг Х-д ганцаараа амьдарсан бөгөөд нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан болохоор зуны улиралд би өөрийн байгууллага дээр ажиллуулдаг байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/

 

Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим Б  ахын дүүгийнх нь хүүхэд болох О гэх залуу надад 20.000 төгрөг өгсөн. О  нь Б ах бид хоёрын хайлуулж гаргасан өөхөн тосыг гурилын үйлдвэрт нийлүүлж мөнгө авдаг. Өчигдөр Б ах бид хоёр ажил хийгээгүй. Би О-ийн өгсөн мөнгөнөөс Б  ахад Их Монгол нэртэй 0.75 граммын архи 1 шилийг “Од” нэртэй хүнсний дэлгүүрээс авч өгсөн. Тэгээд бид хоёр манай гэр болох ......  сум .....  дугаар баг ........  тоотод очиж хамт архи уусан. Бид хоёр архиа тал болтол нь ууж байгаад би уухаа больсон. Тэгсэн Б ах намайг өөрийнхөө найз болох Д гэх хүний гэрт хүргээд өг гэж хэлсэн. Би Б  ахыг дагуулаад Д ахын гэрт хүргэж өгөхөөр явсан. Би Дийн гэрийн хаягийг мэдэхгүй байна. Зааж чадна. Би Б  ахыг Д ахын гэрт оройны 19 цагийн орчим хүргэж өгсөн. Б ах бид хоёрыг Д ахын гэрт ороход Д ах гэртээ ганцаараа согтуу байсан. Би Б  ахыг тэдний гэрт ууж байсан тал шил архитай нь цуг үлдээсэн. Явахаасаа өмнө Д ахаас зарах гар утас байна уу гэж асуухад Д ах надад Nokia 6030 маркийн гар утас 10.000 төгрөгөөр зарахаар болсон. Би 10.000 төгрөгийг бэлэн өгөөд гар утсаа аваад гарсан. Намайг байхад Б болон Д ах нар хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдоогүй. Би Б н ах Д ах нартай цуг архи уугаагүй гараад явсан. Энэ өдөр би дахиж Д Б  ах хоёртой уулзаагүй. Ингээд өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 06 цагийн орчим Д ахын гэрт очиход Д ах Б  ах хоёр согтуу байсан. Д ах гал түлээд Б  ах орон дээр хэвтэж байсан. Б ах хөнжлөө толгойн дээгүүрээ нөмөрсөн байсан учраас яасан бол гэж харах гээд хөнжлийг нь сөхөхөд түүний баруун нүдний доод зовхиноос жоохон зайтай хацар хэсэгт хөндлөн хэлбэрийн зүсэгдсэн шарх үүсээд мах нь гараад ангайсан цус гараад хатаад тогтсон байсан. Мөн Б ахын хэвтэж байсан орны дэвсгэр, хөнжил цус болж бохирлогдсон байсан. Орон дээр Б ахын толгойн зүүн талд хагархай шаазан аяга байсан. Тэр аягаар цохиж зүссэн байх. Би орон дээр байсан хагархай аягыг аваад орж гарах хаалганы баруун талд шалан дээр тавьсан.  Ингээд би Д ахын бэр эгчийг дуудаад түүний гар утсаар 7037103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Дуудлага өгөх үед оператор нь хоорондоо зодолдсон маргалдсан юм бол өөрсдөө гэмтэл дээр очоод үзүүл гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд Д ахын бэр эгч нь Д ахад хандаж “Чи найзыгаа авч яваад үзүүл. Яах гээд хашаанд архи уугаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Д ах хариуд нь “Би хашаанаас чинь удахгүй нүүнэ. Та хоёрт ямар ч хамаагүй. Эндээс зайл” гэж бэр эгчийгээ болон намайг хөөгөөд байсан. Намайг гарах гэж байтал Б ах хэвтэж байсан орноосоо хагас өндийж босож ирээд “ахдаа цай хийгээд өгөөч” гэж хэлсэн. Ингээд би ус буцалгагчаас хүйтэн цай хийж өгөөд цагдаа дуудах уу гэж Б ахаас асуухад “Зүгээр ээ ахын дүү яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд л Д ахын бэр эгч бид хоёр гэрээс нь гарсан. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56-57 тал/,

 

Гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ ажлаасаа 17 цагийн орчим ирэхэд манай гэрийн паар хөлдөөд халахгүй болсон байсан. Тийм болохоор би ах Ц-ын хамтаар паараа янзлаад гэртээ гал түлээд 28-наас 29-нийг шилжих шөнө 03 цагийн орчим унтсан. Ингээд өглөө гэртээ байж байхад 10 цагийн орчим цагдаа нар ирээд би сэрсэн. Тэгээд юу болсон талаар цагдаа нараас асуухад надад хэлэхдээ танай хашаанд байдаг хажуу айлд чинь хэрэг гарсан гэхэд юу болсон талаар мэдсэн. ...Паараа янзлаад гэртээ байж байсан болохоор мэдэхгүй байна ямар нэг чимээ гараагүй. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65 тал/,

 

Гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...Манай хашааны дотор Монгол гэр бариад хашаанд гэртээ амьдардаг Д гэх манай нөхрийн дүүгийн найз гэх хүн гаднаас манай гэрт 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 06 цаг 40 минутын орчим орж ирээд Д найзтайгаа архи ууж байгаад  найзыгаа зодчихсон байна. Найзынх нь нүүрний баруун талаас цус гарсан байна гэхээр нь Эмнэлэг дуудаач гэж хэлчхээд хувцсаа өмсөж байхад надад Дийн найз гэх хүн Утас байхгүй гэж хэлсэн тийм болохоор нь би утсаа өгөхөд миний утсаар ...... дугаар руу дуудлага өгчхөөд утсаа салгасны дараа миний утсаар дуудлага өгсөн хүн надад хэлэхдээ Өөрсдөө хүнээ авчраад үзүүлээрэй гэж хэлсэн гэхээр нь Д-ийн гэрт ороход Монгол гэрийн зүүн талд буюу хаалганаас цагийн зүүний дагуу зүүн талын орон дээр Д-ийн найз гэх хүн хажуу тийш хараад хэвтэж байсан. Харин эсрэг талын орон дээр Д хэвтэж байсан. Тэгээд намайг ороход зүүн талын орон дээр хэвтэж байсан Дид зодуулсан гэх хүн цээжин хэсгээ өндийлгөөд над руу харсан. Тэгэхэд тухайн хүний баруун талын хацар орчмоос цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь Д дээр очоод Чи хүн яагаад зодсон бэ. Наад хүнээ эмнэлэг рүү аваачаад үзүүл гэж хэлсэн. Тэгтэл миний үгийг тоогоогүй. Учир нь Д тэр үед маш их согтолттой байсан. Тэгээд надтай хэрэлдээд би танай хашаанаас нүүнэ гээд байсан. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59-60 тал/,

 

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: "...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө ........ сумын ...  дугаар багийн ....   тоот буюу аавын гэрээс гараад ......  сумын ....  дугаар баг ...  дүгээр хэсэг гэр лүүгээ өөрийнхөө машинтай гэртээ очиж хоночхоод өглөө 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад ........ сумын .... дугаар баг ......... тоотод аав Б-ын гэр рүү орох гээд машинтайгаа байхад манай аав гэрийн хашааны хажуу талын айлын хашааны гадна хар өнгийн куртик байна гэж харчхаад өнгөрч яваад машиныхаа толинд харахад хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод өөрийнхөө ........ дугаараас цагдаад дуудлага өгсөн. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай ...Талийгаачийн биед баруун шанааны артери судасны салааг гэмтээж зүсэгдсэн хууларсан шарх, баруун хөмсгөнд шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь баруун шанааны артери судасны салааг гэмтээсэн шархны улмаас цус алдаж, осгож цусны эргэлтийн хурц дутагдал үүссэнээс нас баржээ. Талийгаачийн биед элэг, нойр булчирхайн архаг хууч өвчин илэрсэн бөгөөд энэ үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн цусны бүлэг AII, Rh/-/  байна. Талийгаачийн цусанд 1,5 промилли, ходоодны агууламжид 3,5 промилли спирт илэрсэн ба дунд зэргийн согтолттой байсныг харуулж байна. Талийгаач нь эмнэлгийн яаралтай тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байжээ гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 79-82, 83-85 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 25 дугаартай Шинжилгээнд авсан И.Б гэж хаягласан цусны AII, Rh/-/ байна. шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн И.Б гэж хаягласан цусанд 1,5 промилли, ходоодны агууламжид 3,5 промилли спирт илэрсэн байна гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн .................  дугаартай хуруу шилтэй цусанд 2,3 промилли спирт илэрсэн болно. гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаартай Шинжилгээнд авсан .......... дугаартай хуруу шилтэй цусны бүлэг OI, Rh/+/ байна гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №10/22 дугаартай ...Далхаа овогтой Д нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. Д  овогтой Д нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. Далхаа овогтой Д нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна гэх магадалгаа /1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 973 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн куртика, гутал, малгай, бүтээлэг, хивсний хэсэг, хөшигний хэсэг, амны хаалт, шаазан аяганы хагархай, хөнжил, усны тэрэг, гудас зэрэг нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн усны тэрэг дээр цус илрээгүй, бусад эд зүйлс нь бүгд нэлэнхийдээ цусаар бохирлогдсон байна. Илэрсэн цус нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн куртика, гутал, малгай, бүтээлэг, хивсний хэсэг, хөшигний хэсэг, амны хаалт, шаазан аяганы хагархай, хөнжил, гудас зэрэгт илэрсэн цус нь амь хохирогч И.Бы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Дээрх эд зүйлсээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо холбогдогч Д.Дийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохироогүй. гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 123-125, 127-129  дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 972 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн тэлээтэй жинсэн өмд, куртика, бэлтгэлийн цамц, бэлтгэлийн өмд, хар өнгийн подволк, оймс 1 хос, малгай, дотоож, гутал зэрэг шинжилгээнд тэнцэж байна. Жинсэн өмд, куртика, бэлтгэлийн өмд, гутал зэрэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна. бэлтгэлийн цамц, хар өнгийн подволк, ойм 1 хос, малгай, дотоож зэрэгт цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн жинсэн өмд, гутал зэрэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч И.Бы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Куртикан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо холбогдогч Д.Дийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Бэлтгэлийн өмд дээр илэрсэн цус нь амь хохирогч И.Б, холбогдогч Д.Дийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 137-139,140-141 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 971 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн цамц, подволк, дотуур өмд1, бэлтгэлийн өмд, оймс, өрөөсөн гутал, дотоож, дотуур өмд2 зэрэг нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цамц, подволк, гутал зэрэгт цус илэрч байна. илэрсэн цус нь хүний цус байна. Дотуур өмд1 , бэлтгэлийн өмд, оймс, өрөөсөн гутал, дотоож, дотуур өмд2 зэрэгт цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн цамц, подволк, гутал зэрэгт илэрсэн цус нь амь хохирогч И.Бы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Дээрх эд зүйлсээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо холбогдогч Д.Дийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохироогүй. гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 148-150, 151-152 дахь тал/,

 

Д.Дийн мөрдөн байцаалтад сэжигтнээр 2022 оны 01 дүгээр сарын 30, 03 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой 20-21 цагийн үед худгаас түрдэг тэргээр ус аваад харьж явж байсан чинь замд Б, Б хоёр тааралдаад ....... дэлгүүр ороод ирье. Чи гэртээ ороод байж бай гэж хэлсэн. Тэгээд би гэртээ цай унд чанаад байж байсан чинь тэр хоёр гаднаас Хамаг Монгол гэх нэртэй 0,75 литрийн 2 шил архи авчирсан. Нэг шил архи нь задалсан байдалтай, нөгөө архи нь шинээрээ байсан. Тэгээд бид гурав задалсан архинаас гурав татаад байж байсан чинь Б  түрүүлээд харилаа. Өчигдөр уусан болохоор бие муудчих гээд байх шиг байна гэж хэлээд 22 цагийн үед явсан. Тэгээд талийгаач Б бид хоёр үлдээд нэг тал архийг нь хувааж ууж дуусгаа бүтэн 0,75 литрийн архиа задлаад тал хүртэл нь уусан. Тэгээд би 23 цагийн үед дэлгүүр хаахаас өмнө ........ дэлгүүр ороод 0,75 литрийн архи аваад ирье гээд гарч явсан. Тухайн үед надад 10,000 төгрөг байсан бөгөөд дэлгүүрээс гарч архиа авчхаар орж ирээд архиа ширээн доор хийгээд нуусан. Тэгээд бид хоёр үлдэгдэл архиа уучхаад мань хоёр нь тасарч унаад унтчихсан байна лээ. Шөнө хэд ч болж байсныг мэдэхгүй, миний шээс хүрээд шээх гээд босоод ирсэн чинь Б өндийгөөд суучихсан байсан ба Хөгшөөн чи бид маргалдаад, чи миний тархийг хагалчихсан байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөнжил аваад цусыг нь арчиж өгөөд Нүүрээ угаачих хөгшөөн гэж хэлээд үлдэгдэл 0,75 литрийн архиа задлаад доороос нь дөрвөн хуруу үлдээгээд тасраад ухаан сараа орон гаран болоод яваад байсан. Тэгээд Б гэр лүүгээ явна гээд байхаар нь би хажуу байшинд байх Ц дүүгийнхээ гэрт нь орсон чинь дүү маань унтаж байсан бөгөөд Ц эгч наадах чинь оройтож ирсэн. Унтаж амраа гэж хэлэхээр нь би за за гэж хэлээд үлдэгдэл архиа уучхаад ахиад муудсан. Тухайн үед Б архи уухгүй орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Намайг архиа уугаад сууж байсан чинь гэгээ орж байсан ба Б гэр рүүгээ явъя гэж хэлэхээр нь гадаа миний цагаан лимузэн байгаа гээд усны тэргэн дээр Быг суулгаад буцаж гэр лүүгээ орж куртикийг нь дээр нь тавьсан. Тухайн үед Б шал согтуу биеэ авч явах чадваргүй байсан бөгөөд юм түшиж чадахгүй унаад байсан. Тэгэхээр нь усны тэргэнд суулгаад тэргээ түрээд доошоо яваад гудамжны үзүүрт Б бууя гээд байхаар нь буулгасан чинь бөгсөөрөө газар суугаад байсан. Тэгээд гутлаа оролдоод гутлынхаа үдээсийг оролдоод байж байсан. Би гэм бурууугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын үйлдсэн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Архинаас болж ийм хэрэг боллоо. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 160-161, 2 дахь хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 06 цаг 41 минутад .......  аймгийн ...... эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт /.........  дугаарын утсанд/ дуудлага хүлээн авагчаар ажиллаж байхдаа иргэн Д.Б-ээс ирүүлсэн хүний эрүүл мэндэд хохирол учирсан, цус алдаж байгаа талаарх дуудлагыг бүртгэж тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Эд зүйл, баримт, бичигт үзлэг хийсэн тухай ...2022оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 06 цаг 41 минутад .........  дугаарын утаснаас дуудлага ирсэн байх ба уг дугаартай хэдэн минут секунд ярьсан нь харагдахгүй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үргэлжлүүлэн А4 цаасны хэмжээтэй дуудлагын журнал гэсэн хөндлөн байрлалд цэнхэр өнгөөр дуудлагын журнал гэж бичсэн дээд хэсэгт голлуулж 2021 гэсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Дуудлагын журналыг нээж  үзэхэд 125 хуудастай цаасны дээд гол хэсэгт дуудлагын журнал гэсэн бичиглэлтэй. Уг бичиглэлийн доор д/д цаг минут өвчтөний нэр гэж хуваасан хүснэгт байв. Уг журналын 22 дахь хуудсанд хүснэгтийн доод талаас нэг мөрний дээр улаан өнгийн балаар 2022.01.29 бямба гараг гэж гараар бичсэн. Үүний доороос 1-8 дахь хүснэгт хүртэл дуудлага хүлээн авсан тэмдэглэл үйлдсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Дуудлагын журналд яаралтай түргэн тусламжийн тасгийн дуудлага хүлээн авах утсанд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 цаг 41 минутад ......... дугаарын утаснаас ирүүлсэн дуудлага бүртгэгдээгүй байсныг тэмдэглэв. гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 24, 25/ дахь тал,

 

Дуу бичлэгт үзлэг хийсэн тухай ...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал. Дуудлага хүлээн авагч: Байна уу 103, дуудлага өгөгч: Байна уу, дуудлага хүлээн авагч: Байна 103, дуудлага өгөгч: Аа энэ дуудлага өгөх гэсэн юм, дуудлага хүлээн авагч: яасан гэнээ, дуудлага өгөгч: ................  тоот, дуудлага хүлээн авагч: яасан хүн юм, дуудлага өгөгч: энэ хоёр найз хоорондоо зодолдоод нэгнийхээ тархи толгой нүүр амыг яраад хаячхаж. Хоорондоо зодолдсон юм уу. Энэ одоо ... зодолдсон юм шиг байна нэг аягаар нүүр рүү нь цохисон гээд байх юм. Аймаар их хэмжээний цус алдсан байна. дуудлага хүлээн авагч: за хүлээн авахаар гэмтлийн эмнэлэгт үзүүлнэ шүү дээ. Дуудлага өгөгч: одоо ямар ч байсан түргэн дуудахад ирнэ биздээ. Дуудлага хүлээн авагч: шууд өөрсдөө ирж үзүүлнэ ээ. Хүлээн авахаар гэмтлийн эмчид. Дуудлага өгөгч: энэ хүн чинь босож чадах тэнхээгүй байна яах уу. Дуудлага хүлээн авагч: гэмтлийн эмчид шууд өөрсдөө ирж үзүүлнэ шүү гэснээр дуудлага тасрав. Үзлэгээр өөр илэрсэн зүйлгүй бай тул үзлэгийг дуусгав. гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Гэрч Г.Х-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: ...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 08 цаг хүртэл жижүүр эмчээр ажилласан. Тухайн үед Д гэх дуудлагын оператор бага эмч дуудлага хүлээн авагчаар ажиллаж байсан. ...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 06 цаг 41 минутаас 08 цагийн хооронд ......... сумын ......  дугаар баг ........  тоотод дуудлага байна гэж огт хэлээгүй. Дуудлагын оператор дуудлагаа өөрөө хүлээн аваад дуудлагаа ангилаад яаралтай очих ёстой дуудлага өөрсдөө ирж үзүүлэх гэсэн байдлаар ангилдаг. Цус алдаад босож чадахгүй байна гэсэн дуудлагад заавал очих ёстой. гэх  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал/

 

Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр буюу 5 дахь өдөр миний бие тасгийн хурал хийгээд дуудлага буцааж болохгүй шүү ачаалал ихтэй байсан ч гэсэн буцаахгүй шүү гэдгийг хэлсэн. Тухайн хуралд Б.Н байсан. Миний тавьж буй үүрэг чиглэлийг сонсож байсан. Хурлын дараагаар ийм асуудал болсон талаар ажилчид надад хэлэхээр нь би та нарт ёртой юм шиг хэлсэн шүү дээ гэдэг асуудлыг ярьсан. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/,

 

Түргэн тусламжийн үйлчилгээ зохион байгуулах журам /2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Б.Нын яллагдагчаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагт Батбаяр гэх  диспетчерээс ээлж хүлээн авч 32 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэхээр болсон. Тухайн үед жолооч Б, Ц, эмчээр Х, С нар 24 цаг надтай хамт ажилласан. Хоногийн хугацаанд ачаалалтай, дуудлага их байсан. 2022 оны 01 дүгээр сарын 29-ны өглөө 06 цаг 5 минутад дуудлага ирсэн. Тухайн дуудлага ь согтуу хүний толгой хагарсан гэсэн дуудлагыг нэг эрэгтэй хүн өгсөн. Хаяг нь Хээтэй хороололд гэсэн. Тэгээд согтуу юм уу зодуулсан юм уу юунаас болж толгой нь хагарсан юм гэж асуусан тухайн ажилтан мэдэхгүй гэж хэлсэн. Би тухайн үед цагдаа руу дуудлага өгсөн юм уу гэж асуусан чинь өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд би манайх дуудлагатай байгаа болохоор хугацаа алдалгүй такси унаагаар нэгдсэн эмнэлгийн хүлээн авах руу очиж гэмтлийн эмчид үзүүл гэж зөвлөсөн. Цагдаа руугаа дуудлага өгөөрэй эргээд бид нартай холбогдоорой гэж хэлсэн. Тэгээд за гэж хэлээд тасалсан. Дахиж дуудлага ирээгүй. Манай ажилчид тухайн үед ажилтай байсан тул мэдээллийг хүлээн аваагүй юм. Миний бие дуудлагыг хольж сольсон зүйл байхгүй. Надад дуудлага өгсөн дугаар ...........  гэсэн дугаар мөн. Миний ажлын байрны тодорхойлолтод иргэдээс ирсэн эрүүл мэндийн шалтгаантай холбоотой дуудлага мэдээлэл ирсэн тохиолдолд тухайн хүний дуудлагыг ангилж яаралтай дуудлага яаралтай бус дуудлага зөвлөгөө өгөх гэсэн гурван чиглэлээр ажилладаг. Тухайн дуудлага нь яаралтай дуудлага мөн байсан. Тухайн үед дуудлага давхацсан байсан. Тухайн үед артерийн даралт ихэссэн зүрх судас өвдсөн дуудлага ирсэн байсан. Миний бие тухайн үед холбогдох журмуудыг дагаж мөрдөж ажиллаагүй. Маш их харамсаж байна гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193-194, 195 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Хэрэгт авагдан бичгийн нотлох баримт болон эд мөрийн баримтаар шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө гэртээ И.Бтай маргалдаж шаазан аяга шидэж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан ба хохирогч уг гэмтлийн улмаас цус их алдсан, өөрийгөө жолоодох чадваргүй болсон байна. Мөн шүүгдэгч нь хохирогчийг өөрийгөө удирдан жолоодох чадваргүйг мэдсээр байж зориуд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй орхиж явснаас хохирогч нас барсан байна. Шүүгдэгч Б.Нын хувьд яаралтай түргэн тусламжийн ...............  дугаарын утсанд эрүүл мэндэд хохирол учирсан, цус их алдсан гэсэн яаралтай дуудлагыг хүлээн авсан боловч эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь хохирсон болох нь тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У мэдүүлэхдээ: Б.Нын хувьд үүрэгт ажлаа биелүүлээгүй гэдэгт нь гомдолтой байгаа боловч цаашид хэрэгт холбогдуулахгүйн тулд гомдолгүй гэж хэлмээр байна. гэв.

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүгдэгч  Б.Н, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нар нь гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Шүүгдэгч Д.Д нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ба хохирогч гэмтлээ даагаагүй нас барсан тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. гэж дүгнэв.

Гэмтлийн хүнд зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба амь хохирогч И.Бы биед учирсан баруун шанааны артери судасны салааг гэмтээж зүсэгдсэн хууларсан шарх, баруун хөмсгөнд шархны гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3 дугаар  зүйлийн 3.3.3 дахь хэсэгт заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.  

“Хүнийг санаатай алах”, “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай. Шүүгдэгчийн хувьд хохирогчийн амь насыг хохироохоор чиглэсэн шууд санаа зорилго, сэдэлт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд амь хохирогч И.Б нь эмнэлгийн яаралтай тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Д, Б.Н холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Дийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан”,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан,

Шүүгдэгч Б.Ныг “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар давхар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч Д.Дийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн атлаа бэртэл гэмтлийн улмаас бусдын туслалцаа шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогдуулан давхар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэхгүй байна. Шүүгдэгчийн нэг үйлдэлд, хоёр өөр төрлийн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, мөн төрийн албаны үүргээ биелүүлээгүйн улмаас үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч И.У нь гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн хохиролд 7,803,627 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Д нь 4,000,000 төгрөг, Б.Н нар нь 3,902,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял халдаах нь зүйтэй байна. Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгч Д.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Д.Дийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У: Шүүгдэгч Б.Нын хувьд хорих ял оногдуулмааргүй байна. Дийн хувьд 14 жил найзалсан найзаасаа уучлал гуйж байгааг нь хүлээн авч байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дийн өмгөөлөгч Б.Чинбаатар саналдаа: Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү.гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Л.Оюунсувд саналдаа: Шүүгдэгч Б.Нын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, нэмэгдэл ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү.гэв.

 

Шүүгдэгч Д.Д: Хөнгөн ял оногдуулж өгнө үү. гэв.

 

Шүүгдэгч Б.Н: Ажлын хариуцлага алдсандаа харамсаж байна. Би эхнэр хоёр хүүхэд, эхийн хамт амьдардаг бөгөөд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явдаг. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Д нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч Б.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д.Д, Б.Н нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Дид 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 89 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн  зүйлийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ныг 1 жилийн хугацаагаар тэнсэж, яаралтай тусламжийн диспетчерээр 1 жилийн хугацаагаар ажиллах эрх хасах ял хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт нийт 89 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь  бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон эрээн өнгийн хөнжил нэг ширхэг, ногоон өнгийн бүтээлэг нэг ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нэг удаагийн маск нэг ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 10 ширхэг цагаан цэнхэр өнгийн аяганы хагархай,цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон улаан ягаан өнгийн гудас, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн бүтээлэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон гудас,цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 метр 75  см хэмжээтэй гэрийн хананы хөшиг,цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хивснээс 30 см харьцах нь 17 см хэмжээтэй хэсгийг хайчилж авсан, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон Хамаг Монгол гэсэн бичиглэлтэй 0.75 литрийн граммын архины шил 2 ширхэг, Хамаг Монгол гэсэн бичиглэлтэй 0.5 граммын  архины шил нэг ширхэг, Хар өнгийн урдуураа цахилгаантай юүдэнтэй өвлийн куртик нэг ширхэг 1000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг /сер дугаар: АU1402432/ 500 төгрөгийн нэг ширхэг /сер дугаар: AR2555645/, Дарханд үйлдвэрлэв гэсэн бичиглэлтэй суран оосортой түлхүүр нэг ширхэг, 300  гэсэн бичиглэлтэй шар өнгийн  бээлий 1 хос, баруун халаасанд цэнхэр өнгийн оргинал гэсэн бичиглэлтэй асаагуур нэг ширхэг, ...............   гэсэн бичиглэлтэй хаан банкны виза карт нэг ширхэг, Дархан-Ус суваг ХХК ахуйн хэрэглээний карт нэг ширхэг, adidas гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн цамц нэг ширхэг, бор өнгийн Tenios гэсэн бичиглэлтэй бор өнгийн подволк нэг ширхэг, хөх өнгийн  жинсэн өмдтэй, бор өнгийн суран тэлээ нэг ширхэг оргинал асаагуур гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн асаагуур нэг ширхэг хар хөх өнгийн reebok  crossfit  гэсэн бичиглэлтэй өмд нэг ширхэг, урдуураа үдээстэй  дотор хажуу хэсэгт цахилгаантай хос гутал, ягаан өнгийн хос оймс нэг ширхэг, бор алаг өнгийн улаан оймс нэг хос, саарал өнгийн юүдэнтэй цамц нэг ширхэг, хар өнгийн хагас түрүүтэй гутал нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, амь хохирогч И.Бы өмсөж байсан цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн саравчтай малгай нэг ширхэг, цус мэт улаан хүрэн  өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн юүдэнтэй өвлийн куртик, хар өнгийн хагас түрийтэй зүүн хөлийн гутал нэг ширхэг, улаан өнгийн подволк нэг ширхэг, хар өнгийн өмд нэг ширхэг, саарал өнгийн дотуур өмд нэг ширхэг, бор алаг өнгийн улаан оймс нэг хос, Armachillo  гэсэн бичиглэлтэй дотуур өмд нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ут олгож, эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн төмөр рамтай хоёр дугуйтай усны тэрэг нэг ширхгийг эзэмшигч Д.Цд буцаан олгож, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дид урьд авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Дид оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ж  овогт Д-ийн Д-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Н-ыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Д-д 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Н-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, яаралтай тусламжийн диспетчерээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээг авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Нт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийн энэ хэрэгт цагдан хоригдсон 89 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 03 жил 09 сар 01 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт нийт 89 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон эрээн өнгийн хөнжил нэг ширхэг, ногоон өнгийн бүтээлэг нэг ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нэг удаагийн маск нэг ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 10 ширхэг цагаан цэнхэр өнгийн аяганы хагархай,цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон улаан ягаан өнгийн гудас, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн бүтээлэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон гудас,цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 метр 75  см хэмжээтэй гэрийн хананы хөшиг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хивснээс 30 см харьцах нь 17 см хэмжээтэй хэсгийг хайчилж авсан, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон Хамаг Монгол гэсэн бичиглэлтэй 0.75 литрийн граммын архины шил 2 ширхэг, Хамаг Монгол гэсэн бичиглэлтэй 0.5 граммын  архины шил нэг ширхэг, Хар өнгийн урдуураа цахилгаантай юүдэнтэй өвлийн куртик нэг ширхэг 1000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг /сер дугаар: АU1402432/ 500 төгрөгийн нэг ширхэг /сер дугаар: AR2555645/, Дарханд үйлдвэрлэв гэсэн бичиглэлтэй суран оосортой түлхүүр нэг ширхэг, 300  гэсэн бичиглэлтэй шар өнгийн  бээлий 1 хос, баруун халаасанд цэнхэр өнгийн оргинал гэсэн бичиглэлтэй асаагуур нэг ширхэг, Dawaadorj Dalkhaa  гэсэн бичиглэлтэй хаан банкны виза карт нэг ширхэг, Дархан-Ус суваг ХХК ахуйн хэрэглээний карт нэг ширхэг, adidas гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн цамц нэг ширхэг, бор өнгийн Tenios гэсэн бичиглэлтэй бор өнгийн подволк нэг ширхэг, хөх өнгийн  жинсэн өмдтэй, бор өнгийн суран тэлээ нэг ширхэг оригинал асаагуур гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн асаагуур нэг ширхэг хар хөх өнгийн reebok  crossfit  гэсэн бичиглэлтэй өмд нэг ширхэг, урдуураа үдээстэй  дотор хажуу хэсэгт цахилгаантай хос гутал, ягаан өнгийн хос оймс нэг ширхэг, бор алаг өнгийн улаан оймс нэг хос, саарал өнгийн юүдэнтэй цамц нэг ширхэг,хар өнгийн хагас түрүүтэй гутал нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, амь хохирогч И.Бы өмсөж байсан цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн саравчтай малгай нэг ширхэг, цус мэт улаан хүрэн  өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн юүдэнтэй өвлийн куртик, хар өнгийн хагас түрийтэй зүүн хөлийн гутал нэг ширхэг, улаан өнгийн подволк нэг ширхэг, хар өнгийн өмд нэг ширхэг, саарал өнгийн дотуур өмд нэг ширхэг, бор алаг өнгийн улаан оймс нэг хос, Armachillo гэсэн бичиглэлтэй дотуур өмд нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ут, саарал өнгийн хоёр дугуйтай усны тэрэг нэг ширхгийг эзэмшигч Д.Цд тус тус буцаан олгож, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Дийн эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ИДЭР

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ

 

                                              ШҮҮГЧ                                         З.ТӨМӨРХҮҮ