| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0328/и |
| Дугаар | 108 |
| Огноо | 2018-03-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Б.Г, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ц.М нь Б.Гтой 2010 оноос 2013 он хүртэл хамтран амьдарсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй. Охин ******* 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд Б.Гоос охин *******д тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Б.Г бид хоёр дундын эд хөрөнгийн маргаангүй. Иймд охин *******д эцэг Б.Гоос хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охиноо 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрүүлсэн. Хариуцагчтай 2010 оноос эхлэн хамт амьдарсан. Охиноо төрөхөөс сарын өмнөөс бид хоёр тусдаа амьдрах болсон. Нэхэмжлэл өгснөөс хойш хариуцагч эцэг тогтоолгох хүсэлт гаргасан байсан. Эцэг тогтоолгох шинжилгээний хариу нь мөн гэж тогтоогдсон. Тийм учраас хүүхэддээ тэтгэлэг тогтоолгож мөнгөн хуримтлал үүсгэх шийдвэр гаргасан гэв.
Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэл, Ц.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн *******ын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *******г эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, 4634000012/12 дугаартай *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/324 дугаартай албан бичиг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1545 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Б.Гт холбогдуулж 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин *******д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Ц.М, Б.Г нар нь хамтран амьдрах хугацаанд холбогдуулж 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр *******г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Өмнөговь аймгийн *******ын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт, *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1545 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Ц.Мын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин *******г хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Б.Гт даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Өмнөговь аймгийн *******ын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн тодорхойлолтоор зохигчдын охин ******* нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.
Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Б.Г нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Гоос тэтгэлэг гаргуулан охин *******г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үнийн дүнг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум, 3-р баг 32 дугаар байрны 12 тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/-оос 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн *******г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Г нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
3. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин *******г хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Б.Гт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гоос 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мд тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР