| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0014/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/11 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч Б.Энхмэнд, шүүгдэгч Г.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн Г*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807004930213 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, яс үндэс халх, ******* боловсролтой, хүнсний нийтийн хоолны технологич мэргэжилтэй, ******* ХХК-нд ажилтай, , хамт тоотод оршин суух, урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн Г******* нь
/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тоот дансаар Ж.Маас 2.000.000 төгрөгийг ажилд оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г******* нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ж.Маас цэргийн ангид ажилд оруулж өгнө гэж ны тоот дансаар 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан үйл явдал болсон байна. Энэхүү үйл явдал нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г*******ын өгсөн: “Би зохион байгуулалтай, үгсэн тохиролцож, хүний эд зүйлийг завшсан зүйл байхгүй. Би хохирогчийн ээжтэй хамт цэргийн ангид ажиллаж байсан учир хохирогч надтай ирж уулзсан. Би хохирогчийн мөнгийг залилж авъя гэсэн бодол байгаагүй. Би даатгалын компанид ажилладаг учир зуны саруудад хөдөө томилолтоор явсан үед хохирогч над руу утсаар ярьж мөнгөө нэхсэн. Би хөдөө байгаагаа хэлж, очоод мөнгийг өгье гэж хэлсэн. Би хохирлыг барагдуулахаас өмнө хохирогч цагдаад өргөдөл өгсөн байсан. Гэлээ ч би хохирлыг барагдуулсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм болчимгүй зүйл хийхгүй.
Үр хээ төлөө сайхан амьдрахыг хичээнэ” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Мийн өгсөн: “Миний бие ажилд орохоор байнга хайдаг байсан ба цэргийн ангид ажилд орох хүсэлтэй байсан болохоор энэ талаар байнга судалдаг байсан, цэргийн ангид ажилд ороход Г******* гэж хүн тусалж чадна гэдгийг сонсоод хүнээр дамжуулж танилцаад утсаар холбоо бариад “миний бие цэргийн ангид ажилд орох санаатай байгаа юм та туслаач” гэхэд болно гэсэн. Ингээд би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Г*******тай уулзахаар утсаар холбогдож байгаад Налайх дүүрэгт ирээд Ордонгийн урдаас намайг Г******* тосч авсан. Тэгтэл Г******* чамтай уулзуулна гээд Нямсүрэн гэж хүнтэй яриад хаана байгааг нь асуугаад Налайх дүүргийн тамгын газрын урдаас Нямсүрэнг аваад “” нэртэй зоогийн газар очиж хоолонд орсон. Хоолонд орж байхдаа Г******* нь Нямсүрэнд энэ залууг цэргийн ангид ажилд оруулаад өгөөч гэхэд намайг хаана сургууль төгссөн, хаана ажиллаж байсан гээд л янз бүрийн юмнууд асуугаад дараа нь 3 үеийн намтар, иргэний үнэмлэхний хуулбар, цэргийн үүрэгтний хуулбар зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлээд хүрээд ир гэж хэлсэн тэгээд л хоолоо идчихээд гараад явцгаасан. Ингээд Г******* намайг 5.000.000 төгрөг өгчих гэхээр нь би байгаа нь надаа 2,000,000 төгрөг л байгаа гэхэд за тэгвэл тэрийгээ өг ажилд орсныхоо дараа үлдсэн мөнгийг нь өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод очоод Ундрам плазагийн АТМ машинаар эхнэрийнхээ 5323096030 гэсэн данснаас Г*******ын хаан банкны данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд бичиг баримтаа маргааш нь бүрдүүлж Г*******ад Налайхад авчирч өгөөд Г******* руу залгаад юу болж байна гэхээр удахгүй хэд хоногийн дараа гэж явсаар байгаад өнөөдрийг хүрчихсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 08 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч И.Нямсүрэнгийн өгсөн: “Г******* ах би ажилд зуучилсныхаа хөлсөнд 2.000.000 төгрөг авчихсан юмаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/
ны дансны хуулга, /хх-ийн 30 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-37 дугаар хуудас зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлэг,
хаан банкны дансны хуулга зэргийг дүгнэхэд шүүгдэгч Г.Г******* нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн тамгын газрын цэргийн штабын Нямсүрэн гэгчтэй хамт хоол идэж, цэргийн ангид ажилд оруулж өгнө гэж Ж.Мийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж ны тоот дансаар 2.000.000 төгрөг шилжүүлэн залилан авч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ. Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Г******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ж.Мид 2.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Г*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*******ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г*******ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Г*******ад мэдэгдсүгэй.
5. Г.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хурааагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ж.Мид 2.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Г.Г*******ад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Г*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ