| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0043/И |
| Дугаар | 77 |
| Огноо | 2018-03-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж, ерөнхий шүүгч Э.Б, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, З овогт Л.Ө-т холбогдох гэм хорын төлбөрт 641,244 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т, Б.Н, хариуцагч Л.Ө, иргэдийн төлөөлөгч Т.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Замын Үүдийн гаалиас гарах зөвшөөрлөө авсан манай 00-78 УНН улсын дугаартай машинд ачигдсан барааг иргэн Л.Ө нь цагдаагийн байгууллагад үндэслэлгүй худал гомдол гаргаж 3 хоног саатуулж шалгуулсан билээ. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 07 цагийн үед БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б, иргэн Л.Ө нар манай машинтай ачааг нэг бүрчлэн тоолж шалгасан. Бараа тоолох ажиллагаа тухайн өдрийн 21 цагийн орчим дуусч бид нар ачааг өөрсдөө 2 машинаар хуваан зөөж агуулахадаа авчирсан. Манай бараанаас ямар нэгэн зөрчил илрээгүй болно. Л.Ө-н худал гомдлоор манай байгууллагад
1. Каргоны хашаанд 2 хоног зогссон төлбөр 15,000 төгрөг
2. 2017-08-07ны 5 хүний хоолны зардал 68,000 төгрөг
3. 2017-08-08 нааш цааш явсан шатахууны зардал 2 машинд 204,744 төгрөг
4. 2017-08-08 ны 4 хүний хоолны зардал 53,500 төгрөг
5. БЗД-ийн товчооноос агуулах хүртэлх тээврийн зардал 300,000 төгрөг гээд нийт 641,244 төгрөгний хохирол гарсан тул дээрхи мөнгийг тэмдэгтийн хураамжинд төлсөн 19,890 төгрөг нийт 661,134 төгрөгийг худал гомдол гаргаж манай үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь гэр ахуйн бараа болон хуванцар бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-аас импортлодог юм. Сүүлийн 2-3 удаагийн бараа таталтанд Ө аливаа хэлбэрээр саад учруулж, гүтгэх, мөшгих мөрдөх үйл ажиллагаа явуулдаг болсон. 2017 оны 08 сарын 07-ны өдөр тус компанийн Монгол Улсын хилээр оруулж ирсэн бараанд зохих татварыг төлөөгүй гэж цагдаагийн байгууллагад мэдэгдэж, манай ачаа ачсан машиныг Баянзүрх дүүргийн товчоон дээр саатуулж, ачааг буулгаж нэг бүрчлэн шалгуулсан боловч ямар нэг алдаа дутагдал илрээгүй юм. Энэ үед 3 хоног компанийн худалдан борлуулалт болон хэвийн үйл ажиллагааг доголдуулсан бөгөөд А компаний эд хөрөнгийн эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа юм. Тус компанийн хувьд гаальд зохих ёсны татварыг төлсөн, хилээр нэвтрэх зөвшөөрлийг авсан, уг ачаа бараа нь манай компаний мэдэлд бүрэн шилжээд Улаанбаатар хотод ирж байсан юм. Ингээд Ө-н худал мэдээлэлийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулсаны улмаас тус компанид гэм хорын хохирол учирсан. Үүнийгээ бид Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу дараах байдлаар нэхэмжилж байна. Каргоны хашаанд 2 хонуулсаны төлбөр 15,000 төгрөг, 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 5 хүний хоолны зардал 68,000 төгрөг, 2017 оны 08 сарын 08-ны өдрийн хоолны зардал 53,500 төгрөг, Баянзүрх дүүргийн товчооноос өөрийн компанийн агуулах хүртэл ачаагаа тээвэрлүүлсэний төлбөрт 300,000 төгрөг, мөн тухайн өдрүүдэд зарцуулагдсан бензины зардал 204,744 төгрөг, энэ шатахууны зардалд 300,000 төгрөгийн хөлс төлсөн машины шатахууны зардал давхар орсон байгаа, нийт 641,244 төгрөг Л.Өлзийбаяраас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү. Баянзүрх дүүргийн товчооноос хотын төв рүү машин оруулдаггүй нь үнэн. Гэхдээ тэр өдөр энэ хүний худал мэдээллийн дагуу шалгуулаагүй байсан бол бид машин давхар хөлслөх, каргоны хашаанд ачаатай машиныг хонуулах, илүү түлш зарцуулах асуудал гарахгүй байсан. Тухайн өдөр их бороотой өдөр байсан учраас ачаагаа норгохгүй байхаас эхлээд бид зөндөө ажилтай байсан. Харин манай компаний зүгээс 2-3 өдрийн олох байсан орлого гэж нэхэмжлээгүй юм.
Л.Ө нь Замын-Үүд боомт дээр 20-иод жил бүрдүүлэлтийн ажил хийж байгаа бөгөөд өөрөөр нь юм уу, эхнэрээр нь бүрдүүлэлт хийлгээгүй тохиолдолд матдаг, занадаг, гүтгэдэг, мөшгидөг хууль бус үйлдэл гаргаж, бусдын компанийн хэвийн үйл ажиллагаа, хувийн орон зайд дэндүү бүдүүлгээр халддаг гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Ө-н хувьд олон жил хил, гааль дээр бүрдүүлэлт хийж байгаа, байнга худал мэдээлэл өгч шалгуулна, матна гэж сүрдүүлдэг, хүмүүсийн үйл ажиллагаанд саад учруулдаг, ачаа барааг нь дагаж мөрдөж мөшгөдөг, бичлэг хийдэг хүн байгаа юм. Тухайн үед миний төлөөлж байгаа компани нь 0078 УНН дугаартай Норд бенз машинд ачаагаа ачсан байсан бөгөөд татвараа ном журмын дагуу төлж, хилээр нэвтэрч Улаанбаатар хотруу орж явахад нь худал мэдээлэл өгч цагдаагийн байгууллагаар шалгуулж, биднээс гарах ёсгүй зардлыг гаргасан. Тухайн үед Ө худал мэдээлэл өгч шалгуулаагүй байсан бол ийм зардлууд гарахгүй байсан. Иймд хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Ө шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аливаа зүйлд ямар нэг учир шалтгаан гэж байдаг, би зүгээр байж байгаад хүний ачаа барааг шалгуулах хүн биш. Иргэн хүн гомдол мэдээлэл өгөх, шалгуулах, хардах эрхтэй шүү дээ. Би Ж ХХК-д сүүлийн 3 жилд төлөөлөгчийн ажил хийж байна. Эдний компани нь 1000 гаруй хайрцаг ачаанд 6-7 сая төгрөгийн татвар төлөөд гаалиар гарч байхад бидний 600 гаруй хайрцаг ачаанд 6-7 сая төгрөгийн татвар гараад байхаар нь нэг зах зээлээс худалдан авч, мөн адил нэг зах зээлд борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүн яагаад ийм ялгаатай татвар ногдож байгааг судлах зорилгоор мэдээлэл өгч шалгуулсан юм. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа, яагаад гэхээр хотын төвөөр том тэрэг явдаггүй болохоор ямар ч аж ахуйн нэгж нь ачаа бараагаа Баянзүрх дүүргийн товчоон дээрээс өөр машинаар зөөдөг, ачаагаа цагдаагаар шалгуулсан ч, шалгуулаагүй ч ачаагаа өөр машинд шилжүүлж зөөх байсан, мөн ачигч нартаа хоол авч өгдөг, эдний компаний агуулах Улиастайд байдаг гэсэн, тэгэхээр 3-5 км-т ийм хэмжээний шатахуун орохгүй, зардлаа 2 дахин нэмж нэхэмжилж байна. Зайлшгүй гарах зардлаа надаас нэхэмжлээд байгааг гайхаж байна. Би ачааг нь буулгахад өөрөө 400,000 төгрөгийн хөлс төлж, ачигч нар авч хооллосон юм. Иймд 641,244 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Ер нь бол энэ 2 төлөөлөгч юмаа сайн мэдэхгүй байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Л.Ө-т холбогдуулан гэм хорын төлбөрт 641,244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Ө-г 2017 оны 08 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч А ХХК-ний бараа бүтээгдэхүүнийг татвар төлөлтийн талаар худал мэдээлэл цагдаагийн байгууллагад өгч шалгуулсаны улмаас 641,244 төгрөгийг гэм хор учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон, харин хариуцагч Л.Ө нь нэг зах зээлээс худалдан авч, мөн адил нэг зах зээлд борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүний татвар ногдуулах байдал ялгаатай байгааг судлах зорилгоор мэдээлэл өгч шалгуулсан, А ХХК нь Баянзүрх дүүргийн тээврийн товчооноос ачаагаа зөөхтэй холбогдсон зайлшгүй зардлаа нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хариуцагч Л.Ө нь 2017 оны 08 сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст нэхэмжлэгч А ХХК-ний ачаа бараанд ногдсон татвар дутуу, гаалийн байцаагч уг барааг гүйцэт шалгаагүй гэсэн талаар гомдол мэдээллийг гаргаж, 2018 оны 08 сарын 07-08-ны өдрүүдэд шалгуулах ажиллагаа хийлгэсэн үйл баримт нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 144/2393 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Хариуцагч Л.Ө нь хэдийгээр иргэн хүнийхээ хувьд төрийн болон бусад байгууллагад аливаа гомдол, мэдээлэл өгөх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонихрлыг хөндөх, үндэслэлгүй мэдээлэл гаргах эрхгүй. Хариуцагч нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч шалгуулахад нэхэмжлэгч А компаний ачаа, бараанд гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн зөрчил илрээгүй байх бөгөөд тэрээр ийм үйлдэл гаргасныхаа хариуцлагыг хүлээх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагчийн мэдээлэл өгсөн үйлдлийн улмаас 2017 оны 08 сарын 07, 08-ны өдрүүдэд ачаа тээвэрлэлтийн байдал түр хугацаагаар зогсож, цагдаагийн байгууллагад шалгуулсан байдаг ба энэ үедээ каргоны хашаанд ачаатай тээврийн хэрэгсэлээ 2 хонуулсаны 15,000 төгрөг, 2017.08.07-ны өдрийн 5 хүний хоолны зардал 68,000 төгрөг, 2017.08.08-ны өдөр нааш цааш явсан шатахууны зардал 204,744 төгрөг, 2017.08.08-ны өдрийн 4 хүний хоолны зардал 53,500 төгрөг, Баянзүрх дүүргийн тээврийн товчооноос өөрийн агуулах хүртэлх машин хөлсөлсөний тээврийн зардал 300,000 төгрөг нийт 641,244 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь эдгээр зардлуудыг ачаа тээвэрлэхэд зайлшгүй гарах зардал гэж татгалзлаа тайлбарлаж байгаа хэдий боловч өөрийн татгалзлын үндэслэлээ нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх шаардлагаас хоолны зардалд нэхэмжилж байгаа нийт 121,500 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн буюу нэхэмжлэгч талаас ирүүлсэн хх-ийн 11-12 хуудсанд авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт дээр мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг, олгосон хүний гарын үсэг зурагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Харин каргоны хашааны төлбөр 15,000 төгрөг, Баянзүрх дүүргийн тээврийн товчооноос ачаагаа тээврийн хэрэгсэл хөлслөн зөөсний төлбөр 300,000 төгрөг, шатахууны зардал 204,744 төгрөг нэхэмжилсэн нь хх-ийн 9 дүгээр хуудсанд авагдсан баримт, хх-ийн 13, 14 дүгээр хуудсанд авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт, ачаа тээвэрлэлтийн гэрээ зэргээр тогтоогдож байна гэж үзэв.
Иймд хариуцагчийн үндэслэлгүй мэдээлэл өгсөн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан нь тогтоогдсон байна гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Л.Ө-с гэм хорын төлбөрт 519,744 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 121,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Л.Ө-с гэм хорын төлбөрт 519,744 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 121,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 530 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 16,242 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Хариуцагч Л.Ө нь шийдвэрийг эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Э.БОЛОРМАА
Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ