Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 342

 

Т.С-т холбогдох

                                                                    эрүүгийн хэргийн тухай        

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Ариунаагийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаар эсэргүүцлээр шүүгдэгч Т.С-т холбогдох 1906 00573 0372 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жонгоор овгийн Т.С, 1998 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 нас 10 сартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Программ хангамжийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ............ дүүргийн ........ дугаар хороо, ................. дугаар хорооллын ............... байрны ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Т.С нь 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анар” нэртэй дэн буудалд Б.Баянмөнхийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.С-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.С-т мэдэгдэж, хохирогч Б.Баянмөнх нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Т.С бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалт нь шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан гэж Эрүүгийн хуульд байхгүй зүйл, ангийг баримталж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэснийг мөн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

 

Шүүх, Т.С-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид байхгүй зүйл, хэсэг буюу 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан ял шийтгэл оногдуулсан нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн утга агуулгыг ойлгомжгүй болгожээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэх энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хорин нэгэн насанд хүрээгүй хүн бүрийг өсвөр насны хүн байх ёстой гэсэн үүрэг болгосон заалт биш болно.

 

Шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглэхдээ Т.Сыг хорин нэгэн насанд хүрээгүй буюу өсвөр насны хүн гэж үзсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо дүгнээгүй ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

 

Учир нь: Хорин нэгэн насанд хүрээгүй хүнийг өсвөр насны гэдгийг тайлбарлан хэрэглэхдээ тухайн хүний сэтгэц, оюун ухаан, өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг урамсарлах, өөрийгөө удирдан жолоодох чадвар гэх мэт анагаахын, эсхүл хууль зүйн шинжлэх ухаанд тулгуурлан дүгнэлт хийх нь зүйтэй. Анхан шатны шүүх 20 настай Т.С-ыг ямар үндэслэлээр өсвөр насны хүн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд гадна ерөнхий байдлаар дүгнэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Мөн шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийг удирдлага болгон шийтгэх тогтоол гаргаж, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан заалтыг ноцтой зөрчсөн болохыг тэмдэглэж, дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй ажиллахыг анхааруулж байна.

 

Иймд анхан шатны шүүхийг Эрүүгийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.С-т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.