Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0406

 

2015 оны 8 сарын 26 өдөр

Дугаар 406

Улаанбаатар хот

 

Х-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагч В.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэртэй, Х-н нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Татварын Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар 47 дугаар зүйлийн 47.1, 48.1-д шалгалт хийх юм бол заавал акт бичнэ гэж заасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 30.1-д Татварын хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийхийг хориглосон байдаг. Тухайн байгууллага дээр шалгалт хийх удирдамж байхгүй Сангийн яамнаас ирсэн албан бичгийн хүрээнд хяналт шалгалт хийгдсэн байдаг. Энэ нь Татварын ерөнхий хуульд заасан хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийхийг хориглосон заалтыг зөрчсөн болох нь харагдаж байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заавал актаар төлбөр ногдуулна гэж заасан байдаг боловч тухайн тохиолдолд акт тавигдаагүй асуудал байдаг.

Усны тухай хуулийн 29.1, 30.1.5-д Ус ашигласны төлбөрийг усаар хангагч байгууллага гэрээндээ тусгана гэж заасан байдаг хэдий ч эрх зүйн хувьд энэ заалтын үндэслэлийг харахад УСНААК ОНӨУГ усны төлбөр авна гэсэн утга харагддаггүй. Мөрөн сумын байгаль орчны байцаагч, аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн, татварын улсын байцаагч хамтран төлбөр тогтоосон тооцоо судалгааг гаргасан байдаг. Гаргасан тооцоо судалгаа нь хэр зэрэг эрх зүйн үндэслэлтэй вэ гэдэг нь эргэлзээтэй. Холбогдох Засгийн газрын тогтоолыг барьж тооцоо судалгааг гаргасан байдаг. Гаргасан тооцоо судалгаа нь хэр зэрэг эрх зүйн үндэслэлтэй вэ гэдэг нь эргэлзээтэй. Холбогдох Засгийн газрын тогтоолыг барьж тооцоо судалгаа гаргаагүй. Усны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д Усны тухай хуулийн хэрэгжилтэд Засаг дарга хяналт тавьж үр дүнг асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах үүрэгтэй гэж заасан байдаг. Усны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д Ус ашигласны төлбөрийг хууль тогтоомжид заасны дагуу төлбөр ногдуулж авах, хяналт тавих эрх нь байгаль орчны улсын байцаагчид хадгалагдаж байдаг. Ус ашигласны төлбөр авах эрх татварын байгууллагад биш байгаль орчны улсын байцаагчид хадгалагдаж байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Сумын Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөр хураах этгээдийг томилсон шийдвэр байхгүй байгаа нь харагддаг.

Мөн томилсон шийдвэргүйгээр хяналт шалгалт хийсэн байдал нь харагдаж байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Сум дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан төлбөрийг бэлнээр хураан авсан тохиолдолд сум, дүүргийн төсөвт тушаана гэж заасан байдаг. Үүгээрээ төлбөр хураах эрх бүхий этгээд гэж сум, дүүргийн Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтан байна гэдэг нь харагдаж байна. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 419 тоот албан бичиг нь Татварын ерөнхий хууль болоод Усны тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн. Акт албан бичгийн үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт нь өөр бусад байдлаар хууль зөрчсөн бол захиргааны акт нь илт хууль бус байна гэж заасан байдаг. Иймд тухайн актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж, Татварын хэлтсийн 170000944 тоот дансанд төвлөрүүлсэн 36 054 027 төгрөгийг УСНААК орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт буцаан олгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 419 дүгээр албан бичиг нь Татварын улсын байцаагчийн акт биш. Акт үйлдэх юм бол хяналт шалгалтын хуваарийн дагуу удирдамж гаргаж шалгалт хийдэг.

Хууль сурталчлах, түүнийг тайлбарлан таниулах нь манай байгууллагын чиг үүрэг мөн. Байгалийн баялагтай холбоотой төлбөр хураамжийг хэн ногдуулах зэргийг гардан гүйцэтгэдэг байгууллага нь татварын байгууллага биш. Манай байгууллага нь сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтантай хамтран ажиллах хяналт тавих үүрэгтэй. Манай байгууллагаас Усны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор усны экологи эдийн засгийн үнэлгээ өөрчлөгдсөн тул төлбөрийг тогтоосон. Засгийн газрын тогтоол нь Усны тухай хуультай зөрчилдөж байгаатай холбоотой Сангийн яамнаас ирүүлсэн албан тоотын дагуу төлбөр ногдуулсан.

... Улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулах юм бол татвар төлөгчийн хувьд эрсдэлтэй байдаг учир ямар нэгэн хүү торгууль ногдуулахгүйгээр төлбөр ногдуулах эрх нь манай байгууллагад хадгалагдаж байдгийн хувьд албан бичгээр төлбөр ногдуулсан. Хэрвээ энэхүү ус ашигласны төлбөр ногдуулсан тоот хүчингүй болох юм бол манай байгууллагын зүгээс УСНААК ОНӨҮГ-ын сүүлийн 5 жилийн хугацаан дахь усны төлбөрийг шалгах эрх нь манай байгууллагад байгаа тул шалгалт хийсний үндсэн дээр улсын байцаагчийн акт тавих болно.

... Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг урьд нь мөрдөж ирсэн. Тухайн хуульд ус түгээгч байгууллага гэж байгаа, одоо мөрдөгдөж байгаа хуульд усаар хангагч байгууллага гэдэг нэршилтэй байгаа. Тиймээс УСНААК ОНӨҮГ нь 2002 оноос хойш ус түгээгч байгууллагын үүргийг гүйцэтгээд усны төлбөрөө төлөөд явж байсан. ... харилцагч байгууллагуудтай байгуулсан гэрээндээ тусгаагүй учир төлбөрөө төлөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Ус ашигласны төлбөр гэж байгууллагуудаас авч байгаа хэр нь улсад төлөх төлбөрөө яагаад төлж болоогүй юм бэ. Татвараа төлөх сэтгэхүйгээр яагаад хандаж болдоггүй юм бэ.

... Хяналт шалгалтаар татварын ногдол хийдэг. Мөн татвар төлөгч тайлангаа татварын байгууллагад тайлагнаад тайлангийн үндсэн дээр төлбөр ногдуулна. Татвараа тайлагнахгүй бол татварын байгууллага хууль тогтоомжийн дагуу шууд бус аргаар татвар ногдуулна. Тайлангийн арга болон шууд бус аргыг хэрэглэн УСНААК ОНӨҮГ-т ус ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсан. Хяналт шалгалтын аргаа хянаж шалгаагүй. Дээд шатны байгууллагаас бичиг ирсэн. Хууль нь гарчихсан, Засгийн газрын тогтоолоор тогтсон хувь хэмжээг хуулиар нэмэгдүүлсэн боловч түүнтэй холбоотой Засгийн газрын тогтоол шинэчлэгдээгүй байсан. Гэтэл төсөвт оруулах ус ашигласны татварын төлөвлөгөө хоцроод байсан учир өмнө нь хэрэглэж байсан Засгийн газрын тогтоолоор биш Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан төлбөрийн доод хэмжээгээр тогтоо гэсэн зааврын дагуу ус ашигласны төлбөр ногдуулсан.

Ус хэрэглэсэн хэмжээгээ тухайн байгууллага мэдэж байгаа хэдий ч усны төлбөрийн талаар тайландаа тусгаж өгөөгүй гэдэг үндэслэлээр шууд бус аргаар төлбөр ногдуулсан.

Байгууллага тайландаа алдаа гаргасан бол дараа оныхоо 06 дугаар сарын 30-ны дотор залруулах боломжтой. ... Манай байгууллага түүнийг хэрхэн нотлох вэ гэвэл усны төлбөр төлөөгүй, усны төлбөрийн ногдол гаргуулаагүй, усны төлөлт хийгдээгүй байна.

... Манай байгууллагын зүгээс усны төлбөртэй холбоотой 2012 оны тайланг залруулах талаар 2013 оны 06 дугаар сарын 30-ны дотор хэлсэн зүйл байхгүй. Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар усаар хангагч байгууллага нь ус ашиглагч байгууллагуудтай гэрээ байгуулна гэж заасан байдаг тул УСНААК ОНӨҮГ нь ус ашигласны төлбөрийг төлөх үндэслэлтэй. УСНААК ОНӨҮГ нь усаар хангагдагч байгууллагуудтай гэрээ байгуулахдаа гэрээндээ ус ашигласны төлбөрийг тусгах үүрэгтэй.

... Гэрээгээ ус ашиглагч байгууллагуудтай байгуулсан гэж үзэж байгаа. Гэрээ байгуулаагүй гэдгээ хэрхэн нотолж Сум дундын шүүхээр тухайн шийдвэр гаргуулсныг мэдэхгүй байна. Тусгай зөвшөөрлийг өмнө нь 3 жилээр сунгаад явдаг байсан. Тиймээс шинэ хуулийнхаа дагуу зөвшөөрлөө авсан. Энэ Усны тухай хууль хэзээ мөрдөгдөж эхэлсэн байна тухайн үеэсээ л тусгай зөвшөөрөл авахыг шаардсан байгаа.

... Шинээр батлагдсан хуулиар УСНААК ОНӨҮГ өөрөө ус ашигласны төлбөр төлөөд дээрээс нь мөн төвлөрсөн усан хангамж гэсэн эрхийг эзэмшиж байгаагийнхаа хувьд бусад ус ашиглагч нарын усны төлбөрийг төлөх үүргийг хүлээж байгаа байгууллага юм. гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Нөхөн төлбөрийн тухай 419 дүгээр албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Татварын ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс 36 054 027 /Гучин зургаан сая тавин дөрвөн мянга хорин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-н компани орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Аймгийн Татварын хэлтсийн Татвар хураалтын тасгийн дарга Д.Отгонбаяр би Хөвсгөл аймгийн УСНААК ОНӨҮГ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн энэ шийдвэрт дурдсанаар УСНААК ОНӨҮГ нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь заалтын дагуу Сав газрын захиргаанаас зөвшөөрөл аваагүйн улмаас усны төлбөрийг хэрэглэгчдээс суутган авах боломжгүй байсан, зөвшөөрөл олгох ёстой байсан сав газрын захиргаа нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн талд шийдвэрээ гаргажээ.

Энэ үндэслэлийг гаргахдаа шүүх нэхэмжлэгч нь хэзээ үүсгэн байгуулагдсан болох, үйл ажиллагааны чиглэл болоод ямар ямар хууль эрх зүйн орчны хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байсан зэргийг харгалзаж үзэлгүйгээр сүүлд шинэчлэн батлагдаж гарсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зүйл заалтаас зөвхөн нэхэмжлэгчийн талд ашигтай хэсгийг үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хөвсгөл аймгийн УСНААК ОНӨҮГ нь 1993 онд буюу Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос даруй 19 жилийн өмнө, ус ашиглах зөвшөөрлийг нь олгох үүрэгтэй Дэлгэрмөрөн голын сав газрын захиргаа байгуулагдахаас 20 жилийн өмнө үүсгэн байгуулагдаж, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын иргэд, ААН-үүдийг өөрийн шугам сүлжээг ашиглан төвлөрсөн усан хангамжаар ханган энэ үйл ажиллагаанаас олсон орлогоороо өөрийгөө санхүүжүүлэн үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж ирсэн хуулийн этгээд болно. Мөн 2012 оны 05 дугаар сарын 17-нд УИХ-аар батлагдсан Байгалийн нөөц ашигласны тухай хууль нь өмнө мөрдөгдөж байсан Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг нэгтгэн шинэчлэн найруулсан хууль бөгөөд эдгээр гурван хуулийн зүйл заалтыг агуулгын хувьд өөрчлөөгүй нь хууль бус юм. Ус ашигласны төлбөртэй холбоотой асуудал нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон шинэчлэн найруулсан Усны тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө холбогдох хууль эрх зүйн актаар зохицуулагдаж байсан болно.

Тухайлбал, 2004 оны 04 дүгээр сарын 22-нд батлагдсан Усны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д усны асуудал эрхэлсэн Засгийн Газрын эрх бүхий байгууллага аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, байгаль хамгаалагчийн дүгнэлтийг үндэслэн ус ашиглуулах шийдвэр гаргах, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т ус ашиглах гэрээнд дараах зүйлийг тусгана, 27.2.6-д ашиглах усны 1 шоо метрт ногдох нөөц ашигласны төлбөр, 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн МУ-ын Засгийн газрын 351-р тогтоолд дурдсан Энэхүү хавсралтын 3-ын 8-д заасан аймаг, хот, суурин газрын ААН байгууллага, иргэний ус ашигласны төлбөрийг ус түгээгч тооцож авна, 2004 оны Усны тухай хууль, 1995 оны Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Улсын Татварын Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар батлагдсан Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал-ын 9.2.4-т Төвлөрсөн ус хангамжийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН нь иргэн ААН байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар түгээсэн усанд ногдох төлбөрийг тооцож түгээсэн усны үнийн хамт уг иргэн, ААН байгууллагаа нэхэмжлэн авна гэж холбогдох хууль эрх зүйн актын зүйл заалтыг огт харгалзаж үзээгүй байна.

УСНААК ОНӨҮГ нь өөрөө ашиг олох болохоор сав газрын захиргаанаас зөвшөөрөл авалгүйгээр эрхээ хэрэгжүүлэн ашиг олж байдаг, төсөвт төлөх усны төлбөрийн асуудал яригдахаар сав газрын захиргаа байгуулагдаагүй, зөвшөөрлөө аваагүй гэдэг шалтгаанаар үүргээ биелүүлээгүй хойргошиж байгаа нь Татварын Ерөнхий хуулийн 28.2.3-т Татвар төлөгч хууль тогтоомжоор хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээг зохих зөвшөөрөлгүй явуулж олсон орлогыг хураалгах гэсэн заалтаар эргэж маргаан үүсгэх үндэслэл болж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2-р үндэслэлд ... ус ашигласны төлбөрийг ус ашиглагч төлөхөөр хуульд заасан ба харин усаар хангагч байгууллага нь ус ашиглагч нарын ус ашигласны төлбөрийг төлөх үүрэггүй байна гэжээ. Энэхүү үндэслэл нь МУЗГ-ын 351-р тогтоол, Улсын ТЕГ-ын дээрх аргачлалтай илт зөрчилдөж байна.

УСНААК ОНӨҮГ нь өөрөө ашиг олох болохоор сав газрын захиргаанаас зөвшөөрөл авалгүйгээр эрхээ хэрэгжүүлэн ашиг олж байдаг, төсөвт төлөх усны төлбөрийн асуудал яригдахаар сав газрын захиргаа байгуулагдаагүй, зөвшөөрлөө аваагүй гэдэг шалтгаар үүргээ биелүүлэхгүй байгаа нь Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.5-д заасныг зөрчсөн байх ба хүн амын төвлөрсөн ус хангамжаар усаар хангагч байгууллага нь ус ашиглагч нартайгаа нийтийн эрх зүйн гэрээ буюу захиргааны гэрээ байгуулахаар хуульчлагдсан нь анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдоно.

Шүүх шударга үнэний дэнсээрээ дэнслэн хуулийн цоорхой хийдэгдлийг ашиглагчдад боломж олголгүйгээр Татварын хэлтэс, УСНААК ОНӨҮГ-ын хооронд үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Х-н компани орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст холбогдуулан Татварын хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 419 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулж, Татварын хэлтсийн төрийн сангийн 170000944 тоот дансанд төвлөрүүлсэн 36 054 027 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Баяраа Нөхөн төлбөрийн тухай албан бичгээр Х-н компани орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ус ашигласны төлбөр 42710,7 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид тэмдэглэл гэх/ үйлдэнэ., 33.2.4 дэх хэсэгт татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 54 дүгээр зүйл, татвар төлөгчийн харилцагч банканд өгөх бол энэ хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ. гэж заасантай нийцээгүй байна.

            Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9 дэх хэсэгт заасан захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь зөв боловч ус ашигласны төлбөр ногдуулсан талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь дараах байдлаар буруу болжээ.

            Шүүх дүгнэлтдээ Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, 31 дүгээр зүйлд зааснаар ус ашиглагч нарын ус ашигласны төлбөрийг усаар хангагч байгууллагаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна гэжээ.

Гэтэл маргаан бүхий актын үйлчлэх цаг хугацаа 2012 оны 06 дугаар сараас 2013 оны 10 дугаар сар хүртэл ус ашигласны төлбөрт хамаарах бөгөөд ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 351 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт Энэхүү хавсралтын Ш.8-д заасан аймаг, хот, суурин газрын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ус ашигласны төлбөрийг ус түгээгч тооцож авна, Ш.8-д Бусад ашиг олох зориулалтаар ашигласан усны шоо метр тутамд гэж заасны дагуу нэхэмжлэгч Х-н компани орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь ус ашигласны төлбөрийг ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллагуудаас суутган авч, усны төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс эрх бүхий байгууллагаас ус ашиглах зөвшөөрөл аваагүй тул ус ашиглагч, хэрэглэгч нартай гэрээ байгуулаагүй, ус ашигласны төлбөр аваагүй тул манайд уг ашигласны төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй.

Учир нь, Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна гэж заасны дагуу гэрээ байгуулах нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр ус ашигласны төлбөр төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд нэхэмжлэгч Х-н компани орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг 2012 оны 06 дугаар сараас 2013 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ус ашигласан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Энэхүү шүүхийн шийдвэр нь татварын байгууллагаас холбогдох хуульд нийцүүлэн Х-н компани орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт нөхөн татвар ногдуулах эрх хэмжээг хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                               

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ