Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 66

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Мөнхзул,

улсын яллагч И.Ариунсанаа, 

иргэдийн төлөөлөгч Ч.Чулуунбат,  

шүүгдэгч Ц.Болдоо, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг,

шүүгдэгч Б.Доржпүрэв, түүний өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт Ц.Болдоо, Б.Доржпүрэв нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010351 дүгээр хэргийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, БГ-н 61-17А тоотод оршин суух, “Прометалл” ХХК-д гагнуурчин ажилтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Бямбын Доржпүрэв /РД:УХ90040518/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 17-56 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

урьд 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 361 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Хэрээд овогт Цэцэгмаагийн Болдоо /РД:ПЖ90110116/.

Шүүгдэгч Б.Доржпүрэв, Ц.Болдоо нар согтуугаар бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө 23-24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 4-48 дугаар байрны 09 тоотод оршин суух иргэн С.Хүрэлбаатарын гэрийн хаалгыг тогшин дайран орж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж хар ногоон өнгийн ороолтыг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглаж хоолойг нь боож унаган зодож, гэрт нь байсан 42 инчийн Панасоник маркийн зурагтыг дээрэмдэж цонхыг нь хагалан зугатаж 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Доржпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 1 дүгээр сарын 24-нд Болдоо над уруу утсаар яриад орой уулзаж халбага пиво ууя гэсэн. Би хэдэн төгрөг захирлаасаа урьдчилаад авсан. Депогийн тэнд бааранд орсон. Тамхилъя гээд гартал хэдэн залуу хөөсөн. Тэгээд 1 орц уруу ороод дээд давхрын айлын хаалга тогшоод орсон. 5-10 минут болоод гарсан. Утсаа зарчихаач гэж Болдоог хэлэхээр нь тэр айлын ахад зарсан. Тэгээд нөгөө баар руу очиж нэг, нэг пиво уусан. Намайг явлаа гээд доошоо бууж байтал Болдоо араас ирээд хавсарч унагаад дагаад яв гэсэн. Улмаар орцонд ороод хэд хэдэн удаа цохисон. Тэгээд нөгөө айлд ороод хохирогчийг ороолтоороо боо гэхээр нь би чадахгүй гэтэл өөрөө миний ороолтыг аваад хальт боосон. Намайг зурагтыг салга гэхээр нь би салгаад буцаагаад тавьсан. Хохирогч ах хутга барьсан, түүнээс зөндөө гуйсан. Тэгээд Болдоо цонхоор буучихсан, цонхыг нь хагалаад зурагтыг нь шид гээд байсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Ц.Болдоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 1 дүгээр сарын 24-ний 19 цагийн үед Доржпүрэвтэй Депогийн тэнд уулзсан. Залуус хөөсөн тул зугтаад айлд орсон. Айлд ороод хохирогч ахтай муудалцсан. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан, их харамсаж байна. Гэм буруугаа ойлгож байгаа. Надад оногдуулсан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

201626010351 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч С.Хүрэлбаатарын: “2016 оны 1 дүгээр сарын 23-ны ...орой 23 цагийн үед унтах гээд байж байтал гэнэт хаалга тогшсон. “Хэн бэ” гэтэл “Би байнаа” гэхээр нь хүргэн юм байх гэж бодоод онгойлгоод өгтөл танихгүй 2 эрэгтэй хүүхэд шууд хаалга татаад ороод ирсэн. “Яах гэж байгаа юм бэ” гэтэл гал тогооны өрөө рүү шууд ороод гэрэл энэ тэр асаагаачгүй сандал дээр очиж суугаад “Мөнгө байна уу” гэхээр нь би өөрт байсан 6000 төгрөгийг өгсөн чинь нэг залуу нь “Яаж хүний юм зүгээр авах вэ, май” гээд надад нэг хар өнгийн гар утас өгсөн. Тэгээд хэсэг сууж байгаад гараад явсан. ...Бааранд суусан чинь залуучууд зодох гээд байна гэж хэлээд л шууд ороод ирсэн. Тэр 2 залуу архи хэрэглэсэн байдалтай үнэртэж байсан. 30-40 минут болоод гарцгаасан. Ямар нэгэн юм хэлээгүй. Тэгээд үүний дараа манай хүргэн орж ирчихээд би болсон зүйлийг хэлтэл “Та энэнээс хойш хаалгаа тайлж өгөөд хэрэггүй шүү” гээд буцаад гараад явсан. Тэгээд үүний дараа нэг цаг гарангийн дараа би унтах гээд зурагт үзээд хэвтэж байтал дахиад хаалга нүдэх чимээ гарахаар нь хүргэнээ байх гэж бодоод тайлаад өгтөл нөгөө хоёр залуучууд байсан. “Оръё” гээд дахиад гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд би араас нь очтол өөдөөс хоёулаа намайг нийлж байгаад 2 талаас татаж боож унагасан. Тухайн үед гэрэл унтраастай байсан болохоор яг хэн нь боосныг мэдэхгүй байна. Би бодохдоо хоёулаа л боосон гэж бодож байна. Тэгээд намайг ухаан алдаагүй газар уначихсан байхад нэг нь цаад өрөө рүү яваад нэг нь намайг дээрээс цээж рүү өшиглөөд манай гэрийн ширээн дээр байсан ногоон иштэй байхаа нэг хутга байсан тэрүүгээр намайг айлгах гээд намайг ойртуулахгүй гээд хутгаар займчаад байхаар нь би зүүн гараараа иртэй хэсгээр нь сугалаад бариад авчихсан. Тэгээд би авсан хутгаа бариад гэрийн хаалганы гадна талд гараад хутгаараа хаалгаараа гаргахгүй гээд бас хутгаа далайгаад байсан. Өөдөөс хаалга түлхээд гарч ирэх гээд байхаар нь хаалгаа хаачихсан. Тэгсэн чинь цонхоор үсрээд гараад явчихсан байсан. Цагдаа нар ирчихсэн байсан, ...түргэн тусламж ирээд миний гарыг боож өгөөд явсан. Тэгээд би гэртээ ортол том өрөөний цонх хагарсан байдалтай дээд талын жижиг порчик нь онгорхой байсан. Том өрөөний зурагтын тавиур дээр байсан зурагтыг салгаад цонхны тавцан дээр тавьчихсан байсан. Авч гарах гэж байсан бололтой байсан. Боож унагаахад хоёулаа 2 талаас татаж унагаасан. Тэгээд би газар унаад босоод иртэл нэг нь байхгүй нэг нь миний өөдөөс хутга барьчихсан зогсож байсан. Намайг боогоод газар унасан байхад нэг нь дээрээс дэвсээд өшиглөөд байсан. Эхлээд орж ирэхдээ ахаа өвөө гээд байхаар нь би хүргэний таньдаг хүн юм байх гэж бодсон. Цонхны шилээ шиллүүлж авмаар байна. Эмнэлэгт бас үзүүлсэн байгаа. Хуруу зүссэн шарх нь бол би хутгыг булааж авах гэж байхад учирсан байх. Миний зүүн хацар шалбарсан байсан ба үүнийг намайг газар унасан хойно өшиглөсөн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх 21-22/,

Гэрч М.Отгонжаргалын: “...Манай хадам аав өөрсдийнхөө байрыг зараад манайд 2015 оны намраас амьдрах болсон. ...Би орой 22 цагийн үед гэр лүүгээ ортол аав унтаагүй байсан. Танихгүй 2 хүн хаалга тогшиж орж ирээд надад нэг утас зарчихаад явлаа. Надаас автобусны мөнгө байна уу гэхээр нь 6000 төгрөг өгтөл оронд нь нэг утас өгөөд явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсыг нь үзээд хаях гэж байгаад болиод “За за байлгаж бай, дахиж хаалгаа битгий тайлж өгөөрэй” гэж захиад явсан. Тэгээд шөнө 04 цагийн үед залгатал ийм зүйл болсныг мэдээд шууд гэртээ ирсэн. Манай гэрийн түлхүүр 2 хувь л байдаг, манайхан орж гарахдаа хаалгаа тогшоод л орчихдог болохоор аав хамаагүй тайлаад өгчихсөн байх. Маргааш өглөө нь иртэл аав гараа боочихсон, хацар нь шалбарч зүсэгдсэн байсан. Манай гэрээс алдагдсан зүйл байхгүй, зурагт хэвийн ажиллагаатай байсан. Харин том өрөөний вакум цонхыг хагалчихсан байсан. Өөр эвдэлж сүйтгэсэн зүйл байгаагүй. Хуулийнхаа дагуу хариуцлагаа хүлээнэ биз. Цонх шиллүүлэхэд 100000 төгрөг нэхэмжилнэ. Аавын эмчилгээний зардалд 200-300000 төгрөг зарцуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-23, 24/,

Гэрч Г.Баттөмөрийн: “2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр би 4-48 дугаар байрны буланд байдаг ТҮЦ-нд сууж байсан. Тэгээд орой 00 цаг 10 минутын үед ТҮЦ дээр юм түчигнээд байхаар нь гараад хартал нэг залуу манай ТҮЦ-н дээр зогсож байсан. Би “Чи юу хийгээд байгаа юм бэ” гэж асуухад тэр залуу “Одоо буулаа ахаа, энэ дээрээс хальтраад уначихлаа” гэж хэлсэн. Би “Буухгүй бол цагдаа дуудлаа шүү” гэж хэлтэл “Үгүй ээ хэрэггүй одоохон буулаа” гэж хэлээд буусан. Тэгтэл 3 давхрын цонхноос дахиад нэг залуу “Би одоо яаж буух юм бэ” гээд орилоод байсан. Цонхноос тэгээд дүүжлэгдэж байгаад хажуу талын цайны газрын дээвэр дээр буугаад гулсаад манай ТҮЦ-н дээр буусан. Түрүүлээд бууж ирсэн залуугаас “Яагаад юу хийгээд та нар ингээд байгаа юм бэ” гэхэд “Хүүхэд хүлээж байгаа юм аа” гэж хэлсэн. Тэр хоёр залуу гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. Тэгээд арай намхан залуу нь нөгөө залуугаа “Хурдан явъя нөхөр нь ирвэл хоёулаа алуулна шүү” гэж хэлээд зугтаасан. Тэгээд удалгүй байж байтал цагдаагийн машин хүрч ирсэн” гэх мэдүүлэг /хх-28/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.01.27-ны өдрийн 1610 дугаар актын дүгнэлтэд: “1. С.Хүрэлбаатарын биед зүүн дунд, долоовор хуруунд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-30/,

Шинжээчийн 2016.01.28-ны өдрийн 932 дугаар дүгнэлтэд: “1. ...11 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэх 3 дугаартай 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN005610001879 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Бямбаа овогтой Доржпүрэвийн зүүн гарын ядам хурааны хээтэй, 11 дугаартай 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN005610001879 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Бямбаа овогтой Доржпүрэвийн зүүн гарын эрхий хурууны хээтэй, 5 дугаартай 1 ширхэг гарын алганы мөр нь нэгдсэн санд MN005610001879 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Бямбаа овогтой Доржпүрэвийн зүүн гарын алганы хээтэй тус тус тохирно. 3. Шинжилгээнд тэнцэх 11 ширхэг гарын мөр нь папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэжээ. /хх-33-37/,

Шинжээч Ц.Ганболдын: “...Хохирогчид боолт орсон ул мөр байгаагүй. Өргөн, зөөлөн материалтай зүйлээр бооход үүсэхгүй байж болно” гэх мэдүүлэг /хх-51/,

Б.Доржпүрэвийн сэжигтнээр өгсөн: “...булан эргээд 4-48 байр руу ороод хамгийн дээд давхарт нь гараад нэг айлын хаалга тогшоод жаахан дулаацчихъя гэж хэлээд ороод гал тогооны өрөөнд нь хэсэг сууж байгаад гарсан. Дахиж буцаж ороод мөнгөний хэрэг байна гээд би гар утсаа 6000 төгрөгөөр зараад бид 2 гараад буцаад баар луугаа ороод нэг нэг пиво авч уугаад хэсэг бүжиглэж байгаад харихаар болсон. Тэгээд бид 2 баарны үүдэнд тамхи татаад зогсож байгаад нөгөө айл руугаа буцаж оръё гэж Болдоо хэлсэн ба “ЛЕД байна лээ орж зурагтыг нь авъя” гэхээр нь “Яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “Зүгээр намайг дагаад яв аа” гэхээр нь би дагаж яваад нөгөө айл руугаа орсон. Тэгээд гал тогооны өрөө рүү нь ороод нөгөө ах цай хийж өгөх гэж байхад Болдоо миний ороолтыг аваад нөгөө ахыг боосон. Тэр хооронд нь би очиж зурагтыг нь салгаад цонхных нь тавцан дээр тавьсан. Тэр хоёр гал тогооны өрөөнд л түр тар гээд ноцолдож байсан. Нөгөө ах хаалгаа гаднаас нь хаачихсан. Тэгсэн чинь Болдоо түрүүлээд цонхоор үсрээд намайг дуудаад “Цонхыг нь хага шаагаад зурагтыг нь гаргаад ир” гэхээр нь ”Чадахгүй ээ” гээд би өөрөө араас нь үсэрсэн. Тэр цонх нь яагаад хагарсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр зугатаад Болдоогийнд очиж хоносон. Тэр ороолт болон гар утас зэрэг нь миний зүүж хэрэглэж байсан юмнууд байгаа юм. Би тэр үед нилээн согтуу байсан. Тэр утасны мэдрэгч нь ажиллахаа больчихсон муу утас байсан юм. Эхлээд бол ямар нэгэн санаа зорилго байхгүй хүмүүсээс зугатаагаад онгорхой байвал орчихъё гэж бодсон. Дараа нь бол зурагтыг нь авах зорилготой орсон юм” гэх мэдүүлэг /хх-62-63/,

яллагдагчаар өгсөн: “...харихаар болсон ба Болдоо буцаад оръё, тэр ах ганцаараа байна, ороод зурагтыг нь шаачихъя үнэд хүрэх юм билээ гээд буцаад орсон. ...Болдоо чи энэ ахыг боочих гэхээр нь би чадахгүй гэсэн чинь миний  ороолтыг өгч бай гэж хэлж аваад тэр ахыг ороод ирэнгүүт нь боочихсон юм. Тэр ах газар унаад ухаан алдахгүй байсан ба тэр 2 ноцолдоод намайг зурагтыг салгаад аю гэж Болдоо хэлэхээр нь би том өрөө рүү ороод зурагтыг тавиур дээрээс аваад цонхны тавцан дээр тавьчихсан байсан. Нөгөө ах та хоёрыг гаргахгүй гээд гаднаас хаалгаа хаачихсан. ...Хутгатай ноцолдож байгаад гарын хурууг бага зэрэг зүссэн байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-66-67/,

Ц.Болдоогийн сэжигтнээр өгсөн: “...Нилээн бүжиглэж байгаад 00 цаг өнгөрч байхад гараад тамхи татаад зогсож байтал үл таних 3 залуу нааш ир хүрээд ир гээд томроод дуудаад байхаар нь зугатаагаад тэр айлын орц руу орсон. Хамгийн эхний орц руу ороод 3 давхар руу гарсан санагдаж байна. Тэгээд нэг айлын хаалгыг тогшсон чинь нэг настай ах гарч ирсэн бөгөөд хүнд зодуулах гээд байнаа түр оруулаач гэж гуйсан. Тэгээд орсон, тэр ах ганцаараа байх шиг байсан. Тэгээд 5-10 минут орчим сууж байгаад манай найз тэр ахад өөрийн барьж явсан LG маркийн гар утсыг 5000 төгрөгөөр зараад гараад явсан. Тэгээд буцаад 21 дүгээр хороололд ирээд баар руу буцаж ороод нилээн байж байгаад гараад тэр айл руу буцаж очихоор болсон юм. Манай найз тэр айл руу буцаж очъё гээд байхаар нь бид хоёр цуг очоод дахиж хаалгыг нь тогшоод онгойлгохоор нь “Ахаа жаахан дулаацъя” гээд орсон. Тэгээд юм ярьж нилээн сууж байгаад Доржпүрэв намайг тэр ахыг боогоод унагаачих гээд надад ороолтоо өгөхөөр нь би тэр ахын араас нь ороолтоор ороож боосон. Тэр ах газар унаад ухаан алдаагүй бөгөөд шууд хутга аваад бид хоёр руу дайрсан. Тэгээд би гарыг нь барьж байгаад цааш нь түлхээд гарах гэтэл тэр ах гаргахгүй гэрийнхээ хаалганы цаана гарчихаад хаалгаар бага зэрэг зай гаргаад хутгаараа далайлгаад байсан. Тэгээд тэр ах өөрөө хаалгаа хаахаар нь Доржпүрэв том өрөөнд байсан хар өнгийн зурагтыг салгаад орон дээр нь тавьчихсан байсан байна лээ. Тэгээд тэр ах хаалгаа онгойлгохгүй болохоор цонхоор нь гараад зугтаачихсан. Тэр айлаас бид 2 юу ч аваагүй, уг нь тэр зурагтыг авчихъя гэж бодож байсан боловч чадалгүй, өөрсдөө л гарч зугтаасан” гэх мэдүүлэг /хх-64-65, 68-70/,

хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-14/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15, 16, 18/, гэрч Ч.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-25/, гэрч Д.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх-26/, хохирлын баримтууд /хх-71-75/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-77-84/, эд зүйлийн үнэлгээ /хх-97/, Ц.Болдоогийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-98/, Б.Доржпүрэвийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-99/, хохирол төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж,

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 175 см урттай, 30 см өргөнтэй нимгэн даавуун зөөлөн материалтай хор ногоон өнгийн ороолт, хар ангийн резинэн гэртэй, цулгуй хар өнгийн нүүрэндээ гялалздаг наалттай LG маркийн ухаалаг хуучин гар утас, ажлын хэсэг нь 17.5 см урт, нэг талдаа иртэй, цэнхэр өнгийн төмөр иштэй 31 см урт хутга зэргийг таниулж тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Доржпүрэв, Ц.Болдоо нар согтуурсан үедээ бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө 23-24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 4-48 дугаар байрны 09 тоотод оршин суух иргэн С.Хүрэлбаатарын 42 инчийн Панасоник маркийн зурагтыг авах зорилгоор түүний амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж хар ногоон өнгийн ороолтыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогчийн хоолойг боож унаган довтолж, цонхыг нь хагалан зугатаж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Иймд Ц.Болдоо, Б.Доржпүрэв нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж буюу урьдчилан тохиролцсон бүлэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Болдоо нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 361 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагджээ.

 Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар Ц.Болдоогийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Болдоог ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн гэж үзэв.  

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч нарт ялгамжтай ял оногдуулж, мөн дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Доржпүрэвийн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Болдоо “хорих ял эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү” гэж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д “Хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл урьд нь хорих ял эдэлж байсан эрэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ” гэж заасан байх тул шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нар хохирогч С.Хүрэлбаатарт бүрэн төлсөн, энэ талаар хохирогч шүүхэд бичгээр хүсэлтээ гаргасныг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 175 см урт, 30 см өргөн, нимгэн даавуун зөөлөн материалтай, хар ногоон өнгийн ороолт, ажлын хэсэг нь 17.5 см урт, нэг талдаа ир бүхий ажлын хэсэгтэй, 31 см урт, цэнхэр өнгийн төмөр иштэй хутга зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгаж, харин хар өнгийн резинэн гэртэй, нүүрэндээ гялалздаг наалттай хар өнгийн LG маркийн ухаалаг хуучин гар утсыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар улсын орлого болгож шийдвэрлэв.  

Шүүгдэгч тус бүр 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 85 /наян тав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбын Доржпүрэв, Хэрээд овогт Цэцэгмаагийн Болдоо нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Ц.Болдоог эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б.Доржпүрэвийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ц.Болдоод оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Доржпүрэвт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-т тус тус  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 17.5 см урт, нэг талдаа ир бүхий ажлын хэсэгтэй, 31 см урт, цэнхэр өнгийн төмөр иштэй хутга, 175 см урт, 30 см өргөн, нимгэн даавуун зөөлөн материалтай хар ногоон өнгийн ороолт зэргийг устгаж, хар өнгийн резинэн гэртэй, нүүрэндээ гялалздаг наалттай, хар өнгийн LG маркийн ухаалаг хуучин гар утсыг улсын орлого болгосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Болдоо 85 /наян тав/ хоног, шүүгдэгч Б.Доржпүрэв 85 /наян тав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.  

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Доржпүрэв, Ц.Болдоо нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

      

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР

        ШҮҮГЧИД                               Т.АЛТАНТУЯА

                                                                                    Б.БАТАА