| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0002/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/14 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч Р.Машлай, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, шинжээч эмч С.Т, гэрч О.Б, Ш.А, шүүгдэгч Д.И******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын И*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707003450059 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, , ийн хамт ******* тоотод оршин суух хаягтай,
Урьд 1987 оны 10 сарын 09-ний өдрийн Октябрийн районы ардын шүүхийн 323 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 11 зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 1994 оны 12 сарын 15-ны өдрийн Нийслэлийн шүүхийн 205 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 11 зүйлийн 3, 109 дүгээр зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 12 жилийн хорих ялаар, 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 29 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын И******* нь /
яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 сарын 06-ны өдрийн 16-17 цагийн орчимд Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Э******* зочид буудлын 103 дугаартай өрөөнд хамт архи ууж байсан өөрийн найз байсан гэх Ц.Хтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдан зодолдож улмаар толгойн тус газар нь архины шилээр 1 удаа цохиж тархинд нь хүнд гэмтэл учруулсан, хохирогч нь уг гэмтлийн улмаас 2018 оны 1 сарын 07-ны өдрийн 08-09 цагийн орчимд тус буудлын 102 тоот өрөөнд нас барсан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.И******* нь 2017 оны 1 сарын 06-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э*******” зочид буудлын 103 тоотод Л, Б, А, талийгаач Х нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа талийгаачийг “Хараа” архи авна гэснээс түүнтэй 16-17 цагийн орчим маргалдан толгой руу нь архины шилээр цохих зодох зэргээр хохирогчийн эрүүл мэндэд учрах үедээ амь насанд аюултай зүүн чамархай ясны тойрог хэлбэрийн шугаман хугарал, их тархины зүүн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /250мл 9х8см/, их тархины суурийн хэсгийн эдийн няцрал, толгойн зүүн чамархайн булчинд цус хуралт бүхий хүнд гэмтэл, зүүн 4,5-р хавирганы шууд хугарал, цээжний зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал учруулсан үйл явдал болсон байна. Энэхүү үйл явдал нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И*******ийн өгсөн: “1987 оны 05 дугаар сард найз Лтэй явж байгаад урьдны танил болох Бтэй утсаар ярихад Налайх дүүрэгт байна гэж хэлсэн. Л бид хоёр Налайх руу очоод Бтэй уулзаж би “танай гэрт нь очъё” гэхэд “хэрэггүй, би буудал авсан” гэж хэлсэн. Л, Б, бид гурав “Э*******” буудалд очоод юм яриад 1 шил архи уугаад сууж байхад гаднаас амь хохирогч орж ирсэн. Талийгаач “Хараа” нэртэй архи худалдаж авна гэхээр нь би “Хараа архи уухгүй, Аийг нэг шил Соёрхол архи аваад ир” гэж хэлсэн. Үүнээс болж амь хохирогч, бид хоёр маргалдсан. Аийн авч ирсэн архийг ууж дуусгаад дахиж нэг шил “Хараа” архийг авч ирээд ууж байхдаа амь хохирогч, бид хоёр нэг хэсэг маргалдаад амь хохирогч над руу дайрахаар нь би нэг удаа архины шилээр толгойн тус газарт цохисон. Тэгээд удаагүй амь хохирогч, бид хоёр гар барьж эвлэрсэн. Бид нарыг буудлаас гарах үед буудлын ресепшн “та нартай хамт буудалд байсан залуу энэ өрөөнд байгаа” гээд түүний орсон өрөөг зааж өгсөн. Бид нар өрөөнд орж амь хохирогчийг харахад унтаж байсан. Би ямар нэгэн юм болохгүй байна гэж бодсон. Тэгээд бид нар буудлаас гарсан. Би хохирогчоос уучлалт гуйж байна. Би өөрийн гэм бурууг хүлээж байна” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн өгсөн: “2017 оны 1 сарын 06-ны өдөр амь хохирогч эмнэлэгт хэвтэж байгаад маргаа нь эмнэлгээс гарах ёстой байсан. Намайг бага хүүгээ дагуулаад эмнэлэг дээр очиход амь хохирогч байхгүй байсан. Би хүүгээ сургуульд хүргэж өгснийхөө дараа амь хохирогчтой ярихад “би хотод байна, удахгүй очно” гэж хэлсэн. Би 17 цагийн үед амь хохирогчийн утас руу залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан. Орой 19 цагийн үед Бийн дугаараас над руу А гэх хүн яриад “Х ах согтуу байна, та ирээд авах боломж байна уу” гэж асуухаар нь би “авах боломжгүй, би ажилтай байна, та хэд хамт ууж идсэн юм бол гэрт хүргээд өгчих” гэж хэлсэн. 2017 оны 1 сарын 07-ны өглөө 09 цагийн үед над руу “Х ах буудалд бие нь эвгүй болсон байна” гэж утсаар ярьсан. Би такси бариад тухайн буудалд очиход түргэн тусламж ирсэн амь хохирогчид үзлэг хийгээд надад “энэ хүн амь насаа алдсан байна” гэж хэлсэн. Шинжээч маань ирж үзээд “өглөө 04 цагийн үед нас барсан байна” гэдгийг хэлсэн. Тэр үед Б, И******* нар буудлын гадаа ирсэн байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Аийн өгсөн: “Би цалингаа аваад удаагүй байсан юм. Тухайн өдөр би гэртээ Э, Ө нарын хамт архи ууж байхад Г.Г утсаар “амь хохирогч, бид хоёр караокед байна, ах дуудаад байна” гэж ярьсан. Бид гурав архиа уугаад дуусч байсан учир гэрээс гарч “Э*******” бааранд тухайн өдрийн 18 цагийн үед очиход караокены үүдэнд нэг залуу бид нарыг хүлээгээд зогсож байсан ба караокены өрөөг зааж өгсөн. Бид гурвыг өрөөнд ороход амь хохирогч согтуу унтсан, Г.Г ганцаараа сууж байсан. Үүдэнд байсан залуу гаднаас нэг шил архи, хэдэн ширхэг пиво оруулж ирээд “ах нар хэрэгтэй зүйл байвал дүүдээ хэлээрэй” гэж хэлээд гарсан. Амь хохирогчийг сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Удалгүй гаднаас Г орж ирээд бид нар жаахан дуулсан. Г амь хохирогчийг “шүдээ зуугаад байна” гэж хэлээд эрүүг нь оролдсон. Бид нар амь хохирогчийн байдлыг харахад хухираад унтаад өгөхөөр нь гайгүй болчихлоо гэж бодсон. Тэр үед гаднаас О орж ирсэн. Нөгөө залуу орж ирээд “дээр өрөө авчихлаа, Банди ах сэрэхгүй байгаа юм чинь амраая” гэж хэлсэн. Бид нар амь хохирогчийг дамжлаад явах гээд согтуу байсан учир эвээ олохгүй байсан. Г.Г “талийгаачийг надад үүрүүлчих би өрөөнд оруулаад өгье” гэж хэлээд амь хохирогчийг өргөөд өрөөнд оруулж өгсөн. Архи дуусаад Г, Э, Ө, бид нар гарч гэр гэртээ харьцгаасан. О, Г нар үлдсэн” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Бийн өгсөн: “Тухайн өдөр А, бид хоёр удаан уулзаагүй гээд нэг шил архи уусан. И*******чулуун, Л нар над руу залгаад “Налайх орж ирж байна, чи хаана байна” гэж ярихаар нь би “буудалд архи уугаад сууж байна” гэж хэлээд И*******, Л нар ирсэн. Тэр үед амь хохирогч нар над руу утсаар яриад намайг хаана байгааг асуусан. Би буудалд байна гэж хэлсэн. Амь хохирогч, Т, Одончимэг нарын хамт нэг шил архитай орж ирсэн. Тэр архийг хуваагаад ууж байхад Л, И******* нар ирсэн. Дахиад нэг шил архи авч уусан. Шүүгдэгч, амь хохирогч нар эхлээд маргалдсан. Би “та нар жаахан хүүхдүүд биш” гэж хэлээд салгасан. Удалгүй дахиад маргалдсан. Л нэлээн согтуу, ширээ сандал эвдчих гээд байхаар нь би түүнтэй ноцолдож явах үед ард шүүгдэгч, амь хохирогч нар маргалдсан байсан. Сүүлд А надад амь хохирогчийг шүүгдэгч шилээр цохисон гэж хэлсэн. Өмнө нь шүүгдэгч, амь хохирогч нарыг хөл гараараа шүргэлцэхийг харсан. Харин би архины шилээр цохихыг хараагүй. Би И*******ээг өрөөнд авч үлдсэн, А амь хохирогчийг авч өрөөнөөс гарсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч С.Тгийн өгсөн: “Тархины зүүн чамархай гэдэг нь зүүн чихний ар хэсгийг хэлнэ. Зулай хэсгээс доошоо чихний ар хэсэг, хүзүү хүртэлхийг чамархайн яс гэж нэрлэдэг. Зүүн чамархайн хуйханд цус хуралт үүссэн. Цус хуралтын харалдаа тойрог хэлбэр үүсгэсэн, шугаман хугарал үүссэн. Шугаман хугарал гэдэг нь цөмөрч ороогүй хугарлыг хэлдэг. Амь хохирогчид үүссэн гэмтэл тойрог хэлбэрийн шугаман хугарал, цус хуралтын хороонд зүүн орой хэсэгт цусан хураа үүссэн. Гавал ясыг задалж үзэхэд гавлын яснаас салгахгүй биежсэн, хар хүрэн өнгөтэй цусан хураа үүссэн байсан. Хугарал нь тойрог хэлбэртэй байгаа учир ир ирмэгтэй, мохоо ир ирмэггүй тодорхой хязгаарлагдмал зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэдгийг тогтоож болно. Гэмтэл авсан даруйдаа гурав дугаар шатны эмнэлэгт анхан шатны тусламжийг авч, компьютерээр оношийг зөв тогтоож эмчилсэн бол амь насыг аврах боломжтой.” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:
Мөрдөн байцаалтад гэрч О.Аийн өгсөн: “И*******ээгээс өөр талийгаачид гар хүрсэн хүн байхгүй. Толгойн зүүн талд буюу чихний дээд хэсэгт 0.5 *******рийн соёрхол нэртэй архины хоосон шилээр нэг удаа цохисон. Дараа нь зүүн дал хавирга 2-ын завсарлуун гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 72-76 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Бийн өгсөн: “Би үйлчилгээний ажилтны хэсэгт сууж байсан буудлын цаана байдаг. Гэхдээ надад бол маргалдаж байгаа нь сонсогдсон юу гэж хэлж яриад байгаа нь мэдэгдээгүй чанга чанга дуугараад л нээх удалгүй 1 минут болсон уу үгүй юу буудлын өрөөнөөс гараад ирцгээсэн” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 100-101 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Г.Гын өгсөн: “19 цагийн үед болов уу талийгаач хэвтэж байсан сандлаасаа газар унаад гар хөл нь таталт өгч байгаа юм шиг сонин болоод байхаар нь би түргэн тусламж дуудаарай гэж Ат хэлээд өргөөд сандал тавихад хэлээ хазсан байхаар нь хэнээр нь гэдгийг нь санахгүй байна халбага авахуулаад хэлэн дээр нь дарахад хэлээ цааш нь татаад босоод ёоё гээд дуугараад нүдээ нээгээд хөлөө ачаад сууснаа буцаад хурхираад унтахаар нь зүгээр болчихлоо эмнэлэг дуудаад хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл удалгүй А хэзээ яаж захиалсанг нь мэдэхгүй байна дээр буудлын өрөө захиалаад тооцоог нь хийчихлээ дээшээ оруулаад унтуулчихъя гэхээр нь талийгаачийг би мөрлөж өргөөд А, А нар 2 талаас нь түшээд дээшээ буудлын хамгийн захын өрөө рүү өргөж оруулаад орон дээр нь хэвтүүлэхэд хурхираад л унтаад байсан” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 116-117 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч М.Өын өсгөн: “Бандиа ах орноос хажуу тийшээ унахаар нь очиход Г хараад хэлээ хазаад шүдээ зуучихсан байна халбага аваад ир гэхээр нь өгөхөд шүдийг нь хөшихөд хэлээ тавихаар нь орон дээр нь өргөөд ахиад хэвтүүлэхэд буцаад л хурхираад унтаад” гэх мэдүүлэг, /1хх-ийн 123-124 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Гын өгсөн: “Намайг гаднаас ороход л дээшээ харсан хэвтэж байсан” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 125-126 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/0: “1. Талийгаачийн биед гавал-тархины битүү гэмтэл: зүүн чамархай ясны тойрог хэлбэрийн шугаман хугарал, Их тархины зүүн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /250мл, 9х8см/, их тархины суурийн хэсгийн эдийн няцрал, толгойн зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн 4,5-р хавирганы шууд хугарал, цээжний зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед үүссэн гэмтлүүд байна. 4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Нас барсан дуудлага аваад үзлэгт оролцсон үед талийгаач нас бараад 1-2 цаг өнгөрсөн байсан. 7. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. 8. Талийгаачийн цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, /1 хх-ийн 138-141 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08/08: “1. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан соёрхол нэртэй 0,5, 0,75 *******рийн архины шилнүүд дээрээс гарын мөр илэрч байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Соёрхол нэртэй архины шилэн дээрээс илэрсэн гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжлэгдэж буй гарын мөрүүд нь Б.И*******ийн гарын дардасны зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна.” гэх дүгнэлт, /1 хх-ийн 155-165 дугаар хуудас/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоол, /1 хх-ийн 01 дүгээр хуудас/
Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /1 хх-ийн 26 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-ийн 27-44 дугаар хуудас/
2018.06.25-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, /1 хх-ийн 55 дугаар хуудас/
Хохирлын тооцооны тэмдэглэл, баримт, /2 хх-ийн 18-21 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.И*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.И******* “амь хохирогч над руу дайрахаар нь би нэг удаа архины шилээр толгойн тус газар цохисон”, шинжээч эмчийн “тархинд цус харвалт үүсч, тархины зөөлөн эдийг дарснаас талийгаач нас барсан. Цээжний цус хуралтыг үзэхэд 4, 5-р хавирганы шугаман хугарал хохирогч амьд байх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн” гэсэн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн судалсан гэрч А, Г, Г, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг зэргийг дүгнэхэд шүүгдэгч Б.И******* нь 2017 оны 1 сарын 06-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э*******” зочид буудлын 103 тоот өрөөнд Б, А, Л, талийгаач Х нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа “Хараа” нэртэй архи уухгүй гэснээс Хтэй маргалдан, толгойн тус газар архины шилээр санаатай цохиж өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь учрах үедээ амь насанд аюултай зүүн чамархай ясны тойрог хэлбэрийн шугаман хугарал, Их тархины зүүн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /250мл, 9х8см/, их тархины суурийн хэсгийн эдийн няцрал, толгойн зүүн чамархайн булчинд цус хуралт бүхий хүнд гэмтэл, зүүн 4,5-р хавирганы шууд хугарал, цээжний зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал учруулсны улмаас талийгаач Х гавал тархины гэмтлээр амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.И*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа, мөн иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэлт хийж байгаа нь тус тус үндэслэлтэй ба энэ зүйл хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтэнд шүүгдэгч Б.И*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан шаардлагыг журамлаж өгнө үү? гэсэн танилцуулагыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж болно гэж заасан боловч учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзахаар заасан бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогч Х нас барж, нөхөж баршгүй хор уршиг учирсан, мөн хэсгийн 1.4-т учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардсан байна.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэг болон гэм буруугийн дүгнэлтэнд анхны тусламж үзүүлэх боломжтой эсэх, ил харагдах шарх сорив байсан бол тусламж үзүүлэх байсан гэж танилцуулж, мэдүүлж тайлбарлаж байгаа ч Эрүүгийн хуулийн тусгай ангид /15.1, 15.2/ тусламж үзүүлэх субьект нь эмнэлгийн мэргэжилтэн, эсхүл хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ, акт, харилцан итгэлцлэлээр хүлээсэн тусламж үзүүлэх асран хамгаалах эрх бүхий этгээд байхаар хуульчилсан байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан 5 минут завсарлага авсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь 10.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 3.000.000 төгрөгийг төлсөн ба тэдгээр нь үлдэх 7.000.000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон тул 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор дээрх 7.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүргийг Б.И*******т хүлээлгэж, хохирогчийг хууль ёсны төлөөлөгчид Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3 дахь хэсэгт заасан эрх нь нээлттэй болохыг мэдэгдэх нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг DVD, 1 ширхэг СД, улаан өнгийн флаш 1 ширхэг зэргийг хадгалах хугацаа хүртэл нь хэрэгт хавсаргах, тогтоол хүчин төгөлдөр болмогц 0.5, 0.75 *******рийн 2 ширхэг архины шилийг устгах, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж. Шүүгдэгч Б.И******* нь учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлснийг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулж, түүний шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цагийг буюу 2 хоног, цагдан хоригдсон 14 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38. зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын И*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.И*******т 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.И*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.И*******ийг сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан 48 цаг буюу 2 /хоёр/ хоног, цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг DVD, 1 ширхэг СД, улаан өнгийн флаш 1 ширхэг зэргийг хадгалах хугацаа хүртэл нь хэрэгт хавсаргаж, 0.5, 0.75 *******рийн 2 ширхэг архины шилийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан ялтан Б.И*******ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 7.000.000 /долоон сая/ төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.И*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ ШҮҮГЧИД Д.ЛУВСАНДОРЖ Д.РЕНЧЕНХОРОЛ