Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч Б.Б*******, хохирогч Д.Б******* шүүгдэгч М.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын Н*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807006550005 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, ******* ХХК-ний ажилтай,, , хамт , тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаартай, ******* овогт *******ын Н******* нь

/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн “” модны зах дотор манаачийн байранд Д.Б*******ыг уурхай дээр хэлэлгүй машинтай нь орхиж явлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар зүүн талын чихийг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Н******* нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” модны захын харуулын байранд Д.Б*******тай согтууруулах ундааны зүйл хэрэглэн 15 цагийн орчимд “ахыгаа уурхай дээр үлдээгээд явсан ах нь үнсье” гэж хэлээд үнсүүлэхээр тонгойход нь зүүн чихийг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна. Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н*******ын өгсөн: “Би Б*******тай архи уугаад сууж байхдаа ах нь үнсье гэж хэлээд түүний чихнээс нь хазсан. Тэгэхэд өөрөө цаашаа зүтгээд зүүн чих нь шалбарсан. Б******* гараад явсан. Орой цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хийсэн. Би архи уудаггүй бөгөөд тухайн үйл явдал нь санамсаргүй болсон зүйл юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б*******ын өгсөн: “2018 оны дугаар сард 10 сард шүүгдэгч Н*******ын тэргийг барьдаг байсан. Уурхай дээр нүүрс ачих гээд байж байтал шүүгдэгч найзтайгаа архи уусан. Тэгэхээр нь би шүүгдэгчийг машинтай нь орхиод өөрөө Налайхын төв рүү алхаад ирсэн. Тэгтэл шүүгдэгч машинаа ачуулчихлаа хоёулаа хот руу явъя гэж утсаар ярьсан. Би яваад очтол “Хот руу явахаа болчихлоо, хоёулаа ганц юм хувааж ууя” гэхээр нь би дэлгүүрээс архи авчран шүүгдэгчтэй хувааж уусан. Ууж байх үед шүүгдэгч ах нь дүүгээ ганц үнсье гэж хэлээд намайг ойртоход чихнээс зуусан. Тэгэхээр нь би хойшоо болохдоо хажуу талын ханыг духаараа шүргээд чихээ уруулсан” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан:

Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “зүүн чихний дэлбээнд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, харин хөмсгөнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/530 дугаар: “1. Д.Б*******н биед зүүн чихний дэлбээнд шарх, зүүн хөмсгөнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зүүн чихний дэлбээнд шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, зүүн хөмсгөнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 30 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/

зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, улсын яллагчийн судалсан шинжээч эмчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд

Шүүгдэгч М.Н******* нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” модны захын харуулын байранд Д.Б*******тай согтууруулах ундааны зүйл хэрэглэн 15 цагийн орчимд “ахыгаа уурхай дээр үлдээгээд явсан ах нь үнсье” гэж хэлээд үнсүүлэхээр тонгойход нь зүүн чихийг хазаж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбээнд шарх бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Н*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч М.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Д.Б******* нь нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурдаж.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Н*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н*******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Н*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Н*******т мэдэгдсүгэй.

5. М.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар М.Н*******т оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Н*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ