| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/00402/и |
| Дугаар | 1027 |
| Огноо | 2018-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 1027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Т-ын гаргасан,
Хариуцагч: А
Хариуцагч: Т нарт холбогдох,
34,650,000.00 төгрөг гаргуулах үндсэн болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, түүний өмгөөлөгч А, хариуцагч А, Т, тэдгээрийн өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие хариуцагч нарт өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн удаа тэдгээрийн хүсэлтээр зээл өгч байсан. Бид, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 16,600,000.00 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон.
Ингээд тус гэрээг үндэслэн 8,630,000.00 төгрөгийг бэлнээр, 7,970,000.00 төгрөгийг “Хаан банк” ХХК дах өөрийн эзэмшлийн 5171053201 тоот данснаас 5099163838 тоот дансанд шилжүүлсэн ба энэ талаар хожим албан бичиг үйлдсэн боловч хариуцагчид 8,630,000.00 төгрөгийг аваагүй, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж маргаж байна.
Би, хариуцагч нараар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж байгаагүй, тэдгээрийг шахаж, дарамтлаагүй бөгөөд энгийн ухамсарын түвшинд ойлговол ямар ч хүн хоосон цаасан дээр тэр тусам 2 удаа юуг ч мэдэхгүй гарын үсэг зурахгүй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид өнгөрсөн хугацаанд 746,000.00 төгрөг төлсөн. Бид, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “үндсэн зээл 16,600,000.00 төгрөг, зээлийн хүү 6,640,000.00 төгрөг, эдгээрийн нийлбэр 23,240,000.00 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 746,000.00 төгрөгийг хасч, үндсэн зээл, хүү 22,494,000.00 төгрөг дээр алданги 11,247,000.00 төгрөгийг нэмж, нийт 33,741,000.00 төгрөг” нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаасаа 909,000.00 төгрөгөөс татгалзаж байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын төлсөн 746,000.00 төгрөгийг 6,640,000.00 төгрөгийн хүүгээс хасч байгаа бөгөөд хэдийгээр миний бие тэднээс нэг бүрийн 675,000.00 төгрөгийн үнэтэй 2 хайрцаг “цагаан өргөө” хэмээх тамхийг авч байсан боловч хариуцагчдын өмнөх зээлийн өр авлагад суутгасан.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд намайг хууль зөрчсөн ямар үйлдэл хийсэн талаар тодорхой дурьдаагүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулахдаа албан шахалт үзүүлсэн, төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн гэх зэрэг үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд, хариуцагч нараас 33,741,000.00 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон тэдгээрийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар талууд гэрээ байгуулах тохиолдолд харилцан хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн байх учиртай. Гэтэл хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон мөнгө авсан, шилжүүлсэн гэх баримтууд дээр хариуцагчдын хүсэл зориг огт тусгагдаагүй, нэхэмжлэгч тал эдгээр хүмүүсээр хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, 16,600,000.00 төгрөгийг зээлсэн мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд энэ мэт зээлийн харилцаа байсан гэдэг боловч нэхэмжлэгч хоосон цаас ашиглаж, түүн дээр гарын үсэг зуруулж, нөгөө талдаа шударга бус гэрээний нөхцлийг тулгаж байгаа нь үндэслэлгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл мөн юм.
Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан 16,600,000.00 төгрөгөөс 7,970,000.00 төгрөгийг дансаар авч, үүнээс бэлнээр 856,000.00 төгрөг, мөн 2 хайрцаг 1,350,000.00 төгрөгийн үнэтэй тамхи өгсөн тул бодитоор авсан зээлээс эдгээр төлбөрийг хасч, үлдэх хэсгийг буцаан төлөх ёстой.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г, Э нарын хувьд дэлгүүрт ажиллаж байсан болохоор бүх үйл баримтыг сайн санаж байгаа, харин М-ын хувьд 2 хайрцаг тамхийг нэхэмжлэгчээс хэзээ авсан талаар тодорхой мэдүүлэхгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй. Иймд, талуудын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээний дагуу бодитоор 8,630,000.00 төгрөгийг хүлээн аваагүй ба энэхүү гэрээ нь хууль зөрчсөн, хариуцагч талын хүсэл зориг тусгагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таас хариуцагч А, Т нарт холбогдуулан 34,650,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “үндсэн зээл 16,600,000.00 төгрөг, зээлийн хүү 6,640,000.00 төгрөг, эдгээрийн нийлбэр 23,240,000.00 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 746,000.00 төгрөгийг хасч, үндсэн зээл, хүү 22,494,000.00 төгрөг дээр алданги 11,247,000.00 төгрөгийг нэмж, нийт 33,741,000.00 төгрөг” нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаасаа 909,000.00 төгрөгөөс татгалзсаныг хариуцагч нар 7,970,000.00 төгрөг, түүнд ногдох хүүгээс бусад шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.
Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч А, Т нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 16,600,000.00 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохирчээ /х.х-ийн 3-р хуудас/.
Хариуцагчид болон тэдгээрийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү гэрээ болон хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “мөнгө авсан, шилжүүлсэн тухай” баримтыг үгүйсгэхдээ нэхэмжлэгчийг хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авч явсан, 16,600,000.00 төгрөгөөс 8,630,000.00 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, харин 7,970,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж маргасан /х.х-ийн 32-р хуудас/.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Хаан банк” ХХК дах өөрийн эзэмшлийн 5171053201 тоот данснаас 5099163838 тоот дансанд 7,970,000.00 төгрөг шилжүүлсэн ба хэдийгээр тус данс хариуцагчдын эзэмшлийнх биш боловч тэд энэхүү мөнгийг хүлээн авсан байна /х.х-ийн 33-р хуудас/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “мөнгө авсан, шилжүүлсэн тухай” баримтыг үзвэл талуудын хооронд 16,600,000.00 төгрөг зээлдүүлэх, ингэхдээ гэрээний зүйл болох 8,630,000.00 төгрөгийг бэлнээр, 7,970,000.00 төгрөгийг дансаар шилжүүлэх утгыг илэрхийлж байна.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасны дагуу хавтас хэргийн 3 дугаар хуудас дахь зээлийн гэрээний агуулгыг үзвэл зохигчид 16,600,000.00 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцсон, энэхүү тохиролцоог үндэслэн “мөнгө авсан, шилжүүлсэн тухай” баримт үйлдэж, 8,630,000.00 төгрөгийг бэлнээр, 7,970,000.00 төгрөгийг дансаар авсан байна.
Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус зээлийн гэрээ болон “мөнгө авсан, шилжүүлсэн тухай” баримтыг хоосон цаасан дээр гарын үсэг зурсан гэж тайлбарласан. Гэтэл талуудын хооронд анхнаасаа 16,600,000.00 төгрөгийг зээлэх, тийнхүү зээлэхдээ 8,630,000.00 төгрөгийг бэлнээр, 7,970,000.00 төгрөгийг дансаар шилжүүлнэ гэсэн тохиролцоо байгаагүй, хоосон цаасан дээр гарын үсэг зурсан байх тохиолдолд нэхэмжлэгч Т хэний хүсэл зоригийг үндэслэн ямар учир шалтгаанаар, юунд тулгуурлан таамаглаж 7,970,000.00 төгрөгийг “Хаан банк” ХХК дах 5099163838 тоот дансанд шилжүүлэх болов гэдэг асуулт тодорхойгүй болох бөгөөд үүнд хариуцагчид үндэслэлтэй тайлбар өгөөгүй.
Өөрөөр хэлбэл, зохигчдод уг 16,600,000.00 төгрөгийг зээлэх, зээлдүүлэх хүсэл зориг байгаагүй бол тэдгээрийн хооронд дээр дурьдсан бичгийн хэлцэл байгуулагдахгүй, мөнгө авсан, шилжүүлсэн баримт үйлдэгдэхгүйгээс гадна 7,970,000.00 төгрөгийг шилжүүлэх, үүнийг хүлээн авах сэдэл бий болохгүй юм.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, аль эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж, мөн 211.2.-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан.
Иймд, хариуцагч нарыг 7,970,000.00 төгрөгийг дансаар, 8,630,000.00 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж үзэх үндэслэл байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хэдийгээр 16,600,000.00 төгрөгийн 1 сарын хүү 1,660,000.00 төгрөг, 4 сарын хүү 6,640,000.00 төгрөг, нийт 23,240,000.00 төгрөг боловч зохигчид зээлийн хүүг 6,500,000.00 төгрөг буюу 140,000.00 төгрөгийг хасч, буцаан төлөх дүнг 23,100,000.00 төгрөг байхаар тохирч, зээлдэгч буюу хариуцагчид зээл, зээлийн хүүг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 3-р хуудас/.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өнгөрсөн хугацаанд хариуцагч нар 746,000.00 төгрөгийг төлсөн үйл баримтын хувьд маргаагүй, харин 2 хайрцаг тамхийг 1 хайрцагийг нь 675,000.00 төгрөгт тооцож, 1,350,000.00 төгрөг төлсөн, 746,000.00 төгрөг бус 856,000.00 төгрөг төлсөн эсэх талаар маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох “бүртгэлийн дэвтэр” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үнэлэх боломжгүй байна.
Түүнчлэн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон М хэдийгээр нэхэмжлэгч Таас 2 хайрцаг “цагаан өргөө” нэртэй тамхи авч худалдсан гэж мэдүүлж буй ч тэрээр хэзээ авсан болохоо тодорхой тайлбарлаагүй, харин гэрч Г хариуцагч нарын дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгчид 2 хайрцаг тамхи өгсөн үйл баримтыг хэзээ болсон талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч тал өөрөө 2 хайрцаг “цагаан өргөө” нэртэй тамхи авч байсан талаар маргаагүй.
Иймд, хариуцагч нарыг 746,000.00 төгрөг бус 856,000.00 төгрөг төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийг 2 хайрцаг тамхийг 1,350,000.00 төгрөгт тооцож, өмнөх буюу өөр зээлийн өр авлагад суутгасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 1 хайрцаг “цагаан өргөө” тамхи 650,000.00 төгрөгийн үнэтэй бөгөөд үүнийг нэхэмжлэгч тодорхой баримтаар үгүйсгээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан.
Ийнхүү дээр дурьдснаар хариуцагч нар 16,600,000.00 төгрөгийн хүү 6,500,000.00 төгрөгөөс 746,000.00 төгрөг болон 1,350,000.00 төгрөг, нийт 2,096,000.00 төгрөгийг төлсөн байх тул үндсэн зээл 16,600,000.00 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдлийг 4,404,000.00 төгрөг, нийт 21,004,000.00 төгрөг гэж тогтоож, илүү нэхэмжилсэн 1,490,000.00 төгрөг /140,000+1,350,000 төгрөг/-ийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.
Гэтэл зохигчдын хооронд байгуулсан гэрээнд алдангийг дээр дурьдснаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд тооцохоор тусгаагүй, үүргээ гүйцэтгээгүй бол 0.5 хувийг хэрхэн яаж тооцох нь тодорхойгүй, алданги аль эсхүл урьдчилан тодорхой хэмжээгээр заасан торгуулийн шинжтэй анзын аль болох талаар ойлгомжгүй зохицуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 11,247,000.00 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд,
Хариуцагч А, Т нараас нэхэмжлэгч Тт холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, 56.4.-д “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасан. “Хууль зөрчсөн” гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, аль эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарах ба энэхүү зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.
Хэдийгээр хариуцагч нар тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн гэрээ болон мөнгө хүлээн авсан шилжүүлсэн баримтыг хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэсэн боловч энэхүү тайлбар нь хэргийн үйл баримт болоод бусад байдлаар үгүйсгэгдэж байгаа ба тухайн зээлийг авсан болох нь тогтоогдсон.
Түүнчлэн зээл нь Иргэний хуулиар зөвшөөрсөн иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаа бөгөөд нэгэнт зохигчид хүлээн зөвшөөрсөн харилцаанд сайн дураар оролцож, тус гэрээний эрх, үүргийг өөрийн нэрээр олж авсан байх ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээд нь хуульд зааснаар хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой.
Иймд, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзах нь зүйтэй байна.
Шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас 21,004,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,737,000.00 төгрөгт ногдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР