Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 173

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 15 өдөр

    Дугаар 156/ШШ2018/00173

             Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00044/И

 

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Хөх тэнгэрийн гадамж, Засгийн газрын 9 дүгээр байрны 30 тоотод байрлах, Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б овогт С.Г холбогдох 

            Ззээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 9 461 250 /есөн сая дөрвөн зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нар оролцов.

Хариуцагч С.Г-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч талаас түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргаж байх тул уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулав.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь худалдан авагч С.Г-тэй Түлш зээлээр олгох тухай 2016 оны 05 сарын 30-ны өдөр ТШ-2016/146 тоот зээлийн гэрээ, 2016 оны 09 сарын 09-ний өдрийн ТШ-2016/64 тоот зээлийн гэрээг тус тус байгуулсан.

Тус хоёр зээлийн гэрээнд нийт 7 500 летр түлшийг 9 765 000 төгрөгөөр С.Г-д олгохоор тооцсон. 9 765 000 төгрөгөөс С.Гансүхээс урьдчилгаа болгож  3 457 500 төгрөгийг авч, үлдэгдэл төлбөр 6 307 500 төгрөгийг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар 2016 оны 11 сарын 25-ны дотор төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан.

Гэвч дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдэхгүй байгаа тул 2017 оны 12 дугаар саырн 25-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 6 307 500 төгрөгийн төлбөр, гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 3 153 750 төгрөг нийт    9 461 250 төгрөгийг С.Г-с гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

Хариуцагч С.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

БИ ХХААЯ-ны харьяа ТЭДС-ийн хууль эрх зүйн салбарын мэргэжилтэн Б.Э-с 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариу тайлбар гаргаж байна.

Миний бие 2016 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлтэй шатахуун олгох журмын дагуу хүсэлтээ гаргаж шатахуун аваад өөрийн газарт тариалангийн үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед түлшнийхээ зээлийг ургацаас хүнсний буудайгаар төлнө гэж бодож байсан боловч байгалийн гамшгаас шалтгаалан тариалангийн гарц муу болж ихэнх тариагаа хөлдөөж ургац авч чадаагүйн улмаас зээлийн үлдэгдэл мөнгөө төлж чадаагүй ба давхар олон эрсдэлд орсон.

Иймд миний хувьд Тариалан эрхлэлтийг дэмжих Сангаас зээлээр авсан шатахууны үлдэгдэл мөнгө болох 6 307 500 төгрөгийг төлж барагдуулах ба хууль эрх зүйн мэдлэггүйгээс өндөр алдангитай гэрээ байгуулсны улмаас өндөр өрөнд унасан ба тариа будаа ургацаар болон бусад зүйлээр ихээхэн хохирсон байдлуудыг харгалзан үзэж нэхэмжилж буй зээлийн алданги хүүг багасгаж дахин тариалалт явуулж зээлээ төлөх боломжийг олгож зээл төлөлтийг 2020 оны 12 сарын 25 өдөр гэхэд төлж барагдуулахаар /жил бүрийн намрын тариа хураалтаар хувааж төлөх баталгаа гаргаж байна/ харгалзан үзэж  шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ. /хх-ийн 34х/

 

Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь С.Г-тэй түлш зээлээр олгох тухай 2016 оны 05 сарын 30-ны өдөр ТШ-2016/146 тоот зээлийн гэрээ, 2016 оны 09 сарын 09-ний өдрийн ТШ-2016/64 тоот зээлийн гэрээг тус тус байгуулсан.

Уг 2 зээлийн гэрээнд нийт 7 500 летр түлшийг 9 765 000 төгрөгөөр С.Гансүхэд олгохоор тооцсон. 9 765 000 төгрөгөөс С.Г-с урьдчилгаа болгож 3 457 500 төгрөгийг авч, үлдэгдэл төлбөр 6 307 500 төгрөгийг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар 2016 оны 11 сарын 25-ны дотор төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан.

Уг гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдэхгүй байгаа тул манай байгууллагаас 2017 оны 12 сарын 25-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 6 307 500 төгрөг, гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар алданги 3 153 750 төгрөг, нийт 9 461 250 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ мөнгийг яаралтай гаргуулж авах шаардлагатай байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

 

                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч С.Г-с “зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 9 461 250 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

         

           Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн С.Г нь Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2016 оны хаврын тариалалтанд Дизелийн түлш зээлээр олгох тухай 2016 оны 05 сарын 30-ны өдөр ТШ-2016/146 тоот зээлийн гэрээ байгуулж 5 730 000 төгрөгийн үнэ бүхий 6 000 /зургаан мянга/ литр түлшийг урьдчилгаа 50 хувь болох 2 865 000 төгрөгийг төлж, 2016 оны ургац хураалтанд Дизелийн түлш зээлээр олгох тухай 2016 оны 09 сарын 09-ний өдрийн ТШ-2016/64 тоот гэрээ байгуулж 6 885 000 төгрөгийн үнэ бүхий 4 500 /дөрвөн мянга таван зуу/ литр түлшийг урьдчилгаа 50 хувь болох 3 442 500 төгрөгийг төлж тус тус хүлээн авч газар тариалангийн үйл ажиллагаандаа хэрэглэж зарцуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          

           Нэхэмжлэгч талаас хариуцагч С.Г нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан дээрх 2 гэрээний дагуу хөнгөлөлттэй үнээр авсан дизель түлшний үндсэн төлбөрт нийт 6 307 500 /зургаан сая гурван зуун долоон мянга таван зуу/ төгрөг төлөх ёстой байх ба нэхэмжлэгч талаас гэрээнд заасан хугацаа өнгөрсөн тул төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлүүлнэ гэж тохирсоны дагуу алданги 3 153 750 /гурван сая нэг зуун тавин гурван мянга долоон зуун тавь/ төгрөг, нийт 9 461 250 /есөн сая дөрвөн зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Харин хариуцагч С.Г нь миний бие 2016 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлтэй шатахуун олгох журмын дагуу хүсэлтээ гаргаж шатахуун аваад өөрийн газарт тариалангийн үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед түлшнийхээ зээлийг ургацаас хүнсний буудайгаар төлнө гэж бодож байсан боловч байгалийн гамшгаас шалтгаалан тариалангийн гарц муу болж ихэнх тариагаа хөлдөөж ургац авч чадаагүйн улмаас зээлийн үлдэгдэл мөнгөө төлж чадаагүй ба давхар олон эрсдэлд орсон гэж хариу тайлбар гаргаж байна.

 

Шүүх хариуцагчийн дээрх “байгалийн гамшгийн улмаас ургац тариа муу авсан”, “зээлийг төлөхөд хүндрэлтэй байгаа” байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т зааснаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэхэмжилж байгаа 3 153 750 төгрөгийн алдангиас 1 961 250 /нэг сая есөн зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийн хүү, алдангийг багасгаж төлөх алдангийг 1 192 500 /нэг сая нэг зуун ерин хоёр таван зуу/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд хариуцагч С.Г-с Тариалан эрхлэлтийг дэмжих санд үндсэн зээлийн үлдэгдэлд 6 307 500 төгрөг, алдангид 1 192 500 төгрөг, нийт 7 500 000 долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж олгуулахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:  

     

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-д зааснаар хариуцагч С.Г-с 7 500 000 төгрөг /долоон сая таван зуун мянган / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих санг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч С.Г-с 134 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР