Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 389

 

Я.Б, Ч.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Я.Б, Ч.Э нарын өмгөөлөгч Э.Шинэцэцэг

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Б, Ч.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох 1809 0452 60971 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Я.Б, 1971 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хүүхдүүд болон хүргэний хамт ......................... дүүргийн ..................... дүгээр хороо, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:../;

 

2. Б овгийн Ч.Э, 1983 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. дүүргийн ..... дугаар хороо, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Ч.Э, Я.Б нар нь бүлэглэн, 2018 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И Эн Си Си” ХХК-ийн эзэмшлийн дулааны худгийн 4 ширхэг тагийг 99-21 УБК улсын дугаартай “Хонда Одиссей” маркийн автомашинаар зөөвөрлөн хулгайлж, 480.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Я.Б, Ч.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Я.Б, Б овогт Ч.Э нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Я.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Э-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бгаас 400.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Э-с 400.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Я.Б, Ч.Э нар урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн RA21207062 арлын дугаартай 99-21 УБК “Хонда Одиссей” маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид олгож, шүүгдэгч Я.Б, Ч.Энарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... Миний бие анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон ба үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгэгдэн цагдан хоригдсоор одоо 1 сар гаруй хонож байна. Энэ хугацаанд их ч зүйл бодлоо. Амар хялбар аргаар мөнгө олъё гэсэн санаа зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэндээ одоог хүртэл харамсаж байна. Ч.Эминий бие эхнэр, 7 настай охины хамт амьдардаг. Бага охин маань 1 дүгээр ангид сурдаг учир би сургуульд явдаг охиноо хичээлд нь зөөж, завсар зайгаар нь таксинд явж амьдралаа залгуулж амьдардаг байсан. Өөрийгөө хулгайн хэрэгт шалгагдаж байгаа талаар өндөр настай ээж, эхнэртээ ч хэлэлгүйгээр явж байгаад гэнэт ял шийтгэл аваад энд хоригдсоноос хойш өндөр настай ээжийн маань биеийн байдал муудаж, ар гэрээ зовоож байгаадаа маш их харамсаж байна. Хэрэгт шалгагдах хугацаандаа миний бие ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд мөрдөгч, прокурор, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн очиж хэргээ шийдвэрлүүлсэн. Цаашид ч ямар нэгэн хэрэгт холбогдохгүй, ажил хөдөлмөр эрхэлж, зөв сайн амьдарна гэж бодож байна. Хулгайлсан траншейний тагийг “И Эн Си Си” ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд төлөх төлбөргүй болно.

Иймээс эрхэм шүүгчид та бүхэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар өөрчлөлт оруулж, миний ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Я.Б бичсэн давж заалдах гомдолдоо: “... Хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг товчхон дурдахад, 2018 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 4 ширхэг траншейний тагийг автомашинаараа зөөвөрлөн хулгайлсан гэмт хэрэг холбогдсон. Хулгайн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Я.Б миний бие одоо 48 настай бөгөөд зун, намрын улиралд Ч.Э-ын ногооны талбайд ногоо хурааж амьдралаа залгуулдаг. Тэр өдөр Ч.Этраншейний таг хамт өргөлцөөд автомашинд аваачаад өгөөч гэхээр нь зөөлцөж өгсөн юм. Миний бие өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үед хулгайлсан траншейний тагаа байгууллагад нь буцаан өгсөн учир энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөр байхгүй болно. Цаашид аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй ариун цагаан хөдөлмөрөөрөө ажил хөдөлмөр эрхэлж амьдрах болно. Та бүхэн надад итгэл хүлээлгэж чадвал би та бүхний итгэлийг алдахгүйгээр үнэнч шударгаар хөдөлмөрлөн ажиллах болно.

Иймд эрхэм шүүгчид та бүхэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Я.Б, Ч.Э нарын өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Я.Б, Ч.Э нар өөрсдийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй талаар давж заалдах гомдолдоо дурдсан байсан. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг аль ч шатны шүүх хэрэглэх эрхтэй байдлаар хуульчилсан гэж үзэж байгаа тул гэмт хэргийн нөхцөл байдал, Я.Б, Ч.Энарын хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаан дээр Я.Б, Ч.Э нар нь гэм буруу болон тээврийн хэрэгсэл хэрэглэсэн эсэх талаар маргаж, өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцэж оролцсон. Анхан шатны шүүх Я.Б, Ч.Энарыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэж дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Ял шийтгэл хөнгөрүүлэх асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт “... ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.” гэж заасан. Я.Б, Ч.Э нар нь давж заалдах гомдолдоо, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хэргийн зүйлчлэлийн өөрчлөхгүйгээр, ялыг хөнгөрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар заасан. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүх эрх мэдлийн асуудал тул энэ талаар тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 

Ч.Э, Я.Б нар нь бүлэглэн, 2018 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И Эн Си Си” ХХК-ийн эзэмшлийн дулааны худгийн 4 ширхэг тагийг 99-21 УБК улсын дугаартай, “Хонда Одиссей” маркийн автомашинаар зөөвөрлөн хулгайлж, хохирогч “И Эн Си Си” ХХК-д 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхболдын: “... манай “И Эн Си Си” ХХК-ийн өмчлөлд байдаг ус дулаан дамжуулах төвийн гадна талын дулааны 4 ширхэг худгийн таг 2018 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө хулгайд алдагдсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагч нар илрүүлэн, хулгайд алдагдсан 4 ширхэг тагийг хулгай хийсэн хүмүүсийн автомашинаас хураан авч, надад хүлээлгэн өгсөн байгаа. Манай байгууллагад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй болно. ...” /хх 24-26/,

 

гэрч Г.Зол-Эрдэнийн: “... 2018 оны 10 дугаар сарын 9-ний 22 цагаас 10 дугаар сарын 10-ны өдрийн 6 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Эмзэг цэг” нэгдсэн арга хэмжээний өдөр дэслэгч Б.Нэргүйн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны 507 дугаар байрны орчим зогсож байсан 99-21 УБК улсын дугаартай “Хонда Одиссей” загварын автомашин сэжиг бүхий байсан. Уг автомашин сул зогсоол байхад зогсоол дээр зогсохгүй байсан болохоор ажиглаж байгаад явсан. Тэгээд “Хангай” хотхоны зүүн хойд талын 813 дугаар байрны хажууд зогсож байхаар нь очиж шалгахад Я.Б, Ч.Эгэх хоёр үл таних этгээд автомашины дотор талд дулааны худгийн 4 ширхэг тагийг хийсэн байсан. Ямар учиртай талаар асуухад хулгай хийж авсан талаараа хэлсэн бөгөөд бид хоёр “Бэлх-10”-т хүлээлгэн өгсөн. ...” /хх 30/ гэх мэдүүлгүүд,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 17-18/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/, цагдаагийн албан хаагч нарын илтгэх хуудас /хх 11/, “Дулааны худгийн 4 ширхэг тагийг” зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар нийт 480.000 төгрөгөөр үнэлсэн “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 45-46/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 15-16/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 78-79/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Я.Б, Ч.Энарыг бүлэглэн, машин механизм хэрэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүх, Ч.Э, Я.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И Эн Си Си” ХХК-ийн эзэмшлийн дулааны худгийн 4 ширхэг тагийг 99-21 УБК улсын дугаартай “Хонда Одиссей” маркийн автомашинаар зөөвөрлөн хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Ч.Э, Я.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, тэдний гэм бурууд тохирсон байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар иргэн Д.Дуламжавын эзэмшилд байх тул тээврийн хэрэгслийг хураах шаардлагагүй, харин хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнийг шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө орлогоос хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Ч.Э-с 400.000 төгрөг, Я.Бгаас 400.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн  нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

 

Харин Ч.Э, Я.Б нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлуудыг харгалзан шүүгдэгч нарын оногдуулсан хорих ялыг багасгаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жилийн хорих ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд, шүүгдэгч Ч.Э, Я.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг  хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.