Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00346

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын  17-ны өдрийн 181/ШШ2016/01271 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 85 904 815 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,                                

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Ш.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээврийн яамны захиалгаар бид дараах ажлыг хийж гүйцэтгэсэн ба ажлын хөлсийг өгөөгүй байна. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замын ажлын хувьд 2009 онд хэсэг 1 /50+000 - 60+573/-ийн 10.5 км, хэсэг 2 /0+000 - 21 +500/-ийн 21.5 км буюу нийт 32 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 22 373 222 төгрөг, Бага улаан даваа - Манхан чиглэлийн замын ажлын хувьд 2008 онд 25 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 19 943 005 төгрөг, Тэмээн хүзүү - Бага улаан даваа чиглэлийн замын ажлын хувьд 110.8 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 43 588 588 төгрөг нийт 85 904 815 төгрөг шаардаж байгаа. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралт болох барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэмийн 4.6-д заасны дагуу замыг ашиглалтад өгөхөд зайлшгүй зохиогчийн дүгнэлт гаргуулсан байна, мөн дүрмийн 1.1-т замын барилгын ажлын явцад зураг төсөл зохиогч зохиогчийн хяналт тавих үүрэгтэйг тус тус заасан байдаг. Барилга хот байгуулалтын Сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралт болох БНбД 11-04-15-д захиалагч, зураг төсөл зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч тэдгээрийн эрх үүрэг, зохиогчийн хяналт, дүгнэлт, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулах тухай тусгагдсан бөгөөд энэхүү дүрмийг баримтлан зохиогчийн хяналтын дүгнэлтийг гаргадаг. Энэ дагуу захиалагч Зам, тээврийн яамны 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 9/3286 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот, яамны 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот албан бичгүүдээр зохиогчийн хяналт хийлгүүлж, дүгнэлт гаргуулах захиалга ирүүлсэн. Үүний дагуу зохиогчийн хяналтын ажлыг “Эм си пи си жи ар” ХХК хийж, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 264/14 тоот, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 326/15 тоот, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 331/15 тоот албан бичгүүдээр захиалагчид дүгнэлтийг хүргүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 283/14 тоот албан бичгээр зохиогчийн хяналтын гэрээ байгуулах арга хэмжээг зохион байгуулж өгөхийг хүсэж, тооцооны хамт хүргүүлсэн боловч, ямар нэгэн шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл гэрээ байгуулагдаж, санхүүжилт олгогдоогүй байна. Бид дүгнэлт гаргаж хүргүүлснээр Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 км авто замын хэсэг-1 10.5 км, хэсэг-2 21.5 км буюу нийт 32 км улсын чанартай авто зам 2014 онд, Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 25 км улсын чанартай авто зам 2014 онд, Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км улсын чанартай авто зам 2014 онд тус тус албан ёсоор ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан юм. Иймээс дахин санхүүжилт хүсч 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 353/14 тоот албан бичиг явуулсан. Мэдээллээр Зам, тээврийн яамны 2015 оны 10 дугаар сарын 04/4309 тоот албан бичгээр Сангийн яаманд зохиогчийн хяналтын зардлын эрх нээлгүүлэх тухай хүргэгдсэн байдаг. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 16/16 тоот болон 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 128/16 тоот албан бичгүүдээр санхүүжилтийн тухай захиалагчид хүргүүлсэн боловч, ямар нэгэн шийдвэр гарсангүй. Иймд бид сүүлд гэрээний төслийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 143/16 тоот, санхүүжилтийн тухай 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 169/16 тоот албан бичгүүдээр тус тус захиалагчид дахин хүргүүлээд байна.  Санхүүжилтийн тооцоо, нэхэмжлэлийг 2015 оны 11 сарын 16-ны өдрийн 289/15 тоот, 2015 оны 11 сарын 16-ны өдрийн 289/15 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч, өнөөдрийг хүртэл ямар нэгэн шалтгаангүйгээр олгогдохгүй байгаа болно. Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ нэгэнт төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Харамсалтай нь захиалагчийн зүгээс өнөөдрийг хүртэл бидний гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг олгохгүй чирэгдүүлсээр байгаа тул бид арга буюу шүүхэд хандаж байгаа юм. Иймд 85 904 815 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

              Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ш.Н, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь нэхэмжлэлд дурдахдаа Барилга, хот байгуулалтын Сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралт болох БНбД 11-04-15-д захиалагч, зураг төсөл зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч тэдгээрийн эрх үүрэг, зохиогчийн хяналт, дүгнэлт, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулах тухай тусгагдсан бөгөөд энэхүү дүрмийг баримтлан зохиогчийн хяналтын дүгнэлтийг гаргадаг гэжээ. Гэтэл “Э” ХХК нь Зам, тээврийн яам /хуучнаар/-тай гэрээ байгуулаагүй нь Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэмийн 2.1-т зураг төсөл зохиогч барилгын захиалагчтай гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавина, 2.2-т зураг төсөл зохиогч нь 3 төрлийн хяналт тавихаар заасан, 2.3-т энэ дүрмийн 2.2-т заасан хяналт тавих хэлбэрийг зураг төсөл зохиогч, барилгын захиалагч, гүйцэтгэгчтэй тохиролцож гэрээгээр зохицуулна ..., 3.2.1-т захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр зураг төсөл зохиогчийн хяналт тавих гэсэн заалтууд болон Дэд бүтцийн хөгжлийн Сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрмийн 1.9-т зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах үндсэн дээр хийнэ гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Мөн нэхэмжлэлд дурдсан Зам, тээврийн яамнаас хүргүүлсэн гэх 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот албан бичиг нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ж-ын гарын үсэгтэй явсан байна. Энэ нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө гэж зааснаар яамыг төлөөлөх эрх бүхий этгээд явуулаагүй болох нь нотлогдож, зохиогчийн хяналт тавих хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд “Э” ХХК болон Зам, тээврийн яам /хуучнаар/-ны төрийн нарийн бичгийн даргын хооронд гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ хүчин төгөлдөр байна гэсэн заалтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ нэгэнт төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэжээ. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу харилцан тохиролцож эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан баримт бичиг үйлдэгдээгүйгээр хууль зүйн үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 85 904 815 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан, ямар баримт бичгийг үндэслэн шаардаж байгааг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаагүй нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасны дагуу тохиролцож тодорхойлоогүй болохыг нотолж байгаагаар уг хуулийн заалт зөрчигдсөн байна. Иймд Иргэний хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт болон Барилга, хот байгуулалтын Сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэмийн дээр дурдсан холбогдох заалтууд зөрчигдсөн байх тул “Э" ХХК-ийн шаардаж буй 85 904 815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 85 904 815 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 885 374 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас 885 374 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, Б.Б нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн ба Зам, тээврийн яамны захиалгаар Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 км авто зам, Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км авто зам, Улаан даваа-Манхан чиглэлийн 25 км авто замуудын зураг төслийн байгууллагын дүгнэлтийн ажлыг гүйцэтгэсэн болох нь Зам, тээврийн яамны хяналт бүртгэлийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 дугаар албан бичиг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 9/3286 дугаар албан бичиг, гэрч Б.Ж, Б.Э нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна” гэжээ. Гэтэл "Э” ХХК нь зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө болон зохиогчийн хяналтын дүгнэлт гаргаж байх явцад захиалагчтай гэрээ байгуулах талаар болон ажлын үнэ хөлсний талаар хэлэлцэн тохиролцсон зүйл байхгүй нь хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүйгээр нотлогдох бөгөөд энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан байтал тохироогүй хөлсийг төлөх ёстой гэж шүүхээс шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг шүүгч зөрчиж байна. Зураг төсөл зохиогчийн хяналтын дүгнэлт нь барилгын ажлын явцад хяналт хийсний үндсэн дээр гаргадаг дүгнэлт бөгөөд барилгын ажил эхлэхэд гэрээ байгуулан ямар төрлийн хяналт тавих, ажлын хөлс хэдэн төгрөг байх зэрэг үнэ хөлсийг захиалагчтай тохироогүй нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм”-ийн 1.9-т "Зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах үндсэн дээр хийнэ.", 5.1-т "Зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгчийн ажлын үнэлгээг энэ дурмийн 2.2-т заасан хэлбэрээс хамааруулан захиалагчтай зөвшилцөж тогтооно." Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм"-ийн 2.1-т "Зураг төсөл зохиогч барилгын захиалагчтай гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавина." гэж заасныг "Э" ХХК нь тус тус зөрчсөн байтал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг шүүгч зөрчсөн байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд "Зам барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийж ажлын гэрээ" байгуулах талаар удаа дараа мэдэгдэж, гэрээний төслийг хүргүүлж байсан болох нь 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 283/14 тоот албан бичиг, 2014 оны 12 дугаар  сарын 11-ний өдрийн 353/14 тоот албан бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 289/15 тоот албан бичиг, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 16/16 тоот албан бичиг, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 128/16 тоот албан бичиг, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 143/16 тоот албан бичиг, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 169/16 тоот албан бичгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т "хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн" гэж заажээ" хэмээн тэмдэглэжээ. Шүүгч хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хэргийн материалд авагдсан нотлох баримтыг дутуу шинжлэн судалсан, энэ хэргийн талаар бүрэн ойлгоогүй нь дээрх хэсгээс харагдах бөгөөд нэхэмжлэгч "Э" ХХК нь зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө захиалагчид зардлын тооцоо, гэрээний төслийг ирүүлээгүй байхад ирүүлсэн байгаагаар шүүхийн шийдвэрт тэмдэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай" хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг ноцтой зөрчсөн байна. Мөн Зам, тээврийн яам /хуучнаар/-ны Төрийн нарийн бичгийн даргаас "Э" ХХК-д ажил гүйцэтгүүлэхээр ямар нэг байдлаар хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй бөгөөд "Э" ХХК-ийн зүгээс зардлын тооцоо, гэрээний төсөл зэргийг зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө болон зохиогчийн хяналт хийх явцад захиалагчийн төлөөлөх эрх бүхий этгээд /Төрийн нарийн бичгийн дарга/-д хандаагүй байхад Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж үзсэн нь "Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д "Яамыг гадаад дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө.", "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т "Энэ хуулийн 4.1.1-д заасан захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер /Төрийн нарийн бичгийн дарга/ , 4.1.2-т заасан захиалагчийг төлөөлж гүйцэтгэх захирал энэ хуулийн 46.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ." гэж заасныг шүүхийн шийдвэртээ тусгаагүй, анхаарч үзээгүй нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай" хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчиж байна. Барилгын ажлын зураг төсөл зохиох, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх, зураг төсөл зохиогчийн хяналтын дүгнэлт гаргах зэрэг нь цогц ажиллагаа бөгөөд "Э” ХХК нь Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км, Бага улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км хатуу хучилттай авто замын зураг төсөл зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан нь дээр дурдсан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм"-ийн 1.9-т "Зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах үндсэн дээр хийнэ". 5.1-т "Зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгчийн ажлын үнэлгээг энэ дүрмийн 2.2-т заасан хэлбэрээс хамааруулан захиалагчтай зөвшилцөж тогтооно." Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм"-ийн 2.1-т "Зураг төсөл зохиогч барилгын захиалагчтай гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавина." гэж заасныг зөрчсөн болохыг дахин энд дурдаж байна. Дээр дурдсанчлан зохиогчийн хяналтын дүгнэлт нь барилгын ажлын явцад хяналт тавьсны үндсэн дээр хийгддэг ажиллагаа бөгөөд нэхэмжлэгч "Э" ХХК нь Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км, Бага улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км авто замын барилгын ажлын зураг төслийг зохиогоогүй байж, зохиогчийн хяналт хийсэн, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 км авто замын барилгын ажил эхлэхэд Захиалагчтай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийж гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, ажлын хөлс, зардал зэргийг тохироогүй байж зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан "Барилгын тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиогч, хөрөнгө оруулагчаас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно." гэж заасныг "Э" ХХК зөрчсөн гэдэг нь нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3, 343 дугаар зүйлийн 343.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,116 дугаар зүйлийн 116.3 дахь заалтууд, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан "Барилгын тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 болон Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм", "Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм"-ийн дээр дурдсан холбогдох заалтууд зөрчигдсөн байх тул "Э" ХХК-ийн шаардаж буй 85 904 815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 85 904 815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 км авто замын зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан ажлын хөлс 22 373 222 төгрөг, Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км авто замын зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан ажлын хөлс 43 588 588 төгрөг, Улаан даваа-Манхан чиглэлийн 25 км авто замын зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан ажлын хөлс 19 943 005 төгрөг нийт 85 904 815 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсон байна.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслээ “уг компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, ажлын үр дүнг хүлээн аваагүй, ажлын хөлс болох 85 904 815 төгрөгийг хэрхэн ямар баримтад үндэслэж нэхэмжилж буй нь тодорхойгүй” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас замын зохиогчийн хяналтын дүгнэлт гаргуулах ажлыг нэхэмжлэгч “Э” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээний санал гаргасны дагуу нэхэмжлэгч уг ажлыг гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хуулиар тавигдаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт  заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. /хх-ийн 5, 85 дугаар тал/

 

            Учир нь нэхэмжлэгч “Э” ХХК-д хариуцагч Зам, тээврийн яамны /хуучин нэрээр/ хяналт бүртгэлийн газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 9/3286 тоот албан бичиг хүргүүлсний дагуу “Э” ХХК нь Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 км авто замын зохиогчийн хяналтын ажил хийж хүргүүлсэн,

            Мөн Зам, тээврийн яамны /хуучин нэрээр/ хяналт бүртгэлийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот албан бичгийн дагуу Улаан даваа-Манхан чиглэлийн 25 км авто замын зохиогчийн хяналтын дүгнэлт хийж хүргүүлсэн үйл баримт тус тус тогтоогджээ. /хх-ийн 5, 85, 7-43, 87-109 дугаар тал/

 

            Түүнчлэн нэхэмжлэгч “Э” ХХК нь Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км авто замын зохиогчийн хяналтын дүгнэлтийг гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 139-196 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь дээрх 3 чиглэлийн авто замын зохиогчийн хяналтын дүгнэлт хийх тухай гэрээг бичгээр байгуулах тухай хүсэлтийг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд удаа дараа хүргүүлсэн байх боловч хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба анхан шатны шүүх хариуцагчийг хариу өгөх тогтоосон хугацаа өнгөрсөн гэж дүгнэж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т зааснаар талууд хэлцэл хийсэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

            Анхан шатны шүүх хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам дээрх 3 чиглэлийн авто замын зохиогчийн хяналтын дүгнэлтийн ажлын үр дүнг хүлээн авсан болох нь гэрч Б.Ж, Б.Э нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн яамнаас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04/4309 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Хэдийгээр хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний үнийн талаар тохиролцоогүй, гэрээний үнийг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй гэж маргасан боловч уг татгалзлаа баримтаар нотолж мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 85 904 815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              Э.ЗОЛЗАЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               А.ОТГОНЦЭЦЭГ        

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ