Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2018/00695

 

 

 

 

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2018/00695

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:М ХХК -ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:Д.Э-д холбогдох

309.315 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нарийн бичгийн даргад Э.Цолмон нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Д.Э нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч Hybrid үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 21949782 тоот гэрээ байгуулж 95747787 дугаартай үүрэн холбооны үйлчилгээ, мөн 346.000 төгрөгний үнэтэй Sumsung Galaxy J1 White гар утасны төлбөрийг 18 сарын хугацаанд хуваан төлөхөөр зээлээр авсан.

Д.Э нь Харилцаа холбооны тухай хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 95747787 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны 2017 оны 8,9,10 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 309.315 төгрөг төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна.

Иймд Д.Э-с 94747787 дугаарын үйлчилгээний төлбөр 29.682 төгрөг, Sumsung Galaxy J1 White гар утасны төлбөрийн үлдэгдэл 279.634 төгрөг, нийт 309.315 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь 94747787 дугаарын үйлчилгээний төлбөр болон гар утас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 309.315 төгрөгийг хариуцагч Д.Э-с нэхэмжилжээ.

Хариуцагч Д.Энь нэхэмжлэгч М ХХК-тай 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 21949782 дугаартай үйлчилгээний гэрээ байгуулан сар бүр 14849 төгрөг, утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 95747787 дугаарт 346.000 төгрөгийн үнэтэй гар утасыг 294.000 төгрөгийн хөнгөлттэй үнээр сар бүр 16.334 төгрөг төлөхөөр тохирч зээлээр худалдан авч, 102.750 төгрөгийн төлбөр төлж, үлдэгдэл 309.315 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, харилцагчийн гүйлгээ зэрэг баримтууудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-9-р хуудас/

Д.Э нь  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заанаар худалдан авсан гар утас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг харилцагчийн хэрэглээний төлбөрийн хамт 309.315 төгрөг төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч Д.Э-т шүүхэд дуудсан мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлэхэд шүүхэд хүрэлцэн ирээгүй тул 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2149 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхэд албадан ирүүлжээ.

Д.Э-т 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан түүнд хуульд  заасан эрх үүргийг тайлбарлан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг сануулан гарын үсэг зурсан боловч уг үүргээ биелүүлээгүй болно./хх-ийн 13-15-р хуудас/

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “... хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу хариуцагч Д.Э-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэжээ.

Хариуцагч Д.Э-т 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр буюу түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдэж шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд гарын үсэг зурж хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 155.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                 ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Э-с 309.315 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

2.ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 9930 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-с улсын тэмдэгтийн хураамжинд 9930 төгрөг гаргуулж М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан  сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй тал болох хариуцагчид шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО