Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 20 өдөр

    Дугаар 156/ШШ2018/00190

             Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2017/00693/И

 

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Б.Н ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багт оршин суух, Урианхай овогт А.М-д холбогдох 

            “гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нар оролцов.

Хариуцагч А.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгч Ч.Э нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч талаас хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлт гаргаж байх тул тэдний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулав.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2006 онд М-тай танилцаж, 2007 онд гэрлэлтээ батлуулж байсан. Бидний дундаас 2007 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүү Э, 2012 оны 04 сарын 01-ны өдөр хүү Э, 2015 оны 01 сарын 14-ны өдөр хүү Э нар төрсөн. Биднийг хамт амьдарч байх хугацаанд М нь архи ууж байнга дарамталдаг. Намайг зоддог байсан. Би хүүхдүүдээ бодоод цагдаад өгч байгаагүй. Салъя ч гэж бодож байгаагүй. Цаашид ийм зүйлсийг тэвчээд хамт амьдарч чадахгүй. Би энэ хүнтэй 10 жил хамт амьдрах хугацаандаа хэзээ ч амар амгалан байж үзээгүй. Байнгын сэтгэлийн дарамттай байдаг. Бид Норовлин сумын Цагаанхошуу гэдэг газар амьдарч байсан. М-ийн ааш авир жил ирэх тусам эвдэрч муухай аашлах болсон. Архи ууж, намайг элдвээр хэлж доромжилдог болсон. Манай ээж, аав Хэнтий аймгийн төвд байдаг юм. Надад аав ээж дээрээ гэртээ очих эрх ч байдаггүй байсан.  Жилд ганц хоёр удаа гэртээ ирэхэд манай хадам ээж мөн М нар нь намайг элдвээр хэлж доромжилдог байсан. Манай аав хөдөө гэрт бид нар дээр амьдрах болсон юм. Түүнээс хойш аавыг маань хэд хэдэн удаа зодсон. Аавыг маань зодож дарамталдаг учир шалтгааныг нь асуухад зүгээр л дургүй хүрээд байна гэдэг байсан. М-г архи уугаад явахаар нь би айгаад унтаж ч чаддаггүй байсан...Хүүхдээ ханиад хүрч халуураад бие нь өвдөөд байхад наад хүүхдээ аваад гар гэж өвлийн хүйтэнд хөөж туудаг байсан. 

Сүүлд 2017 оны 06 сард би оёдлын курсэд сурахаар хот орсон хойгуур манай аавыг зодож хамрыг нь хугалж, саравчнаас хүзүүгээр нь боогоод орхисон байсан. Тэгээд над руу хадам аав өөрийгөө боогоод нас барчихлаа гэж утсаар хэлсэн. Би хадам аав, ээж рүү яриад асуухад хэн ч надад ямар нэгэн зүйл яриагүй бараг өөдөөс уурлаж байсан. Гадаа байсан муудсан олс байсан учраас манай аав өөрөө савчиж байгаад олсоо таслаад гэр рүү ороход хадам ааваа уучлаарай би тоглож байсан юм гарч таныг авах гэж байсан гэж хэлсэн байсан. Тэгээд над руу залгаад аав чинь ингэж тоглосон гэж намайг хэл гээд байсан юм гэсэн. Бараг л манай аавыг алах гэж байсан байгаа юм. Энэ мэтчилэн сэтгэл санаагаар намайг байнгын дарамтанд байлгадаг. Хэл амаар доромжилдог. Ийм амьдралаар цаашид амьдарч чадахгүй учраас би гэрлэлтээ цуцлуулъя гэж байгаа юм. Би М-тай 10 жил хамт амьдарч мал малласан. Тийм учраас надад болон хүүхдэд маань ноогдох хөрөнгийг авъя л гэсэн юм. Би М-с өөр илүү зүйл огт нэхээгүй. Цаашид ч гэсэн байнгын хэрүүл маргаантай, зодуулж дарамталсан хүний хажууд байхад миний хүүхдүүдийн ирээдүйд муугаар нөлөөлнө гэж үзэж байгаа учраас шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан... Том хүү болон бага хүүгээ А.М-ийн асрамжинд үлдээх саналтай байгаа. Харин дунд хүүгээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. 2016 оны эцэст манайх буюу А.М-ийн нэр дээр 691 толгой мал тоологдсон. 2017 онд намайг гэрээсээ явахад хавар нь мал төллөөд өшөө ч илүү малын тоо өссөн. Иймээс өөрт болон дунд хүүдээ оногдох эд хөрөнгийг гаргуулан авмаар байна гэв.

 

Хариуцагч А.М нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Н-ийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Н нь бид гэр бүлээ болоод амьдрах хугацаандаа дандаа болохгүй, дарамт шахалтанд амьдарч байсан мэтээр илэрхий худал зүйлийг бичиж хуулиар хамгаалагдсан нэр төрийг минь гутааж байгаад гайхаж байна.

Тус шүүхийн үйл ажиллагаанд удаа дараа бидний гэр бүлийн харилцааг дуусгавар болгох асуудлаар нэхэмжлэгчийн эрх ашигт шууд үйлчилсэн үйлдэл гаргаж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дахь хэсгүүдийг илтэд зөрчсөн нэхэмжлэлийг удаа дараа хүлээн авч иргэний хэрэг үүсгэж байгаа нь шүүх албан тушаалтнууд нь хэрэгт хувийн сонирхлоор хандаж байгаа гэж үзэхэд хүргэж байна.

Миний бие бичиг үсэг мэдэхгүй хөдөө мал дээрээ ганцаараа амьдардаг бөгөөд янз бүрийн бичгийн утга агуулгыг бүрэн тайлж унших чадваргүй улмаас эвлэрүүлэн зуучлалын мэдэгдэл гэх зүйлийг хүлээн аваагүй өнөөдрийг хүрсэн.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн арилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ.

Бодит байдал дээр нэхэмжлэгч Б.Н нь миний боловсролгүй байдлыг илтэд далимдуулж Улаанбаатар хотод оёдлын курст сурахаар явна гэж хэлээд гэр орноо орхиод алга болсноос энэ гэр бүлийн маргаан үүссэн бөгөөд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч маань өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсныг улмаас надаас салах шалтаг хайж байна.

Би гэр бүлээ цуцлуулах бодолгүй байгаа бөгөөд хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлалын шатаар дамжиж асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Хариуцагчаар татагдсан А.М миний бие хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг байнга хааж байна гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 46-50 тал/

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

                                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч А.М-с “гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч Б.Н-ийн дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлүүдээр хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч А.М нар нь 2006 онд анх танилцаж улмаар хайр сэтгэлийн холбоотой болж 2007 онд гэр бүл болсон бөгөөд      3 хүүгийн эцэг эх болсон байна. Зохигчид нь 2007 оноос 2017 оны зун хүртэл 10 жил гэр бүл болон амьдарсан байх ба өнгөрсөн зунаас хойш тус тусдаа амьдарч байна.

 

           Нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Д.Г-ын мэдүүлэг /хх-ийн 64х/-аас үзэхэд хариуцагч А.М нь олон жилийн туршид архи согтууруулах ундаа хэрэглэж, өөрийн эхнэр Б.Н-ийг хардаж сэрдэн, эхнэртээ болон түүний эцэг Д.Г-т гэр бүлийн хүчирхийлэл дарамтыг байнга үзүүлж, эрхшээлдээ байлган улмаар тэдний эрх, эрх чөлөөнд нь халдах, зодох, гэмтээх, ялангуяа хадам эцгийнхээ амь насыг хохироож болохоор харгис хэрцгий үйлдэл олонтоо хийж түрэмгий зан авир гаргасаар ирсэн болох нь тогтоогдож байна.

          

           Хариуцагч А.М-ийн энэхүү гэр бүлдээ үзүүлж буй хүчирхийлэл дарамтаас болж цаашид энэ гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдүүдийн хүмүүжил, ашиг сонирхолд ноцтой хор хохирол учирч болзошгүй байх тул шүүхийн зүгээс тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж тэдний гэрлэлтийг цуцлах шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзлээ.

          

           Хүүхдүүдийн асрамжийн тухайд нэхэмжлэгч Б.Н нь том хүү  М.Э нь эцгийнхээ ээж аав дээр багаасаа өссөн хүүхэд тул А.М-гийн асрамжинд, бага хүү М.Энь айлын голомт залгах хүү гэдэг утгаар мөн А.М-ийн асрамжинд, харин дунд хүү                       М.Э-г өөрийн асрамжинд тус тус үлдээх саналтай байх ба шүүх энэ саналыг нь хүлээн авав.

 

          Нэхэмжлэгч нь 6 настай дунд хүүгээ өөрийн асрамжинд авч түүнд хүүхдийн тэтгэлгийг гаргуулах хүсэлттэй байх тул Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Түүнчлэн зохигчдын гэрлэлтийг цуцалж байгаа ч тэдний хувьд хүүхдүүдийнхээ өмнө хуулийн дагуу цаашид хүлээх үүрэг хариуцлагыг шийдвэрт дурдах нь зүйтэй болно.

          Харин дундын эд хөрөнгийг хуваалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч Б. Н нь 2016 оны жилийн эцэст хариуцагч А. М-ийн нэр дээр тоологдсон 691 толгой малаас өөрт болон дунд хүүдээ оногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

          Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь хариуцагч А.М-ийн нэр дээр 2016 онд тоологдсон 691 толгой малыг зах зээлийн хандлагын аргаар тооцож   65 526 000 /жаран таван сая таван зуун хорин зургаан мянга/ төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 17-25х/

 

          Хариуцагч А.М нь малын тоо толгойн тухай /өссөн болон хорогдсон, худалдаж борлуулсан зэрэг/ нотлох баримтыг шүүхэд өгөөгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн тайлбараар 2017 болон 2018 онд дээрх 691 толгой мал нь тодорхой хэмжээгээр өсөж үржсэн байх магадлалтай тул нэхэмжлэгч Б.Нямдэлгэрийн хүсэлтээр хийгдсэн хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн гаргасан 65 526 000 төгрөгийн үнэлгээгээр тооцож Иргэний хуулийн 129 дүгээр зүйл болон 130 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох хөрөнгийн үнийг А.М-н гэр бүлийн 5 гишүүнд хувааж тодорхойлох нь зүйтэй байна.

         

         Ингэж тооцвол гэр бүлийн 1 гишүүнд 138 толгой мал буюу 13 105 200 /арван гурван сая нэг зуун таван мянга хоёр зуун/ төгрөг ногдож байна. Эндээс нэхэмжлэгч     Б.Н болон хүү М.Э-д оногдох эд хөрөнгө нь 276 толгой мал буюу   26 210 400 төгрөг болж байна. Үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

         Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухайд хариуцагч                       А.М-с нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 276 толгой мал буюу       26 210 400 төгрөгтэй уялдуулж, нэхэмжлэгч Б.Н-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 475 800 төгрөгнөөс 289 002 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 186 848 төгрөгийг төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т, хариуцагч А.М-с 289 002 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т тус тус олгох нь зүйтэй байна

 

          

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:  

     

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Б.Н  Урианхай овогт А.М  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 04 сарын 01-д төрсөн хүү М.Э-ыг нэхэмжлэгч Б.Н-ийн асрамжинд, 2007 оны 07 сарын 29-нд төрсөн хүү М.Э 2015 оны 01 сарын 14-нд төрсөн хүү М.Э нарыг хариуцагч А.М-н асрамжинд тус тус үлдээсүгэй. 

 

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар хүү М.Э-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11–16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч А.М-н цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр гаргуулж хүү М.Э-г тэжээн тэтгүүлсүгэй.

 

          4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Н-т даалгасугай.

 

          5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.М-с 276 толгой мал буюу 26 210 400 /хорин зургаан сая хоёр зуун арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н /хүү М.Э хамт/-т олгосугай.

 

          6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.

 

          7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 475 800 төгрөгнөөс  289 002 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 186 848 төгрөгийг төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т, хариуцагч А.М-с   289 002 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т тус тус  олгосугай.

 

          9. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

          10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР