| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/00245/и |
| Дугаар | 995 |
| Огноо | 2018-02-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 995
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Б.Мандалбаяр нарын бүхэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух *******ын Б.О /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дугаар байранд байрлах М СӨХ,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамжинд оршин байрлах “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазарт тус тус холбогдох,
Гэм хорын хохиролд 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, хариуцагч М СӨХ-ын төлөөлөгч Ш.Ч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, иргэдийн төлөөлөгч Д.Э, хэлмэрч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
2017 оны 7, 8 дугаар саруудад хорхой идээд, гэртээ сууж болохгүй, унтаж болохгүй болсон. Орон сууц нийтийн аж ахуйн 4 дүгээр конторт 4 удаа очиж, энэ нөхцөл байдлын талаар хэлсэн. Гэтэл сууц өмчлөгчдийн холбоонд очиж уулз, манайд огт хамаа байхгүй гэж хэлсэн. Сууц өмчлөгчдийн холбоонд очиж мөн энэ нөхцөл байдлаа хэлэхэд манайд хамаа байхгүй, орон сууц нийтийн аж ахуйн 4 дүгээр конторт ханд гэж хэлсэн. Байцаагч нь “... ийм дэмий зүйл сонсож байдаг. Үхвэл таарна...” гэж хэлээд орхиж байсан. Мэргэжлийн хяналтын газар очиж уулзсан. Сууц өмчлөгчдийн холбооны даргад хэлэхэд “... би танд хэлсэн ш дээ. Та юунд ингэж зөнөглөж байгаа юм бэ...” гэж хэлсэн. Би үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, жаргалтай Улаанбаатар хотод би жаргаж суумаар байна. Би өндөр настай хүн учраас унтаж амармаар байна. Гэтэл хорхой унтуулахгүй байна. Манай дээд, доод давхрын айл бас хорхойтой. Доод давхрын айл зугтаагаад өөр байранд очиж суусан. Дээд давхрын айл миний устгуулсан газраар устгуулж байгаа. Миний устгуулсан газар 10 гаруй удаа ирж, үнэхээр хорхойг устгаж өгсөн. Би баярласандаа 250,000 төгрөгийн хөлсийг нь төлсөн. Ажлын хөлсөө хорхойг устгаж дууссаны дараа авсан шүү. Хөгшин бид 2 унтаж чадахгүй байсан. Хор цацуулсныхаа дараа хорыг арилтал нь зун байсан учраас зурагтад байдаг айлын хашаанд очиж, жижиг майхан барьж 2 хоног байсан. Үүний дараа гэрийнхээ бүх зүйлийг угааж цэвэрлэсэн. Энэ компаниар орцны бүх айлуудын шавьжийг устгуулчихвал их сайхан болох юм байна гэж хэлэхэд тэр бүтэхгүй гэж хэлсэн. Хөгшин хүний үгийг үг гэж тоохгүй. Орон сууц нийтийн аж ахуйн 4 дүгээр контор шавьж устгадаггүй гэж хэлээд байхаар нь үнэн юм байх гэж бодоод харахад байрны мөнгөн дээр устгалын мөнгө 8,000 төгрөг авдаг юм байна лээ. Унтуулахгүй байна гэж удаа дараа хэлэхэд таны унтах эсэх бидэнд ямар хамааралтай юм бэ гэж хэлсэн. Би шунахай зан гаргаж, мөнгөө хайрласандаа биш хүнийг хүн гэж үзэхгүй, хөгшин хүнийг хүндлэхгүй байсан учраас би шүүхэд хандах болсон. Би хуулийн дор амьдардаг. Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахад тус байгууллагын н.Догсмаа гэдэг байцаагч шалгаж үзээд “ ...нотлогдсон юм байна ш дээ. Та шүүхэд ханд. Бид хоёрыг наад 2 газар чинь тоохгүй. Материалтай танилцъя гэвэл манайд байгаа ...” гэж хэлсэн. Иймд буруутай байгууллагаас шавьж устгалын мөнгө 250,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөг нийт 1,250,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан гэв.
Хариуцагч М СӨХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* СӨХ нь сууц өмчлөгчдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн засвар үйлчилгээ, засан сайжруулалтыг хариуцдаг байгууллага. Ямар ямар дундын өмчлөл, ямар ямар дангаар өмчлөх өмчлөлийн төлбөр тооцоо үйлчилгээний асуудлыг ялган салгаж, хэн нь үйлчилгээг нь үзүүлэх вэ, хэн нь төлбөрийг нь хариуцах вэ гэдэг асуудлыг ялган салгаж, зааглах шаардлага гарч байна. Дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэг нь оршин суугчийн дангаар өмчлөх эд хөрөнгөөс бусад орон сууцны барилга байгууламж, төхөөрөмжийн хэсэг хамаарч байгаа. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай эд хөрөнгө, дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд дундын өмчлөлд ямар ямар эд хөрөнгө хамаардаг гэдгийг тодорхой нэг бүрчлэн заасан. Дангаар өмчлөгч эд хөрөнгө нь оршин суугчийн өөрийнх нь орон сууцны байр, орон сууцны өрөө тасалгаа гэдэг зүйл хамаарч байгаа. Иргэний хуулийн *******7.1 дэхь хэсэгт дангаар өмчлөх өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, төлбөрийн асуудлыг хэн хариуцах вэ. Харин дундаа өмчлөх эд хөрөнгийн завсар үйлчилгээ, төлбөрийг хэн хариуцах вэ гэдгийг тодорхой заасан. Өөрөө хэлбэл Иргэний хуулийн *******7.1 дэхь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлийн орон сууцны сууцны зориулалттай болон сууцны зориулалттай бус эд хөрөнгөнийхөө халаалт, цэвэр бохир ус, дулаан, ариутгал, харилцаа холбоо гэх зардлыг эрх бүхий байгууллага буюу Орон сууц нийтийн аж ахуйн хэрэглэгчдэд үйлчлэх төв гэсэн байгууллагад төлнө. Харин дундаа өмчлөх эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой энэ зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж зааглан зохицуулсан байдаг. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох иргэний хуульд орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орон сууцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолой гэх мэтчилэн дундын өмчлөлийн засвар үйлчилгээг хариуцаж, төлбөрийг Сууц өмчлөгчдийн холбоо хурааж авна гэж заасан. Өөрөөр хэлбэл манайх 5 үндсэн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
Хавтаст хэргийн 19-20 дугаар талд Б.О гуайн “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн төлбөрийн баримт байгаа. Уг баримтаас харахад манайх ариутгалын төлбөр авдаггүй болох нь харагдаж байна. Хавтаст хэргийн 38 дугаар талаас харахад ариутгал гэх хэсэгт Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 12,000 төгрөгийг суутгаж авсан байна. Ариутгал гэдэг нь ямар ариутгалыг хэлж байгаа юм, ямар үйлчилгээ үзүүлдэг талаар ОСНААУГ-с тайлбарлах байх. “*******” СӨХ нь тухайн иргэний дангаар өмчилж байгаа өмчлөлийн эд хөрөнгө рүү орж, ямар нэгэн үйлчилгээ үзүүлдэггүй. Үүнтэй холбоотой төлбөр авах зохицуулалт байдаггүй. Нэхэмжлэгч Б.О нь СӨХ-н төлбөрөө 2016 оны 10 дугаар сараас хойш төлбөрөө төлөөгүй байгаа. Иймд Б.Оын үйлчилгээ авах эрх нь түр хугацаагаар хязгаарлагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух иргэн Б.О нь миний амьдарч байгаа байранд биса төрлийн амьтан үүрлэж, амьдрах аргагүй болсон. Энэ талаар Орон сууцны 4 дүгээр контор болон СӨХ-нд хандсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй тул “Илдэн гүн” ХХК-нд хандаж устгал хийлгэсэн. Устгал хийлгэсэн 250,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөг нийт 1,250,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байна. ОСНААУГ нь орон сууцын байшингийн инженерийн шугам, сүлжээний засвар, үйлчилгээ хийх үндсэн чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллага юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд Мэргэжлийн байгууллагын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн. Үүнд:
19.1.1.орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд гэрээний дагуу засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд зардлыг холбооноос тухай бүр төлүүлэх;
19.1.2.цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах;
19.1.3.дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүднээс холбоотой хамтран жилд 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах.
19.1.4.орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах гэж тус тус заасан. Мөн Орон сууцны тухай хуулийн ******* дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг юм. Харин дээрх хортон шавьж устгах ажиллагаа нь манай байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаардаггүй. Харин хэрэглэгч, оршин суугчдын аюулгүй амьдрах орчинг хэвийн аюулгүй амьдруулах зорилгоор Хортон шавьж устгах, ариутгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагатай “Хамтран ажиллах” гэрээ байгуулан ажилладаг бөгөөд энэ гэрээгээр тухайн компаний айл өрхүүдэд хийсэн хортон шавьж, мэрэгч устгах, түүнээс урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх үйлчилгээний хөлсийг байрны төлбөрт нэгтгэн төвлөрүүлж хураан өгдөг юм. Иймээс дээрх асуудал нь манай байгууллагын үндсэн чиг үүрэгт хамааралгүй харин тухайн иргэний өөрийнх нь хариуцлагатай холбоотой байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М СӨХ, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 1,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч талууд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хангуулах үндэслэлийг өөрийн оршин сууж буй Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо ******* дүгээр байрны ******* тоот орон сууцанд “биса” төрлийн шавьж үүрлэж, гэм хор учирсан, тус гэм хорыг тухайн орон сууцны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг М СӨХ, тухайн орон сууцны байшингийн ус, цахилгаан, дулаан зэрэг засвар үйлчилгээ хариуцдаг мэргэжлийн байгууллага болох “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нарын хууль бус эс үйлдлийн улмаас учирсан тул хариуцах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Үйл баримтын тухайд нэхэмжлэгч нь шавьж устгуулах талаар “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазрын харьяа Орон сууц нийтийн аж ахуйн Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4 болон М СӨХ-нд удаа дараа гомдол гаргаж байсан боловч арга хэмжээ аваагүй учраас өөрийн зардлаар шавьж устгуулах ариутгалын үйлчилгээг “Илдэнгүн хошуу” ХХК-иар гүйцэтгүүлж, шавьж устгалын төлбөрт 250,000 төгрөгийг төлсөн, хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазар нэхэмжлэгчээс гаргасан гомдлын дагуу хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ариутгалын үйлчилгээ хийдэг “******* *******” ХХК-иар маргаан бүхий орон сууцанд ариутгалын үйлчилгээ хийлгэж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-17, 77-78 дугаар тал/
Хариуцагч М СӨХ болон “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазарууд нь ариутгалын үйлчилгээ хийж гүйцэтгэх чиг үүрэггүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан.
Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэгт, “ Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтаар бусдад учруулсан хохирол арилгах үүрэг болон тухайн үүргийг шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх нь хуульд зааснаар болон гэрээний үндсэн дээр үүснэ.
Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж зохицуулсан бөгөөд оршин суугч нь дангаар өмчлөх хэсгийг ашигласны зардал буюу халаалт, ус, цахилгаан, ариутгалтай холбоотой зардлыг өөрөө хариуцаж гэрээний үндсэн дээр эрх бүхий байгууллагад харин дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хуульд зааснаар сууц өмчлөгчдийн холбоонд төлөхөөр байна.
Хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаартай “Хамтран ажиллах” гэрээгээр нэг талаас Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь орон сууцны айл өрхүүдэд хортон шавьж, мэрэгч устгах түүнээс урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэх үйлчилгээг явуулах, үйлчилгээний хураамжийг дамжуулан хурааж шилжүүлэх, нөгөө талаас “******* *******” ХХК нь нөгөө талын ашиглалт хариуцсан болон хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон байранд хортон шавьж, мэрэгч устгах түүнээс урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэх үйлчилгээг явуулахаар харилцан үүрэг хүлээсэн болох нь тус гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 73-76 дугаар талд/
Уг гэрээний дагуу “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазрын харьяа Орон сууц нийтийн аж ахуйн Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4 нь ариутгалын үйлчилгээний хураамжийг оршин суугчдаас орон сууцны төлбөрт нэмэлтээр хураан авдаг болох нь зохигчидын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан “Төрийн банк”-ны төлбөрийн баримтаар тогтоогдож байхаас гадна талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй./х.х-ийн 38 дахь тал/
Иймд хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазарт энэ тохиолдолд гэрээний үндсэн дээр ариутгалын үйлчилгээ хийх үүрэг үүссэн байх бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 250,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхийн хүрээнд учирсан хохирлоо шаардах өмчлөгчийн эрхэд хамааралтай байна.
Нэхэмжлэгч шаардлагаа өөрийн оршин сууж байгаа Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо ******* дүгээр байрны ******* тоот орон сууцны өмчлөгчийн хувиар шаардах эрх хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “өөрийн хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, 89.3-т “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонхирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж зохицуулснаар нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч биш боловч шууд байдлаар эзэмшилдээ эзэмшиж байхдаа эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ариутгалын үйлчилгээний төлбөрөө цаг хугацаанд нь төлсөөр байтал өндөр настай хүнийг доромжилсон тул сэтгэл санааны хохиролыг мөнгөн дүнгээр гаргуулна” гэж тайлбарласан
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу эдийн бус хохирлын хэмжээг тогтооход тухайн хэргийн нөхцөл байдлыг харгалзах боловч хохирлын хэмжээг Иргэний хуульд заасан журмаар тодорхойлох бөгөөд нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан эдийн бус мөнгөөн нөхөн төлөх хохиролд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дурдан буй дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазраас 250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М СӨХ-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазраас 250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М СӨХ-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазраас 8150 төгрөгийг нэхэмжлэгч Б.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.БАЯРМАА
ШҮҮГЧ Б.МАНДБАЛБАЯР