Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 1019

 

 

 

 

 

 

                             

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Дын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Өад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Намайг гадаа ногооны хашаагаа барьж байхад П.Ө ирж тусалж, хэдэн төмөр авчирч өгөөд бид анх танилцаж байсан. Тухайн үед П.Ө “таныг Ц.Д гэдэг үү. Би танд туслая” гэж хэлээд тусалж байсан.  Нэг өдөр хариуцагч “эхнэр солонгос улс руу явахаар боллоо” гээд 3 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй 2,000,000 төгрөг зээлээч гэсэн учраас 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр П.Өад 2,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцож, хөгшинтэйгөө байхдаа гал тогооны өрөөндөө мөнгөө тоолж өгсөн. Өмнө нь 1,650,000 төгрөг зээлүүлэхэд хугацаанаасаа өмнө эргүүлэн төлсөн учраас түүнд итгэсэн. Намайг баталгаа хийлгэе гэхэд “асуудалгүй мөнгөө төлнө” гэж хэлээд 2 газрын бичиг, жолооны үнэмлэх зэрэг баримтуудаа өгсөн. Би газрынх нь бичгийн барьцаанд нь авч үлдэж, жолооны үнэмлэх болон бусад бичиг баримтыг нь буцаан өгсөн. Үүнээс хойш 2 жил утсаа авахгүй алга болсон. Газрын бичиг нь байгаа юм чинь мөнгөө өгөхгүй алга болчихгүй байх гэж бодсон. Сүүлдээ утсаа ч авахгүй байхаар нь цагаан сарын өмнө хороон дээр нь очиж уулзаж, хаана байгааг нь тогтоож уулзаж, мөнгөө төлөхийг шаардахад дуу муутай “... та юу ч хийсэн болно. Би мөнгө өгч чадахгүй. Таньд би төмөр, хөрөө өгсөн ш дээ ...” гэж хэлсэн. Хариуцагч хариу тайлбартаа намайг 2012-2013 онд таньдаг байсан гэж худлаа бичсэн байна лээ. Өмнө нь 1,650,000 төгрөг зээлэхэд 80,000 төгрөгийн хүү өгч, зээлийн төлбөрөө хугацаанаасаа өмнө төлж байсан. Тэр үед миний мөнгө надад зүсээрээ ирсэн байсан. Гэхдээ би энэ талаар хариуцагчид өөрт нь хэлээгүй. Мөн надад “... Их дэлгүүрт н.Аргай гэдэг хүн ном зардаг. Би монгол үнэгэн малгай хийж заруулсан чинь зарагдчихлаа гэж хэлж байсан. 1,650,000 төгрөгийг 2,000,000 төгрөг авахаасаа өмнө авчихаад буцааж өгсөн. 2,000,000 төгрөг авчихаад надад хүү гэж 200,000 төгрөг өгсөн. Өөр мөнгө огт өгөөгүй. Хорооноос нь асуугаад гэрийг нь олоод очиход “Таньд юм өгч чадахгүй” гэж хэлсэн. Би зүрх муутай учраас “чамтай юу ярих вэ хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ” гэж хэлсэн. Хариуцагчийн хариу тайлбарыг уншихад бүх зүйлийг холиод бичсэн байна лээ. Би ойлгоогүй. Би хүүг тогтоогоогүй. Өөрөө л ирээд та надад 20 хувийн хүүтэй 2,000,000 төгрөг зээлчих гэж гуйсан учраас би түүнд тусалсан. Үүнээс хойш огт уулзаагүй. Намайг утас руу нь залгахаар авдаггүй. Газрын бичиг нь байсан учраас л түүнийг олсон. Хүнд итгэх аюултай болжээ. Зүрх муутай байхад намайг хүнд байдалд оруулж байна. Хариуцагч нь 200,000 төгрөгийг хүүнд өгсөн. Анх нэхэмжлэлдээ үндсэн зээлийн төлбөрөөс хүү алданги тооцож, нийт 2,540,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч алданги авах эрх байхгүй тул талууд гэрээгээр 20 хувийн хүүтэй гэж тохиролцсон. Гэхдээ хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчтэй ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 2,400,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч П.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Сургуулийн 4а хэсэгийн 1546 тоотод оршин суугч П.Ө миний бие 2013 оны 4 сард иргэн Ц.Доос 200,000 төгрөг 20 хувийн хүүтэй зээл авч улмаар барилгын ажил цалингаа өгөхгүй, үл бүтэх явдал тохиолдох зэрэг шалтгаанаас энэ хүний хүүгийн дарамтанд орж улмаар 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд бүтэн 2 жил зөвхөн иргэн Ц.Дт олсон бүх орлогоо зарцуулсан билээ. Энэ хүний мөнгийг төлөхийн тулд 1 хүнээс мөнгө зээлээд авчихаад авсан зээлнээсээ давуулаад өгөхөд тэр мөнгө ерөөсөө л хүүгийн төлбөрт хураагдаж гарын үсэг зурагддаг. Бүтэн 2 жил бүх орлогоороо бусдаас зээлсэн мөнгөөрөө энэ хүнийг тэтгэсэн билээ. Миний газрын гэрчилгээ миний охины газрын гэрчилгээ жолооны үнэмлэх иргэний үнэмлэх зэрэг нь энэ хүний гарт 2 жил барьцаалагдаж бүх зүйл хаалттай болсон. Хүү төлөх хугацаа болоход миний хүүхдүүд шүүх прокурорт байдаг. Хүүгээ өгөхгүй бол газрын бичгийг чинь өөр дээрээ шилжүүлж авлаа шүү гэж удаа дараа дарамталсан. Зовж зовж энэ хүний өрийг дараад дуусахад эргээд надаас зээл аваарай чамд бол өгнө үү гэж ярьдаг ерөөсөө намайг өрийн сүлжээнд хангалттай оруулснаа мэдэж байсных энэ хүний өрийг 1 мөсөн дарахын тулд найз нөхөдөөсөө их мөнгө зээлж дарсан. Эргээд найз нөхдийн мөнгө нэхэгдээд байх хооронд энэ хүн надруу утасдаад чи одоо 2,000,000 төгрөг надаас зээлж болох юмаа гэхэд очиж дахиж зээлсэн. Энэ өдөр бол 2015 оны 12 сарын 26-нд өгөхдөө 2,000,000 төгрөг нэртэй боловч 2,000,000 төгрөг тоолж өгсөн. 400,000 төгрөгийн хүүгээ авч үлдэнэ гээд авч үлдсэн. Өгөөгүй мөнгөн дээрээ хүү хүүгийн бодож гаршсан хүн байгаа юм. 03 дугаар сарын 26-нд би 1,800,000 төгрөг аваад очиход бүгдийг нь 2,000,000 төгрөгийн хүүндээ бодож авчихсан. Дараа нь надруу ярихад би таниас 1,600,000 төгрөг авсан, 1,600,000 болгож таныг хохиролгүй болгоод дээр нь 200,000 төгрөг нэмж өглөө, одоо дуусгая гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 26-наас хойш чимээгүй байж байгаад гэнэт 2018 оны 01 сард хаягийн дагуу манайд очоод за чи хууль шүүхгүйгээр газрын бичгээ шилжүүлчихвэл хэн хэндээ амар биш үү гэхэд нь би хууль шүүхээрээ яваарай гээд гаргасан. Эхнэр хорт хавдартай, хэвтэрийн байдаг. Найз нар маань хамжиж 20 гутал хйигээд манай эхнэрийн эмчилгээнд нэмэрлэе гээд байж байхад энэ хүн ирээд За одоо мөнгө нэхвэл энэ хүн боломжтой байна. гэсэн бодолтой буцсан хүн. Эхнэр маань 2017 оны 4 дүгээр сард эхний хагалгаандаа орлоо. Энэ шарх эдгэсний дараа 20 хоногийн дараа бөөр авах хагалгаанд орно энэ хүн дээр очиход хавтас дүүрэн газрын бичиг баримт байдаг. Энэ мөнгө зээлдэг хүн хууль ёсны улсад олсон орлогоосоо татвар төлдөг төлдөггүйг би мэдэхгүй байна. Хүний арга эвийг олоход дээд зэргийн гаршсан хүн. Энэ хүнд би төлөхгүй,  энэ хэрэг дээр би өмгөөлөгч авна. Хорт хавдартын 3 дахь хагалгаандаа орох гэж байгаа эхнэрээ сахиж байгаа учраас дараагийн шатны хурлыг зөв зохицуулж өгнө үү гэж хүсье. Монгол улсынхаа шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч П.Өад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,540,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 2,400,000 төгрөг болгон багасгасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй талаарх тайлбарыг ирүүлсэн байна.

Хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 26-ны гэрээ гэх баримт авагдсан бөгөөд уг баримтад“... П.Ө миний бие Ц.Д ахаас 2,000,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлсэн нь үнэн болно... Сар сардаа хүү болох 400,000 төгрөг өгнө” гэжээ. /х.х-ийн 3 дугаар тал/

Нэхэмжлэгч уг зээлийн гэрээний үүргийг хангуулна гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч тухайн өдөр мөнгө зээлсэн үйл баримтын талаар маргаагүй байна.

Дурдсан агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдаж, үүрэг үүссэн байна.

            Зээлийн гэрээний дагуу бодитойгоор хэдэн төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын тухайд нэхэмжлэгч 2,000,000 төгрөгийг зээлж гэрээ байгуулан уг мөнгөнөөс нэг сарын хүү 200,000 төгрөгийг суутгасан гэж, хариуцагч 2,000,000 төгрөгийг зээлж нэг сарын хүү 400,000 төгрөгийг суутгасан гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан зээлийн гэрээний хүү төлөх хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл сарын хүү 20 хувиар тооцоход 400,000 төгрөгийг суутгасан гэх хариуцагчийн тайлбарыг шүүх үндэслэл бүхий байна гэж үзсэн бөгөөд зээлийн хүүг үндсэн мөнгөнөөс суутгасан нь үндэслэлгүй байх тул талуудын хооронд 1,600,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

            Зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг зээлж авч, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,800,000 төгрөгийг төлсөн боловч хүүнд тооцож авсан гэж хариуцагч тал тайлбарлах боловч энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар аливаа хүсэлтийг гаргаагүй байна.

            Зээлдүүлэгч гэрээний дагуу үндсэн зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар зээлдэгч тал баримтаар нотлоогүй, тус зээлийг хэзээ хэрхэн буцааж өгсөн болох нь баримтаар тогтоогдоогүй байх тул гэрээний үүргийг зээлдэгч биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

            Иймд гэрээний дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэг зээлдэгч тал буюу П.Өад, зээлийн төлбөрийг шаардах эрх зээлдүүлэгч тал буюу Ц.Дт тус тус үүссэн байна.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.

            Хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд хүү төлөхөөр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд маргаагүй тул 1,600,000 төгрөгөөс 3 сарын 20 хувийн хүү тооцоход 960,000 төгрөг гарч байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн зээл 1,600,000 төгрөг зээлийн хүүнд 800,000 төгрөг нийт 2,400,000 төгрөгийг хариуцагч П.Өаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Дт олгох нь зүйтэй гэж үзэв.

            Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагчид 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон,

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Өаас 2,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Доос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 53,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ЭНХЖАРГАЛ