Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/155

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дэржиг овогт *******ид холбогдох 2026000000177 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дэржиг овогт *******, РД: ЙА87072133;

 

Шүүгдэгч Р.******* нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчим өөрийн өмчлөлийн автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий  харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтлийг гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...“ гэв.

 

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны  06 дугаар сарын 17-ны өдөр зах дээр цайны газраа байж байтал манай нөхөр гараад явсан. Ажил дээрээ ирэхгүй болохоор нь газ дуусчихлаа яваад цэнэглүүлээд өг гэж залгасан чинь согтуу байсан. Тэгээд нөхөр ирээд 18 цаг өнгөрөөгөөд гэртээ харьсан. Манай нөхөр согтуу машинаа өөрөө жолоодсон. Гэрийн гадаа ирээд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байхад миний нүүрэн тус газар гараараа 6-7 удаа цохисон. Мөн хумсны хутгаар хэвлий хэсэгт дүрээд алчихая гээд байсан. Тэгээд гэртээ ороод тэр өдөртөө хэрүүл маргаан болоогүй. Маргааш нь манай нөхөр надаас зугтаагаад яваад өгсөн. Ирэхгүй байхаар нь утсаар нь залгатал одоо би гэртээ очиж байна. Чамайг орж ална гээд байсан. Тэгээд гараад хартал манай нөхөр гудамж өгсөөд ирж явсан. Тэгэхээр нь би хашаа давж айлын нойлд нуугдаж байгаад хэсэг хугацааны дараа хүүхэд рүүгээ залгаж асуухад гараад явчихлаа гэсэн. Тэгээд би гэртээ оролгүй шууд ээжийндээ очсон. Тэгээд тэндээ хоноод маргааш нь цагдаад мэдэгдсэн. Өмнө нь намайг Баруунбаян-Улаан суманд хадам ээжийнд зодож байсан. Би эмчилгээний зардалд 7.000.000 төгрөг авсан. Одоогоор надад гомдол санал байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”...2020 оны 06 дугаар сарын 17-ны орой ээж Амаржаргал, ******* ах хоёр ажлаасаа ирсэн. Тэгсэн ээжийн зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Тухайн үед би юу болсон талаар асуугаагүй. Тэгээд маргааш орой нь ******* ах согтуу ирж байна гээд ээж нуугдчихсан. Удалгүй ******* ах гэрт орж ирээд ээжийг асуусан. Би мэдэхгүй гэж хариулсан. Тэгээд би гэртээ, ээж эмээгийнд, ******* ах хүүхэдтэйгээ байшинд хоносон. Тэгээд маргааш нь ******* ахын хашаанаас гэрээ нүүлгэж авсан. ******* ах согтуу байсан. Манай ээж зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

 

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...*******ийг анх Амаржаргалтай суухад нь өмнө нь хоёулаа амьдралтай хүмүүс болж бүтээд амьдраарай гэж хэлж байсан. Хоёулаа зах дээр цайны газар ажиллуулаад хамт хөдөлмөрлөөд гайгүй л байдаг байсан. Сүүлийн үед элдэв юм сонсогдох болсон. Манай ээж Цэдэнбалжир руу залгаад Амаржаргалтай нийлүүлээд өг тэгэхгүй бол би амиа хорлож үхнэ шүү гэх мэтээр ярьдаг болсон гэсэн. Би Амаржаргалын гар утасны дугаарыг нь солиулаад өөр дугаар бариулж байгаа. Тэгэхгүй бол ярьж хүүхдийн сэтгэл санаа үймүүлээд байгаа гэсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,

 

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хотод өвөлжөөд 2020 оны 03 дугаар сарын сүүлээр ирэхэд манайд нэг танихгүй залуу орж ирээд намайг таньж байна уу? гэхээр нь  мэдэхгүй ээ би чинь таних хүнээ ч танихаа байсан хүн байгаа юм гэсэн чинь би Амаржаргалын найз залуу нь байгаа юм гэж надад хэлж байсан. Би *******той нээх харьцаж байгаагүй болохоор зан байдлыг нь сайн мэдэхгүй байна. Нэг удаа цай уулгах гэж намайг авч явсан. Амаржаргалыг зодоод эмчилгээнд явсан хойгуур нь над руу залгаад та Амаржаргалтай намайг нийлүүлээд өг тэгэхгүй бол би амиа хорлоно шүү. Миний араас зул өргөөрэй гэх мэтээр элдэв зүйл ярьж амар заяа үзүүлэхээ байгаад байгаа. Би сүүлдээ утсаа авахад ч хэцүү байдаг болсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №309 дугаартай шинжээчийн: Үзүүлэгч *******ын биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт /хх-ийн 37 хуудас/, 

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 3 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 69 хуудас/,

 

Шүүгдэгч*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-75 хуудас/,

 

Яллагдагч*******ийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 40-43, 45-56,  59-60, 63-64, 67-68 хуудас/,

 

Яллагдагч*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 хуудас/,

 

 

Шүүгдэгч Р.******* нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 2-5 тоот хашааны гадна өөрийн өмчлөлийн автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий  харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтлийг гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын  “...2020 оны  06 дугаар сарын 17-ны өдөр зах дээр цайны газраа байж байтал манай нөхөр гараад явсан. ...18 цаг өнгөрөөгөөд гэртээ харьсан. Манай нөхөр согтуу машинаа өөрөө жолоодсон. Гэрийн гадаа ирээд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байхад миний нүүрэн тус газар гараараа 6-7 удаа цохисон. Мөн хумсны хутгаар хэвлий хэсэгт дүрээд алчихая гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, насанд хүрээгүй гэрч *******ийн ”...2020 оны 06 дугаар сарын 17-ны орой ээж Амаржаргал, ******* ах хоёр ажлаасаа ирсэн. Тэгсэн ээжийн зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/, гэрч *******ын  “...Сүүлийн үед элдэв юм сонсогдох болсон. Манай ээж Цэдэнбалжир руу залгаад Амаржаргалтай нийлүүлээд өг тэгэхгүй бол би амиа хорлож үхнэ шүү гэх мэтээр ярьдаг болсон гэсэн. Би Амаржаргалын гар утасны дугаарыг нь солиулаад өөр дугаар бариулж байгаа. Тэгэхгүй бол ярьж хүүхдийн сэтгэл санаа үймүүлээд байгаа гэсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч *******ын  “...Амаржаргалыг зодоод эмчилгээнд явсан хойгуур нь надруу залгаад та Амаржаргалтай намайг нийлүүлээд өг тэгэхгүй бол би амиа хорлоно шүү. Миний араас зул өргөөрэй гэх мэтээр элдэв зүйл ярьж амар заяа үзүүлэхээ байгаад байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №309 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/,  Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 3/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 69 / зэрэг болно.

 

Хохирогч *******, шүүгдэгч******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, шүүгдэгч*******, гэрч *******, *******, насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Р.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч******* холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч Р.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Шүүгдэгч Р.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн  гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Р.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт   “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг 90 хоногийн дотор… биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т “...энэ хуулийн 160.1-т заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж заасан байх тул  шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацаа заалгүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

 

Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д 7.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

 

Шүүгдэгч*******ид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3.4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дэржиг овогт *******иийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дэржиг овогт *******иийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол   шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д 7.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.