| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0092/Э |
| Дугаар | 390 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | О.Гэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 390
Д.Т, О.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Гэрэл,
шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Чинзоригийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Д.Т, О.А нарт холбогдох 1809 0491 10313 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Л овгийн Д.Т, 1999 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;
2. Б овгийн О.А, 1998 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо,..... дугаар байрны .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;
Д.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамал, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай, шилэн савны хамт 1143 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан,
О.А нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л овогт Д.Т-ийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт О.А-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Т, О.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт ял оногдуулахыг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уутны хамт 236 грамм өвс гэх мэт нэршилтэй бодис, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай шилэн савны хамт 1143 грамм өвс гэх нэршилтэй ургамал бодис, задалж хэрэглэсэн газ 2 ширхэг, “Растворитель” нэртэй будаг шингэлэгч /хоосон/ 12 ширхэг, чулуу мэт зүйл 1 ширхэг, “Bonaqua” 500 мл усны сав 1 ширхэг, хар өнгийн трико мэт зүйл 3 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 4 ширхэг асаагуур, 3 ширхэг шүдэнз, гялгар уутанд хийсэн тамхины иш мэт зүйл 2 ширхэг, 3 ширхэг маарал даавуу мэт зүйл, резинэн бээлий 1 хос, тирконы цаасан уут, гялгар уутанд хийсэн скоч 1 ширхэг, дотроо 1 ширхэгтэй таблеткатай эм, ягаан өнгийн туас хөвөн 1 ширхэг, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт 11 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Т, О.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Чинзориг бичсэн эсэргүүцэлдээ: “... Тус шүүх хэргийг 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд, Д.Т, О.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнссэн. Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт яллагдагч нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн аль зүйл, хэсгийг журамлан тэнсэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ ... 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасан нь Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно ...” гэснийг зөрчсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Д.Т, О.А нарт холбогдох эрүүгийн 1809 0491 10313 дугаартай хэргийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.
Прокурор О.Гэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Б.Чинзоригийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Прокурорын эсэрүүцэл дээр гэм буруугийн талаар болон шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийн талаар дурдаагүй, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичигдсэн. ...” гэв.
Шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон болон гэмт хэрэг үйлдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинж чанартай, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, ял оногдуулахгүйгээр тэнссэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгч шийтгэх тогтоолыг танилцуулахдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ял оногдуулахгүйгээр тэнслээ” гэж уншсан боловч шийтгэх тогтоол бичгээр гарахад энэ хэсэг байхгүй байсныг би хүртэл анзаарсангүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамал, шилэн саванд хийсэн шингэн зүйлийн агууламжтай, шилэн савны хамт 1143 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
мөн түүж бэлтгэсэн өвс гэх нэршилтэй ургамлыг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч О.А нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 206 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Санзайн 7-68 тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
гэрч Н.Гантулгын: “... Санзайн 7 дугаар гудамжны 68 тоотод байрлах хадам ээж Даваажавын байшингаас буузны жигнүүр авахаар очтол хашааны гадна 04-52 УНТ улсын дугаартай цагаан өнгийн “Аллион” маркийн автомашин зогсож байсан. Хашааны хаалга цоожтой байсныг онгойлгон ортол зуны байшинд нь 19-20 орчим насны 4 залуу байсан. Би тэд нараас юу хийж байгаа талаар асуутал “бид Амараагийн найз нар байгаа юм. Одоо Амараа ирнэ” гээд гар утсаараа Амараа руу залгасан боловч Амараатай холбогдоогүй. ... Байшингийн хаалга нь онгорхой, дотор талд нь будаг шингэлэгчийн үнэр ихээр ханхалж, цаасан хайрцаг дотор нэлээд хэдэн хоосон будаг шингэлэгч байсан. Мөн хоолны саванд өвс ургамал бололтой зүйл дотор будаг шингэлэгч хийсэн бололтой их хурц үнэртэж байсан. ... ” /хх 15/,
шүүгдэгч Д.Т-ийн яллагдагчаар өгсөн: “ ... Би 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цахим тоглоом тоглож байгаад бие засмаар санагдаад байхаар нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойгуур тойроод нэг балгас руу орсон. Намайг бие засаж байхад нэг өвс харагдсан. Уг өвс урьд нь миний интернетээс харж байсан өвстэй ижил харагдсан тул сонирхоод бага зэргийг түүсэн юм. Өвсийг хаана байлгахаа мэдэхгүй болохоор нь найз А-гаас асууж байгаад лагерь дээр нь аваачаад хашаанд нь байдаг саравчны доор нуучихсан юм. ...”/хх 107/,
шүүгдэгч О.А-н яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай найз Д.Т над руу утсаар яриад “би нэг өвс түүчихлээ, гадуур хүүхдүүдийн яриад байдаг татдаг өвс юм шиг байна. Хоёулаа үүнийг хаана нуух вэ” гэж асуусан. Би тэгэхээр нь “манай лагерь дээр аваачаад тавьчихъя” гэж хэлээд бид хоёр манай гэрийн ойролцоо уулзаад, Д.Тийн аавын автомашинаар манай хамаатны эгч болох Алтанчимэг эгчийн Санзайд байдаг лагерийн газар руу явсан. Би “байшинд өвсийг оруулж болохгүй, хашаанд байдаг саравчин доор нуучихъя” гээд байшингийн хажууд байдаг саравчин доор нуусан юм. ...” гэх мэдүүлгүүд /хх 103/,
Д.Т, О.А нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 56-57/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12836 дугаар “...шинжилгээнд ирүүлсэн “Д.Т 2018.11.30” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн.”, “... Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 69-71/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11218 дугаар “...шинжилгээнд ирүүлсэн өвс, ургамал мэт зүйл, шингэнтэй өвс мэт зүйл дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламж тус тус илрэв. Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 74-75/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12983 дугаар “...шинжилгээнд ирүүлсэн бор хүрэн өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 122, 100 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх 80-86/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-12/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 114-118/,
Д.Т, О.А нарын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Тийг сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,
О.А-г сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зохилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, Д.Т, О.А нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Д.Т, О.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, тэдний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заалттай нийцнэ гэж үзэв.
Прокурор “... Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт яллагдагч нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн аль зүйл, хэсгийг журамлан тэнсэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ ... 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасан нь Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно ...” гэснийг зөрчсөн байна. ...” гэсэн эсэргүүцэл бичжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т, О.А нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, хэсгийг баримтлаагүй шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэж заасан бөгөөд шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “... албадлагын арга хэмжээ авч...” гэж, мөн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “... үүргийг биелүүлээгүй бол ...” гэж бичиж хуулийн үг, хэллэгийг зөв хэрэглэхэд алдаа, зөрчил гаргасан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгүүдэд тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад 50 төгрөгийн дэвсгэртийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэсэн нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулна.”, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Гэмтэж муудсан мөнгөн тэмдэгт солих журмыг Монголбанк тогтооно. Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно.” гэсэн заалттай зөрчилдөж байх тул эд мөрийн баримтаар хураагдсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монголбанкинд шилжүүлэхээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.
Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурор Б.Чинзоригийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.