Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 020/2014/0021/З |
Дугаар | 221/МА2015/0219 |
Огноо | 2015-05-27 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2015/0219
2015 оны 5 сарын 27 өдөр | Дугаар 219 | Улаанбаатар хот |
“Т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е, хариуцагч П.Д, Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаар шийдвэртэй, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Л.Б нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е, өмгөөлөгч Р.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”Т” ХХК нь тус банкны хувь нийлүүлэгчдийн хоорондын маргааны улмаас Хувь нийлүүлэгчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага тодорхойгүйн улмаас банкны хэвийн ажиллагаа алдагдаж 2010 он, 2011 онуудад алдагдалтай ажилласан. Үүний учир Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын татварын тайлангаар гарсан алдагдлыг баталгаажуулж, дараагийн жилүүдийн албан татвар ногдох орлогоос хасаж тооцуулах зорилгоор татварын тайлангаас гарсан алдагдлыг баталгаажуулах тухай хүсэлтийг 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01/1-2012-113 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт гаргасан. Гэвч манай банкны татварын тайлангаар гарсан алдагдлыг баталгаажуулах бус харин татварын хяналт шалгалтын нөхөн татвар, хүү, торгууль тавьж акт үйлдсэнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тус банк нь зарим зээлдэгч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулж 2010 онд 1042829,1 мянган төгрөг, 2011 онд 55000,0 мянган төгрөг, нийт 1097829,1 мянган төгрөгийн хэмжээгээр зээлийн өрийг төлүүлсэн. Гэтэл энэхүү гүйлгээг татварын улсын байцаагч нар нэмүү өртөг бий болгосон гэж үзэн 109782,9 мянган төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, 329,3 мянган төгрөгийн хүү, 54891.5 мянган төгрөгийн торгууль, нийт 165003,7 мянган төгрөгийн акт тавьсныг бид дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө нь Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа биш. Зээлийн үйл ажиллагаа гэдэг нь тухайн банкны зээлийн бодлоготой уялдан зээлдэгчийн зүгээс банканд зээл олгохыг хүссэн өргөдөл өгснөөс эхлэн зээлийн төлбөрийг барагдуулж дуусах хүртэлх хугацааг хамрах үйл явц юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т ...Зээлдэгч буюу түүний батлан даагчийн дансанд уг зээл, түүний хүүг төлөх мөнгөгүй бол... барьцаалсан бусад хөрөнгийг худалдаж төлүүлнэ... гэж зохицуулж өгсөн байгаа нь зээлийг зээлдэгчид олгохоос эхлээд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийг төлүүлж дуусгах хүртэл үйл ажиллагаа нь бүхэлдээ зээл олгох үйл ажиллагааны процесс ажиллагаа бөгөөд ашиг орлого олж буй үйлдэл биш, зөвхөн өөрийн бусдад шилжүүлсэн хөрөнгөө буцаан авч байгаа хэлбэр гэж үзэж, татвар ногдуулж байгааг зарчмын хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.
Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т ...Банк ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. Зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа энэ заалтад хамаарахгүй... мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т ...Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа түүний ногдох ашгийн гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох... мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлөгдөх боломжгүй болсон зээлийн барьцаа хөрөнгийг сайн, муу аль ч байлаа гэсэн банк хохирол хүлээх үүднээс шилжүүлэн авахаас өөр аргагүй байдалд ордог тул тухайн барьцаа хөрөнгүүдийг шилжүүлэн авч улмаар ашиг олох зорилгогүйгээр зээлийн дүнгээр бусдад худалдан борлуулж, олсон мөнгөн хэлбэрээр хаадаг нь дансны бичилтээр тодорхой харагдана.
Монгол банкны Ерөнхийлөгчийн 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 549 дүгээр тушаалаар баталсан Банкны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх журамд үндсэн хөрөнгө гэж ...ажил үйлчилгээнд ашиглах, бусдад түрээслүүлэх, удирдлагын зорилгоор ашиглах үүднээс банкны эзэмшиж буй нэгээс дээш тайлангийн хугацааны туршид ашиглах хөрөнгийг 'өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө гэж зээл, хүүгийн төлбөр тооцоогоор бусдаас өмчлөн авсан, худалдан борлуулах зориулалттай, банкны үйл ажиллагаанд хамааралгүй үл хөдлөх хөрөнгийг хэлнэ... гэж тус тусад нь тогтоосон тул эдгээр эд хөрөнгө хоорондоо ялгаатай байна. Зөвхөн зээлийн төлбөрийг барагдуулах зээлийн орчлын үйл ажиллагаа юм. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөнөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй... бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулсан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг... эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлэхээр тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д банк нь зээл-ийн үйл ажиллагааг эрхлэхийг зөвшөөрч, харин 7 дугаар зүйлийн 7.1-д банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хоригложээ.
Банк барьцааны гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор буюу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлж чадахгүй тохиолдолд хэрэгжүүлэхээр байгуулагддагаас бус барьцаа хөрөнгийг өөрт шилжүүлэн авах, цааш нь түүнийг худалдах болон бусад хэлбэрээр ашиглаж ашиг олох зорилго байдаггүй. Тиймээс ч Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д банкны хориглох үйл ажиллагаанд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа хамааралгүй байхаар заасан.
Эндээс дүгнэхэд бусдад зээлдүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан бий болгохын тулд барьцаа хөрөнгийг нэр дээрээ түр шилжүүлж, улмаар түүнийг худалдан борлуулах замаар зээлийн төлбөрийг барагдуулж байгаа банкны үйл ажиллагааг түүний хуулиар эрхлэхийг зөвшөөрсөн зээл-ийн үйлчилгээнээс тусад нь салгаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бараа борлуулсан гэдэгт хамруулж, тухайн татварыг ногдуулсан нь үндэслэлгүй юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн татвар ногдох ажил үйлчилгээ биш. Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т ...Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна... гэж заасан нь арилжааны шинжтэй бараа үйлчилгээг хамруулах агуулгатай болохоос зээлийн орчлын үйл ажиллагаанд Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үндэслэлгүй. Зөвхөн зээлийн үйл ажиллагааны үргэлжлэл болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4-т заасны дагуу зээлийн барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийн зээлийн төлбөрт банканд шилжүүлэн өгсөн зээлдэгч тал нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д ...орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсан орлого... мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д ...урьдчилгаа зээл олгох үйл ажиллагаа ... нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн чөлөөлөлтөд хамрагдаж байгаа тул банкны барьцаанд буй хөрөнгө нь орон сууцны зориулалттай тул Нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлтөд хамрагдана.
Банк 2010 онд нийт 1042829,1 төгрөгийн хөрөнгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэснээс 1042829,1 төгрөгийн хөрөнгийг 1042829,1 төгрөгөөр борлуулж, 1042829,1 төгрөгийн муу зээлийн өрийн үлдэгдэл, 2011 онд нийт 55000,0 мянган төгрөгийн хөрөнгийг 55000,0 мянган төгрөгөөр борлуулж, 55000,0 мянган төгрөгийн муу зээлийн өрийн үлдэгдэл төлүүлсэн. Энэ нь арилжааны шинжтэй үйл ажиллагаа бус зээлийн төлбөрийг барагдуулах үйл ажиллагаа гэдгийг харуулж байна. Алдагдалтай байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж байхад ашиг олсон гэж Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, компанид учирсан хохирлыг улам нэмэгдүүлж байна.
Уг акттай холбоотой Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч “Т” ХХК-ийн гомдлын тухай 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 52 тоот тогтоол гаргаж, улсын байцаагч нарын 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2100209 тоот актыг хэвээр үлдээсэн. Бид Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.
“Т” ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01/1-2012-13 тоот албан бичгээр 2010 оноос 2011 оны алдагдлыг баталгаажуулах хүсэлтийг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт хүргүүлсний дагуу тус шалгалтыг хийсэн бөгөөд татварын улсын байцаагч нар зорилгоосоо гажин хяналтыг хэрэгжүүлж, үндэслэлгүйгээр татвар ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзахдаа: ...Тээвэр хөгжлийн банк нь Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдуулан 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2100209 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Дээр дурдсан улсын байцаагчийн актын 1 дэх заалт буюу Тээвэр хөгжлийн банкны 2011 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын байцаагчийн 784684.6 мянган төгрөгийн алдагдлыг баталгаажуулсантай холбогдуулсан ямар нэгэн маргаан байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгээс нь татгалзаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Л.Б нар нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд хариуцагч татварын улсын байцаагч П.Д, Л.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар тус тус гаргасан тайлбартаа: ...”Т” ХХК-ийн 2010 оноос 2011 оны татварын ногдуулалт төлөлтийн байдлыг Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Л.Б нар шалгасан.
Уг компанид шалгалтаар 2010 онд Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого 1042829,1 мянган төгрөг, 2011 онд 55000,0 мянган төгрөг нийт 1097829,1 мянган төгрөгийн орлогод Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд 1097829,1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан. Банкны нэр дээр үндсэн хөрөнгийн гэрчилгээтэй үндсэн хөрөнгийг бусдад худалдан борлуулахдаа Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй 1097829,1 мянган төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т ...Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна..., мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна..., мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т ...Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа..., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т ... бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг... гэсэн заалтуудыг зөрчсөн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.2-т ...Мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай банкны үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр... заасан. Харин зээл төлүүлэхтэй холбоотой хөрөнгө борлуулсны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүйгээр хуульчилсан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д ...урьдчилгаа, зээл олгох үйлчилгээ...-нд дээрх үндсэн хөрөнгө бусад хөрөнгө борлуулсны орлогыг хамруулж, чөлөөлүүлэх үндэслэлгүй юм. Банк нь тусгай зөвшөөрөл бүхий зээл олгох үйлчилгээ эрхэлдэг бизнесийн аж ахуйн нэгж бөгөөд хүүгийн орлого нь түүний үндсэн орлого болдог. Зээлийн харилцаанаас үүдэн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн төлбөрийг барагдуулах ажиллагааг татварын зорилгоор ойлгохдоо зээлийн үйлчилгээ хэмээн үзэж, тооцон татвар ногдуулан төлүүлэх Монгол Улсын татварын хууль тогтоомж байхгүй тул татварын хууль тогтоомжид зааснаар үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан гэж үзэн татвар ногдуулж төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2100209 дүгээр актын тогтоох хэсгийн 2-ын ...2010-2011 онд өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө худалдсаны 1,097,829.1 мянган төгрөгийн орлого-д 109,782.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 329.3 мянган төгрөгийн хүү, 54,891.5 мянган төгрөгийн торгууль ногдуулсныг хүчингүй болгосугай. 1,097,829.1 мянган төгрөгийн орлого-д 109,782.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 329.3 мянган төгрөгийн хүү, 54,891.5 мянган төгрөгийн торгууль ногдуулсныг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А давж заалдах гомдолдоо: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Л.Б нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 106 дугаар шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт шинжлэн судлалгүйгээр уг шийдвэрийг гаргасан нь дор дурдсан үндэслэлээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх нь Зээл төлүүлэх харилцаа нь НӨАТтХ-ийн 13.6.5-т заасан зээл олгох үйлчилгээ-нд хамаарна гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэсэн зохицуулалтаас үзвэл зээл олгох үйлчилгээ нь зээлийн дансанд зээлийн гүйлгээ орсноор дуусгавар болсон байна.
Зээл төлүүлэх үйл ажиллагаа нь уг зээл-тэй холбогдон үүсэж буй хэдий ч НӨАТТХ-ийн 13.6.5-д зээл олгох үйл ажиллагааг тухайлан зааж татвараас чөлөөлөхөөр, харин зээл төлүүлэхтэй холбогдож үүсэх аливаа гүйлгээг уг татвараас чөлөөлөх талаар зохицуулаагүй байна.
Банкны зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор өмчлөх, улмаар худалдах үйл ажиллагаа нь ашиг олох зорилгоор эрхлэх хориглосон үйл ажиллагаанд хамаарахгүй байх бөгөөд төлбөр ногдуулсан буюу 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 210209 дүгээр акт нь хуулиар хориглоогүй дээрх үйл ажиллагаанд НӨАТТХ-ийн 7.1.1-д зааснаар татвар ногдох ёстой гэж үзсэн бөгөөд уг хуулийн заалтад борлуулалтын зорилго, агуулгаас үл хамааран Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа-нд НӨАТ ногдуулахаар заасан байх тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 106 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Л.Б, П.Д нарын 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 210209 дүгээр Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар нэхэмжлэгч “Т” ХХК-д 109,782.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 329.3 мянган төгрөгийн хүү, 54,891.5 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Өмчлөх бус үл хөдлөх хөрөнгө борлуулсны 1,042,829.1 мянган төгрөг, 2011 онд 55,000.0 мянган төгрөг нийт 1,097,829.1 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна, ... 4.1-д бараа гэж мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг гэж заасныг зөрчсөн ... гэх үндэслэл зааж, нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын зорилго нь нэмүү өртөг бий болгоход оршино. Өөрөөр хэлбэл,бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нь тухай бүрд бий болсон нэмүү өртгийн хэмжээгээр татварыг төлдөг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5 дахь хэсэгт зааснаар зээл олгох үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч “Т” ХХК бусдад олгосон зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, худалдан зээлийн үүргийг хангуулсан байх ба энэ нь ашиг олох зорилгоор бус, зээл төлүүлэхэд чиглэгдсэн байхад хариуцагчаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа гэдэгт хамааруулан үзэж, барьцааны хөрөнгийг борлуулсан орлогод татвар ногдуулсан нь хуульд нийцээгүй байна.
Хариуцагчаас зээл олгох үйлчилгээ нь зээлийн дансанд гүйлгээ орсноор дуусгавар болсон байна гэж маргаж байгаа боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт зээл олгох, буцаан төлүүлэх харилцааг бүхэлд нь зохицуулсан байхад зээлийн үйл ажиллагааг зөвхөн зээлдэгчийн дансанд гүйлгээ орсноор хязгаарлаж болохгүй юм.
Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй. гэж заасны дагуу “Т” ХХК-ийг ашиг олох зорилгоор үл хөдлөх хөрөнгө борлуулахыг хуулиар хориглосон байх ба нэхэмжлэгчийн өмчлөх бус эд хөрөнгө борлуулсан үйл ажиллагаа нь хэлбэрийн хувьд бараа борлуулсан мэт боловч зээл, зээлийн хүү, алдангийг төлүүлэх үйл ажиллагаанд хамаарч байна.
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Анхан шатны шүүх Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 210209 дүгээр актын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 2100209 гэж алдаатай бичсэнийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ