Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1930

 

Т.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01307 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Дуламсүрэнгийн, Ц.Бямбацэрэнд холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 51 099 720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Ц.Бямбацэрэн, хариуцагчийн өмгөөлөгч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Дуламсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т.Дуламсүрэнгийн худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг “Акуа” ХХК-ийн харьяа Дэнжийн-1000 худалдааны төвийн 55 дугаартай павилионыг хариуцагч Ц.Бямбацэрэн түрээсэлж, үйл ажиллагаа явуулдаг. Талууд 2013 оноос хамтран ажиллаж ирсний дагуу тодорхой хэмжээний барааг зээлээр болон бэлэн мөнгөөр авдаг, өнөөдрийг хүртэл энэхүү харилцаа нь үргэлжилж байна.

Талууд 2014 оноос хойш авсан барааны үлдэгдэлд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн боловч, тооцоо нийлэхдээ гарын үсэг зурсан баримт үйлдээгүй. Гэхдээ өөр, өөрсдийн хар дэвтэр дээр энэхүү тооцоо нийлсэн тухайгаа тэмдэглэж, тооцоо нийлэхдээ 36 957 980 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ тохиролцсон. Үүнээс хойш талууд барааны төлбөрийг бэлэн өгч авалцахаар тохиролцсон.

2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бараа авахдаа төлбөрөө бэлэн өгч байсан, мөн дараа төлөх нөхцөлтэйгөөр бараа авч байсан. 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд нийт авсан барааны үнэ 94 734 740 төгрөг, үүнээс 79 740 000 төгрөгийг хүлээн авсан. Өмнөх үлдэгдэл 36 957 980 төгрөгт үлдэгдэл барааны үнэ 14 994 700 төгрөгийг нэмж тооцоход 51 952 720 төгрөг болж байгаа бөгөөд хариуцагч Ц.Бямбацэрэнд удаа дараа төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Талуудын хооронд үл ойлголцох нөхцөл байдал бий болж, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд тооцоо нийлсэн актаар 51 952 720 төгрөгийн үнийн дүнд тооцоо нийлсэн.

Хариуцагч тооцоо нийлэх явцад нэхэмжлэгчээс авсан нийт барааны үнийн дүнд маргаагүй бөгөөд төлсөн гэх 16 800 000 төгрөг, н.Ариунтуулд өгсөн гэх 4 650 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөгийг нэхэмжлэгч аваагүй. Өөрөөр хэлбэл н.Ариунтуулын данс руу шилжүүлсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Эдгээр хүмүүсийн хооронд ямар тооцоо байгааг нэхэмжлэгч мэдэхгүй. Бэлнээр 16 800 000 төгрөгийг аваагүй. Авсан бол хар дэвтэр дээр бичигдсэн байх ёстой.

Мөн нэхэмжлэгч зээлийн хүү гэж авч байгаагүй, зээлээр өгсөн барааны мөнгөө авч байсан. 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр талууд тооцоо нийлсэн ба 198 397 720 төгрөгийн бараа авсан тухайд маргаагүй. Нэхэмжлэгч нь нийлүүлсэн 198 397 720 төгрөгийн барааны төлбөрөөс дансаар 43 250 000 төгрөг, бэлнээр 114 050 000 төгрөг авсан. Үлдэгдэл 41 097 720 төгрөгт өмнөх барааны үлдэгдэл 10 000 000 төгрөгийг нэмээд 51 952 720 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжилж байгаа 51 952 720 төгрөгөөс давхцсан барааны үнэ 853 000 төгрөгийг хасч, энэ үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 51 099 720 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Бямбацэрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэрэгт өөрийнхөө хөтөлж байсан хар дэвтрийг гаргаж өгсөн. 2014 оны эхний тооцоогоор 10 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. 10 000 000 төгрөг нь нэхэмжилж байгаа 36 000 000 төгрөгт орж тооцогдоно. Шүүхэд ирж талууд тооцоо нийлсэн бөгөөд нийлүүлсэн барааны үнэ 201 806 720 төгрөгөөс Т.Дуламсүрэнгийн нийлүүлээгүй бараа болох 902 600 төгрөгийг хассан ба зөрүү мөнгө болох 6 590 870 төгрөгийг хассан. Ингээд нийт нийлүүлсэн барааны үнэ 194 313 250 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Т.Дуламсүрэнд бэлнээр 124 310 000 төгрөг, дансаар 43 250 000 төгрөг, н.Ариунтуулын дансаар 2 400 000 төгрөг, н.Ариунтуулд бэлнээр н 2 250 000 төгрөг, Т.Дуламсүрэнд 16 800 000 төгрөгийг тус тус төлсөн. Би энэ их мөнгөөр түүнийг луйвардахыг хүсэхгүй. Түүний өгсөн мөнгөнүүд миний хар дэвтэр дээр бичигдсэн. Гэвч гарын үсэг зураагүй нь миний буруу. Би н.Ариунтуулыг танихгүй, мөнгө түүнээс аваагүй. Т.Дуламсүрэн нь н.Ариунтуулын дансанд мөнгө хий гэж дансыг нь өгсөн болохоор уг дансанд мөнгийг хийж, мөн бэлнээр өгч байсан.

н.Ариунтуулын дансанд нийт 2 250 000 төгрөгийг хийсэн. Бусад мөнгө нь миний дэвтэрт бичигдсэн. Миний хар дэвтрийн 49 дүгээр нүүрэнд 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, дэвтрийн 83 дугаар хуудсанд 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1 500 000 төгрөг, 75 дугаар хуудсанд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500 000 төгрөг, 76 дугаар хуудсанд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1 500 000 төгрөг, 88 дугаар хуудсанд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус өгсөн гэж тэмдэглэгдсэн байна.

2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөгийг н.Ариунтуулын данс руу, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1 250 000 төгрөгийг н.Ариунтуулын данс руу, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 650 000 төгрөгийг н.Ариунтуулын данс руу, Т.Дуламсүрэнд өгсөн мөнгө хар дэвтрийн 187 дугаар хуудсанд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 800 000 төгрөг өгсөн гэж тэмдэглэгдсэн байна. Дэвтрийн 190 дүгээр хуудсанд бичигдсэнээр 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг н.Тунгаад өгсөн байдаг. Хар дэвтрийн 190 дүгээр хуудсанд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Т.Дуламсүрэнд өөрт нь 1 000 000 төгрөг өгсөн. Дэвтрийн 190 дүгээр хуудсанд 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр н.Оюунаад 1 000 000 төгрөг, 185 дугаар хуудсанд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 8 280 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1 250 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр н.Ариунтуулд 1 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Дэвтрийн 171 дүгээр хуудсанд 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 500 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 600 000 төгрөг, нийт 16 800 000 төгрөгийг өгсөн.

Дээрх мөнгийг нэмбэл нийт 21 450 000 төгрөгийг өгсөн. Би шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгч байна. Би 198 397 720 төгрөгөөс 189 010 000 төгрөг төлсөн учраас үүнийг хасч тооцно уу гэв.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бямбацэрэнгээс 33 514 720 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Дуламсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 585 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Дуламсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бямбацэрэнгээс 325 523 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.Дуламсүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Бямбацэрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчтэй 2014 оны 7 сард тооцоо нийлж, барааны үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөг гэдэгт талууд хоорондоо тохиролцсон. 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 400 000 төгрөг, 800 000 төгрөгийн барааг /4 дүгээр нүүр/, мөн оны 02 дугаар сарын 27-ны өдөр 397 000 төгрөгийн барааг, 3 дугаар сарын 01-ний өдөр 4 037 700 төгрөгийн барааг, мөн ямар нэгэн он сар бичээгүй боловч 1 164 000 төгрөгийн барааг, нийт 5 999 500 төгрөгийн барааг аваагүй болно. 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 184 800 төгрөгөөр /2 дугаар нүүрэнд/, 5 дугаар сарын 15-ны өдөр 280 000 төгрөгөөр /4 дүгээр нүүр/, 5 дугаар сарын 21-ний өдөр 73 600 төгрөгөөр /6 дугаар нүүр/, 6 дугаар сарын 03-ны өдөр 73 200 төгрөгөөр /9 дүгээр нүүр/, 6 дугаар сарын 09-ний өдөр 111 000 төгрөгөөр /12 дугаар нүүр/, 6 дугаар сарын 27-ны өдөр барааг 59 000 төгрөгөөр /19 дүгээр нүүр/, 7 дугаар сарын 05-ны өдөр барааг 35 000 төгрөгөөр /21 дүгээр нүүр/, 7 дугаар сарын 27-ны өдөр барааг 18 000 төгрөгөөр /26 дугаар нүүр/, 7 дугаар сарын 31-ний өдөр барааг 50 000 төгрөгөөр /27 дугаар нүүр/, нийт 884 600 төгрөгийг нэмж, зөрүүтэй бодсон. Нийт 6 884 100 төгрөгийн зөрүүг өмнөх үлдэгдэл болох 10 000 000 төгрөгөөс хасаж өгнө үү. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, мөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус бүр 500 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг /49-50 дугаар нүүр/, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 02 дугаар сарын 18-ны өдөр тус бүр нийт 1 000 000 төгрөг /50 дугаар нүүр/, 3 дугаар сарын 13-ны өдөр, 20-ны өдрүүдэд тус бүр 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөг /50 дугаар нүүр/, мөн оны 4 сард нийт 1 500 000 төгрөг, 5 дугаар сарын 08-ны өдөр 1 500 000 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдөр 500 000 төгрөг, 6 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн өдөр 500 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөг, 6 дугаар сарын 22-ны өдөр 400 000 төгрөгийг тус тус өгсөн бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн тооцооны дэвтрийн 107 дугаар хуудсанд бичигдсэн. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд Т.Дуламсүрэнд өгсөн мөнгө, тоо ширхэг, цаг хугацааны хувьд бүрэн тохирч байна. 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 900 000 төгрөг /184 дүгээр нүүр/, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 250 000 төгрөг дээр 250 000 төгрөгийг нэмж нийт 500 000 төгрөг /171 дүгээр нүүр/, мөн энэ сарын 9-10-ны өдрүүдэд 600 000 төгрөгийг өгсөн /171 дүгээр нүүр/ боловч аваагүй гэдэг.

Иймд нийт 9 400 000 төгрөг /107 дугаар нүүр/, 2 000 000 төгрөг /184, 171 дүгээр нүүр/, нийт 11 400 000 төгрөгийг нэхэмжлэгч хүүнд тооцож авсан.

Талуудын хэн аль нь шүүхэд нотлох баримтыг хуулийн шаардлага хангаж гаргаагүй боловч зөвхөн хариуцагчийн зүгээс би аваагүй гэх тайлбарыг хүлээн авч, миний өгсөн мөнгийг өөрийнхөө тооцооны дэвтрээс цаг хугацаа, үнийн дүнгээр нь гарган, улмаар нэхэмжлэгчийн тооцооны дэвтрийн 107 дахь хуудастай тохируулж тайлбарласан. Би нийт 189 010 000 төгрөгийг төлсөн учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Дуламсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа худалдан авсан барааны төлбөрийг хариуцагчаас гаргуулах гэж тодорхойлсон. Гэвч шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлыг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайлбал, 8 280 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүүд төлсөн гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Талууд тооцоо нийлсэн акт болон хэрэгт авагдсан хар дэвтрээр 8 280 000 төгрөгийг тооцоо нийлсэн үнийн дүнд оруулж тооцсон. Мөн н.Ариунтуулд бэлэн болон дансаар өгсөн гэх 4 650 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл н.Ариунтуул болон хариуцагч нарын хооронд тооцоотой холбоотой мөнгө өгч, авч байсан үйл баримтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 12 930 000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Т.Дуламсүрэн нь хариуцагч Ц.Бямбацэрэнд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 099 720 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн 69-139, 146-150 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаас өмнө хариуцагчид танилцуулаагүй байна. Зохигчид худалдан авсан барааны үнийг төлсөн дүнгийн талаар маргаж, хэн аль нь худалдан авсан бараа, тооцооны баримт, банкны дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-69-139 дүгээр тал/ Шүүх хариуцагчид эдгээр баримтыг танилцуулаагүйгээс тэрээр хэрэгт авагдсан баримтуудыг няцаах, шинээр баримт гаргах, цуглуулах, улмаар шүүхэд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байх тул анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагчид танилцуулаагүй баримтыг үндэслэн хэргийн үйл баримтын талаар болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 830 төгрөгийг, мөн хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  

                       ШҮҮГЧИД                                            Д.БАЙГАЛМАА

                                   

                                                                                    Ч.ЦЭНД