Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 184

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: х тоотод оршин суух, х онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар х, З овогтой З-ын О-ийн нэхэмжлэлтэй,

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: хтоотод оршин суух, х онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар х, О овогт Б-ийн Б-ын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: х тоотод оршин суух, х онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар х, Б овогт П-ын Д,

       Хариуцагч: х тоотод оршин суух, х онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар х, А овогт Ц-ийн М нарт холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.000.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 2 дугаар сарын 14-нийөдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч З.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч П.Д, Ц.М нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн З.О-тэй уулзаж, 8 хувийн орон сууцны зээлд хамрагдахын тулд урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор 23.720.000 төгрөг зээлэхийг хүссэн. Ингээд З.О болон хариуцагч П.Д, Ц.М нар харилцан тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, З.О нь 23.720.000 төгрөгийг 9 сар 25 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдсэн юм. Зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан байгаа бөгөөд зээлийг эргэн төлөх хуваарь ёсоор 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээний үүргийг гүйцэтгэж дуусах ёстой байсан юм. Гэвч П.Д, Ц.М нар нь зээлийн гэрээний нийт үүргээс 16.720.000 төгрөгийг төлж, 7.000.000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй байна. П.Д, Ц.М нараас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3-д Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө, Иргэний хуулийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна, Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ. П.Д, Ц.М нар нь гэрээний хугацаа дууссанаас хойш одоо хүртэл үлдэгдэл зээл болох 7.000.000 төгрөгийг төлөхгүй 523 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч З.О нь 523 хоногийн алданги тооцохгүйгээр алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх Иргэний хуулийн заалтад нийцүүлж, хариуцагч нараас 7.000.000 төгрөгийн 50 хувь буюу 3.500.000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд П.Д, Ц.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Д бид хоёр З.О-ээс 23.720.000 төгрөгийн зээл аваад 16.720.000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 7.000.000 төгрөг үлдсэн байгаа нь үнэн. Энэ мөнгийг төлнө. Харин үндсэн мөнгөө ч төлж чадахгүй байгаа тул алданги болох 3.500.000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Бид хоёр удахгүй байраа зарах гэж байгаа. Гэхдээ манай байр засвар хийхгүй бол хүмүүс авахгүй байна гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч З.О нь хариуцагч П.Д, Ц.М нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.000.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг гаргажээ.

       Нэхэмжлэгч З.О, хариуцагч П.Д, Ц.М нар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 23.720.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5.720.000 төгрөг төлөхөөр, энэ хугацаанд хүүгүйгээр зээл олгохоор тохиролцсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

       Хариуцагч П.Д, Ц.М нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 16.720.000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба одоо зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.000.000 төгрөг үлдсэн байна.

      Зээлийн гэрээний 2.3-т Зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан ба нэхэмжлэгч З.О нь хугацаа хэтэрсэн хоног тутмын алдангид 3.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн, мөн хариуцагч П.Д, Ц.М нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутамд ногдох алданги төлөх үндэслэлтэй байна.

    Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч П.Д, Ц.М нараас нийт 10.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.О-т олгох үндэслэлтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй хэмээн заасан ба хариуцагч П.Д, Ц.М нар хариу тайлбар ирүүлээгүй болно.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д, Ц.М нараас 182.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.О-т олгох нь зүйтэй.

   Хариуцагч П.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч Б.Болормаа нар нь Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийн байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү, мөн хариуцагч Ц.М нь шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэж хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч П.Д, Ц.М нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.О-т олгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д, Ц.М нараас 182.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.О-т олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.БОЛОР