Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/161

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

Улсын яллагч У.Анхжаргал,

Иргэдийн төлөөлөгч Д.Хандсүрэн,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан овогт *******од холбогдох 2026000000143 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, Халзан овогт ******* /РД:*******/

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

  Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нагац ах *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зэвсгийн чанартай зүйл буюу заазуур хэрэглэн цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний зүүн дунд хэсэгт шарх, цус хуралт, зүүн хөх, хэвлий хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би барилга дээр ажил хийгээд цалингаа авчихаад цалингаараа 3 өдөр архи уусан. Тэгээд намайг олон өдөр архи уугаад дээрээс нь би олон өдөр архи ууж ирэх болгондоо л *******оос хэрүүл гуйгаад агсам тавьсан. Сүүлд нь бодоод байхад ******* миний олон өдөр агсам тавихыг тэвчихгүй л уурласан байх. Намайг ямар ч байсан гэрийн баруун талын орон дээр түлхээд унагах шиг болсон. Тэгээд гэрийн модон сандлаар толгой руу цохиод, мах идэж байсан заазуураар цээжинд зүсчихсэн. Тэгээд би цус гараад байсан л бүдэг бадаг санаад байгаа юм. Тэгээд хэсэг унтаж байгаад босоод ирсэн чинь цагдаа нар ирчихсэн эмч үзэж байсан. Тэр үедээ бол би юу болсон талаар санахгүй байснаа сүүлд нь бага багаар санаад байгаа. 2016 оны сүүлээр намайг нэг удаа бас зодож байсан. Тэр үедээ мөн хутгаар миний хоолойг зүсэж байсан. Тэрнээс өөрөөр бол намайг зодож цохиж байсан зүйл байхгүй. ******* бол эрүүл байсан. Би нилээн их архи уучихсан их согтуу байсан. Би олон өдөр дараалан архи ууж өдөр бүр агсам тавьсан. Мөн би архи уучихаараа хүнд хэрэгтэй, хэрэггүй үг хэлээд уурыг нь хүргээд байдаг муу зантай юм. Тэгээд уурлаад сүүлдээ тэвчихгүй л намайг зодож миний биед халдсан байх. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө л архи ууж ирчихээд олон юм ярьж залуу хүний уурыг хүргэж байж зодуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80 хуудас/, 

 

            Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү ******* над руу өөрийн ******* дугаарын утсаар залгаж ярихдаа аниа би ******* ахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Би дүүгээ юу яриад байгаа юм бэ? гэж хэлээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн үү гэхэд өгөөгүй гэсэн. Би юу яриад байгаа юм бэ гээд утсаа салгаад 102 руу залгаад манай дүү нагац ахыгаа хутгалчихлаа гэнэ гэж дуудлага өгсөн. Тэгээд мөн эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирээд ******* ахыг эмнэлэг рүү авч явсан. Дүү *******ыг цагдаа руу аваад явсан байсан. ******* нь нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй. ******* ах бол манай ээжийн төрсөн дүү байгаа юм. Манай дүүтэй хамт амьдардаг байсан. Архи их ууна. Архи уухаараа дэмий яриад унтдаггүй хүн байгаа юм. Архи уугаагүй үедээ бол дуугардаггүй. Манай дүү ******* нь сүүлийн үед их огцом ууртай болчихсон байсан. Буянцогт нь архи хааяа ууна, тамхи бол татдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/

 

   Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/,

 

             Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №265 дугаартай Үзүүлэгч *******ын биед цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний зүүн дунд хэсэгт шарх, цус хуралт, зүүн хөх, хэвлий хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний зүүн дунд хэсэгт үүссэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зүүн хөх, хэвлий хэсэгт үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Цээжний хөндий нэвтэрсэн шарх гэмтэл амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2026000000143 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-72 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1 хуудас/,

           

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5 хуудас/,

 

            Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-86-88 хуудас/,

           

            Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа /хх-109/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаартай тодорхойлолт /хх-ийн 56/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-68-69/ зэрэг болно.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд зэвсгийн чанартай зүйл буюу заазуур хэрэглэн хохирогч *******ын биед цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний зүүн дунд хэсэгт шарх, цус хуралт, зүүн хөх хэвлий хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд зэвсгийн чанартай зүйл буюу заазуур хэрэглэн хохирогч *******ын биед цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний зүүн дунд хэсэгт шарх, цус хуралт, зүүн хөх хэвлий хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан хохирогч *******ын /хх-79-80/, гэрч *******э /хх-12, 16/ нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 265 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-19-20/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-5/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-86-88/, улбар шар өнгийн будагтай модон сандал 1 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 83/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-72/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч ******* нь хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-29/ зэргээр тогтоогдож байна.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ял сонсгож,  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь нагац ах дүү болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч *******, хохирогч ******* /хх-79-80/, гэрч *******э /хх-12, 16/ нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа хэдий ч шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нагац ах *******ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх боломжгүй байна.

 

Учир нь хохирогч ******* нь архидан согтуурч  нагац дүү *******од удаа дараа агсам тавьсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Нагац ах ******* нь архидан согтуурч удаа дараа агсам тавьсны улмаас шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, хувийн таарамжгүй харьцааны улмаас нагац ах *******ын эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шинж нь  тогтоогдохгүй байна. 

 

            Иймд шүүгдэгч *******од Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүгдэгч Халзан овогт *******ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******од ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн  зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан гурван жил дөрвөн  сарын    хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн будагтай модон сандал 1 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг устгаж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,  давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 3.1, 3.2, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******од Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Халзан овгийн *******ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-т зааснаар шүүгдэгч Халзан овгийн *******ыг гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн будагтай модон сандал 1 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.