Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/167

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

Хохирогч *******,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Цорс овогт *******ид холбогдох эрүүгийн 2026000000154 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Цорс овогт ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд иргэн *******ийн биед тархи доргилт, цээжний баруун талд эгэмний гадна шугамаар 3.4.5 дугаар хавирганы хугарал, цус хуралт гэмтлийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...******* ах ямаа самнаж өгнө гээд хадмынхаас хонь аваад ямааг нь самнаж өгөхгүй байсан. Өмнө нь хэд хэдэн удаа очиж хэлэхэд ямаа самнаж өгнө гээд самнаж өгөөгүй. Тухайн өдөр хүний юм авчихаад яагаад чадахгүй гээд байгаа юм бэ гэхэд  чамд ямар ч  хамаагүй гэсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Гэрт нь унагаж, заамдсан асуудал байхгүй. Миний өөдөөс буу барьсан. Тус бууг угаалгын машины хойноос гаргаж ирэхээр эхнэр хүүхэд нь булаагаад авсан. Би тэгэхээр нь наад буу чинь хүн бууддаг буу юмуу? гэсэн. Тэгээд гэрт чинь хэрүүл хийгээд яршиг дээ гээд гэрээс гарсан. Гэрийн гадаа ******* ах миний эрүү лүү 2 удаа цохиод авахаар хавсарч унагаагаад өшиглөсөн. 191.424 төгрөг төлсөн. Нэхэмжилж байгаа мөнгийг шүүхийн гаргасан хэмжээгээр төлнө. Шууд төлөх боломжгүй” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 02-ны орой 5 цагт ******* нь гэрт ирж ор нурааж гадагшаа чирж  гаргаж өшиглөн хавирга хугалсан. Буу барьсан гэж худлаа ярьж байна. Миний бие өвдөөд болохгүй болохоор нь Өвөрхангай аймгийн эмнэлэгт арав хоног хэвтэж эмчээс бичиг хийлгэж сум руу явсан. Дараа нь хот явж томографикийн зураг авахуулсан чинь бичиг баримтыг нь мартчихаад 200.000 төгрөгөөр машин хөлслөн очиж бичиг баримтаа олж ирсэн. ******* эмнэлэгт хэвтсэний үнэ 191.424 төгрөг төлсөн нь үнэн. Одоо 1.063.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ..” гэв. 

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим ******* нь мотоцикльтойгоо манай гэрт орж ирээд та манай ямааг хэзээ самнаж өгөх гэж байна гэж хэлэхээр нь бид нар чамаас өмнө ярьж хөөрөөд самнаад өгчихдөг байсан юм гэж хэлтэл ******* намайг заамдаж аваад намайг баруун талын ор руу түлхэж унагаагаад чирээд гэрээс гаргаад миний цээж хэсэгт 2 удаа өшиглөсөн. Миний толгой хэсэг битүү хавдартай болсон байсан. Миний толгой руу цохисон эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэгээд ******* яваад өгсөн. Тэрнээс хойш орой 22 цагийн үед ******* таны бие гайгүй юу гээд ирсэн. Тус өдрийн 23 цагийн үеэс эхлээд миний бие өвдөөд эхэлсэн. Тэгээд би ******* руу залгаад миний бие өвдөөд байна. Чи Жаргалсайханыг аваад ирээч миний хавирга хотойсон юм шиг байна үзүүлэх гэсэн юм гэхэд шөнийн 01 цагийн үед Жаргалсайханыг аваад хүрээд ирсэн. Тэгээд үзүүлэхэд миний хавиргыг хотойсон байна гэсэн. Тэгэхээр нь би мориноос унаад хавиргаа эвгүй болгосон байна гэж хэлсэн. Би өмнө нь *******той ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. Манайхыг ямаа самнаж өгсөнгүй, хүүхдээ хонинд явуулсангүй гэж л зодсон байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..******* нь манай аав байгаа юм. ******* нь манай төрлийн эгчтэй сууж байгаа гэсэн. Би тухайн үед гэртээ байхгүй байсан. Хониндоо явчихаад ирэхэд манай аав ******* нь миний хавирга өвдөөд байна гэж хэлж байсан. ******* намайг зодчихлоо гэж байсан. Манай аав ******* нь эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,

Гэрч *******ий мөрдөн байцаалтанд өгсөн “...******* нь 2020  оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд манай гэрт ирээд та манай ямааг хэзээ самнаж өгөх гэж байна гэхэд манай нөхөр ******* манай банкны зээл төлөлт болох гээд байна хэд хоногоос самнаад өгье гэж хэлэхэд ******* манай нөхрийг заамдаж аваад гэрээс чирээд аваад гарсан. Тэгээд гэрийн гадаа манай нөхрийг ******* нь толгой хэсэгт нь цохиод байсан. Дараа нь газар унагачихсан цээж рүү нь өшиглөөд байхаар нь би болиоч гэтэл ******* та цаашаа бай танд хамаагүй гээд байхаар нь би айгаад гэртээ орсон. Тэгтэл Туваандорж ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд ******* гэрлүүгээ яваад өгсөн. Удалгүй ирээд манай нөхрөөс уучлалт гуйгаад байсан. Тухайн үед ******* надад хэлэхдээ уучилаарай би согтчихсон байна гэж хэлж байсан. Манай нөхөр 00 цагийн үед хавирга өвдөөд байна гэхээр нь би Даваадорж руу залгаад *******ийн бие өвдөөд байна ирээд үзүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгсэн удалгүй ******* Жаргалсайханыг авч ирээд үзүүлж хавирганд нь лент нааж өгсөн. Тэгээд манай нөхрийн өвчин нь дарагдахгүй байхаар нь өвчин намдаах эм өгч унтуулсан. *******ийн согтуу байсан эсэхийг мэдээгүй. Дараа нь өөрөө хэлэхдээ би согтуу байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

 

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би тухайн үед болсон асуудлын талаар огт мэдэхгүй. Намайг гэртээ байхад *******ийн хүүхэд ******* ирээд *******, манай аав хоёр зодолдоод болохгүй байна, та очоод салгаад өг гэхээр нь *******ийнд очтол зодолдохоо больчихсон ярилцаад сууж байсан. Тухайн үед ил харагдах шарх сорив харагдаагүй. Харин ******* хавирга өвдөөд байна гэж ярьж байсан. *******, ******* 2 эрүүл байх шиг байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын эхээр байх тэр өдөр би *******ийн гэрт эхнэр хүүхдээ авах гээд ирчихсэн сууж байтал ******* нь *******ийн мэнд мэдээд ороод ирсэн. ******* *******д хандаж та яагаад самнаж өгсөнгүй гэж хэлсэн чинь ******* манайх бас өнөөдөр ямаа самнаад зав гарсангүй танайд хэдэн ямаа үлдсэн юм гэж асуутал 20 гаран ямаа үлдсэн гэж ******* хэлсэн. Тэгээд ******* та нар хэдэн ямаа хэл дуугүй самнаад өгч чадах уу гэж хэлтэл. ******* хадам ээждээ хэдэн ямаа самнаж чадахгүй үхлээ юу гэж хэлээрэй гэж *******ид хэлсэн. Тэгсэн чинь ******* би заавал дамжуулах албатай юмуу гээд ширээн дээр байсан аягыг аваад црхих гэхээр нь би хориод аягыг нь булааж авсан. Тэгээд ******* баруун талын орон дээр сууж байсан *******ийг нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би салгатал ******* чамайг ч гэсэн ална шүү гэж хэлсэн. Тэгээд ******* ******* нар гэрээс гараад явсан. Би араас нь гартал гэрийн ойролцоо байх жалганы хажууд өөд өөдөөсөө харчихсан суугаад байсан. Тэгээд би *******д хандан би явлаа шүү гэж хэлтэл тэг тэг одоо гайгүй байх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/,

 

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 06 сарын эхээр байх би Ц.одгэрэлийн гэрт байтал ******* мэнд мэдээд орж ирсэн. ******* *******д хандаж та яагаад ямаа самнаж өгсөнгүй юм гэж хэлсэн чинь Ц.одгэрэл манайх бас өнөөдөр ямаа самнаад зав гарсангүй танайд хэдэн ямаа үлдсэн юм гэж асуутал 20 гаран ямаа үлдсэн шүү та нар хэдэн ямаа хэл дуугүй самнаад өгчихөөрэй гэгж хэлсэн. Тэгтэл ******* хадам ээждээ яасан сүртэй юм гэж хэлээрэй гэж *******ид  хэлсэн. Тэгсэн чинь ******* би дамжуулж өгдөг нь биш гээд *******ийг 2 удаа цохиод авсан. Тэгээд ******* *******ийг заамдаад гэрээс аваад гараад явсан. ...Гэр рүүгээ явах гээд гэрээс гарах үед ******* *******ийг газар унагаачихсан өшиглөөд байсан. Тэгээд том чулуугаар цохих гээд байхад нь Сугар ах чулууг булааж аваад салгаж байх шиг байсан. Эхлээд толгой руу нь 2 удаа гараараа цохисон. Тэгээд гэрийн гадаа *******ийг унагаачихсан өшиглөөд байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,

 

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн “...*******ийн биеийн байдал дунд, зовиур ихтэй. Толгой өвдөнө, толгой эргэнэ, цээж өвдөнө. Цээжний зүүн дээд хэсэгт хөхөрсөн, цээжний баруун талаар их эмзэглэлтэй байсан. Толгой зулай хэсэгт эмзэглэлтэй, хавантай байсан. Хавирганы зөрөө ихтэй, олон хугарал бол үзлэгээр тогтоогддог. Харин зөрөө багатай цөөхөн хавирганы хугарал нарийн багажны шинжилгээгээр тогтоогдоно. *******ийн баруун хавирганы 3, 4, 5-р хавирга хугарсан гэмтэл нарийн багажны шинжилгээгээр тогтоогдсон байна. Тухайн үед *******ийг үзэх үед цээжний хэсэгт маш их эмзэглэлтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,

 

Шинжээч С.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* гэх хүний биед үзлэг хийсэн. Үзлэгээр үзүүлэгч *******ийн цээжний зүүн дээд хэсэгт цус хуралттай, цээжинд шахалт хийж үзэхэд цээжний баруун хэсэгт эмзэглэлтэй, биеийн ерөнхий тэнцвэр алдсан, дагзны булчингийн хөшингө 1 хуруу илэрч байсан. Мөн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22-ний өдрийн 06 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлэгийн цээжний компьютер томографик, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн №3686 тоот өвчний түүхийг үндэслэж уг дүгнэлтийг гаргасан. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22-ний өдрийн 06 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлэгийн цээжний компьютер томографикийн шинжилгээний хариунд баруун талын 3,4,5-р хавирга, эгэмний гадна шугамаар хуучин зөрөөгүй хөндлөн хугаралттай бүрэн бус бороожилттой гэсэн дүгнэлт ирсэн. Уг хариунд 3,4,5 дугаар хавирга хуучин гэж бичигдсэн нь уг гэмтэл нь шинжилгээ хийлгэхээс 18 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Бүрэн бус бороожилттой гэсэн байгаа нь уг хугарал гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаагхаруулж байна. Цээжний баруун хэсэгт 3,4,5-р хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 130 дугаартай “...Үзүүлэгч *******ийн биед тархи доргилт, цээжний баруун талд эгэмний гадна шугамаар 3,4,5 дугаар хавирганы хугарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийг үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 12-13 хуудас/,

 

Шүүгдэгч Э.Даваадожийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 59-65, 68-69, 71-72, 75-86, 97-98, 100, 106-113 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-ийн 78 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улиастай” гэх газар иргэн *******ийн биед тархи доргилт, цээжний баруун талд эгэмний гадна шугамаар 3.4.5 дугаар хавирганы хугарал, цус хуралт гэмтлийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч *******ийн “...2020 оны 06 дугаар сарын 02-ны орой 5 цагт ******* нь гэрт ирж ор нурааж гадагшаа чирч гаргаж өшиглөн хавирга хугалсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд мэдүүлж хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч *******ийн  “...2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим ******* нь мотоцикльтойгоо манай гэрт орж ирээд та манай ямааг хэзээ самнаж өгөх гэж байна гэж хэлэхээр нь бид нар чамаас өмнө ярьж хөөрөөд самнаад өгчихдөг байсан юм гэж хэлтэл ******* намайг заамдаж аваад намайг баруун талын ор руу түлхэж унагаагаад чирээд гэрээс гаргаад миний цээж хэсэгт 2 удаа өшиглөсөн. Миний толгой хэсэг битүү хавдартай болсон байсан. Миний толгой руу цохисон эсэхийг сайн мэдэхгүй байна. тэгээд ******* яваад өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/, гэрч *******ийн “...Хониндоо явчихаад ирэхэд манай аав ******* нь миний хавирга өвдөөд байна гэж хэлж байсан. ******* намайг зодчихлоо гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, гэрч *******ий “...******* нь 2020  оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд манай гэрт ирээд та манай ямааг хэзээ самнаж өгөх гэж байна гэхэд манай нөхөр ******* манай банкны зээл төлөлт болох гээд байна хэд хоногоос самнаад өгье гэж хэлэхэд ******* манай нөхрийг заамдаж аваад гэрээс чирээд аваад гарсан. Тэгээд гэрийн гадаа манай нөхрийг ******* нь толгой хэсэгт нь цохиод байсан. Дараа нь газар унагачихсан цээж рүү нь өшиглөөд байхаар нь би болиоч гэтэл ******* та цаашаа бай танд хамаагүй гээд байхаар нь би айгаад гэртээ орсон. Тэгтэл Туваандорж ирээд тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч *******ийн “...Намайг гэртээ байхад *******ийн хүүхэд ******* ирээд *******, манай аав хоёр зодолдоод болохгүй байна, та очоод салгаад өг гэхээр нь *******ийнд очтол зодолдохоо больчихсон ярилцаад сууж байсан. ...Одгэрэл хавирга

 

өвдөөд байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/, гэрч *******ийн “...2020 оны 06 дугаар сарын эхээр байх тэр өдөр би *******ийн гэрт эхнэр хүүхдээ авах гээд ирчихсэн сууж байтал ******* нь *******ийн мэнд мэдээд ороод ирсэн. ...Тэгээд ******* баруун талын орон дээр сууж байсан *******ийг нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би салгатал ******* чамайг ч гэсэн ална шүү гэж хэлсэн. Тэгээд ******* ******* нар гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/, гэрч *******гийн “...2020 оны 06 сарын эхээр байх би *******ийн гэрт байтал ******* мэнд мэдээд орж ирсэн. ...Тэгсэн чинь ******* би дамжуулж өгдөг нь биш гээд *******ийг 2 удаа цохиод авсан. Тэгээд ******* *******ийг заамдаад гэрээс аваад гараад явсан. ..гэр рүүгээ явах гээд гэрээс гарах үед ******* *******ийг газар унагаачихсан өшиглөөд байсан. Тэгээд том чулуугаар цохих гээд байхад нь Сугар ах чулууг булааж аваад салгаж байх шиг байсан. Эхлээд толгой руу нь 2 удаа гараараа цохисон. Тэгээд гэрийн гадаа *******ийг унагаачихсан өшиглөөд байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/, гэрч ын “...*******ийн биеийн байдал дунд, зовиур ихтэй. Толгой өвдөнө, толгой эргэнэ, цээж өвдөнө. Цээжний зүүн дээд хэсэгт хөхөрсөн, цээжний баруун талаар их эмзэглэлтэй байсан. Толгой зулай хэсэгт эмзэглэлтэй, хавантай байсан. Хавирганы зөрөө ихтэй, олон хугарал бол үзлэгээр тогтоогддог. Харин зөрөө багатай цөөхөн хавирганы хугарал нарийн багажны шинжилгээгээр тогтоогдоно. *******ийн баруун хавирганы 3, 4, 5-р хавирга хугарсан гэмтэл нарийн багажны шинжилгээгээр тогтоогдсон байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/, хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 12-13/, шинжээч С.Хүрэлсүхийн “...Би 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* гэх хүний биед үзлэг хийсэн. Үзлэгээр үзүүлэгч *******ийн цээжний зүүн дээд хэсэгт цус хуралттай, цээжинд шахалт хийж үзэхэд цээжний баруун хэсэгт эмзэглэлтэй, биеийн ерөнхий тэнцвэр алдсан, дагзны булчингийн хөшингө 1 хуруу илэрч байсан. Мөн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22-ний өдрийн 06 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлэгийн цээжний компьютер томографик, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн №3686 тоот өвчний түүхийг үндэслэж уг дүгнэлтийг гаргасан. Цээжний баруун хэсэгт 3,4,5-р хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/ зэрэг болно.

Шүүгдэгч Цорс овогт *******ид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан...”  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт   “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг 90 хоногийн дотор… биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т “...энэ хуулийн 160.1-т заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтаны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж заасан байх тул  шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацаа заалгүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй байна.

  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компьютер томографийн CD 2 ширхэгийг хохирогч *******д буцаан олгохыг,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдах зүйтэй байна.

 

Хохирогч нь ******* нь гэм хорын хохиролд 1.063.000 төгрөгийн баримт гаргаж өгч нэхэмжилсэн.  Үүнээс автобусаар зорчсон билетийн үнэ 43.600 төгрөг, эм тариа, шинжилгээ хийлгэсний үнэ 317.200 төгрөг нийт 360.800 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжтой баримт гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 360.800 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. 

Харин “Эм гоо” ХХК-ны 135.000 төгрөгийн зарлагын баримт, хонь худалдж авсан гэх 250.000 төгрөгийн баримт, Улаанбаатар хот руу автомашин хөлсөлж явсаны зардал 250.000 төгрөг, Улаанбаатар хотоос жижиг тэргээр буцаж ирсэн зардал 50.000 төгрөг, карт 16.350 төгрөг гэх нийт 702.200 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлээс 702.200 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн.     

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргаж шүүхээс шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулж шүүгдэгч ******* нь энэ хугацаанд  хохирогч *******д 400.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирол хүлээлцсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

 

            Мөн шүүгдэгч *******ид мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******д 191.424 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч *******, шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Шүүгдэгч ******* нь хохирогч *******д нийт 591.424 төгрөг төлсөн. Хохирогчид баримтаар төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч ******* нь хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,  давж заалдах гомдол гаргасан буюу

 

эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цорс овогт *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цорс овогт *******ийг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 591424 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт  хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлөгдсөн, хохирогчийн нэхэмжлэлээс 702.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компьютер томографийн CD 2 ширхэгийг хохирогч *******д буцаан олгосугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолдтогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.