Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 192

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг, Чулуутын 17-13 тоотод оршин суух Х.Мийн нэхэмжлэлтэй, 

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, Төмөртэйн 7-3 тоотод оршин суух Э.Тт холбогдох

 

 эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01-р сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,  нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2014 онд Э.Ттай танилцаж, 2014 оны 03-р сард хүү Ирмүүнийг төрүүлсэн. Хүү Ирмүүн маань 2016 онд өвчний учир нас барсан. Тухайн үед би 7 сартай жирэмсэн байсан. 2016 оны 11-р сард хүү Амин-Эрдэнийг төрүүлсэн. Э.Т нь хүү Амин-Эрдэнийг төрүүлснээс хойш холбоо барихгүй, сураг тасарч, хүү бид хоёрыг орхиод явсан. Иймд хүү Амин-Эрдэнийн эцэг нь Э.Т мөн болохыг тогтоолгож, хуульд зааснаар хүү Амин-Эрдэнэд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Миний бие нь биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Улаанбаатар хотод Эх нялхасын төвд эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би Улаанбаатар хотод ШУТИС-ийн Уул уурхайн ангийн 4-р дамжаанд сурдаг юм. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учир шүүх хуралдааныг даруйхан хийж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Х.М нь хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Х.М, Э.Т нар нь 2013 оноос эхлэн дотно харьцаатай болж тэдний дундаас хүү Амин-Эрдэнэ 2016 онд төрж, эрүүл энх бойжиж байгаа ба хүү Амин-Эрдэнийн эцэг нь хариуцагч Э.Т мөн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, мөн  тэдний дундаас  хүү М.Амин-Эрдэнэ нь  2016 оны 11-р сарын 08-ны өдөр төрж, эрүүл энх бойжиж байгаа болох нь М.Амин-Эрдэнийн 2201000533 тоот төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Мөнхцэцэг овогтой Амин-Эрдэнийн эцэг нь Энхбаяр овогтой Түвшинбаяр мөн болохыг тогтоож, хариуцагч Э.Таар хүү Амин-Эрдэнийг тэжээн тэтгүүлж,  хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч Х.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Таас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Мт олгож, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1044000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29606 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2016 оны 11-р сарын 08-ны өдөр төрсөн Мөнхцэцэг овогтой Амин-Эрдэнийн эцэг нь Энхбаяр овогтой Түвшинбаяр мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 11-р сарын 08-ны өдөр төрсөн хүү Амин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Энхбаяр овогтой Түвшинбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан Х.М, Э.Т нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Таас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Мт олгож, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1044000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29606 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот тус тус оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.БОЛОРМАА