| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0624/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/668 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.М.О ,
Улсын яллагч Д.Агар,
Хохирогч М.О,
Шүүгдэгч Э.Л, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т овогт Э-ийн Л-д холбогдох 1811020550705 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Говь-Алтай аймгийн ........ суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........... дүүргийн 000 дугаар хороо, 00000 хотхон 0 дугаар байр 00 тоотод оршин сууж байгаа гэх, Баянзүрх дүүргийн 0000 дүгээр хороо, 0000 дугаар гудамж, 00 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 316А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Э.Л-д оногдуулсан нэмэгдэл болон үндсэн ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Э-ийн Л-, (РД:хх000000),
нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ...............дүүргийн 0 дугаар хороо, .............. 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:-М.О эгч бид хоёр 2016 оноос гэр бүлийн харилцаатай болсон. Тухайн өдөр М.О эгч миний хөлсөлдөг байранд орж ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд намайг хардаад агсам тавиад байхаар нь та амраад яв гэж хэлсэн. Цай хийж өгсөн чинь асгаад агсраад байхаар нь би 2-3 удаа түлхэж буйдан дээр суулгасан. Нийтийн байрны коридорт гараад орилоод байхаар нь би араас нь тэврээд гэртээ оруулсан. Би санаатай гэмтэл учруулаагүй, эмэгтэй хүн зоддог хүн би биш. Хүлээн зөвшөөрөхгүй, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Э.Л мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 15-ны орой харанхуй болсон байсан, тэр үед намайг гэртээ ганцаараа байж байхад надтай хамтран амьдардаг М.О нилээн согтуу байдалтай ирээд намайг янз бүрийн хүн амьтантай хардаад, агсам тавиад байхаар нь би тухайн үед хоол хийгээд түүнийг анзаарахгүй тоохгүй байгаад байсан чинь улам уурлаад, орилоод над руу дайраад ирэхээр нь би түүнийг хүзүү мөртэй нь хавсраад доош нь дараад суу гээд буйдан дээр суулгасан. Тэгсэн дахиад л уурлаад нийтийн байрны коридорт гараад орилоод байхаар нь би ор гээд хэлсэн чинь орохгүй байхаар нь би гараад гэр рүүгээ татаад оруулсан. Би 2 удаа буйдан дээр сууж бай гэж хэлээд буйдан руу дарж суулгасан тэгэхэд гүрээний судсан дээр нь дарсан байх гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.О мэдүүлэхдээ:-Би тухайн өдөр 3 дугаар хорооллын эцэст айлд очиж тэр айлын эгчтэй архи уусан. Тэгээд гэрээс нь гараад харих гэж яваад микроны тасалбар хураагчтай маргалдаад тэр уурандаа Э.Л-гийн гэрт улаан галзуу ууртай очсон. Э.Л надад цай аягалж өгөхөөр нь би шидсэн. Хоол хийж байсан шанагаар нь Э.Л-г цохисон. Гадаа бүдэрч унаад нүүр улайсан, тохой шалбарсан байх. Би болсон явдыг сайн санахгүй байгаа. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед би уулздаг залуу Л-ийн гэрт очсон. Тухайн үед би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Очих болсон шалтгаан нь Л урд өдөр нь хуучин танил Ц гэх эмэгтэйтэй хамт архи ууж хоносон байсан учир хардах сэтгэл төрөөд тэр асуудлаар нь хэрүүл хийх гээд, уусан байсан халуундаа яваад орчихсон. Тэр үед Лхагвасүрэн гэртээ ганцаараа ямар ч архи уусан шинжгүй гэрээ цэвэрлэчихсэн сууж байсан, би гэрт нь ороод, ул мөрөө сайхан цэвэрлээ шив дэ гээд үг хаяад хэрүүл эхэлсэн ба би, та 2 намайг бага дээрэлхээрэй гээд уурласан. Тэгэхэд Л ээ чааваас, ээ чааваас гээд намайг юм ярих болгонд тэгэж хэлээд намайг тавлаад байхаар нь миний уур хүрээд, надад аягалж өгсөн цайтай аягыг нь аваад, чи миний уурын хязгаарыг үзнэ гэлүү гээд цайтай аягыг нь аваад өөр рүү нь шидсэн санагдаж байна. Тэгтэл Л уурлаад над руу дайрсан, би нэг мэдэхэд газар дээшээ хараад уначихсан хэвтэж байсан. Л миний хоолойны гүрээний судсан дээр эрхий хуруугаараа дарчихсан байх шиг байсан ба би амьсгалж чадахаа болиод газар гараараа цохиод хариу үйлдэл үзүүлсэн. Тэгээд босч ирээд, би намайг хүн аллаа гээд орилоод тэр нийтийн байрных нь коридороор гүйгээд 2 айлын хаалгыг татаж үзэхэд цоожтой байсан. Тэгтэл Л намайг гараас татаад гэр рүүгээ оруулаад, намайг байрны айлуудын дунд шившиг болголоо гээд газар унагаасан ба би дахиад дээшээ хараад нөгөө талынхаа гүрээний судсан дээр даруулчихсан байсан гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.7.20-ны өдрийн ¹8783 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.М.О-ийн зүүн зовхи, дух, эрүү, хүзүү, баруун шуунд цус
хуралт, 2 тохойнд зулгаралт, зүүн шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцралт
гэмтэл тогтоодлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр
үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ............... дүүргийн 0дугаар хороо, ........... 00 тоотод М.О нь согтуугаар ирж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Л-г хардаж, хэрүүл маргаан үүсгэх үед шүүгдэгч Э.Л нь М.О-ийг диван руу 2-3 удаа түлхэж унагах, хүзүү, хоолой дээр нь хуруугаараа дарах, нийтийн байрны хонгилоос гэр рүүгээ татаж оруулахдаа хохирогчийн зүүн зовхи, дух, эрүү, хүзүү, баруун шуунд цус хуралт, 2 тохойнд зулгаралт, зүүн шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “...над руу дайраад ирэхээр нь би түүнийг хүзүү мөртэй нь хавсараад доош нь дараад суу гээд буйдан дээр суулгасан. Тэгсэн дахиад л уурлаад нийтийн байрны коридорт гараад орилоод байхаар нь би ор гээд хэлсэн чинь орохгүй байхаар нь би гараад гэр рүүгээ татаад оруулсан. Би 2 удаа буйдан дээр сууж бай гэж хэлээд буйдан руу дарж суулгасан, тэгэхэд гүрээний судсан дээр нь дарсан байх” гэх мэдүүлэг, хохирогчийн “…Л миний хоолойны гүрээний судсан дээр эрхий хуруугаараа дарчихсан байх шиг байсан ба би амьсгалж чадахаа болиод газар гараараа цохиод хариу үйлдэл үзүүлсэн, тэгээд босч ирээд би намайг хүн аллаа гээд орилоод тэр нийтийн байрных нь коридороор гүйгээд 2 айлын хаалгыг татаж үзэхэд цоожтой байсан. Тэгтэл Л намайг гараас татаад гэр рүүгээ оруулаад намайг байрны айлуудын дунд шившиг болголоо гээд газар унагаасан ба би дахиад дээшээ хараад нөгөө талынхаа гүрээний судсан дээр даруулчихсан байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.7.20-ны өдрийн ¹8783 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Т овогт Э-ийн Л-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэмт хэргийг санаатай үйлдээгүй хэмээн маргаж байгаа боловч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг санаатай, эсхүл болгоомжгүй байх гэм буруугийн хэлбэрийг тусгайлан заагаагүй тул түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг гэмт хэрэгт тооцсон болно.
Нөгөө талаар хохирогч нь өөрт учирсан гэмтлийг өөрөө согтуугаар унаж бэртсэнээс үүссэн байж болзошгүй гэж мэдүүлж байгаа боловч хохирогч М.О нь “2018.07.15-нд нөхөр Э.Л-д зодуулсан” гэх шалтгаанаар 2018 оны 7 дугаар сарын 16-нд өөрийн биеэр шүүх эмнэлэгт үзүүлж, шинжээчийн №8783 тоот дүгнэлт гарсан байх ба уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй талаар хэргийн оролцогч нараас маргаагүй болохыг дурдаж байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлтийг харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Т овогт Э-ийн Л-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-г 450 (дөрвөн зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ