Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2014/1009

 

2014 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 009

Улаанбаатар хот

 

Т.О-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэртэй, Т.О-н нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор,шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Т.О миний бие төрийн албан хаагчдын санаатайгаар үйлдсэн буруутай үйл ажиллагааны улмаас хохирч буй тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар захирамжийн иргэн Т.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж байна.

Т.О миний бие нь 2009 оны 03 дугаар сарын 15-ны аймгийн Засаг даргын 176 дугаар захирамжаар 080121047 дугаар бүхий 600 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Дархан-Уул аймгийн Дархан сумын одоогийн Өргөө баг /тухайн үед 4 дүгээр баг/-ийн 17 дугаар байрны баруун хойно сүү, сүүн бүтээгдэхүүний цехийн зориулалтаар эзэмшихдээ гэрээ байгуулан 0195900 дугаар гэрчилгээ авсан юм. Тус газрыг эзэмшиж буй хугацаанд газрын байршлын зурган дээр 9 газрын 10 хүний гарын үсэг зуруулж тамга тэмдэг даруулахаас эхлээд олон байгууллагын зөвшөөрөл, техникийн нөхцөл авч барилгын зураг зуруулах нь урт удаан хугацаа орохоос гадна эзэмшиж буй тус газарт үерийн ус орж газрыг эвддэг байсан төдийгүй өөр газар барилга барьж буй бусад компаниуд суурийн шороо болон барилгын хогоо авч ирж асгадаг төдийгүй иргэд ахуйн хэрэглээний хогоо ч хаядаг байсан юм. Ийнхүү байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалан газарт учруулсан хор хохирлыг тухайн жилүүдэд өөрийн хүч хөрөнгөөр тэгшилж цэвэрлэдэг байсан. Барилга бариулахаар гэрээ байгуулсан “Б” ХХК-ийн захирал Ц.Б 2012 онд нас барсан болохоор 2013 онд шинээр дахин өөр барилгын тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулан хавар дулаарахаар барилгаа эхлэхээр төлөвлөж байсан. Тэгтэл Т.О миний бие 2012 оны намраас Дархан-Уул болон нийслэлийн эмнэлгүүдээр шинжилгээнүүд өгч Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт 2013 оны 1 дүгээр сард хагалгаанд орж улмаар явахад хүндрэлтэй болон тухайн оны намар хүртэл буцаж очиж үзүүлдэг болсон. Ажиллах хүчин, техник тоног, төхөөрөмж сайтай барилгын тусгай зөвшөөрөлтэй компани Дархан-Уул аймгаас олоход хүндрэлтэй байсан болохоор 2014 оны өвөл судалж байгаад гэрээ байгуулан хавар дулаарахаар 4 ард барилга эхлэх төлөвлөгөөтэй байсан юм.

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2013 оны 09 дүгээр сарын 13-нд газар эзэмших гэрээ, гэрчилгээнийхээ хугацааг сунгуулахаар өргөдөл өгсөн ч тус газар нь дотоод журмынхаа дагуу 14 хоног хариуг бичгээр өгөлгүй 1 сар 5 хоногийн дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр газар зохион байгуулагч Б утасдаж “Таны өргөдөл над дээр ирсэн. Та барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, геологийн дүгнэлт, барилгын зургаа эх хувиар нь авч ирж үзүүлэх хэрэгтэй байна. Газар дээрээ барилга барьж эхлээгүй ч барилгын зургаа зуруулж, геологийн дүгнэлтээ гаргуулчихсан хүмүүсийг юм хийсэн гэж үзээд газрын гэрээ, гэрчилгээг нь сунгаж өгч байгаа” гэж хэлж байсан.

...Харин газрын гэрээ, гэрчилгээ сунгуулах өргөдлийн хариуг өгөхгүй байж байгаад 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр утсаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан тухай мэдэгдсэн.

Т.О миний эрхэлж буй сүү, сүүн бүтээгдэхүүний цехэд 10 гаруй хүн ажиллаж, гэр бүлийнхээ орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Манай сүүний цехийн байр хүрэлцээ муу тул 2 тусдаа байранд үйл ажиллагаа явуулж байгаа тул цехийнхээ байрыг барьж нэг дор ажиллуулах зайлшгүй шаардлагатай байна. Т.О миний бие газар дээрээ цехийн барилгаа үнэхээр барих гээд олон сая төгрөгөөр барилгын зургаа зуруулан геологийн дүгнэлт хийлгэж барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлөө авчхаад байгаагаа илэрхийлэн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2013 оны 09 дүгээр сарын 13-аас эхлэн өөрийн санаачилгаар удаа дараа өргөдөл өгч 2014 оны хавар барилгын ажлаа эхлэх тухай дурдаж байсан. Гэтэл амаар эсрэгээр нь хариу өгч улмаар 2014 оны ерөнхий төлөвлөгөөнд цэцэрлэг барихаар төлөвлөсөн гэсэн үг л хэлэхээс үнэхээр цэцэрлэг барихаар төлөвлөсөн тухай шийдвэр тогтоол юу ч үзүүлээгүй. Энэ нь төрийн нэр барьж иргэн Т.О намайг албан тушаал, эрх мэдлээрээ далимдуулан хохироож, хийх гэж буй ажлыг нь хийлгэхгүй цаг хугацаа хожин газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацааг дуусгавар болгон аймгийн Засаг даргын захирамжид оруулан эрхийг хүчингүй болгосон нь жирийн иргэн миний эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Анхнаасаа газрын гэрээ, гэрчилгээний хугацааг сунгахын тулд барилгын ажлаа эрхлүүлэх шаардлагатай тул техникийн нөхцөлүүдээ дахин авч барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө шинээр авах ёстой байсныг 2014 оны 4 дүгээр сарын дунд үед л газрын алба, аймгийн Засаг дарга С.Насанбаттай удаа дараа уулзан мухардалд орон сэтгэлээр унаж явахдаа ойлгосон ч газрын гэрээ, гэрчилгээний хугацаа дуусах хугацаа нэгэнт тулсан байсан.

Дээрх зөв гарцын талаар төрийн албан хаагч, Газрын албаны албан тушаалтнууд зөвлөж санал болголгүй шууд л хураана, хүчингүй болгоно гээд байсан нь төрийн албан хаагч нь иргэддээ үйлчлэх, зөвлөж туслах үүргээ биелүүлээгүй хийх гэж буй ажилд нь санаатайгаар саад учруулан төөрөгдүүлж цаг хугацаа хожиж улмаар санасандаа хүрч хохироосон гэж үзэж байна. Миний хувьд дээрх төрийн албан хаагчдыг өмнө нь таньдаггүй байсан ба тэдэнд ямар нэгэн муу зүйл хийгээгүй билээ” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн О нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг /хуучнаар 4 дүгээр баг/, 21 дүгээр хороололд 17 дугаар байрны хойд талд аймгийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 147 дугаар захирамжаар анх 900,0 м.кв газрыг 2 жилийн хугацаатай сүү, сүүн бүтээгдэхүүний цех барих газар олгогдсон.

2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 07 дугаар захирамжаар 900,0 м.кв газрыг 600,0 м.кв газар болгон өөрчилж сүү, сүүн бүтээгдэхүүний цех барих зориулалтаар газар эзэмших эрхийг сунгасан.

2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар захирамжаар 600,0 м.кв газрыг 2 жилийн хугацаатай сүү, сүүн бүтээгдэхүүний цех барих зориулалтаар газар эзэмших эрхийг сунгаж 080121047 дугаар нэгж талбарын дугаар бүхий газар, И-863 дугаар бүхий гэрээг байгуулах явцад газар эзэмших гэрээний хугацааг 2 жилээр шийдвэрлэсэн байтал газрын гэрээ гэрчилгээнд 5 жилээр бичилт хийн алдаа гаргасан байна.

Газар эзэмших гэрээний хугацаа албан ёсоор 2011 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дууссан байна.

1.      Иргэн Т.О нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчин аймгийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаар захирамжаар 600,0 м.кв газрыг 5 жилийн хугацаатай сүү, сүүн бүтээгдэхүүний цехийн зориулалтаар газар олголт хийсэн нь газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар олголт хийсэн.

2.      Иргэн Т.О нь анх газар олголт хийгдсэн өдрөөс хойш 9 жилийн хугацаанд газар эзэмших гэрээнийхээ үүргээ хангалтгүй биелүүлж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн зураг төслийн дагуу барилга угсралтын ажлаа эхлүүлээгүй.

3.      Аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл эс үйлдэхүйгээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль ус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж хуульчилсан тул бүрэн эрхийн хүрээнд 2014 оны 305 дугаар захирамжаар иргэн Т.О-н газар эзэмших эрхийг цуцалсан болно.

            Иймд, Т.О-н захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн Т.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн Т.О-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Т.О давж заалдах гомдолдоо: “Иргэн Т.О миний бие нь Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хурлын шийдвэрт “2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа дуусахад газар эзэмшигч Т.О нь дахин сунгуулах хүсэлт гаргаагүй нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар түүний газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл болжээ” гэсэн нь хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэж байна.

2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын албаны дарга З.М, мэргэжилтэн А.М, Б.М нар гэрээ, гэрчилгээ дээр таван жилийн хугацаанд хүчинтэй байна гэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Аймгийн Засаг даргын захирамж 2 жилээр гарсан гэж тухайн үедээ дээрх хүмүүсийн хэн ч надад хэлээгүй, шүүхийн өмнө хүчин төгөлдөр албан ёсны тамгатай захирамж ч өгөөгүй. Тиймээс миний бие шүүх хурал хүртэл таван жилийн хугацаатай гэж итгэж ажлаа төлөвлөн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусна гэж үзэж байсан. Яаж ч бодсон тэгж харагдахаар байгаа юм.

Үүнээс гадна анхан шатны шүүх хурал дээр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчсөн үйлдлийг авч хэлэлцээгүй, дутуу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь, Т.О миний бие 2013 оны 09 дүгээр сарын 13-нд өгсөн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлж чадалгүй удаа дараа ажлаа алдан байж араас нь хөөцөлдөж, шат шатанд нь өргөдөл гомдол бичин 2014 оны 02 дугаар сарын 17-нд ганц өгүүлбэртэй хариу өгөх мэдэгдлийг авсан. Хийх гэж байсан ажилд минь санаатайгаар хууль зөрчин саад учруулсан энэ үйлдэл нь баримтаар нотлогдсоор байхад үнэлээгүйд нь гомдолтой байна.

Мөн шүүх хурлын үеэр хариуцагчийн төлөөлөгч Ю.А нь 2014 оны 03 сард, 2009 оны 05 дугаар сарын 15-ы өдрийн аймгийн Засаг даргын захирамж 2 жилээр гарсан тухай мэдсэн гэдгээ хэлсэн. Тиймээс энэ нь нэгдүгээрт Т.О миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон төрийн байгууллагаас мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдийн улмаас миний бие нь Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 53 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Т.О миний бие нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцоно.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иргэн Т.О-ээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар захирамжийн иргэн Т.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлдээ “...миний бие тус газрыг эзэмшиж байх хугацаанд олон хүнээр гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулахаас эхлээд олон байгууллагын зөвшөөрөл авсан, мөн тухайн газарт үерийн ус ордог байснаас тухайн газрыг өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэдэг байсан, 2012 оны намраас өвдөж, хагалгаанд орж, улмаар явахад хүндрэлтэй байсан, барилга бариулахаар гэрээ байгуулсан компанийн захирал нас барсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаатай байсан, энэ байдлаа газрын албаны холбогдох албан тушаалтан, аймгийн Засаг даргад хандаж удаа дараа өргөдөл бичиж байсныг үл харгалзан миний газар эзэмших эрхийг цуцалсан нь жирийн иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байна...” хэмээн шүүхэд ханджээ.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Т.Од сүү, сүүн бүтээгдэхүүний цехийн зориулалтаар эзэмшүүлсэн Дархан-Уул аймгийн Өргөө баг, 17 дугаар байрны хойно байршилтай 600 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс хүчингүй болгохоор заасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Т.О-н нэхэмжлэлд дурдсан үндэслэл, газраа 2 жил ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдохгүй байхад маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, хариуцагчийн захирамж үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбартай холбогдуулан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй байна.

1. Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар бичиж олгосон тул миний бие тухайн хугацаанд ажлаа төлөвлөөд холбогдох зөвшөөрлүүдийг авсан, энэ талаар газрын албанд өргөдөл өгч байсан боловч хариу өгөөгүй, миний газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй, гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад аймгийн иргэдийн хурлын тогтоолоор миний хууль ёсоор эзэмшиж байсан газрыг бусдад эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан нь хууль бус гэж, харин хариуцагчийн төлөөлөгчөөс Засаг даргын санал ороогүй, иргэдийн саналын дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан гэж тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т аймгийн Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батална гэж заасантай нийцсэн эсэх, маргаж буй газрыг хүчингүй болгосон захирамж гаргаагүй байхад ямар үндэслэлээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар иргэдийн хуралд оруулсан, иргэдээс ямар санал гаргаж байсан талаар холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх,

мөн хариуцагч “2 жил дараалан ашиглаагүй” гэсэн хугацааг аль хугацаанд оруулж, нэхэмжлэгчийг эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь  тодорхойгүй байх тул энэ талаар хариуцагчаас нэхэмжлэгч Т.О-тэй байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг дүгнэж, газраа гэрээнд заасан зориулалтаар 2 жил ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зайлшгүй нөхцөл байдал бий болсон эсэхийг шалгаж тогтоосон эсэх, хэрэгт авагдсан “Сүүн сүүн бүтээгдэхүүний цех”-ийн зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд зэрэг баримтууд нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шинээр баригдах барилгын зураг төсөлд тавигдах шаардлагыг хангуулах ажлуудыг хийж гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэлтэй боловч эдгээрийг хэдий хугацаанд хийж гүйцэтгэсэн гэж үзэхмөн тухайн газарт үерийн ус ордог байснаас тухайн газрыг өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэдэг байсан эсэхийг шалгаж тодруулснаар нэхэмжлэгчийг эзэмшил газраа аль хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй эсэхэд дүгнэлт өгөх боломжтой болно.

Түүнчлэн нэхэмжлэгч Т.О эрх бүхий байгууллагаас 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 600 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулсан тул миний газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй гэж, хариуцагчаас 9 жилийн хугацаанд газраа ашиглаагүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл болсон гэж маргасан байхад шүүх нэхэмжлэгчийг 2005 оноос 2011 он хүртэл эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашигласан байна, харин гэрчилгээний хугацаа дууссан байхад Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар сунгуулах хүсэлт гаргаагүй нь газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл болжээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд өвчтэй байсан талаарх холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

                   ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

        ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ