| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/00453/и |
| Дугаар | 155/ШШ2018/00453 |
| Огноо | 2018-03-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2018/00453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1981 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөвсгөл ************************ удирдлагын хэлтсийн дарга ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** оршин суух, ************* дугаар регистртэй, Ж овогт Б-ны Б-ийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1982 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ****************** оршин суух, ************ дугаар регистртэй, А овогт Нгийн Мад холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2018/00273/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Н.М нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М бид хоёр 10 жилийн сургуульд байхдаа үерхэж эхэлсэн бөгөөд 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Энэ үеэс эхлэн хамтран амьдарсан ба бидний дундаас охин М.Ү 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, охин М.Э 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус төрсөн. Бидний дунд таарамжгүй харилцаа, үзэл бодол байгаагүй. Би 2012 онд удирдлагын академид суралцаж байх хугацаанд нөхөр Н.М нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, бид 2013 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Н.М нь одоо өөр хүнтэй хамтран амьдарч 1 хүүхэдтэй болсон тул бид цаашид эвлэрч, хамт амьдрах боломжгүй болсон. Одоо хүүхдүүд маань том болж байгаа тул эцгийнх туслалцаа шаардлагатай болж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулна, охин М.Ү, М.Э нарыг өөрийн асрамжид авч, эцэг Н.Маас хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Хариуцагч Н.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б бид хоёр 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсон, 2002 онд охин М.Ү, 2010 онд охин М.Э нар төрсөн. Бид 2013 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарсан бөгөөд одоо би хамтран амьдрагчтай, 1 хүүхэдтэй болсон тул цаашид эвлэрч амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулна, охин М.Ү, М.Э нарыг эх Б.Б-ийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна, хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Маас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2013 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, хариуцагч Н.М хамтран амьдрагчтай болсон, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2002 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь ПА №25 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр охин М.Ү, 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин М.Э нар төрсөн болох нь Г №75, №0404152-348 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин М.Ү, 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин М.Э нарыг эх Б.Б-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Н.Маас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд охин М.Ү, охин М.Э нар нь эцэг Н.Мтай хэдийд ч уулзах эрхтэй болно.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин М.Ү, 15 нас, 6 сар, 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин М.Э 7 нас, 8 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийг охин М.Үад сар бүр, Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг охин М.Эд сар бүр эцэг Н.М төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар М.Ү, М.Э нарт сар бүр төлөх нийт 273.900 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 3.286.800 төгрөг болж байна.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 68.796 төгрөг, бүгд 138.996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 138.996 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ************* овогт Б-ны Б, А овогт Нгийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин М.Ү, 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин М.Э нарыг эх Б.Б-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин М.Үыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин М.Эыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг Н.Маас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Н.М, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.Б нарт тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Маас 138.996 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА