Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/183

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор,

Шүүгдэгч Б.Уртнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сор овгийн Батсуурийн Уртнасанд холбогдох эрүүгийн 2026000000199 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: улсаас авсан гавьяа шагналгүй, урьд...Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 18- ны өдрийн 1/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 11- ний өдрийн 1/31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Сор овогт Батсуурийн Уртнасан, регистрийн дугаар ЖМ83091861.

 

Шүүгдэгч Б.Уртнасан нь согтуурсан үедээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Т.Төмөрбаатарын биед толгойн орой, зүүн хөмсөг хэсэгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлийг чулуугаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Уртнасан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч Т.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн үед би гэр рүүгээ явж байхад нэг танихгүй эмэгтэй хүн 2 жаахан хүүхэд дагуулчихсан намайг Уртнасан гэх айлд хүргээд өгөөч гэхээр нь “тэр айл чинь хаана байдаг юм” гэсэн чинь “ойрхон” байдаг гэсэн. Тэгээд би нэг хүүхдийг нь тэвэрч тухайн айлд очсон. Хүүхэн тал шил архи гаргаж ирээд тэрнийгээ хувааж уусан. Тэгээд нөгөө танихгүй хүүхэн Урнасантай хамт гараад нэг шил архи аваад ирсэн. Тэрнийг нь Уртнасан, Урнасангийн нөхөр, нөгөө танихгүй хүүхэн бид хэд уусан. Архиа дуусаад гарах гэтэл миний утсыг хүүхэд нь аваад оролдоод суугаад байхаар нь би “ахынхаа утсыг өгчих ах нь явах гэсэн юм” гэсэн чинь өгсөн. Тэгээд би утсаа аваад гарах гэсэн чинь Уртнасан миний араас ирээд “чи утсаа харамлаад байна уу чиний утсыг авахгүй шүү дээ” гээд надаас хэрүүл гуйгаад байсан. Тэгээд би гэрээс нь гараад явж байхад миний араас чулуу шидээд миний зүүн талын далны хэсэгт оносон. Тэгээд би утсаа газар унагчихаад газраас авах гэхэд миний утсыг булааж аваад “хуга дарчихна шүү” гэхээр нь “яах юм бэ болохгүй шүү дээ” гэсэн чинь миний утсыг газар шидсэн. Тэгэхээр нь би газраас утсаа авах гээд тонгойсон чинь миний нүүр рүү чулуу атгаж байсан гараараа цохисон.  Намайг хүүхдийг нь утсаараа тоглуулсангүй л гэж тэгсэн байх. Хоорондоо хэрүүл маргаан болсон зүйл байгаагүй. Хэн хэн согтуу архи уучихсан байсан. Нөгөө хамт байсан хүмүүс гэр дотор байсан байх гэж бодож байна. Уртнасан л миний араас гарч ирсэн байх. Би Уртнасанд гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Адъяахүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ бөөр нуруу өвдөөд хэвтэж байсан чинь орой 21 цагийн орчим Төмөрбаатар нэг хүүхэнтэй орж ирээд 1 шил архи авч ирсэнийгээ ууж байгаад танайд хоноод явчихъя гэхээр нь манай эхнэр Уртнасан Төмөрбаатарын өмнөөс “манайх ямар янхны ором юм уу” гээд хэрэлдсэн. Тэгээд Төмөрбаатарыг гараад явах гэхэд нь манай том хүү утсаар нь дуу сонсож байсан чинь утсаа авъя гэсэн юм шиг байна лээ.  Тэрнээс болоод л манай эхнэр Уртнасантай, Төмөрбаатар хэрүүл маргаан болоод гараад явсан. Тэгээд би нуруу бөөр өвдөөд гарч чадахгүй гэртээ хэвтээд үлдсэн юм. Хэсэг хугацааны дараа манай эхнэр орж ирэхдээ “Төмөрбаатарын толгойг хагалчихлаа одоо яанаа” гээд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд манай эхнэр Уртнасанг аваад явсан. ...Манайхаас гарахдаа манай хүүхдээс утсаа авах гэхэд нь манай эхнэр Уртнасан “чиний утсыг авчихвал гэж” уурласан. Тэрнээс болоод л гэрээс гараад хэрүүл маргаан болж манай эхнэр чулуугаар цохисон гэсэн. Би бол хараагүй. ...Гэр дотор манай том хүү У.Дөлгөөн, бага охин У.Ганцэцэг, Төмөрбаатар, мөн хамт ирсэн танихгүй хүүхэн нь байсан. Мөн манай эхнэр байсан. Яг гэрийн гадаа манай эхнэр Уртнасан Төмөрбаатарын толгойг чулуугаар цохих үед хэн хэн байсан талаар бол мэдэхгүй байсан. Хэн хэн нь архи уучихсан согтуу байсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Алтаншагайгийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “... 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай аав гэртээ 22 цаг өнгөрч байхад ирсэн. Гэртээ орж ирээд өнхрөөд унасан. Тэгээд би босгох гэтэл нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “хүн хүргэж өгчихөөд явах гэтэл утас авчихаад өгөхгүй байхаар нь, утсаа аваад гарсан чинь араас гарч ирээд чулуугаар аавыг нь зодчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би аавыг аваад тухайн айлд нь очиход 2 эмэгтэй хүн, 1 эрэгтэй хүн, 2 жаахан хүүхэд байсан. ...Уртнасан гээд байгаа хүн намайг гэрт нь очиход согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 392 дугаартай “...Үзүүлэгч Т.Төмөрбаатарын биед толгойн орой, зүүн хөмсөг хэсэгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Уртнасангийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 20/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 162 дугаартай тодорхойлолт  /хх-ийн 34/,

 

Шүүгдэгч Б.Уртнасангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Уртнасангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Уртнасан нь согтуурсан үедээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 23-21 тоотод иргэн Т.Төмөрбаатарыг чулуугаар цохиж түүний эрүүл мэндэд  толгойн орой, зүүн хөмсөг хэсэгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Т.Төмөрбаатарын “...Би гэрээс нь гараад явж байхад миний араас чулуу шидээд миний зүүн талын далны хэсэгт оносон. Тэгээд би утсаа газар унагчихаад газраас авах гэхэд миний утсыг булааж аваад хуга дарчихна шүү гэхээр нь “яах юм бэ болохгүй шүү дээ” гэсэн чинь миний утсыг газар шидсэн. Тэгэхээр нь би газраас утсаа авах гээд тонгойсон чинь миний нүүр рүү чулуу атгаж байсан гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Д.Адъяахүүгийн “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ бөөр нуруу өвдөөд хэвтэж байсан чинь орой 21 цагийн орчим Төмөрбаатар нэг хүүхэнтэй орж ирээд 1 шил архи авч ирсэнийгээ ууж байгаад танайд хоноод явчихъя гэхээр нь манай эхнэр Уртнасан Төмөрбаатарын өмнөөс “манайх ямар янхны ором юм уу” гээд хэрэлдсэн. Тэгээд Төмөрбаатарыг гараад явах гэхэд нь манай том хүү утсаар нь дуу сонсож байсан чинь утсаа авъя гэсэн юм шиг байна лээ. Тэгээд тэрнээс болоод л манай эхнэр Уртнасантай, Төмөрбаатар хэрүүл маргаан болоод гараад явсан.  Хэсэг хугацааны дараа манай эхнэр орж ирэхдээ “Төмөрбаатарын толгойг хагалчихлаа одоо яанаа” гээд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд манай эхнэр Уртнасанг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Т.Алтаншагайгийн  “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай аав гэртээ 22 цаг өнгөрч байхад ирсэн. ...Тэгээд би босгох гэтэл нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “хүн хүргэж өгчихөөд явах гэтэл утас авчихаад өгөхгүй байхаар нь, утсаа аваад гарсан чинь араас гарч ирээд чулуугаар аавыг нь зодчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би аавыг аваад тухайн айлд нь очиход 2 эмэгтэй хүн, 1 эрэгтэй хүн, 2 жаахан хүүхэд байсан. ...Уртнасан гээд байгаа хүн намайг гэрт нь очиход согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, хохирогч Т.Төмөрбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 392 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ болон   хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Уртнасан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Уртнасанд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч Б.Уртнасанд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүгдэгч Б.Уртнасанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Уртнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уртнасан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, 

 

    Шүүгдэгч Б.Уртнасан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Төмөрбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

    

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Уртнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэ ххэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сор овогт Батсуурийн Уртнасанг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Сор овогт Батсуурийн Уртнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Уртнасан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Уртнасан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уртнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолдтогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Уртнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.