Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 174

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг, Чулуутын 11-3 тоотод оршин суух, ЛЖ 89080802 регистртэй, Түмэн овогт Х.Бийн нэхэмжлэлтэй, 

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, Төмөртэйн 12-6 тоотод оршин суух, ЛЮ 77022010 регистртэй, Иш Буяндэлгэр овогт Д.Гэд холбогдох

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оноос эхлэн Д.Гтэй хамтран амьдарч, 2014 оны 04-р сарын 02-ны өдөр охин Анун мэндэлсэн. Гансүх бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч эцэг Гансүх  нь Ануныг өөрийн охин болохыг хүлээн зөвшөөрдөг болохоор охиноо эцгээр нь овоглож гэрчилгээг авсан. Гансүх бид хоёр 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Гансүх нь охинтойгоо уулздаггүй, охиноо хайхардаггүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй учир тус тусдаа амьдарч байгаа. Иймд хуульд зааснаар охин Анунд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Бийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Би Х.Бтэй 2013 онд танилцаж, үерхэж байсан. 2014 онд охин Анун мэндэлсэн. Болорчимэг бид хоёрын үзэл бодол таарахгүй байсан учраас хоёр тусдаа амьдарсан. Охин Анун нь миний хүүхэд мөн учраас хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Шүүх хуралдаан товлогдсон цагт шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийн материалтай танилцахгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учир шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Х.Б, Д.Г нар нь 2013 оноос эхлэн дотно харьцаатай болж, хамтран амьдарч, тэдний дундаас охин Г.Анун нь 2014 онд төрж, эрүүл энх бойжиж байгаа болох нь Гансүх овогтой Ануны 2201000178 тоот төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба хариуцагч Д.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбараа ирүүлсэн байх тул хариуцагч Д.Гээр охин Ануныг тэжээн тэтгүүлж,  хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1044000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29606 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 04-р сарын 02-ны өдөр төрсөн охин Г.Ануныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Дүгэржав овогтой Гансүхээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан Х.Б, Д.Г нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1044000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29606 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.БОЛОРМАА