| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2018/00400/И |
| Дугаар | 02 |
| Огноо | 2017-12-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 02
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Усны аж ахуйн орон сууцны 6-1-3 тоотод оршин суух Б.Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт холбогдох
“ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд ШУТИС-ийг Санхүү менежмент мэргэжлээр төгссөн. 2014 оны 01-р сараас Сүхбаатар аймгийн ХЖТ-т харилцааны менежерээр, 2014 оны 12-р сараас Дотоод хяналт шалгалт, мэдээ мэдээлэл хариуцсан менежерээр, 2015 оны 05-р сараас нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. 2017 оны 05-р сарын 30-ны өдөр төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.2 гэсэн хуулийн заалттай мэдэгдэл авсан. Гэтэл ХЖТ-ын дарга Б.Батсайхан нь намайг сахилгын зөрчил давтан гаргасан, эд хөрөнгөтэй холбоотой буруутай үйлдэл гаргасан, удирдлагын итгэл алдсан гэж аудитын газрын 2017 оны 07-р сарын 19-ний өдрийн 6/65 дугаартай албан шаардлагыг үндэслэж ажлаас халсан. Би өмнө нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Би 2016, 2017 оны санхүүгийн аудитын дүгнэлтээр “зөрчилгүй” гэж дүгнүүлж байсан. Миний хувьд санхүүгийн ажлыг сайн хийсэн гэж бодож байгаа.
Намайг ажлаас чөлөөлсөн тушаалтай холбогдуулан ХЖТ-ын даргаас тайлбар өгөхдөө аудитын албан шаардлагад тусгагдсан дараахь үндэслэлүүдийг үндэслэл болгосон байсан. Иймд энэ талаар тайлбар өгье гэж бодож байна.
-Үндсэн үйл ажиллагааны орлого буюу тоглолтын орлогоос 2.261.500 төгрөгийг орлогыг бүртгээгүй, дутуу төвлөрүүлсэн. Энэ үндэслэлийн тухайд 2016.12.25-ны өдрөөр төрийн сангийн гүйлгээ хаагдсан. Гэтэл 2016.12.27-нд байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд тоглосон тоглолтын үнэ 2.261.500 төгрөг орж ирсэн. Дарга Шинэхүү төрийн сангийн гүйлгээ хаагдсан. Нийт хүмүүстээ энэ мөнгөөр шинэ жилийн бэлэг авч өгье гэсэн. Тэгээд тэр шийдвэрийн дагуу бэлгийг авч бүх хүмүүст тараасан. Гарын үсэг зуруулсан баримт нь хавтаст хэрэгт байгаа.
Үндсэн ба үндсэн бус үйл ажиллагааны 24,9 сая төгрөгийн орлогыг касс болон харилцах дансанд төвлөрүүлээгүй гэсэн үндэслэлийн тухайд манайх тоглолт хийхээр гадны байгууллагатай гэрээ хийдэг. Гэрээ хийснээс хойш тоглолт болоод хэд хоногийн дараа мөнгө нь ордог. Тэр мөнгийг касс хүлээн аваад 1 хоногийг дотор л төрийн сангаар дамжуулж, дансандаа төвлөрүүлдэг. Энэ үйл ажиллагааны тухайд Аудитын албан шаардлагатай санал нийлэхгүй байгаа. Яг энэ үндэслэлийн талаар би мэдээгүй байж байгаад сая шүүх дээр ирээд л мэдсэн. Гэрээний дагуу орлого нь орж ирэхгүй уддаг. Орж ирсэн даруйд нь л тушаадаг. Тийм болохоор энийг ноцтой зөрчил гэж үзэхгүй байгаа гэв.
-Цалингаас “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн дагуу суутгавал зохих 198800 төгрөгийг суутгаагүй гэсэн үндэслэлийн тухайд цэвэр миний буруу. Энэ алдаагаа би хүлээн зөвшөөрч хувь хүмүүсээс ч суутгахгүй өөрөө төлнө гэдгээ Аудитын шалгалт хийсэн хүнд хэлсэн. Ондоо багтааж өөрөө төлж барагдуулна.
-Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний зардал, уран бүтээл хийх зардлаас уран бүтээлийн зардал нэршлээр гаргаж 4 хүнийг 4,4 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан гэсэн үндэслэлийн тухайд би өөрөө дур мэдэн байгууллагын мөнгөөр хүн шагнадаггүй. Тухайн байгууллагын даргын тушаалыг үндэслэж шагнасан. Манай байгууллагад уран сайхны зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөл 2011 онд байгуулагдсан. Тэр зөвлөлийн шийдвэр даргын тушаалыг үндэслэн шагналыг олгож ирсэн. Өмнөх онуудад энэ үндэслэлээр хүмүүсийг шагнаж л байсан. Аудит ороод буруутгаж байгаагүй. Энэ удаад л буруутгасан байна.
-Ажиллаагүй буюу цалин олгогдоогүй хүний нийгмийн даатгалын шимтгэлийг 21 хувиар төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, улмаар тухайн байгууллагад ажиллаж байсан гэж үзэж тэтгэлэг олгох гэж байсан гэсний тухайд тэр хүн манай байгууллагад олон жил ажилласан. Шинэхүү дарга Дорнод аймагтай хамтарсан тоглолтод дуулуулая гэж гэрээ байгуулж ажилд авсан. Тэгээд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хоолой нь өвдөөд дуулж чадахаа байлаа гээд цалин өгөхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэсэн гэрээ хийсэн байсан. Тэрийг нь үндэслэж шимтгэлийг нь төлж байсан. Байгууллагын дарга тушаалаа гаргаад ажилд авсан хүний шимтгэлийг би төлөх ёстой гэж үзэж байгаа.
-Мөн нэг удаагийн тэтгэлэг өгөхөөр бэлдэж төлөвлөсөн гэсэн байсан. Тэр асуудлыг сая шүүх шийдээд олгохоор шийдсэн байна лээ. Тэгэхээр би буруу зүйл хийсэн гэж бодохгүй байгаа. /шийдвэрийг хавсаргасан/
2015 оны эхний хагас жилийн татварын тайланг хожимдуулж хүргүүлсэн гэсэн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм юм болоогүй. Энэ тайлбараа өөрөө нотлох баримтаар нотлох хэрэгтэй.
Надад хамгийн сүүлд санхүүгийн менежер гэсэн орон тоонд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээ байх ёстой. Тэрийг боловсон хүчнээс авья гэхээр даргад өгсөн гэсэн. Дарга аваагүй гээд өгөөгүй. Тэр тушаал, гэрээ олдохгүй болсон.
Би Батсайхан даргыг бэлэн мөнгө 3 удаа өөрөө аваад тооцоог нь хийхгүй байна гэж хэлж шаардсан. Тэрнээс л болж намайг халсан гэж үзэж байгаа.
Намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсаныг буруу гэж үзэж байгаа. Иймд Хөгжимт жүжгийн театрын даргын 2017 оны 08-р сарын 28-ны өдрийн Б/42 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрыг төлөөлж дарга Б.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: /Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй./
Тус театрын нягтлан бодогч Б.Б нь 2016 оны санхүүгийн тайлангийн жилд:
-үндсэн үйл ажиллагааны орлого буюу тоглолтын орлогоос 2.261.500 төгрөгийн орлогыг бүртгээгүй, дутуу төвлөрүүлсэн.
Үндсэн ба үндсэн бус үйл ажиллагааны 24,9 сая төгрөгийн орлогыг касс болон харилцах дансанд төвлөрүүлээгүй.
-Цалингаас хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгавал зохих 198.800 төгрөгийг суутгаагүй.
-Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний зардал, уран бүтээл хйих зардлаас /уран бүтээлийн зардал нэршлээр гаргаж 4 хүнийг 4.4 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан.
-Ажиллаагүй буюу цалин олгогдоогүй хүний нийгмийн даатгалын шимтгэлийг 21 хувиар төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, улмаар тухайн байгууллагад ажиллаж байсан гэж үзэж тэтгэлэг олгох гэж байсан зэрэг байгууллагын санхүүд нөлөөлөхүйц ноцтой зөрчлүүд гаргасан нь Аудитын шалгалтаар илэрсэн,
-2015 оны эхний хагас жилийн татварын тайланг хожимдуулж хүргүүлсэн зэрэг Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, Аудитын газрын албан шаардлага зэргийг үндэслэн 2017.08.28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт холбогдуулан театрын даргын 2017 оны 08-р сарын 28-ны өдрийн Б/42 тоот тушаалаар ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж маргаж, театрын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017.08.28-аас 2017.12.25-ны өдрийг дуусталх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбарыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Б нь 2015.05.27-ны өдрөөс Хөгжимт жүжгийн театрын ахлах нягтлан бодогчийн ажилд ажиллаж байгаад Хөгжимт жүжгийн театрын даргын Б/42 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай 2017 оны 08-р сарын 28-ны өдрийн Б/42 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж 2017.09.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацааг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2017 оны 08-р сарын 28-ны өдрийн Б/42 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4.4, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.2, Сүхбаатар аймгийн Төрийн Аудитын газрын 2017.07.19-ний 6/65 тоот албан шаардлага зэргийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан: ”.... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. 40.1.5-т заасан “.... мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэсэн үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахтай холбоотой заалтуудыг дурдсан байх боловч эдгээр заалтуудад заасан аль зөрчлийг нэхэмжлэгч гаргасныг шүүхэд баримтаар нотлоогүй.
Шүүхэд баримтаар ирүүлсэн Аудитын газрын 2017.07.19-ний өдрийн 1/47, 2/48 дугаартай актууд, Аудитын газрын 2017.07.19-ний өдрийн 1/60, 3/62, 6/65, 5/64, 4/63, 2/61 дугаартай албан шаардлагууд, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, гэрээ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх үнэлэх боломжгүй баримтууд байх тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
Мөн “Хөдөлмөрийн тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т: “...ажил үүргээ гүйцэтгээгүй үед дараахь тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгална гэж, мөн хуулийн 35.1.2 дахь хэсэгт: “...ээлжийн амралттай байгаа тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар зохицуулсан байна. Гэтэл аймгийн ХЖТ-нь нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх үед нь ажлаас чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан аймгийн ХЖТ-ын даргын ээлжийн амралт олгох тухай 2017.08.17-ны өдрийн Б/41 тоот тушаал, тушаалын хавсралтын 22 дугаарт Б.Бг 2017.08.16-аас 2017.09.05-ны өдрийг дуустал амрахаар тооцоо хийсэн зэргээр Б.Бг ээлжийн амралттай байх үед нь ажлаас чөлөөлсөн нь нотлогдож байна. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2-т заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг Хөгжимт жүжгийн театрын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заажээ.
Урьд авч байсан дундаж цалин хөлсийг тооцохдоо Б.Бгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин буюу 2017 оны 5,6,7 сарын цалин хөлс нийт 1593692 төгрөгөөс 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 531231 төгрөг, үүнийг сарын ажлын 21,5 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 24708.42 төгрөг, үүнийг ажлаас чөлөөлсөн 2017.08.28-аас 2017.12.25-ны өдрийг дуусталх 86 хоногоор тооцож цалинтай тэнцэх нөхөн олговорт 2124925 төгрөгийг ХЖТ-аас гаргуулж олгохоор, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг ХЖТ-аар төлүүлж, дэвтэрт нь бичилт хийлгүүлхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 48949 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Боржигон овогт Батцэцэгийн Батзаяаг Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын ахлах нягтлан бодогч /санхүүгийн менежер/-ийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театраас Б.Бгийн ажилгүй байсан 86 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговорт 2124925 /Хоёр сая нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтрүүдэд зохих журмын дагуу сар дутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг аймгийн Хөгжимт жүжгийн театр /дарга Б.Батсайхан/-т даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар аймгийн Хөгжимт жүжгийн театраас улсын тэмдэгтийн хураамжид 48949 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, хэргийг хянан шийдвэрлэсэн тухайн шатны шүүхэд ирүүлж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА