| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2020/00195/э |
| Дугаар | 2020/ШЦТ/201 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/201
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барган овогт *******ид холбогдох 202600000207 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд...Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүнд ял болох 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялд хөнгөн ял болох 1 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, нийт 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ХМШЗ/16 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 40 хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар шийтгүүлж байсан, Барган овогт *******, регистрийн дугаар *******.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 06-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж толгойн зулай хэсэгт шарх, зүүн шанаа хэсэгт цус хуралт гэмтлийг заазуураар зүсэж, гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...тэр өдөр эхнэр болох *******г заазуурын араар нь цохисон. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу дахин ийм зүйл хийхгүй...“ гэв.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би 07 дугаар хороонд эгч Сосорбурамынд байж байтал гаднаас тэднийд ******* орж ирсэн. Тэнд бид хоёр 3 хүүхдээ үлдээчихээд гэртээ ирээд бид хамт хэвтэж байсан чинь 00 цагийн үед ******* намайг чимхэх шиг болохлоор нь би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь босч яваад тогооны савнаас заазуур аваад миний толгойн дундуур цохьсон. Тэгэхээр нь би “хүүе ээ цус гараад байна”, би босъё” гэсэн чинь босгохгүй байсан. Тэгэхээр нь би “гарч бие засчихаад ирье” гэсэн чинь “айн яасан гэнэ ээ бие засъя гэж үү” гээд миний гараас барьчихсан байснаа тавихаар нь би гарч гүйгээд эхнэр нь Самдан гэдэг айлд ороод гар утсыг нь гуйгаад дүү ******* луу залгаад ******* намайг заазуураар толгой руу зүсчихлээ гэж хэлсэн чинь манай дүү удалгүй хүрээд ирсэн. ******* Улаанбаатар хотод байдаг дүү Ганбат руу залгаж хэлсэн байсан. Манай хотод байдаг дүү Ганбат цагдаад дуудлага өгсөн байсан.Тэгээд ******* намайг аваад эмнэлэг явсан. Тухайн үед Батдорж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нилээд согтуу байсан. Би эгчийнд нэг лаазтай пиво уусан байсан. Батдорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ бол их томоотой үг дуу цөөтэй, архи уухаараа л зан ааш нь хувираад янз бүрийн зан гаргаад байдаг. Батдорж надтай болон үр хүүхдүүдтэйгээ таарамжтай харилцаатай байдаг. 2020 оны 02 дугаар сарын сүүлчээр өөрийн хүү Баатарнумд гар хүрч зодсон. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан. Манай хүү Баатарнумын биед хөнгөн гэмтэл гарсан. 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийх ял авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: ”... 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* гадуур ажилтай гээд хүүхдээ үлдээж явчихаад орой нь хүүхдүүдээ авах гээд ирэхдээ “нөхөр согтуу байна гэр рүүгээ явах уу яах уу” гээд байсан. Тэгээд манайд хоол идчихээд 1 лаазтай пиво байсныг ******* уусан. ******* 22 цагийн орчим орж ирсэн. Тэгээд эхнэр Цэвэлмааг харья гээд дагуулаад явсан. Хүүхдүүд нь аав согтуу байна гээд манайд хонохоор үлдсэн. Маргааш өглөө нь Цэвэлмаа утсаар яриад шөнө Батдорж намайг зодоод толгой заазуураар зүсчихлээ, би дүү *******ын гэрт хонолоо гэж байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. ******* их л архи уудаг л гээд байдаг болохоос биш зодож цохилоо гэж ярьж байгаагүй. Харин хавар хүүхдээ зодсон гээд цагдаагаар яваад байгаа бололтой байсан. Манай гэрээс бол их л эв найрамдалтай гараад явсан. Харин Цэвэлмаагийн ярьж байгаагаар бол зүгээр унтаж байснаа энд тэндээс нь чимхээд байхаар нь зүгээр байгаач гээд хэлсэн чинь уурлаж босч ирээд толгой руу заазуураар цохисон гэсэн. ...Харин маргааш нь эмнэлэг дээр очиж 4 оёдол тавиулсан гээд толгойн орой хэсэг нь цус болчихсон байхад нь харсан. Манай гэрээс бол их л эв найрамдалтай нэг нэгнийгээ ханиа ханиа гээд л дуудаад байсан. Ер нь бол хоорондоо хэрэлдээд байх нь гайгүй л байдаг юм. ******* бол архи л их уудаг болохоос биш хүн амьтанд агсам тавиад байдаг нь гайгүй л байдаг юм. Архийг бол сүүлийн үед их ууж байгаа хүн байгаа юм. Ер нь өөрийн зан байдал бол хүнд их тусархуу, цайлган сэтгэлтэй л хүн байна гэж бодож явдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Шөнө ******* гэх залуу залгаад “Батдорж ах манай эгчийн толгой руу заазуураар цохисон байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь өглөө эрт яваад очсон чинь гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь дахиж утсаар яриад хаана байгаа юм гэж асуусан чинь ******* гэх манай бага хүргэн манайд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд *******ын гэрт очоод “юу болсон гэсэн чинь” Цэвэлмаа “унтах гэж байгаад уурлаж босч ирээд миний толгой руу заазуураар цохичихлоо” гээд толгой нь хагарчихсан байж байсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Батдорж манайд ирэхээр нь би “чи эхнэрийгээ заазуураар толгой руу цохидог нь яаж байгаа юм бэ” гэсэн чинь “би ирээр нь цохиогүй байхаа ар талын мөрөөр нь цохисон байх” гэж хэлсэн. Өөрийн мэдээгүй байсан бололтой л юм надад хэлсэн. Зодож цохилоо л гэж өмнө хэлж ярьж байгаагүй. Гэртээ хэрүүл маргаан болсон юм уу яасан юм. Хүнд их тусархуу, дөлгөөхөн, даруухан, хүнтэй харилцаатай сайтай хүн байгаа юм. Эрүүлдээ бол их л сайн хүн байгаа юм. Харин сүүлийн үед архи их уугаад дийлдэхээ байгаад байгаа хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийг шилжих шөнө би гэртээ унтаж байхад Цэвэлээ эгч “Батдорж ах чинь согтуу ирсэн байна, намайг зодсон” гэж байх шиг байсан. Би Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар буюу 7032102 дугаарын утсанд “төрсөн эгч Цэвэлмааг нөхөр нь зодсон байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд би унтаад өгсөн. Түүнээс хойш цагийн дараа над руу эгч ахин холбогдож цагдаагаас ахыг чинь ирээд аваад явлаа гэж байсан. ...Намайг Цэвэлмаа эгч дуудлага өгөөд өгөөч хэмээн гуйгаагүй, би утсаа салгаад ямар нэгэн муу зүйл болчих байх гэхээс урьдчилан сэргийлэн дуудлага өгсөн. Цэвэлмаа эгч яг яаж зодуулсан талаараа надад хэлээгүй, Ямар нэгэн зүйлээр цохиулсан гэх мэт тодорхой зүйл хэлээгүй. Тухайн үед Цэвэлмаа эгч надтай ярихдаа уйлах, айх гэх мэт зүйл болоогүй, энгийнээр холбогдож ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 04-05 нд шилжих шөнө 00 цагийн үед би 4 дүгээр хороонд байрлах гэртээ унтаж байсан чинь манай эгч Цэвэлмаа залгаад Батдорж намайг зодоод байна хүрээд ир гэсэн. Би Босоод Арвайхээр сумын 3 дугаар баг 6-10 тоотод байрлах ах Батдоржийнд очиход хүргэн ах Батдорж, эгч Цэвэлмаа нар хэрэлдээд байж байсан. Манай эгч Цэвэлмааагийн толгой хэсэгт хагарсан байдалтай байхаар нь би “яасан юу болсон” гэж асуухад эгч маань “Батдорж миний толгой руу заазуураар цохчихлоо” гэж хэлсэн. Би эгч Цэвэлмааг аваад Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү очиж үзүүлсэн. Эгч толгойн хэсэгтээ оёо тавиулсан. Би Улаанбаатар хотод байдаг Ганбат ахдаа энэ асуудлын тухай хэлсэн. Ганбат ах цагдаад дуудлага өгсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №390 дугаартай шинжээчийн: Үзүүлэгч *******гийн биед толгойн зулай хэсэгт шарх, зүүн шанаа хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Толгойн зулай хэсэгт үүссэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн шанаа хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаануудад үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1 хуудас/,
Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-45 хуудас/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох: Иргэний үнэмлэхний хуулбарууд /хх-ийн 48 хуудас/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70/, Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуудас/,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-53 хуудас/,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 06-10 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж толгойн зулай хэсэгт шарх, зүүн шанаа хэсэгт цус хуралт гэмтлийг заазуураар зүсэж, гараараа цохисны улмаас үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан Хохирогч *******гийн “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ...бид хоёр хамт хэвтэж байсан чинь 00 цагийн үед Батдорж намайг чимхэх шиг болохоор нь “би яаж байгаа юм бэ” гэсэн чинь босч яваад ...заазуур аваад миний толгойн дундуур цохисон. ...Батдорж намайг босох гэсэн чинь миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 15-16-р хуудас/, гэрч *******ын “...Хүүхдүүд нь аав согтуу байна гээд манайд хонохоор үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө Цэвэлмаа утсаар яриад “шөнө Батдорж намайг зодоод толгойг заазуураар зүсчихлээ, би тэгээд дүү *******ын гэрт хонолоо” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20-р хуудас/, гэрч *******гийн “...Батдорж манайд ирэхээр нь би чи эхнэрийгээ ...заазуураар толгой руу цохидог яаж байгаа юм бэ гэсэн чинь “би ирээр нь цохиогүй байхаа ар талын мөрөөр нь цохисон байх” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 21-22-р хуудас/, гэрч *******ын “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн шилжих шөнө би гэртээ унтаж байхад миний утас шөнийн 02 цагийн орчимд дугарсан. ...Би утсаа автал Цэвэлмаа эгч “Батдорж ах чинь ...намайг зодсон гэж байх шиг байсан”...” гэх мэдүүлэг /хх-н 29-30-р хуудас/, шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-45/, хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №390 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 хуудас/ зэрэг болно.
Хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, шүүгдэгч ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа /хх-ийн 70/, хүү Б.Баатарнум, охин Б.Намуундарь, Ц.Нандинцэцэг нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 52-53/, хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхгийг устгахыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3.4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Барган овогт *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Барган овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхгийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.