Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2018/00619

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 7,757,408.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Д, хариуцагч Х.Б, өмгөөлөгч Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Д миний бие Х.Б-эй 2015 оны 4 сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 3000 ам.долларыг 4 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай буюу 2015 оны 12 сарын 24-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн.

Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор бид гэрээнд тусгасан.  Гэрээний хугацаа дууссан боловч Х.Б нь зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй өнөөг хүрч байна.

Х.Б нь зээлж авсан үндсэн мөнгө болох 3000 ам.доллараас 746.16 долларыг төлж 2253,84 ам.доллар төлөгдөөгүй үлдсэн. Зээлийн гэрээний хугацаа  дуусахад үндсэн зээлийн үлдэгдлийн 75,2 хувь буюу 2253,84 ам.доллар төлөгдөөгүй үлдсэн бөгөөд дээрх үлдэгдлээс 2015 оны 12 сарын 24-ний өдрөөс эхлэн гэрээнд заасан хариуцлагын дагуу алданги тооцсон.

 Иймд Х.Б-ээс зээлийн үлдэгдэл төлбөр 2106,08 ам.доллар буюу 5,171,605.80 төгрөг, алданги 1053,04 ам.доллар буюу 2,585,802.90 төгрөг, нийт 3159,12 ам.доллар буюу 7,757,408.71 төгрөгийг Х.Б-ээс гаргуулж өгнө үү.

Би 1 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 10 сарын 24-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханш 2,455.56 төгрөгөөр тооцсон гэв.

 

Хариуцагч Х.Б болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Д-ээс зээлсэн 3000 ам доллар буюу 5,888,430 төгрөгийг 2015 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл П.Д-ийн Голомт банкны 1102857184 тоот дансанд 1,495,000төгрөг, Хас банкны 000067102 тоот дансанд 1,485,000 төгрөг, Хаан банкны 5024731200 тоот дансанд 160,000 төгрөг, нийт дүнгээр 3,140,000 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 2,774,430 төгрөг үлдсэн.

2016 оны 01 сарын 06 -ны өдөр П.Д-ийн Хаан банкны 5024731200 тоот дансанд 500,000 төгрөг, 2016 оны 01 сарын 18-ны өдөр П.Д-ийн Голомт банкны 1102857184 тоот дансанд 1,500,000 төгрөг, нийт дүнгээр 2016 оны 01 сард 2,000,000 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 774,430 төгрөг үлдсэн.

2016 оны 02 сарын 04-ний өдөр П.Д-ийн Хаан банкны 5024731200 тоот дансанд 50,000 төгрөг, 2016 оны 02 сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, нийт дүнгээр 2016 оны 02 сард 500,000 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 274,430 төгрөг үлдсэн.

 2016 оны 02 сарын 28-ны өдөр П.Д-ийн Хаан банкны 5024731200 тоот дансанд 80 000 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 194,430 төгрөг үлдсэн.

2016 оны 5 сарын 04 -ний өдөр 30,000 төгрөг, 2016 оны 5 сарын 05-ны өдөр 30, 000 төгрөг, 2016 оны 5 сарын 14-ний өдөр 250,000 төгрөг, 2016 оны 5 сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, нийт дүнгээр 2016 оны 5 сард 360,000 төгрөгийг П.Д-ийн Хаан банкны 5024731200 тоот дансанд хийж үндсэн зээлийн төлбөр дууссан. Үндсэн зээлд 5,888,430 төгрөг төлөхөөс 6,054,000 төгрөг төлж 165,570 төгрөг илүү үлдсэн.

2016 оны 6 сарын 28 -ны өдөр П.Д-ийн Голомт банкны 1102857184 тоот дансанд 350,000 төгрөг,  2016 оны 7 сарын 06-ны өдөр Хаан банкны 5024731200 тоот дансанд 120,000 төгрөг, 2016 оны 7 сарын 08-ны өдөр уг дансанд 80,000 төгрөг,  2016 оны 9 сарын 13-ны өдөр уг дансанд 200,000 төгрөг, 2016 оны 10 сарын 03-ны өдөр уг дансанд 200,000 төгрөг, 2016 оны 10 сарын 11-ний өдөр уг дансанд 60,000 төгрөг, 2016 оны 10 сарын 20-ны өдөр уг дансанд 50,000 төгрөг, 2016 оны 11 сарын 18-ны өдөр уг дансанд 40,000 төгрөг, 2016 оны 12 сарын 13-ны өдөр уг дансанд 30,000 төгрөг, 2016 оны 12 сарын 22-ны өдөр уг дансанд 350,000 төгрөг төлсөн бөгөөд нийт дүнгээр 2016 оны 6 сарын 28-ны өдрөөс 2016 оны 12 сарын 22-ны өдрийн хооронд 1,480,000 төгрөг,

2017 оны 01 сарын 23-ны өдөр Хаан банкны 5024731200 тоот дансанд 200,000 төгрөг, 2017 оны 02 сарын 03-ны өдөр уг дансанд 500,000 төгрөг, 2017 оны 02 сарын 14-ний өдөр уг дансанд 300,000 төгрөг, 2017 оны 4 сарын 06-ны өдөр уг дансанд 50,000 төгрөг, 2017 оны 4 сарын 25-ны өдөр уг дансанд 200,000 төгрөг, 2017 оны 5 сарын 12-ны өдөр уг дансанд 200,000 төгрөг, 2017 оны 6 сарын 17-ны өдөр уг дансанд 100,000 төгрөг, 2017 оны 6 сарын 23-ны өдөр уг дансанд 75,000 төгрөг, 2017   оны 7 сарын 6-ны өдөр уг дансанд 100,000 төгрөг, 2017 оны 7 сарын 21-ний өдөр 100,000 төгрөг, 9 сарын 06-нд 500,000 төгрөг хийж, нийт дүнгээр 2,325,000 төгрөг хийсэн.

2016, 2017 оны төлсөн мөнгөн дүнг нэгтгэвэл 3,805,000 төгрөг болсон.

Анх 3000 ам.долларыг 8 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан үндсэн хүү 960 ам.доллар буюу 1,884,297 төгрөг 60 мөнгийг 2016, 2017 онд төлсөн нийт дүн болох 3 805 000 төгрөгөөс хасаж тооцоход 1,923,705 төгрөг 40 мөнгө үлдэж байна. Үндсэн зээлийг төлөөд үлдсэн 165,570 төгрөг, үндсэн хүү төлөөд үлдсэн 1,923,705 төгрөг 40 мөнгө, нийт 2,089,275 төгрөг 40 мөнгийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй алдангид тооцон П.Д-д төлсөн нийт 10,005,000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээний үүрэг хангагдсан байх тул П.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Х.Б-д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэг 7,757,408.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х. нь Зээлийн гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

П.Д, Х.Б нар 2015 оны 4 сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр П.Д нь Х.Б-д 3,000 ам.долларыг 2015 оны 4 сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл 8 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, Х.Б нь гэрээнд заасны төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээ байгуулагдсан,  талууд хүсэл зоригийн илэрхийллээ гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

Энэхүү хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч нь Зээлийн гэрээнд заасны дагуу 3,000 ам.долларыг хариуцагчид шилжүүлэн өгсөн , зохигч энэ талаар маргаагүй, хариуцагч  нь гэрээнд заасан нөхцлийн дагуу хугацаанд нь төлбөрийг буцаан  төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч Х.Б гэрээний хугацаа дуусахад зээлдүүлэгч П.Д-д үндсэн зээл 3000 ам. доллар, зээлийн хүүд /120 ам. доллар х 8 сар = 960 ам. доллар/ 960 ам. доллар, бүгд 3,960 ам.доллар буюу зээл олгох өдрийн Монгол банкны албан ханш болох 1 ам. доллар 1962.81 төгрөгөөр тооцоход 7.772.727 төгрөг буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.

 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбар, “Дабль-Аксиом” ХХК-ийн гаргасан шинжилгээний дүгнэлтээр зээлдэгч Х.Б нь зээлдүүлэгч П.Д-д гэрээ байгуулагдсан 2015 оны 4 сарын 24-ний өдрөөс 2017 оны 9 сарын 06-ны өдрийг хүртэл нийтдээ 48 удаагийн төлөлтөөр 10.005.000 төгрөг буцаан төлсөн байна. Төлбөрийг төгрөгөөр төлж байсан бөгөөд ам.долларын ханшийг зээл олгосон өдрийн Монгол банкны албан ханш болох 1 ам. доллар 1962,81 төгрөгөөр нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцсон, талууд энэ талаар маргаагүй.

 Хариуцагч нь 2015 оны 12 сарын 30-ны байдлаар буюу гэрээний хугацаа дуусгавар болоход нэхэмжлэгчид 3.140.000 төгрөг төлсөн /хэргийн 12-26,29 дүгээр хуудас/ байгааг хариуцагчийн буцаан төлөх нийт дүн болох 7.772.727 төгрөгнөөс хасаж тооцоход 4.632.727 төгрөгний төлбөр үлдсэн байна.

Үүнээс хариуцагч 2016 онд 4.540.000 төгрөг /хэргийн 27, 28, 29-38-р хуудас/, 2017 онд 2,325,000 төгрөг /хэргийн 40-49 дугаар хуудас/ төлсөн болох нь тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь төлж биелүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч 2016, 2017 онд хариуцагчийн буцаан төлсөн 6,965,000 төгрөгийн төлбөрийг  бүхэлд нь алдангид төлөгдсөн төлбөр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд хариуцагч Х.Б-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэг 7,757,408.71 төгрөг гаргуулах тухай П.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

                                                                                             

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.,  232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-т заасныг баримтлан Зээлийн гэрээний үүрэг 7,757,408.71 төгрөг гаргуулах тухай П.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,068  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР