Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам

 Улсын яллагч: Ж.Энхбат

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135001740118 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ******* овогт**************, регистрийн дугаар: В**********************,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 06-наас 17-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 17-11 тоотод байхдаа иргэн******* хувийн эрх, эрх чөлөө халдашгүй, чөлөөтэй байх эрх, нэр төр, алдар хүндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан түүнийг дотуур байрныхаа нэг бандитай унт, унтаж байгаа бичлэгээ харуул, тэгэхгүй бол нүцгэн зургийг чинь фейсбүүкт тавьж од болгоно гэж тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт болох түүний нүцгэн зургийг олон нийтэд тараахаар сүрдүүлэн заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр******* гэх охинтой фейсбүүкээр танилцсан. Тэгээд чат бичдэг болоод удаагүй бид 2 үерхэж эхэлсэн, гэхдээ уулзаж байгаагүй.******* өөр хүнтэй харьцаад байхаар нь миний уур хүрээд түүнтэй маргалдсан, маргаснаас болоод харьцахаа болиод, буцаад 2-3 хоногийн дараа эвлэрсэн. Би О.Марал-Эрдэнийг “биеийг чинь нүцгэнээр хармаар байна”,“цээж хэсгийнхээ зургийг явуул” гэж хэлэхэд******* “үгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “явуул” гэж гуйж байгаад******* над руу цээж хэсгийнхээ зургийг дарж явуулсан. Тэр зургийг авсны дараа нэлээн хэд хоногийн дараа******* бас нэг бандитай харьцаад байхаар нь би хардаад “чи наад залуутайгаа унт, тэгээд над руу бичлэг хийгээд явуул” гэж хэлэхэд******* надад “үгүй” гэж хэлсэн. Би “хоёулаа салъя” гэхэд******* “тэгье” гэж хэлэхээр нь “чиний нүцгэн зургийг чинь фейсбүүк дээр тавина. Тэгээд зургуудыг чинь тавихаар наад бандитайгаа жаргалтай байхыг чинь харна” гэж хэлсэн. Тэрнээс хойш*******тэй харьцаагүй, би*******тэй хэд хоногийн дараа чат бичээд уучлалт гуйгаад “зургуудыг чинь устгалаа” гэж хэлэхэд******* надад за гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 /

Насанд хүрээгүй хохирогч******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Би 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр фейсбүүкийн чатаар Б.Оргил гэх залуутай танилцсан. Бид хоёр чат байнга бичиж дотноссон юм. Сүүлдээ намайг гуйгаад байдаг байсан. Мөн хайртай, үерхье гэж хэлдэг болж намайг хайраа гэх зэргээр мессеж бичиж бид хоёр фейсбүүкийн мессенжерээр байнга харилцдаг болсон.2021 оны 10 дугаар сарын 05-ны орой 20-21 цагийн орчимд Б.Оргил над руу өөрийнхөө “Жоорж жоорж” гэх фейсбүүк хаягаасаа “мессенжерээр нүцгэн зургаа явуулчих” гэж хэлээд гуйгаад байсан. Тухайн үед зураг явуулахгүй бол сална гэж хэлээд байсан. Би тэр үед Б.Оргилд сайн болчихсон байсан тул салахгүй гэсэндээ өөрийн нүцгэн зургийг өөрөө утсаараа дарж Б.Оргил руу явуулсан. Тухайн үед нүүр царайгаа оруулалгүй цээж болон бэлэг эрхтнийг оруулж 2 ширхэг зураг авч мессенжерээр “Жоорж жоорж” гэх хаяг руу явуулсан.Маргааш нь би хөдөө гэр рүүгээ явсан гэртээ очоод байтал Б.Оргил мессенжерээр намайг сүрдүүлж, дарамталж “дотуур байрныхаа нэг бандитай бэлгийн харьцаанд ор, орж байгаагаа утсаараа видео чатаар надад харуул, тэгэхгүй бол энэ нүцгэн зургийг чинь фейсбүүкээр тарааж чамайг од болгоно” гэж дарамталсан.Түүнээс хойш над руу чат бичиж “гэртээ байна” гэхэд “дотуур байрандаа хурдан оч, бандитай унтаж байгаагаа харуул, бэлгийн харьцаанд орж байгаагаа видео коллоор харуул” гэж сүрдүүлээд байсан тул би өчигдөр шөнө хүүхдийн 108 дугаартай утсанд мэдэгдсэн юм. Б.Оргилтой уулзаж биеэр уулзаж байгаагүй. Бэлгийн харьцаанд орж байгаагүй.Би түүний шахалтаар хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Над руу 99649637 гэсэн дугаараас хааяа миний 86121167 гэсэн дугаар луу залгадаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31- 32 /,

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 58-59/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10/, Мобиком корпораци ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/5739 дугаар албан бичиг /хх-ийн 12-16/, фейсбүүк компаниас мэдээлэл  гаргуулан авах тухай /хх-ийн 18-20/, насанд хүрээгүй хохирогчийн хувийн хэрэг /хх-ийн 47-50/, Увс аймгийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2  дугаар тогтоол /хх-ийн 52-53/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 77/, эд хөрөнгөтэй эсэх  лавлагаа /хх-ийн 84-85/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86/, депозит дансны хуулганууд /хх-ийн 88-93/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 96-98/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-103/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 06-наас 17-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 17-11 тоотод байхдаа иргэн******* хувийн эрх, эрх чөлөө халдашгүй, чөлөөтэй байх эрх, нэр төр, алдар хүндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан түүнийг дотуур байрныхаа нэг бандитай унт, унтаж байгаа бичлэгээ харуул, тэгэхгүй бол нүцгэн зургийг чинь фейсбүүкт тавьж од болгоно гэж тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт болох түүний нүцгэн зургийг олон нийтэд тараахаар сүрдүүлэн заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын ... Би О.Марал-Эрдэнийг “биеийг чинь нүцгэнээр хармаар байна”,  “цээж хэсгийнхээ зургийг явуул” гэж гуйж байгаад******* над руу цээж хэсгийнхээ зургийг дарж явуулсан,....******* нэг бандитай харьцаад байхаар нь би хардаад “чи наад залуутайгаа унт, тэгээд над руу бичлэг хийгээд явуул” ,.... “чиний нүцгэн зургийг чинь фейсбүүк дээр тавина гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 / Насанд хүрээгүй хохирогч******* ... Б.Оргил мессенжерээр намайг сүрдүүлж, дарамталж “дотуур байрныхаа нэг бандитай бэлгийн харьцаанд ор, орж байгаагаа утсаараа видео чатаар надад харуул, тэгэхгүй бол энэ нүцгэн зургийг чинь фейсбүүкээр тарааж чамайг од болгоно” гэж дарамталсан, сүрдүүлээд байсан тул  хүүхдийн 108 дугаартай утсанд мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31- 32 /, фейсбүүк  чатаар харьцаж байсан утасны мессэж цэсэнд бичигдсэн бичвэр болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  *******ыгг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Насанд хүрээгүй хохирогч******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан хохирол гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******т торгох ял оногдуулах боломжгүй, шүүхийн хэлэлцүүлэгт ажил хийдэг талаар мэдүүлдэг боловч хавтаст хэрэгт ажил хөдөлмөр эрхэлдэг талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, цаашид гарах хор уршиг, үр дагавар /насанд хүрээгүй хохирогчоос авсан зураг/, түүний хувийн байдал / урьд өмнө 1 удаа ял шийтгүүлж байсан/ зэргийг харгалзаж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 / гурван / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа / Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 17-11 тоотоос гарахыг хориглож / газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч Ч.Эрхэмбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************************* бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь , эсхүл эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 3 / гурван / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа / Баянхонгор аймаг Баянхонгор сумын 3 дугаар баг 17-11 тоотоос гарахыг хориглож / газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА