Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 78

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Гантулга,

шүүгдэгч Б.Өлзийбаяр, өмгөөлөгч О.Баярбаясгалан,

насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэр, хууль ёсны төлөөлөгч Ш.Цэцэгболд, өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан гэмт хэрэгт Б.Өлзийбаярыг, 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Ц.Отгондэлгэр нарыг тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626030167 дугаар /2 хавтас/, 106/2016/0536/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993  оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эхийн 9 дүгээр гудамж, 998а тоотод оршин суух,

урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, Боржигон овогт Баярмагнайн Өлзийбаяр /РД: УЦ93011053/,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, эгч нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18 дугаар гудамж, 459 тоотод түр оршин суух, Боржигон овогт Цэцэгболдын Отгондэлгэр /РД:УЛ01291614/.

 

Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 24-568 тоотод оршин суух Ч.Одгэрэлийн өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж “BSB” маркийн 32 инчийн LED маркийн зурагт, “Сансар” кабелийн телевизийн олон суваг хүлээн авагч тоног төхөөрөмж зэрэг 639.000 төгрөгийн эд зүйлийг шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр насанд хүрээгүй Ц.Отгондэлгэртэй бүлэглэн, үгсэж тохиролцон, давтан үйлдлээр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-458 тоотод оршин суух Н.Амармэндийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “Funai” маркийн 32 инчийн LCD зурагт, будаа агшаагч, монетан бөгж 2 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг, даалин, 20 кг мах, 10 литр сүү, эмэгтэй гоёлын ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг 2.528.000 төгрөгийн эд зүйлийг шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булагийн 6-1-6 тоотод байрлах Ж.Даваанямын гэрээс “Iphone-5s” маркийн 1.100.000 төгрөгийн гар утсыг шунахай сэдэлтээр хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-458 тоотод оршин суух Н.Амармэндийн гэрээс эд зүйл хулгайлсан хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ 14 нас 4 сар 14 хоногтой буюу насанд хүрээгүй Ц.Отгондэлгэрийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг,

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэр нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Б.Өлзийбаяртай бүлэглэн, үгсэж тохиролцон Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-458 тоотод оршин суух Н.Амармэндийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “Funai” маркийн 32 инчийн LCD зурагт, будаа агшаагч, монетан бөгж 2 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг, даалин, 20 кг мах, 10 литр сүү, эмэгтэй гоёлын ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг 2.528.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Өлзийбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Ц.Отгондэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж хэрэг хийхгүй” гэв.

 

201626030167 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ч.Одгэрэлийн: “2016 оны 1 дүгээр сарын 22-ны өглөө 06 цаг 30 минутын үед ажилдаа явсан. Орой 18 цаг 30 минутад ажлаа тараад гэртээ иртэл манай байшингийн таамбарын хаалганы цүүг мулталчихсан, цүү нь газарт унасан байсан. Дотогшоо ортол том өрөөний хананд өлгөчихсөн байсан хивсийг хуулаад газар эвхээд тавьчихсан, жижиг өрөө рүү хартал шинээр авсан зурагт, кабелийн төхөөрөмж байхгүй байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн. Би гарахдаа таамбарын хаалга, байшингийн хаалга давхар цоожлоод гарсан. ...амбаарын хаалгыг гаднаас хөшиж онгойлгох гэж үзээд цүүг нь унагаачихсан юм шиг байна. Хаалга онгойхгүй болохоор гал тогооны хойд талын цонхыг хагалж дотогш орсон юм шиг байна. ...ВSB маркийн 32 инчийн LED зурагтаа 2015 оны 7 дугаар сард 599.000 төгрөгөөр, кабелийн төхөөрөмжийг 2015 онд 85.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-31-33/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-7-14/,

эд зүйлийн үнэлгээ /хх-26/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27-28/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-29/, 

Хохирогч Ж.Даваанямын: “2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байтал хөрш айлын Галаа манай гэрт хүн ирсэн хүрээд ир гэхээр нь 15 цагийн үед очиход Галаа, Галаагийн эхнэр Байгалмаа, 2 залуугийн хамт архи хуваан уугаад сууж байсан. …Архинаас хамт уугаад сууж байтал гаднаас хүүхэн залуу 2 эрүүл орж ирээд хамт архи ууцгаасан. Тэгээд бензин авах гээд 361 гарам луу нөгөө хүмүүсийн хамт явахад удалгүй бензин дуусаад зогссон. Эхлээд айлын гэрт сууж байсан 2 залууг гуйж бензинд явуулсан. Энэ хооронд нөгөө сүүлд орж ирсэн эрэгтэй эмэгтэй 2 хүн замын машин бариад Улаанбаатар хот явсан. ...Галаагийн гэрт өөрийн эзэмшлийн Iphone 5s маркийн гар утас үлдээснээ санаад очоод авах гэтэл алга болсон байсан, эргээд залгахад холбогдох боломжгүй байсан. …Би сүүлд орж ирсэн хүүхэн залуу хоёрыг сэжиглээд маргааш нь нөгөө 2 хүнийг 361 гармаас барьж аваад цагдаад хүлээлгэн өгсөн. Уг хүмүүс миний гар утсыг хулгайлсан талаараа хүлээсэн” гэх мэдүүлэг /хх-60-62/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-82-85/,

Хохирогч Н.Амармэндийн: “2016 оны 1 дүгээр сарын 28-ны өглөө 07 цаг өнгөрөөд эхнэр хүүхдийн хамт гэрээ цоожлоод гарсан. Орой 23 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой, гэрийн бүх эд зүйлийг эмх замбараагүй болгочихсон байхаар нь шууд цагдаа дуудаад зүүн хойд талын айлын хашааг цохитол эрэгтэй эмэгтэй хоёр хүн гарч ирсэн. Би манай гэрт хулгай орчихсон байна та хоёр харсан уу гэж асуухад эрэгтэй нь хулгай хийсэн хүмүүс чинь манай хажуу талын гэр дотор байна гэж хэлсэн чинь гэр дотроос 2 залуу гарч ирээд шууд зугтсан. Энэ үед цагдаа нар ирээд үзлэг хийж хойд талын айлын хашаан дотор манайхаас алдагдсан эд зүйлүүд байсан, гэр дотор нь манай зурагт, будаа агшаагч, чихэр зэрэг эд зүйлүүд байсан. …Хүнсний зүйлүүдээ цагаан сарыг тохиолдуулаад бэлдсэн, Funai зурагтыг 2013 онд 500.000 төгрөгөөр, хос бөгжний эрэгтэй бөгж нь 5.4 граммтай, эмэгтэй нь 4.2 граммтай нийлүүлээд 2014 онд 750.000 төгрөгөөр, будаа агшаагчийг 2015 онд Солонгос улсаас 195.000 төгрөгөөр, хөөргийг 2013 онд худалдаж аваад дахиж ухуулаад толгойг нь чулуугаар хийлгэж мөнгөн халбага нуух, зүү ороосон даалин 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Хөөрөг даалин нийлээд 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. 1 шил виски 40.000 төгрөгөөр, 2 кг майонез 7000 төгрөг, хонины 10 кг, гулууз мах 10 кг нийлээд 20 кг мах 90.000 төгрөгөөр авсан. Тавгийн чихэр 1 кг 9000 төгрөг, 2 кг хорхой ааруул 24.000 төгрөг, 5 литрийн хуванцар савтай нийт 10 литр сүү 15.000 төгрөг, сувдан зүүлт 2015 оны 8 дугаар сард манай эхнэр эгч нь бэлгэнд өгсөн 30.000 төгрөгөөр үнэлнэ. Анар чулуугаар хийсэн хүзүүний зүүлтийг 2014 онд 45.000 төгрөгөөр худалдаж авсан. Шармал ээмэг бөгж, зүүлтний хослолыг 2013 онд 130.000 төгрөгөөр худалдаж авсан. …Миний монетан бөгж, даалин, хөөрөг, эхнэрийн цагаан сувдан хүзүүний зүүлт 1 ширхэг, гоёлын шармал ээмэг бөгж, зүүлт, бугуйвч хосоороо нөхөн төлөгдөөгүй байна” гэх мэдүүлэг /хх-115-117/,

Иргэний нэхэмжлэгч О.Энхмөнхийн: “2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 13-15 цагийн үед 2 эрэгтэй хүн орж ирсэн, нэг нь жаахан хүүхэд шиг харагдсан. Тэр хоёр циркон шигтгээтэй 1 ширхэг монетан бөгжийг барьцаанд тавъя гэж хэлсэн. Граммлаж үзэхэд 4.2 байсан, шигтгээгээ хасаад 4.1 граммаар бодоод 585-ын сорьцтой байсан учраас 1 граммыг нь 34.000 төгрөгөөр бодож зээлд оногдох мөнгө нь 130.000 төгрөг байсан учраас тэр хоёрт хэлтэл эгчээ бичиг баримтаа гэртээ үлдээсэн байна, одоо регистрээ хэлж тавиад бөгжөө авахдаа бичиг баримтаа авч ирээд авая гэхээр нь би бичиг баримтаа авч ирэхгүй бол өгөхгүй шүү гээд бөгжийг барьцаанд авч 130.000 төгрөг өгсөн. 3 хоногийн дараа цагдаа нар ирж бөгжийг хурааж авсан. …Би 65.000 төгрөгийг Өлзийбаяр гэдэг хүүхдийн эгчээс хүлээн авсан, одоо 65.000 төгрөгөө нэхэмжилж байна. “Амазон” ломбардад анх ажилд орохдоо ямар нэгэн хохирол учруулбал цалингаасаа төлнө гэж гэрээ хийсэн учраас 130.000 төгрөгийг цалингаасаа суутгуулсан. …Тэр хүн өөрийнхөө регистрийн дугаарыг УЦ93011053 гэж хэлсэн, гэрийн хаяг нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтангийн 20-42 тоот гэж хэлээд барьцаанд тавьсан эд зүйлийнхээ баримтан дээр 88192019 гэж утсаа бичиж гарын үсгээ зурсан. …Барьцаанд тавьсан бөгжийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-119-120, 129-131/,

Гэрч Ш.Цэцэгболдын: “...Отгондэлгэр миний төрсөн хүү, Өлзийбаяр миний төрсөн дүүгийн хүүхэд. …2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед Дарь эхийн хуучин эцэсийн автобусны буудал дээр Өлзийбаяр, Отгондэлгэр хоёртой таарсан, юу хийж байгаа юм бэ гэж асуутал Өлзийбаяр шал согтуу намайг тэвэрч аваад үнсээд аниа би танд гоё юм хэлэе гэрт гоё том зурагт байгаа гэхээр нь чи юу яриад байгаа юм мөнгө хаанаас олсон гэхэд хариу хэлэхгүй байсан. Отгондэлгэр архи уугаагүй эгчийн гэр лүү явах гэж байна гээд надад унааны 1000 төгрөг өгсөн. …Намайг гэртээ ороход орны доод талд том зурагт хийсэн, орны хажууд ууттай татсан мах, савтай чихэр, будаа агшаагч байсан. Хажуу талд байдаг манай охин нөхөртэйгээ хамт орж ирээд бид нар хаанаас авсан юм бол гээд хоорондоо яриад байж байтал Отгондэлгэр ганцаараа гэртээ ирсэн. Эд нар юу юм бэ гэж асуусан чинь Өлзийбаяр ах бид хоёр айлаас хулгайлж авсан юм гэхээр нь хаанаас ямар айл гэж асуухад хол байдаг айлаас хулгайлсан гэж хэлсэн. ...Манай охин хулгай хийсэн хүмүүс чинь манайд байна гэж хэлсэн чинь Өлзийбаяр зугтаарай гэж хэлээд Отгондэлгэр тэр хоёр гэрээс гүйгээд гараад явсан. …Миний хүү 2001 оны 9 дүгээр сарын 14-нд төрсөн, миний бага хүү, цэцэрлэг сургуульд явж байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй, аав Батдэлгэр нь 2002 онд нас барсан. Миний хүү үг дуу цөөтэй, эвдрээгүй хүүхэд байгаа юм. Өлзийбаяр манайд 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ирээд хэрэг болох өдөр хүртэл амьдарч байсан. Өлзийбаяр миний хүүг уруу татаж ийм зүйлд хүргэлээ гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-121-123/,

Гэрч Ц.Дэлгэрцэцэгийн: “2016 оны 1 дүгээр сарын 28-ны 18 цагийн үед манай ээж манайд орж ирээд гэрийнхээ түлхүүрийг аваад гарсан. Удалгүй намайг гэрт ороод ир гээд орилсон. Би яваад ортол хавтгай дэлгэцтэй зурагт, будаа агшаагч, улаан хайрцагтай чихэр байсан. Отгондэлгэр дөнгөж гэртээ орж ирж байсан, би юу юм бэ гэж асуухад холоос авч ирсэн гээд нуугаад хэлэхгүй байхаар нь би дүүгээ загнаад хэлээч чи гээд зодсон чинь Өлзийбаяр бид хоёр хажуу айлаас хулгай хийсэн гэж хэлсэн. …Хажуу айлын залуу ...манай гэрт хулгай орсон байна, харсан уу гэж асуухад нь хулгай хийсэн улсууд нь энд байна, ороод ир гээд дуудсан чинь Отгондэлгэр, Өлзийбаяр хоёр зугтаасан. …хар өнгөтэй ногоон алчууранд боосон зурагтыг ээжийн гэрийн зуухны хажууд тавьсан байсан. Өлзийбаяр гэрт ганцаараа байхаар нь хэнийх юм бэ гэж асуухад зарах гэж байгаа юм, зараад Отгонбаяр ах та хоёроос зээлсэн өрөө дарна гэхээр нь чи зарахгүйгээр бид хоёрт өгчих, өрөндөө авая гэхэд тэг, надад 40.000-50.000 төгрөг өгөөрэй гэхээр нь мөнгөтэй болохоороо өгье гэж хэлээд зурагтыг аваад гэртээ тавьсан. …Манай дүү Отгондэлгэр хүний үгэнд сайн ордог, зөрөөд байдаггүй. Хулгай хийж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-124-126/,

Шүүгдэгч Б.Өлзийбаярын: “...2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 500 граммтай 1 шил архи аваад ганцаараа уусан. Дахиж архи уумаар санагдаад гараад гудамжаар алхаж байгаад хулгай хийж мөнгө олоё гэж бодоод 1 хашааны хаалгаар шагайж хартал байшингийх нь хаалга цоожтой байхаар нь хойд талаар нь хашааг давж ороод цонхыг нь хагалж ороод том өрөөнд нь байсан BSB зурагтыг кабельтай нь аваад, хананд өлгөөтэй байсан хивсийг эвхэж тавиад бүгдийг нь цонхоор гаргах гэтэл хивс нь багтахгүй байсан. Хаалгыг нь дотроос нь өшиглөөд онгойхгүй байхаар нь хивсээ үлдээгээд гарсан. Зурагтыг авч яваад Цэцэгболд эгчийн гэрт очоод хажууд нь нэг хашаанд амьдардаг Дэлгэрцэцэг эгчид урд зээлсэн байсан 130.000 төгрөгийнхөө оронд өгсөн. Кабелийн төхөөрөмжийг Цэцэгболд эгчийн гэрт нь оруулж тавьсан. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны 15 цагийн үед Отгондэлгэр бид хоёр хажуу айлын хашаанаас нүүрс хулгай хийх гэж байгаад гэр нь цоожтой байхаар гэрээс нь хулгай хийе гэж Отгондэлгэрт хэлээд би цоожийг нь эвдэж Отгондэлгэртэй хамт ороод зурагт, 2 ширхэг монетан бөгж, хөөрөг, мах, сүү, виски, чихэр, майонез, ааруул, будаа агшаагч зэрэг эд зүйл хулгайлаад Цэцэгболд эгчийн хашаанд нь нуугаад тавьсан. Харин 1 бөгжийг нь аваад Яармагийн эцэс дээр 130.000 төгрөгөөр өөрийнхөө нэрээр барьцаанд тавиад Отгондэлгэрт 40.000 төгрөг өгч, өөрөө үлдсэн мөнгөөрөө караоке орж архи авч уугаад дууссан. Тэр өдрөө ганцаараа Дарь эхийн эцэс рүү очиж танихгүй 1 эгчид хөөрөг монетан бөгж хоёрыг 100,000 төгрөгөнд зарсан. Тэр мөнгөөрөө архи, пиво авч уугаад дуусгасан. …2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ...15 цагийн үед Эрдэнэцэцэг эгч над руу яриад өчигдөр миний хоносон айлд очоод Ганцэцэг эгчийгээ аваад хотод хүрээд ир гэж хэлэхээр нь би нөгөө айлд очиход Ганцэцэг эгчээс гадна 6 хүн, 2 шил архи уучихсан сууж байсан. Намайг ирсний дараа 2 шил архи аваад би хамт хувааж уусан. Би архи ууж байхдаа ширээн дээр байсан Iphone 5s маркийн цагаан өнгийн гар утсыг аваад унтраагаад далд хийсэн. Орой 18 цагийн үед гар утасны эзэн микро автобусанд суусан боловч бензин нь дуусаад 61-ийн гарамын тэнд зогссон, Ганцэцэг эгч бид хоёр замаас унаанд суугаад хотод ирсэн. Ганцэцэг эгчээс салаад Төв шуудангийн хажууд танихгүй эрэгтэй хүнд 100.000 төгрөгөөр гар утсыг зарсан. …Отгондэлгэр одоо 14 настай …гайгүй санаа нийлдэг болохоор дагуулаад явсан, Отгондэлгэр өөрөө хулгай хийе гэсэн. …Би хулгай хийе гэж бодоогүй байсан, архи уумаар санагдаад, тамхи байхгүй болоод хулгай хийсэн” гэх мэдүүлэг /хх-166-171/,

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэрийн: “2016 оны 1 дүгээр сарын 28-ны ...14 цагийн үед Өлзийбаяр ах унтаж байгаад сэрээд би шийдсэн гэж хэлээд байхаар нь та юу шийдсэн гээд байгаа юм бэ гэж асуутал Өлзийбаяр ах би хажуу айлыг ухахаар шийдсэн, цуг хулгай хийх үү гэхээр нь би дуугараагүй. Өлзийбаяр ахтай хамт гараад хашаа давж хажуу айлын хашаа руу орж гэрийнх нь үүдний амбаарын цоожийг эхэлж эвдээд дараа нь дотор талын хаалганых нь цоожийг эвдээд бид хоёр дотогшоо ороод зурагт, будаа агшаагч, хөргөгчнөөс нь мах, чихэр, сүү авсан. Хувцасны шүүгээн дээр нь байсан 1 ширхэг монетан бөгж, тольтой шүүгээнд нь байсан баахан ээмэг, бөгж, зүүлтүүдийг аваад бид хоёр гараад хашаа давж гэр лүүгээ ороод гэрийнхээ орон доогуур хулгайлсан эд зүйлээ нуугаад 1 ширхэг монетан бөгжийг аваад Яармагт байдаг ломбард руу ороод Өлзийбаяр ах ...130.000 төгрөгөөр барьцаанд тавиад тэгээд үйлдвэр комбинатад караоке ороод Өлзийбаяр ах архи авч уугаад надад 40.000 төгрөг бэлнээр өгөөд бид хоёр хамт Дарь эхийн автобусны буудал дээр ирээд манай ээж, эгч хоёртой таарсан чинь Өлзийбаяр ах манай ээжийг тэвэрч аваад би танд гоё юм хэлэе гээд байсан. Би ээжид 5000 төгрөг өгөөд ээж, эгч хоёр явсны дараа Өлзийбаяр ахтай маргалдаад Өлзийбаяр ах надаас салаад яваад өгсөн. …Манай гэрт идэж уух юм байхгүй байсан болохоор хулгай хийсэн, Өлзийбаяр ах намайг хулгай хийхэд татан оруулаагүй, би өөрөө хулгай хийе гэж сайн дураараа хулгай хийсэн. Хохирогчийн гэрээс би л 1 ширхэг бөгж хулгайлсан. …Өлзийбаяр ах энэ хэргээс өмнө намайг байхгүй байхад 1 зурагт авч ирээд манай эгч Дэлгэрцэцэгт зээлсэн мөнгөнийхөө оронд өгсөн байсан. …Хохирогч Амармэндийн гэрээс би даалин хөөрөг хоёрыг хулгайлж аваагүй. …Би дахиж хулгай хийхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-176-178, 181/,

Гэрч Б.Отгонбаярын мэдүүлэг /хх-127-128/, хохирлын тооцоо /хх-205-206/, Б.Өлзийбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52, 184/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.04-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-187-189/, Ц.Отгондэлгэрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-195/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-197/, нас тоолсон тэмдэглэл /хх-198/, шүүгдэгч нарын хувийн байдалтай бусад баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 24-568 тоотод оршин суух Ч.Одгэрэлийн өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж “BSB” маркийн 32 инчийн LED маркийн зурагт, “Сансар” кабелийн телевизийн олон суваг хүлээн авагч тоног төхөөрөмж зэрэг 639.000 төгрөгийн эд зүйлийг шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр насанд хүрээгүй Ц.Отгондэлгэртэй бүлэглэн, үгсэж тохиролцон, давтан үйлдлээр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-458 тоотод оршин суух Н.Амармэндийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “Funai” маркийн 32 инчийн LCD зурагт, будаа агшаагч, монетан бөгж 2 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг, даалин, 20 кг мах, 10 литр сүү, эмэгтэй гоёлын ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг 2.528.000 төгрөгийн эд зүйлийг шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булагийн 6-1-6 тоотод байрлах Ж.Даваанямын гэрээс “Iphone-5s” маркийн 1.100.000 төгрөгийн гар утсыг шунахай сэдэлтээр хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-458 тоотод оршин суух Н.Амармэндийн гэрээс эд зүйл хулгайлсан хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ 14 нас 4 сар 14 хоногтой буюу насанд хүрээгүй Ц.Отгондэлгэрийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг,

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэр нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Б.Өлзийбаяртай бүлэглэн, үгсэж тохиролцон Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-458 тоотод оршин суух Н.Амармэндийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “Funai” маркийн 32 инчийн LCD зурагт, будаа агшаагч, монетан бөгж 2 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг, даалин, 20 кг мах, 10 литр сүү, эмэгтэй гоёлын ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг 2.528.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Б.Өлзийбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Өлзийбаяр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан болох нь тогтоогдож /хх-187-189/ байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар Б.Өлзийбаярын дээрх хэргийн тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Өлзийбаяр нь насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэрийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн байх боловч тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасныг үндэслэн дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Б.Өлзийбаяр, Ц.Отгондэлгэр нар тодорхой оршин суух хаяггүй, тогтмол орлогогүй тул эд хөрөнгө хураах ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүх ял оногдуулахдаа насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, Б.Өлзийбаярыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Б.Өлзийбаярт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх, Ц.Отгондэлгэрт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Отгондэлгэр цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Б.Өлзийбаярын 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 174 /нэг зуун далан дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Өлзийбаяраас нийт 2 440 000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Амармэндэд 1 340 000 төгрөг, Ж.Даваанямд 1 100 000 төгрөгийг тус тус, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэр, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Цэцэгболд нараас нийт 340 000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Амармэндэд 275 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Энхмөнхөд 65 000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баярмагнайн Өлзийбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн, 

насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Цэцэгболдын Отгондэлгэрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар Б.Өлзийбаярын Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 жил 1 сарын хорихыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар прокуророос Б.Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тсугай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Өлзийбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ц.Отгондэлгэрийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Өлзийбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар Ц.Отгондэлгэрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.Өлзийбаярын цагдан хоригдсон 174 /нэг зуун далан дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Отгондэлгэр цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Өлзийбаяраас нийт 2 440 000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Амармэндэд 1 340 000 /нэг сая гурван зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч Ж.Даваанямд 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг,

насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэр, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Цэцэгболд нараас нийт 340 000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Амармэндэд 275 000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Энхмөнхөд 65 000 /жаран таван мянга/ төгрөг тус тус олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст, түүнийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч эх Ш.Цэцэгболдод тус тус даалгасугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Өлзийбаярт авсан цагдан хорих, шүүгдэгч Ц.Отгондэлгэрт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР