Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0788

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 17 өдөр              Дугаар 128/ШШ2020/0788            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.П /РД:ХЛ62******/

Хариуцагч: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “...Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өргөдөлд татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Б.П нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтийн хамт гаргасан боловч мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус хэлтсийн Тасгийн дарга Д.Б “боломжгүй” гэсэн хариуг амаар өгсөн юм.

Миний бие Б.П нь 1962 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. Эрэгтэй 58 настай. Би улсад 35 жил үүнээс Прокурорын байгууллагад тасралтгүй 29 жил 2 сар ажилласан. Монгол Улсын “Прокурорын тухай” хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэснийг үндэслэл болгож өөрийнхөө хүсэлтээр тэтгэвэрт гарахаар болж улмаар Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай “Прокурорын ажлаас чөлөөлж, тэтгэвэр тогтоох, буцалтгүй тусламж олгох тухай” тушаал гарсан юм.

Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлж өргөдлийн хамт 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст албан ёсоор бүртгэлд нь авахуулсан юм. Гэтэл тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тасгийн дарга Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 99050692 дугаарын утсаар “Таны өргөдөлд дурдсанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд прокурорыг нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох тухай заалтгүй юм. Та энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгтэй” гэсэн хариуг амаар өгсөн. Ийм тохиолдлоор Захиргааны хэргийн гурван шатны шүүх өмнө нь удаа дараа нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаж байсан нь шүүхийн практикт байна.

Иймд миний бие энэхүү нэхэмжлэлийг дээрх үндэслэлүүдээр гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу иргэн Б.П миний өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шийдвэр гаргаагүй, өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, надад өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, уг тэтгэврийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.П нь Прокурорын байгууллагад нийт 29 жил 2 сар ажиллаж “Прокурорын тухай” хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт  “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн заалтыг үндэслэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж хуульчилсан байдаг.

Иргэн Б.Пын хувьд 60 нас хүрээгүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шимтгэл төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоож, олгох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын шадар зөвлөх байсан нэхэмжлэгч Б.П нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өргөдөлд татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.П нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурорын 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/213 дугаар тушаалаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророор, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурорын 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/312 дугаар тушаалаар Эрдэнэт хотын Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт эрхэлсэн туслах прокуророор, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2001 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 51 дүгээр тушаалаар Ховд аймгийн прокуророор, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 327 дугаар тушаалаар Багануур дүүргийн прокуророор, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/383 дугаар тушаалаар Нийслэлийн Прокурорын газрын Өргөдөл, гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн даргаар, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/100 дугаар Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн хяналтын прокуророор тус тус ажиллаж байгаад Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д ... 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасныг баримтлан Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг нь харгалзан түүнийг Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/282 тоот тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын шадар зөвлөхийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Б.П нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгон авах өргөдлийг холбогдох материалын хамт гаргахад 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Б нь  “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул таны ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэх хариуг амаар өгчээ.

Нэхэмжлэгч Б.П нь дээрх хариуг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасныг үндэслэн  шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор ... өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заасан байхад тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус гэж, хариуцагч өнөөдөр дагаж мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд энэ талаар заагаагүй тул татгалзсан нь хуульд нийцсэн гэж маргасан, нэхэмжлэгч Б.П нь ...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 60 нас хүрээгүй гэх үйл баримтуудтай талууд маргаагүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуулийн зорилтыг тодорхойлжээ.

Хуулийн зорилтоос үзвэл уг хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, журмыг хуульчилсан процессийн шинжтэй хууль бөгөөд энэ хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоох насны ерөнхий болзлыг 65 насаар зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл 60 нас, 55 нас, 50 наснаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр хуульчилжээ.

Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий болзлыг тогтоожээ.

Дээрх хуульд заасан 65 нас хүрсэн бол гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд өөр байж болохоор заасан, даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд 60 нас, 55 нас, 50 наснаас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессийн хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм.

Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр..., 3-т газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч ... /нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол/ ... тэтгэвэр тогтоолгох авах-аар, 6-д гоцлол дуучин, бүжигчин хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах-аар тус тус заасан байна.

Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино гэж заажээ.

Прокурор, түүний эрх зүйн байдлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/ байх бөгөөд хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж прокурорын нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан зохицуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан нь төр түүний төлөөллийн байгууллага нь хуулийг дээдлэн хэрэгжүүлэхдээ хүн, түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахгүй байх зарчим, үүрэг юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөрөөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Прокурорын тухай хуулийг хэрэглэхээр байна.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө ..., хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, .... олгоно гэж зааснаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өргөдөлд татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, өргөдөл өгсөн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байх буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулах хуулийн зохицуулалттай боловч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахгүй байхаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өргөдөлд татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОДМАА